| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2018/0403/Э |
| Дугаар | 465 |
| Огноо | 2018-10-05 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Гүнсэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 465
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга А.Арай хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Гүнсэл,
шүүгдэгч Б.Х-, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овогт Б-ийн Х-т холбогдох эрүүгийн 1810013790385 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1964 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 19 дүгээр гудамжны 274 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй,
- Чингэлтэй дүүргийн шүүхийн 1997 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 447 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн,
- Чингэлтэй дүүргийн шүүхийн 1999 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 251 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн,
- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2000 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 195 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 38 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан 6 сарын хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг нэмж 1 жилийн хорих ялаар тогтоосон,
- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2003 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 172 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 10 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлсэн,
- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 600 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Б- овогт Б-ийн Х- /РД:……………../
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч Б.Х- нь 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн түр саатуулах байранд биед нь үзлэг хийх үед хууль сахиулагч, цагдаагийн ахмад Ж.А-ийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж, дүрэмт хувцасыг нь урж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Х- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүүгийнхээ Нисэхийн байранд архи уусан. Гэтэл хажуу айлын хүн Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байсан. Би Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст очсон. Тухайн үед миний нүүрэн тус газар цустай байсан. Би толгойндоо гэмтэл авсан болохоор хорих 461 дүгээр ангийн эмч нар эмчилгээ хийсэн. Би гэм буруугийн талаар маргахгүй. Болсон явдлыг сайн санахгүй байна гэв.
Шүүгдэгч Б.Х-ын мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: …Би Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт-Ухаа 1 хороололын 702-29 тоотод хүү Золбаярын гэрт эхнэр Саранцэцэгийн хамт амьдарч байгаа юм. Манай эхнэр хагалгаанд ороод гэртээ хэвтрийн дэглэм сахиж байгаа. Тухайн өдөр гэртээ ганцаараа архи уусан. Гэтэл эхнэр намайг чанга дуугаар ярьлаа гэж уурлаад цагдаа дуудчихсан. Би гэрээсээ гараад дахиад 1 шил архи аваад иртэл цагдаа нар ирчихсэн байсан. Намайг “та хамт явах шаардлагатай байна” гэхээр нь хамт яваад Цагдаагийн хэлтсийн байранд ирсэн. Ахмад цолтой цагдаа /Алтанцоож/ “надад бөгжөө тайлаад өг” гэхээр нь “чадахгүй” гэж хэлсэн. Тэрнээс цааш юу болсныг санахгүй байна. Би эхнэрээ цохиж зодоогүй, ганцаараа архи уугаад согтоод, чангахан ярьтал эхнэр “бие муу байхад чанга ярьлаа” гэээд надтай муудалцаад цагдаа дуудсан. Би цагдаагийн хувцсыг урснаа санахгүй байна…гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/,
Хохирогч Ж.А-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: …2018 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Эрхэс-112 авто эргүүлийн чиглэлд цагдаа жолооч, цагдаагийн сургагч ахлагч С.