Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 211/МА2021/00005

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                             Ц.Г-ын хүсэлттэй иргэний

                                                             хэргийн тухай

 

 

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Ц даргалж, ерөнхий шүүгч Т.Д, шүүгч Д.Б нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 129/ШШ2021/00154 дугаартай шийдвэртэй

Ц.Г-ын ажиллаж байсан байдал болон цэргийн алба хаасныг тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг

хүсэлт гаргагч Ц.Г-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч В.Ц-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ц.Г, түүний өмгөөлөгч Б.А, нарийн бичгийн дарга Б.Д нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүхэд гаргасан хүсэлтдээ: Ц.Г нь 1984 онд 8 дугаар ангиа төгсөөд Архангай аймгийн Цэнхэр сумын Социализмын зам нэгдэлд илгээлтээр гарч малчнаар ажиллаж байгаад 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдаж, Ардын армийн 186 дугаар ангид алба хааж, 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 598657 тоот цэргийн батлахтай халагдсан. Цэргийн албанаас халагдаад нутагтаа ирээд Социализмын зам нэгдэлд нэгдэл тартал малчнаар ажилласан. Хөдөлмөрийн дэвтрээ аваагүй ба ажилласан жилтэй нь холбоотой баримт гарахгүй хохирч байгаа тул шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон юм. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас нь болсон тул Ц.Г-ыг Архангай аймгийн Цэнхэр сумын Социализмын зам нэгдэлд малчнаар 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл, 1989 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү. Мөн Ц.Г нь 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр цэргийн албанд татагдаж, 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдөр халагдсан. Гэтэл цэргийн батлахад нэр нь Цэрэннадмидын Соронзонболд хэмээн зөрчилтэй бичигдсэн юм. Энэ нь Ц.Г-ыг нутгийнхан нь Ц.Соронзонболд гэж дууддагаас болж цэргийн алба хаахад Ц.Соронзонболд гэсэн нэрээр бичигдсэн байна. Иймд Ардын армийн 186 дугаар ангид 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд цэргийн алба хаасан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Д.Н анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Г-оос та Ганболд гэдэг нэртэй байж яагаад Соронзонболд гэдэг нэрээр цэргийн алба хаасан юм бэ гэхэд намайг хүмүүс Соронзоо гэж дууддаг байсан. Тэр нэрээр цэргийн алба бичигдсэн байна лээ гэдэг. Саяны гурван гэрч Соронзонболд гэдгээр нь мэдэхгүй байгаа. Эгч нь насны хувьд 10 насны зөрүүтэй харагдаад байна. Аймагт байдаг 2, 3 хүнээс Г гээд асуусан чинь танихгүй байгаад байсан. Тэр хүмүүс Г гээд яриад байх юм тэр чинь Соронзонболд байсан байна лээ Н гэж байсан. Эд нар Г-той нэг дор ажиллаж байгаагүй байх. н.Э, н.Ц, н.О нар Ц.Гыг 1984 онд Цэнхэр суманд 8 дугаар анги төгсөөд Цэнхэр сумын Социализмын зам нэгдэлд Ж ахлагчтай фермд орж ажилласан гэдгийг яг нотолсон. Гэхдээ хаана, хэнтэй гэдгийг зөрүүтэй хэлсэн. Хэрэгт авагдсан Батлан хамгаалахын архивын лавлагаанд Г-ыг малчин гэсэн байсан. 1989 оны бараг сүүлээр цэргийн албанаас халагдаж ирсэн. 1989 оноос Г-ыг малчин гэж тогтоох боломжгүй юм байна гэж харсан. 1992 он хүртэл нэгдэлд ажиллах нь ажилласан, нэгдэл 1992 онд тарсан. 1990-1992 он хүртэл нөхөн тооцуулсан. 1989 онд ажилласан байдал нь тогтоогдох боломжгүй байна гэж үзэж байна. н.Э, н.Ц, н.О нар Г-ыг 1987 онд цэрэгт татагдаад Эрдэнэтэд цэргийн алба хаасан бөгөөд 1989 онд цэргийн албанаас халагдсан гэдэг. Батлан хамгаалахын төв архиваас ирсэн лавлагаанд дээр удмын овог, эцгийн нэр, өөрийн нь регистр, төрсөн он сар өдөр таарч байгаа дээр нь төрөл садан лавлагаанд хоёр дүүгийнх нь нэр бичигдсэн байна лээ. Г-той хамт цэргийн алба хаасан хүн суманд нь байхгүй. Өөрт нь хэлсэн бөгөөд цуг цэргийн алба хаасан хүнээ олоодох гэхээр цуг цэргийн алба хаасан хүн нутагт байхгүй гэдэг гэжээ.

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 129/ШШ2021/00154 дугаартай шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ц.Г-ын Архангай аймгийн Цэнхэр сумын Социализмын зам нэгдэлд малчнаар 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл, 1989 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Ц.Г-ын Ардын армийн 186 дугаар ангид 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл цэргийн алба хааснаа тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж; Хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хүсэлт гаргагч Ц.Г-ын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 154 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Учир нь шүүх хуралдааны явцад хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Д.Н нь н.М, н.Б нарыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан байхад шүүх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг эдлүүлэхгүй байна гэж үзэж байгаа тул хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Г нь Архангай аймгийн Цэнхэр сумын Социализмын зам нэгдэлд малчнаар 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл, 1989 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдал, мөн Ардын армийн 186 дугаар ангид 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл цэргийн алба хааснаа тогтоолгох тухай хүсэлтийг гаргажээ.

 

Анхан шатны шүүх Ц.Г-ын хүсэлтүүдийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Хүсэлт гаргагч Ц.Г нь Архангай аймгийн Цэнхэр сумын Социализмын зам нэгдэлд малчнаар 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл, 1989 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдал, мөн Ардын армийн 186 дугаар ангид 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл цэргийн алба хааснаа тогтоолгох тухай хүсэлтүүдийг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч гомдол гаргажээ.

 

Анхан шатны шүүх хүсэлт гаргагчийн дээрх хүсэлтүүдийг эргэлзээгүй нотлогдсон гэж үзэхгүй, нотлох баримт нь хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй гэж үзэн тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг мэдэх гэрч нарыг шүүхэд гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон нь шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзнэ.

 

Иймд хүсэлт гаргагчийн гаргасан гомдлыг хангаж, Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 129/ШШ2021/00154 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

                                                     ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 129/ШШ2021/00154 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хүсэлт гаргагч Ц.Г-ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг, нийт 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар хүсэлт гаргагч, хүсэлт гаргагчийн өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      В.Ц

     ШҮҮГЧИД                                      Т.Д

                                    Д.Б