| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Батсүх |
| Хэргийн индекс | 192/2025/10658/И |
| Дугаар | 192/ШШ2026/02837 |
| Огноо | 2026-03-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 192/ШШ2026/02837
| 2026 оны өдөр | 03сар 1112 р 192/ШШ2026/02837 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ***
Хариуцагч: ****
2017 оны 5-р сарын 23-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах, компанийн эрх шилжүүлэх гэрээгүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Ти Жи Вай ХХК-ийн 70 хувийн хувьцааг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ****, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *** хариуцагч ****, хариуцагчийн өмгөөлөгч ***й, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жаргалмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:**** миний бие улсын бүртгэлийн ***регистрийн дугаартай *** ХХК-ийн хувьцаа эзэмшигч бөгөөд манай компани Төв аймгийн ****нэртэй газарт алтны 2 шороон ордод 662.98 гектор талбай бүхий**** дугаар ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл, 4039.94 га талбайд *** дугаар ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг. 2017 оны 5 сард ****ХХК-ийн алтны 2 шороон ордыг худалдан авах санал тавьсны дагуу талууд 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан. Уг санамж бичигт **** ХХК-ийн 100 хувийн хувьцааг нийтдээ 2 тэрбум төгрөгөөр үнэлэхэд 70 хувийн хувьцааг нийтдээ 1 тэрбум 400 сая төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон. Ингээд санамж бичигт заасны дагуу **** хувьд 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 3,000,000 төгрөгийг надад шилжүүлсэн.
Ингээд ****ХХК-ийн 70 хувийн хувьцааг зөрүүлээд саналд заасны дагуу шилжүүлсэн. Тухайн үед компанийн 70 хувийн хувьцааг түүнд шилжүүлэхдээ уг хувьцааны үнийг **** ХХК-ийн дүрмийн санд заасан нэгж хувьцааны нэг бүрийн нэрлэсэн үнийг 10,000 төгрөгөөр тооцож 8,575 ширхэг энгийн хувьцааг нийт 85,750,000 төгрөг гэж тодорхойлсон бөгөөд 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээнд уг 85,750,000 төгрөгийг төлсөн мэтээр өмнө буюу 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан хэлцлийг халхавчлан энэхүү хууль бус хэлцлийг хийж улмаар уг хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн болно. Өөрөөр хэлбэл **** ХХК-ийн 70 хувийн хувьцааг 85,750,000 төгрөгөөр худалдах хүсэл зориг **** бид нарын хэн алинд нь байхгүй байсан бөгөөд гагцхүү талуудын хооронд байгуулсан хамтран ажиллах санамж бичигт заасан хамтын ажиллагааг хэрэгжүүлэхийн тулд энэхүү хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээг байгуулсан.
Ингээд санамж бичигт заасны дагуу ***нь ***ХХК-ийн 70 хувийн хувьцааг 1 тэрбум 400 сая төгрөгийн төлбөрөөс 2017 оны 5-р сарын 18-нд 3,000,000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 25-нд 8,000,000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 8-нд 20,000,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 6-нд 8,000,000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 9-нд 5,000,000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 24-нд 15,000,000 төгрөг, нийт 56,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэх төлбөрийг удаахгүй төлнө гэсээр өнөөдрийг хүрсэн. Тодруулбал ***нь компанийн 70 хувийн хувьцааны үлдэгдэл төлбөрт 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Sunny хотхоны 3 өрөө байр, бэлнээр 50,000,000 төгрөгийг өгнө, 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 150,000 ам доллар өгөх, зайсанд 3 өрөө байр өгнө, 205 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 350,000,000 төгрөгийг өгөх, мөн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өгнө гэсэн амлалтыг удаа дараа өгч байсан боловч уг амлалтаасаа нэгийг ч биелүүлээгүй байдаг. Ингээд *** зүгээс 2024 оны 10 дугаар сард Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтэст **** залилуулсан талаар гомдол гаргасан боловч тус дүүргийн прокурорын газрын 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн **** дугаарт хэрэг бүртгэл нээж шалгаад хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хаасан байдаг. Иймд маргаан бүхий 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, мөн өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоож ****ХХК-ийн 70 хувийн хувьцааг буцаан шилжүүлэхийг*****даалгаж өгнө үү.