Наранбаатарын хамт үүрэг гүйцэтгэж байсан. Орой 19 цаг 20 минутын үед “Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт-Ухаа 1 хороололын 702 дугаар байрны 29 тоотод нөхөр согтуу агсам тавиад байна” гэх дуудлага мэдээллийн дагуу очиж Б-ийн Х-ыг цагдаагийн хэлтсийн байранд түр саатуулахаар авчирсан. Түр саатуулах байр руу оруулаад Х-ын биед нь үзлэг хийх үед гарт нь бөгж байсан. “Та бөгжөө тайлж өгөөрэй” гэхэд “та нар муу сайн пизданууд муу хар хэрээнүүд, та нар бол намайг амжихгүй, би олон жил шоронгоор явсан, чам шиг юмыг мэдэхгүй юм байна” гэж хэлсэн. Би үзлэг хийсэн тэмдэглэлээ хөтөлж байтал миний цээж, гар орчимд гараараа хэд хэдэн удаа цохихоор нь гараараа хаасан. Түүнд “та одоо наад үйлдлээ боль, настай хүн байна, дээрээс нь согтуу байна, зөрчил гаргасан учраас л таныг авчирсан. Түүнээс таныг гэртээ зүгээр байхад чинь авчраагүй биз дээ” гэхэд миний нүүр рүү цохих гээд дайрахаар мөрнөөс нь бариад автал миний фудволкны энгэр хэсгийг урсан. Дахин дайрч хүзүү, цээж орчимд 2 удаа маажсан. Миний биед нилээн өвдөлт мэдрэгдсэн боловч би тухайн хүнд нэг ч удаа гар хүрээгүй. Хэрэг болох үед саатуулах байрны цагдаа, ахлах ахлагч Энхбаяр хажууд байсан. Бид хоёр Х-ын хоёр талаас нь барьж арай гэж зогсоосон. Х-ыг өчөөд гавлаад суулгаж болох байсан боловч гар, хөл нь их нарийнхан чангахан барьчих юм бол бараг хугарчих гээд байгаа юм шиг их эмзэг биетэй хүн байсан болохоор хамаагүй хүч хэрэглэж болохгүй байсан. …Би цээжиндээ сорвины тос түрхэж байгаа. Цээжинд нилээн гүн маажсан, мөн цээж, гар хэсэгт хэд хэдэн удаа цохисны улмаас толгой хөндүүртэй болсон тул бариулж байгаа. Сорвины тос 50.000 төгрөгөөр авсан, бариач дээр 5 удаа очсон ба нэг удаа бариулахад 10.000 төгрөг, нийт 50.000 төгрөг болно. Замдаа ирж очихын 10.000 төгрөгний бензин хийж, нийт 5 өдөр явж 50.000 төгрөгний бензин хийсэн. Бодит учирсан хохирол 150.000 төгрөг дээр албаны хангалтын фудволк авахад 6.000 төгрөг /“Дамно” ХХК-ны үнэлгээгээр гарсан/, мөн компьютер томографийн зураг авахуулахад 230.000 төгрөг болно гэсэн. Х-аас нийт 386.000 төгрөг нэхэмжилж байна…гэх мэдүүлэг /хх-ийн 11-13-р хуудас/,
Гэрч С.Наранбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: …Би 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Эрхэс-112 авто эргүүлийн чиглэлд хэв журмын офицер ахмад Ж.А-ийн хамт Хан-Уул дүүргийн 10, 16, 19 дүгээр хороонуудад эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Орой 21-22 цагийн үед Эрхэс-10 жижүүрийн шуурхай албанаас “Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт-Ухаа 1 хороололын 702-29 тоотод нөхөр согтуу агсам тавиад байна, одоо дэлгүүр гарсан, удахгүй ороод ирнэ” гэх дуудлага мэдээллийн дагуу очиход агсам тавьсан гэх хүн /Х-/ гэртээ байсан. Би Х-т дагаж явах шаардлагатай талаар хэлэхэд ямар нэгэн эсэргүүцсэн зүйлгүй дагаад явсан. Цагдаагийн хэлтсийн түр саатуулах байранд ирээд ахмад Ж.А- биед нь үзлэг хийж саатуулах байранд хүлээлгэн өгөхөөр орсон. Хэсэг хугацааны дараа ахмад Алтанцоож гарч ирээд “сая оруулсан Х- гэх залуу намайг цохиж, фудволк урж, цээж маажлаа” гэж хэлсэн…гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/,
Гэрч Н.Энхбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: …Би 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Эрхэс-120 буюу цагдаагийн хэлтсийн түр саатуулах байранд 24 цагаар жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн орой 21-22 цагийн үед Эрхэс-112 авто эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Ж.А- гэртээ агсам тавьсан гэх 50 орчим настай нилээн өндөр согтолттой хүн /Х-/ дагуулж орж ирээд биед нь үзлэг хийх явцад нөгөө хүн ахмадын мөр орчимд гараараа зөөлхөн цохиод байсан. Ахмад Алтанцоож “та зүгээр бай л даа” гэхэд Х- хэд хэдэн удаа мөр орчимд гараараа цохихоор нь ахмад Алтанцоож нөгөө хүнийг /Х-/ бариад авсан. Х- ахмад Алтанцоожийн цагдаагийн хангалтын хар цэнхэр өнгөтэй фудволкийн энгэр хэсэгнээс нь татаж ураад цээж нь ил гартал цээж хэсгийг нь гараараа хэд хэдэн удаа маажаад цус гаргасан. Бид хоёр Х-ын хоёр талаас барьж арай хийж болиулсан. Х-ыг хүчээр гарыг нь барьж болиулаагүй бол цагдаагийн алба хаагчийн нүүр орчим гараараа цохих гээд дайраад байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/,
Гэрч Э.Мөнхцэрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: …Би Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн холбоо мэдээлэл, хяналтын камер, дотоод сүлжээ зэрэг асуудлуудыг хариуцдаг. Хэлтсийн түр саатуулах байрны хяналтын камер 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс хойш хяналтын дэлгэц рүү дүрс нь орж ирэхгүй, камер хянаж болохгүй байсан болохоор Мэдээлэл шуурхай удирдлагын төв рүү дуудлага өгч техникийн сааталын талаар мэдэгдсэн. Шуурхай удирдлагын төвөөс инженер ирж бичлэг хадгалах төхөөрөмжийг салгаад засахаар авч явсан. Дээрх төхөөрөмж нь цаашид дахин ашиглах боломжгүй болсон тул удирдлагын төвөөс акт тавьж, шинэ төхөөрөмж тавина гэж хэлсэн. Манай саатуулах байрны хяналтын камер одоог хүртэл ажиллахгүй байгаа…гэх мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №7061 дугаартай дүгнэлтэнд:
