Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 211/МА2021/00010

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       Г.О-ийн хүсэлттэй иргэний

                                                           хэргийн тухай

 

 

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Д даргалж, шүүгч Д.Б, шүүгч Г.У нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 129/ШШ2021/00337 дугаартай шийдвэртэй

Г.О-ийн нас тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг

хүсэлт гаргагч Г.О, түүний өмгөөлөгч С.П нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

ерөнхий шүүгч Т.Д-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Г.О, түүний өмгөөлөгч С.П, нарийн бичгийн дарга Б.Д нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Г.О шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Г.О би 1972 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн. Эхээс тавуулаа төрсөн. Миний төрсөн эгч Г.О 1970 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр, төрсөн дүү Г.С 1974 оны 10 дугаар сарын 28-ны өдөр, төрсөн дүү Г.О 1979 оны 10 дугаар сарын 25-ны өдөр, төрсөн дүү Г.Б1983 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр тус тус төрсөн юм. Гэтэл миний төрсөн он 1978 он гэж бүртгэгдэж, иргэний үнэмлэхэд бичигдсэн. Төрсний гэрчилгээ надад байхгүй ба төрсний бүртгэлийн лавлагаа авахад төрөлт бүртгэгдээгүй гээд лавлагаа гарахгүй байна. Одоо өөрийн төрсөн дүү Г.С-ээс дүү болж бүртгэгдсэн. Миний тухайд аав, ээж маань намайг дүү нарыг харуулах гээд сургуульд суулгаагүй юм гэсэн. Иймээс сургуульд сурсан юм байхгүй. Би өндөр насны тэтгэвэр тогтоолгох, ажилласан жил нөхөн тооцуулах зэрэгт нас зөв байх нь чухал ач холбогдолтой үйл баримт гэдгийг ойлгож, өөрийн эрх зүйн байдал болох төрсөн он, сар, өдрийг зөвтгөн тогтоолгох зайлшгүй шаардлагатай болсон. Улсын бүртгэлийн байгууллагаас төрсний бүртгэл байхгүй байгаа тул шүүхээр төрсөн оноо зөвтгөн тогтоолго гэсэн. Иймд Боржигон овогт Гөлөгийн Отгонбилэг намайг Архангай аймгийн Эрдэнэмандал суманд 1972 оны 07 дугаар сарын 20-ны өдөр төрсөн болохыг тогтоож өгнө үү.” гэжээ.

 

Хүсэлт гаргагч Г.О анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 1972 онд Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн. Одоо миний төрсөн он 1978 оноор бүртгэлтэй байгаа. Насаа зөв тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байгаа. Би өөрийн төрсөн дүү Г.С-ээс дүү болоод байна. Насны зөрүүгээ тогтоолгохоор хүсэлт гаргасан. Би том эгч, дүү хоёрынхоо дунд байх ёстой. Аль, аль дээр нь бүртгэгдээгүй байгаа юм. Би сургуульд хэдэн онд орсон гэдгээ мэдэхгүй. Харин би 7 дугаар анги төгссөн. Бага ангид н.Ц, дунд ангид н.Б багштай ангид суралцаж байсан.  Намайг 15, 17 настай байхад аав, ээж хоёр маань нас барсан. Манай дүүг нас барсан гэж манайхан ярьдаг байсан. Гэхдээ би яг нас барсан талаар тодорхой мэдэхгүй.” гэжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 129/ШШ2021/00337 дугаартай шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13 дахь хэсэгт заасныг баримтлан Г.О-ийн Архангай аймгийн Эрдэнэмандал суманд 1972 оны 07 дугаар сарын 20-ны өдөр төрсөн болохоо тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

                   

Хүсэлт гаргагчийн Г.О, түүний өмгөөлөгч С.П нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд: “Хүсэлт гаргагч Г.О, өмгөөлөгч С.П бид Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 129/ШШ2021/00337 дугаартай шийдвэрийг 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр гардан аваад шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх Г.Оийн төрсөн он, нас тогтоолгох тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Г.О нь 1972 оны 07 дугаар сарын 20-нд төрсөн боловч тухайн үед түүний эцэг, эх төрсний бүртгэлийг хийлгээгүй, хожим ямар байдлаар нас дарж бүртгүүлсэн талаар мэдэхгүй, мэдэх бодит үнэн нь дээрээ 1 эгчтэй, доороо 3 дүүтэй, гэтэл өөрийн төрсөн дүү Г.С-ээс дүү болж бүртгэгдэн нас дарагдсан гэж тайлбарлаж, энэ нь хэрэгт гэрчээр асуугдсан түүний төрсөн эгч Г.О, төрсөн дүү Г.С, гэрч Д.О, гэрч Ц.С нарын мэдүүлэг, шинжээч Б.О-ын шүүх хуралдаанд дээр гаргасан дүгнэлтээ тайлбарласан тайлбар, шүүх эмнэлгийн шинжээчийн 2021 оны 64, 131 дугаартай дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогддог.