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Миний бие нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь **** бид 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр ****ХХК-ийн дүрмийн сан дахь хувьцааны 70 хувийг *** надад шилжүүлэх зорилгоор компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг Иргэний хууль болон Компанийн тухай хуульд заасан журмын дагуу байгуулж нотариатаар гэрчлүүлэн улсын бүртгэлд бүртгүүлсэн байгаа. Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлд хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийг хуульчилсан ба тус хуулийн 62.1.1 дахь хэсэгт компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах буюу компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах эрхийг хувьцаа эзэмшигчийн хурал эдлэхээр хуульчилсан. **** ХХК-н 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн үүсгэн байгуулагчийн шийдвэрээр компанийн дүрэмд өөрчлөлт орж дүрмийн 5 дугаар зүйлийн 5.2 дах хэсэгт компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ нь 122,500,000 төгрөг ба нэг бүр нь 10,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 12,250 ширхэг энгийн хувьцаа байхаар тогтож улсын бүртгэлд бүртгэгдсэн байдаг. Биднийг хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээ байгуулах үед компанийн дүрмийн сан дээрх хэмжээнд байсан бөгөөд миний бие 70 хувийн хувьцаа буюу нэг бүр нь 10,000 төгрөгөөр үнэлэгдэх 8,575 ширхэг хувьцааг 85,750,000 төгрөгөөр худалдан авч гэрээний 3.2 дах хэсэгт зааснаар үнийг бүрэн төлж барагдуулсан. Энэ нь компанийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5 дах хэсэгт заасан заалтад нийцэж байгаа үйлдэл юм.
Дээрх гэрээ нь ямар нэг хэлцлийг халхавчлах зорилгоор дүр үзүүлэн хийсэн хэлцэл биш бөгөөд тухайн үед Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгэгдсэн **** ХХК-н дүрмийн санд тусгагдсан хувьцааны үнэлгээ, тоо ширхгээр тооцож хийсэн, талууд өөрсдөө сайн дураараа хүсэл зоригоо хуулийн хүрээнд илэрхийлж хийсэн хүчин төгөлдөр хэлцэл юм. Нэхэмжлэгч нь 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр бид ****ХХК-н нийт хувьцааны үнийн дүнг 2 тэрбумаар үнэлж компанийн 70 хувийн хувьцааг 1 тэрбум 400 сая төгрөгөөр худалдахаар тохирсон гэдэг нь худлаа бөгөөд энд бидний хооронд байгаа ойлголтын зөрүү харагдаж байна. ****ХХК нь Төв аймгийн Баян сумын нутагт алтны ашиглалт болон хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг бөгөөд нэхэмжлэгч **** нь эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2012 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн №91 тоот тогтоолоор хүлээн авсан 48,63кг алтны нөөцтэй талбай гэж надад танилцуулж байсан. Тухайн талбайд миний бие олборлолт явуулж хэрэв алт олборлох үйл ажиллагаа амжилттай явагдаж орлого олбол миний бие П***тодорхой хэмжээний мөнгө өгнө гэж тохирсон юм. Гэхдээ энэ тохироо нь компанийн хувьцааны үнээс тусдаа асуудал бөгөөд компани алт олборлох үйл ажиллагаа явуулж ашигтай ажилласан тохиолдолд хэрэгжих ёстой байсан тохироо юм. Ингээд миний бие Ашигт малтмал, газрын тосны газарт хандаж тухайн талбайд байгаа ашигт малтмалын нөөцийн талаар лавлагаа хүсэхэд тус газрын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 5/9151 дугаартай албан бичигт уг ашиглалтын талбай 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 5/9151 дугаартай албан бичигт уг ашиглалтын талбай 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 18.7кг алтны нөөцтэй байна, уг ашиглалтын талбайд 2016 онд уулын ажлын тайлан баталгаажуулсан байна гэдэг хариу ирүүлсэн.