1. Ж.А-ийн биед цээжинд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтлүүд байна.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 23-р хуудас/,
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-7-р хуудас/,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 26-27-р хуудас/,
Хохирогчийн өргөдөл /хх-ийн 5-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд ял шалгах хуудас /хх-ийн 35-р хуудас/, Чингэлтэй дүүргийн шүүхийн 1997 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Таслан шийдвэрлэх тогтоол /хх-ийн 39-40-р хуудас/, Чингэлтэй дүүргийн шүүхийн 1999 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 251 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоол /хх-ийн 41-42-р хуудас/, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2000 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 195 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоол /хх-ийн 43-р хуудас/, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2003 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 172 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 44-р хуудас/, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 600 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 45-46-р хуудас/, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 48-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 61-р хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Х-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүгдэгч Б.Х- нь цагдаагийн албан хаагч Ж.А-ийг эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэж өөрчлөн зүйлчлэх нь зүйтэй гэж үзлээ. Үндэслэл нь:
Шүүгдэгч Б.Х- нь 2018 оны 06 дугаар сарын 02-ны орой 21-22 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн түр саатуулах байранд хохирогч Ж.А-ийн “хуруун дахь бөгжөө тайл” гэсэн шаардлагыг эсэргүүцэн хувцсыг урж, цээжийг нь маажсаны улмаас “хохирогчийн цээжинд зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Ж.А-ийн …Орой 19 цаг 20 минутын үед “Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт-Ухаа 1 хороололын 702 дугаар байрны 29 тоотод нөхөр согтуу агсам тавиад байна” гэх дуудлага мэдээллийн дагуу очиж Б-ийн Х-ыг цагдаагийн хэлтсийн байранд түр саатуулахаар авчирсан. Түр саатуулах байр руу оруулаад Х-ын биед нь үзлэг хийх үед гарт нь бөгж байсан. “Та бөгжөө тайлж өгөөрэй” гэхэд “та нар муу сайн пизданууд муу хар хэрээнүүд, та нар бол намайг амжихгүй, би олон жил шоронгоор явсан, чам шиг юмыг мэдэхгүй юм байна” гэж хэлсэн. Би үзлэг хийсэн тэмдэглэлээ хөтөлж байтал миний цээж, гар орчимд гараараа хэд хэдэн удаа цохихоор нь гараараа хаасан. Түүнд “та одоо наад үйлдлээ боль, настай хүн байна, дээрээс нь согтуу байна, зөрчил гаргасан учраас л таныг авчирсан. Түүнээс таныг гэртээ зүгээр байхад чинь авчраагүй биз дээ” гэхэд миний нүүр рүү цохих гээд дайрахаар мөрнөөс нь бариад автал миний фудволкны энгэр хэсгийг урсан. Дахин дайрч хүзүү, цээж орчимд 2 удаа маажсан…гэх мэдүүлэг /хх-ийн 11-13-р хуудас/,
Гэрч С.Наранбаатарын …Орой 21-22 цагийн үед Эрхэс-10 жижүүрийн шуурхай албанаас “Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт-Ухаа 1 хороололын 702-29 тоотод нөхөр согтуу агсам тавиад байна, одоо дэлгүүр гарсан, удахгүй ороод ирнэ” гэх дуудлага мэдээллийн дагуу очиход агсам тавьсан гэх хүн /Х-/ гэртээ байсан. Би Х-т дагаж явах шаардлагатай талаар хэлэхэд ямар нэгэн эсэргүүцсэн зүйлгүй дагаад явсан. …Хэсэг хугацааны дараа ахмад Алтанцоож гарч ирээд “сая оруулсан Х- гэх залуу намайг цохиж, фудволк урж, цээж маажлаа” гэж хэлсэн…гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/,