Гэтэл анхан шатны шүүх нь хүсэлт гаргагчийн хүсэл сонирхол, эрх ашгийн эсрэг нотолгоонууд болох нэгэнт нас дарагдаж бүртгэгдсэн иргэний бүртгэлийн  байгууллагын баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, төрөлт бүртгэл гараагүй тухай лавлагаа, ХААТР-1 маягт, сургуулийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, 2000 оны хүн амын тооллогын лавлагаа зэргийг үнэн зөв гэж дүгнэж, түүнийг 1978 онд төрсөн байх үндэслэлтэй гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй.

Учир нь анхан шатны шүүх эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу төрсөн огноо тогтоолгох хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэй гэж үзэж, иргэний хэрэг үүсгэн шалгасан атлаа нэгэнт эхнээсээ буруу нас дарж бүртгэгдсэн нотлох баримтуудыг хөтөлбөргүй үнэн мэт үзэж дүгнэн хэргийг шийдвэрлэсэн. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д заасан “шүүхэд урьдаас хөтөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэсэн заалтыг зөрчсөн. Нөгөө талаар нотлох баримтыг үнэлэхдээ тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй.

Шүүгч хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэлгүйгээр зөвхөн иргэний бүртгэлд 1978 онд төрсөн гэж бүртгэгдсэн байна, сургуульд 9 настай орсон гэсэн бичгийн баримт байна, 2000 оны хүн амын тооллогоор 1978 онд төрсөн гэж бүртгэгдсэн байна гэдэгт хөтлөгдөн өөрийн дотоод итгэлд хийсэн буруу дүгнэлтээ шүтэж, дээрх нотлох баримтуудыг хөтөлбөргүй үнэн гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн үндэслэлгүй шийдвэр гаргахад хүргэсэн.

Зүй нь Г.Оийн нас дарагдсан, иргэний бүртгэл буруу хийгдсэн, зөвтгөх гэхээр эхнээсээ бүртгэгдсэн бүртгэл байхгүйгээс шалтгаалж насаа зөвтгөн тогтоолгох гэсэн хүсэлт, тайлбарт бага  ч гэсэн анхаарч, шинжлэх ухааны тусгай мэдлэг шаардсан шинжээчийн дүгнэлт, түүнийг тайлбарласан тайлбар, гэрч Г.О, Г.С, Д.О, Ц.С нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтад үнэлэлт, дүгнэлт өгөх байсан.

Хэрэгт авагдсан шинжээчийн 64 дугаартай дүгнэлтэд “Г.О 45-50 настай байх боломжтой” гэж, 131 дугаартай дүгнэлтэд “Г.О, Г.С нарыг 45-50 настай байх боломжтой, Г.О, Г.С нар нь насны хувьд ойролцоо...” гэсэн дүгнэлт, Г.О нь 1972 онд төрсөн байх боломжтой гэсэн шинжээчийн тайлбар зэргийг үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй.

Энэхүү шинжээчийн дүгнэлт, тайлбараар гэрч Г.О, Г.С, Д.О, Ц.С нарын мэдүүлгүүд нотлогдож байгаа. Иймд хэргийг хянаж Г.О-ийн хүсэлтийг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Г.О нь Архангай аймгийн Эрдэнэмандал суманд 1972 оны 07 дугаар сарын 20-ны өдөр төрсөн болохыг тогтоолгох  хүсэлтийг гаргасан байна.

 

Анхан шатны шүүх хүсэлт гаргагч Г.О-ийн Архангай аймгийн Эрдэнэмандал суманд 1972 оны 07 дугаар сарын 20-ны өдөр төрсөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулсан, хүсэлт гаргагч Г.О нь Архангай аймгийн Эрдэнэмандал суманд 1972 оны 07 дугаар сарын 20-ны өдөр төрсөн болох нь нотлох баримтаар нотлогдоогүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэрэгт авагдсан баримтад тулгуурласан байна.

 

Хүсэлт гаргагч Г.О-ийн шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн санаачилгаар бүрдүүлсэн нотлох баримтуудаар түүний шүүхэд гаргасан хүсэлт тогтоогдоогүй байна.

 

Иймд хүсэлт гаргагч Г.О, түүний өмгөөлөгч С.П нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хүсэлтийг бүхэлд нь хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэлгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

 

            Давж заалдах шатны шүүх давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлээгүй тул хүсэлт гаргагч Г.О-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогод үлдээхээр шийдвэрлэв.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 129/ШШ2021/00337 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хүсэлт гаргагч Г.О, түүний өмгөөлөгч С.П нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хүсэлт гаргагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар хүсэлт гаргагч, түүний өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.Д

     ШҮҮГЧИД                                      Д.Б

                                    Г.У