Нэхэмжлэгч **** нь 2016 онд тухайн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл өөрийнх нь эзэмшилд байхад тухайн талбайд олборлолт явуулж 48.63кг алтны нөөцөөс 24.93кг алт нөөцөө 18.7кг болгон бууруулж тайлагнасан нь нотлогдож байгаа. Өөрөөр хэлбэл **** надад компанийн хувьцаа худалдахдаа тусгай зөвшөөрөл бүхий талбайн ашигт малтмалын нөөцийн талаар худал мэдээлэл өгсөн байдаг. Ашигт малтмал, газрын тосны газраас 2025 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 11/2591 тоотоор их булаг алтны шороон орд 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 18.16кг алтны үлдэгдэлтэй гэсэн тодорхойлолт ирүүлсэн. Энэхүү үлдэгдэл нөөц нь 2017 онд ашигт малтмал газрын тосны газраас тухайн ашиглалтын талбайд 18.7кг алтны үлдэгдэлтэй гэж ирүүлж байсан нөөц хөдлөөгүй байгаа нь миний бие дээрх талбайд ашигт малтмалын олборлолт явуулаагүй гэдэг нь нотлогдоно. Миний бие энэ хугацаанд дээрх компанийн ашиглалт болон хайгуулын талбайд 5 тэрбум гаруй төгрөгийн зардал гаргаж их хэмжээний хохирол хүлээгээд байгаа. Энэ зардал нь санхүүгийн баримтаар нотлогдох бөгөөд нэхэмжлэгч ****нь компанийн хувьцааны 30 хувийн эзэмшигч учир өөрийн эзэмшиж байгаа хувьцаанд ногдох зардлыг хариуцах ёстой. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хамтран ажиллах санамж бичиг, 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний хуулбар, 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээний хуулбар, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, ****ХХК-ийн гэрчилгээний хуулбар, **** ХХК-ийн компанийн дүрмийн хуулбар, MV-017018 ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтын хуулбар, гар бичмэлүүд, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 394 дугаар тогтоолын хуулбар зэрэг баримтуудыг хавсарган ирүүлжээ.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч **** холбогдуулан компанийн хувьцаа худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, ****ХХК-ийн 70 хувийн хувьцааг буцаан шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийг гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
1.Нэхэмжлэгч шаардлагынхаа үндэслэлийг талуудын хооронд 2017 оны 5-р сарын 23-ны өдөр байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах, компанийн эрх шилжүүлэх гэрээ нь өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцэл тул уг хэлцлээр шилжүүлсэн хувьцааг буцаан авна гэж, хариуцагч татгалзлынхаа үндэслэлийг хувьцаа худалдах, худалдан авах нь талуудын хүсэл зориг байсан, өөр хэлцлийг халхавчлах зорилго байгаагүй гэж маргаж байна.
Талууд 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хувьцаа худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулж, хариуцагч ****ХХК-ийн 70 хувийн хувьцаа /нэг бүр нь 10,000 төгрөгийг үнэтэй 8575 ширхэг/-г 85,750,000 төгрөгөөр худалдан авчээ.
Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний 3.2 дахь хэсэгт гэрээний төлбөр 85,750,000 төгрөгийг хариуцагч 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр төлсөн гэж дурдсан бөгөөд гэрээнд талууд гарын үсгээ зурж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.