Гэрч Н.Энхбаярын …Орой 21-22 цагийн үед Эрхэс-112 авто эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Ж.А- гэртээ агсам тавьсан гэх 50 орчим настай нилээн өндөр согтолттой хүн /Х-/ дагуулж орж ирээд биед нь үзлэг хийх явцад нөгөө хүн ахмадын мөр орчимд гараараа зөөлхөн цохиод байсан. Ахмад Алтанцоож “та зүгээр бай л даа” гэхэд Х- хэд хэдэн удаа мөр орчимд гараараа цохихоор нь ахмад Алтанцоож нөгөө хүнийг /Х-/ бариад авсан. Х- ахмад Алтанцоожийн цагдаагийн хангалтын хар цэнхэр өнгөтэй фудволкийн энгэр хэсэгнээс нь татаж ураад цээж нь ил гартал цээж хэсгийг нь гараараа хэд хэдэн удаа маажаад цус гаргасан…гэх мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №7061 дугаартай дүгнэлтэнд:
1. Ж.А-ийн биед цээжинд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтлүүд байна.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 23-р хуудас/ гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Б.Х-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох” дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “гэм буруугийн талаар маргахгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Б.Х- түр саатуулах байранд цагдаагийн алба хаагчийг “бөгжөө тайл” гэсэн шаардлагыг эсэргүүцэж асуудал үүссэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангахгүй байна” гэсэн санал гаргаж мэтгэлцэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хавтаст хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Б.Х- нь цагдаагийн албан хаагч Ж.А-ийн “биед нь үзлэг хийх явцдаа бөгжөө тайл” гэсэн шаардлагыг эсэргүүцэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэргийн нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийхэд хохирогч Ж.А-ийг “албан үүргээ гүйцэтгэх явцад нь эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжтэй байна.
Шүүгдэгч Б.Х-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчлөх нь шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар бүлэгт заасан “ямар хэрэгт яллагдаж байгаа мэдэх, яллах талын баримтыг няцаан үгүйсгэж мэтгэлцэх” эрхийг зөрчөөгүй, эрх зүйн байдлыг хөнгөрүүлж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар “эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч Ж.А-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь сорвины тос 50.000 төгрөг, толгойгоо бариулсан 50.000 төгрөг, унааны зардалд 50.000 төгрөг, фудволкны үнэ 6.000 төгрөг болон цаашид толгойны компьютер томографийн шинжилгээ хийлгэхэд гарах зардалд 230.000 төгрөг, нийт 386.000 төгрөг нэхэмжилсэн боловч баримт ирүүлээгүй тул эрүүгийн хэрэгтээ хамтатган шийдвэрлэх боломжгүй байна.
Цагдаагийн албаны тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.3-т “Цагдаагийн алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад эрүүл мэнд нь хохирсон тохиолдолд хууль тогтоомжид заасны дагуу Засгийн газар дараахь нөхөх олговор, тусламж олгоно: Үүнд: хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээнээс шалтгаалан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30, 60, 90 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн нөхөх олговор олгоно. Мөн хуулийн 86 дугаар зүйлийн 86.6-т энэ хуулийн 86.1-д заасан зардлыг Засгийн газар хариуцан гаргаж, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан байна. Иймд хохирогч Ж.А- нь албан үүргээ биелүүлэх явцдаа эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгах зардлаа Төрийн албаны тухай хууль болон Цагдаагийн албаны тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлүүлэх зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хариуцлагын хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Б.Х-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх” ял оногдуулах дүгнэлт гаргасан ба, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч Б.Х-т нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахыг зөвшөөрч мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч Б.Х-т ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Х-т 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Х-ын 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс шийтгэх тогтоол гарсан энэ өдрийн байдлаар цагдан хоригдсон 35 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцоход 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Х-т энэ тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял болон Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 600 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.