2. Дээр дурдсан гэрээ байгуулахаас өмнө буюу 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр талууд Хамтран ажиллах санамж бичиг гэх баримтыг бичгээр үйлдэж, Төв аймгийн Баян сумын нутагт байрлах **** дугаартай ашиглалтын лицензтэй 622,3 га талбайтай, XV-**** дугаартай хайгуулын лицензтэй 4039,94 га талбайтай алтны хоёр шороон ордод ашиглалт хайгуулын ажил явуулах /гэрээний 1/, компанийн хувьцааг 2,000,000,000 төгрөгөөр үнэлэх, компанийн хувьцааны 70 хувийг ***, 30 хувийг нь **** эзэмших, /гэрээний 3/, мөн санамж бичиг нь Ти Жи Вай ХХК-ийн хувьцааг худалдан авах хүртэл хүчинтэй байхаар тохиролцжээ. /хх-ийн 7/
Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээний төлбөрт 56,000,000 төгрөгийг төлсөн, өөр төлбөр төлөөгүй гэж тайлбарлан Хаан банк дахь **** дансны хуулгыг гарган өгсөн, хариуцагч худалдах худалдан авах гэрээгээр тохиролцсон төлбөрийг бүрэн төлсөн гэж маргасан. /хх-ийн 9-14/
Талуудын тайлбар, хэрэгт авагдсан**** ХХК-ийн дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтаар тус компани нь 2 гишүүнтэй, өөрийн хөрөнгийг хэмжээ 122,500,000 төгрөг, нэг бүр нь 10,00,000 төгрөгийн үнэтэй 12,250 ширхэг хувьцаанаас ****нийт хувьцааны 70 хувь буюу 8575 ширхэг хувьцаа, ***30 хувь буюу 3675 ширхэг хувьцааг тус тус эзэмшдэг, компанийн гүйцэтгэх захирал **** болох нь тогтоогдоно. /хх-ийн 15,16 /
3. Хариуцагч **** нь 2018 оны 2 дугаар сарын 2, 2018 оны 8 дугаар сарын 27, 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдөр бичгээр Их булгийн ордын төлбөрт нэхэмжлэгч ****тодорхой мөнгө, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө өгөхөө илэрхийлсэн баримтын тухайд талууд маргаагүй /хх-ийн 27-29/
Нэхэмжлэгч нь цагдаагийн байгууллагад хандан гомдол гаргасныг хэрэг бүртгэлийн *** дугаартай хэрэг нээн шалгаад Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын прокурорын 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 374 тоот тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хаажээ. /хх-ийн 30/
4. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, худалдагч хувьцаа, эрхийг шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн байна.
Нэхэмжлэгч талуудын хооронд байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах үндэслэлээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл хэмээн тодорхойлж, Хамтран ажиллах санамж бичиг гэх хэлцлийг халхавчлах зорилгоор энэхүү гэрээг байгуулсан гэж тайлбарласан.
Компанийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зааснаар компанийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийн /компанийн хувьцаа болон бусад үнэт цаасыг оролцуулан/ зах зээлийн үнэ гэж тухайн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийн үнийн талаар бүрэн мэдээлэлтэй, түүнийг худалдах үүрэг хүлээгээгүй худалдагч болон эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийн үнийн талаар бүрэн мэдээлэлтэй, худалдан авах үүрэг хүлээгээгүй худалдан авагч хоёрын харилцан тохиролцсон үнэ байна.
5. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талуудын 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан Хамтран ажиллах санамж бичиг гэх хэлцлээр хувьцаа худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх гэрээ байгуулах, хувьцааны үнэ, хувьцаа эзэмших хувь хэмжээг тохиролцсон нь тухайн хэлцлийг халхавчлах зорилгоор хувьцаа худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх гэрээг байгуулсан гэх үндэслэл болохгүй гэж дүгнэлээ.
Учир нь өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хэлцэл хийсэн бол хэлцэл хийгч талууд түүнийг хэрэгжүүлэх хүсэл зориг, үр дагаврыг бий болгох зорилгогүй байх бөгөөд хувьцаа худалдах,худалдан авах, эрх шилжүүлэх нь талуудын хүсэл зориг, бий болгохыг хүссэн үр дагавар байсан нь Хамтран ажиллах санамж бичиг-ийн агуулга, зохигчийн тайлбараар тогтоогдоно.
6. Иймд нэхэмжлэгч ****хариуцагч ****холбогдуулан гаргасан компанийн хувьцаа худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, ****70 хувийн хувьцааг буцаан шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг, нэхэмжлэгч худалдсан хувьцааны төлбөрийг болон хэлцлээс учирсан хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч **** хариуцагч **** холбогдуулан гаргасан компанийн хувьцаа худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, *** ХХК-ийн 70 хувийн хувьцааг буцаан шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,243,600 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАТСҮХ