| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Мөнхөө |
| Хэргийн индекс | 250301391386 |
| Дугаар | 2026/ДШМ/607 |
| Огноо | 2026-05-14 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Р.Очирсүрэн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 2026/ДШМ/607
2026 05 14 2026/ДШМ/607
Н.П-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Р.Очирсүрэн,
шүүгдэгч Н.П, түүний өмгөөлөгч А.Бямбасүрэн,
иргэний хариуцагч “Д” ХХК-ний төлөөлөгч Ц.Хишигбат, И.Анужин
нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2026/ШЦТ/499 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.П, түүний өмгөөлөгч А.Бямбасүрэн, иргэний хариуцагч “Д” ХХК-ний төлөөлөгч Ц.Хишигбат нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Н.П-д холбогдох 250301391386 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Н.П, 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Өмнөговь аймагт төрсөн 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Д” ХХК-д жолооч ажилтай, ам бүл ганцаараа 00 дүүргийн 00 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:00000000/;
Шүүгдэгч Н.П-д нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Сүхбаатарын талбайн зүүн замд 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “Тоёота Приус” загварын 00-00 000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн “1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Х.Б-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газар: Н.П-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Шүүгдэгч Н.П-ийг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.П-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 3.500 /гурван мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар иргэний хариуцагч “Д” ХХК-с 7.366.957 /долоон сая гурван зуун жаран зургаан мянга есөн зуун тавин долоо/ төгрөгийг гаргуулж хохирогч Х.Б-т олгохоор, иргэний хариуцагч “Д” ХХК нь хохирогчид хохирол төлсөнтэй холбоотой баримтаа бүрдүүлэн шүүгдэгчээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Н.П давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Тухайн өдрөө хохирогч Х.Б-т эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэн бүтэн нурууны MRI хийлгэж бусад эмчилгээний зардалд 1,104,700 /нэг сая нэг зуун дөрвөн мянга долоо зуу/ төгрөгийг зарцуулсан байдаг. Анхан шатны шүүхэд дээрх баримтыг гаргаж өгдөг гэдгийг ойлгоогүй тул одоо баримтаа гаргаж өгч байна.
Би 2025 оноос хойш “Д” ХХК-д жолоочоор ажиллаж байгаа. Миний хувьд жолоодох эрхийн үнэмлэхтэй, үнэмлэх нь хүчинтэй байж түгээлтийн ажил хийж, цалин хөлс авч амьдардаг. Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлуудыг харгалзан хуульд заасан хэмжээний дотор тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар оногдуулах боломжтой байсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялыг 6 сарын хугацаагаар багасгаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Н.П-ийн өмгөөлөгч А.Бямбасүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.П-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 3.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн. Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа.
Хууль тогтоогчдын зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “ Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно гэж заасан байдаг. Шүүгдэгчийн хувьд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Сүхбаатарын талбайн зүүн замд 2025 оны 10 сарын 22-ны өдөр тоёота приус маркийн 00-00 000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохоо хохирогч Х.Б-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Тухайн өдөр хохирогч Х.Б-т эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэн бүтэн нурууны МRI хийлгэж бусад эмчилгээний зардалд 1,104,700 /нэг сая нэг зуун дөрвөн мянга долоо зуу/ төгрөгийг зарцуулсан байдаг. /Эмчилгээний баримтуудыг хавсаргав/.
Өдөр тутамдаа байнга замын хөдөлгөөнд оролцож, тээврийн хэрэгсэл жолоодож түгээлтийн ажил хийдэг юм. Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлуудыг харгалзан хуульд заасан хэмжээний дотор тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар оногдуулах боломжтой байсан гэж үзэж байна. Шүүгдэгчийн нэмэгдэл ялыг 6 сарын хугацаагаар багасгаснаар 6 сарын өмнө ч гэсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь сэргэж, түгээлтийн ажлаа хийж цалин орлогоо олж амьдрал ахуйгаа дээшлүүлэх боломжтой байна. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялыг 6 сарын хугацаагаар багасгаж өгнө үү. ...” гэв.
Иргэний хариуцагч “Д” ХХК-ний төлөөлөгч Ц.Хишигбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4-т Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т заасныг үндэслэн иргэний хариуцагч “Д” ХХК-с 7.366.957 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-т “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж зохицуулсан. Дээрх зохицуулалтуудаас үзэхэд гэм буруутай этгээд гэм хорын хохирлыг өөрөө хариуцах үүрэгтэй байхаар зохицуулсан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүхийн шатанд хохирогч нь иргэний хариуцагч “Д” ХХК-с төлбөр мөнгө нэхэмжилсэн зүйл байдаггүй. Шүүх хуулийг хэрэглэхдээ иргэний хариуцагчийн тайлбар мэдүүлэг, шүүгдэгчийн хэрэг хариуцах чадвар, ажил хөдөлмөр эрхэлдэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэлгүй гэм хорын хохирлыг буруутай этгээдээс бус иргэний хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй, гэм буруутай этгээдийг хариуцлагаас чөлөөлсөн шийдвэр болсон. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйл 1 дэх хэсэгт “...Дараах үндэслэлийн аль нэг нь байвал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчилнө...” 1.1-т “...шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй...” гэж заасны шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж “Домог импекс” ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Иргэний хариуцагч “Д” ХХК-ний төлөөлөгч И.Анужин тус шүүх хуралдаанд “Хэлэх тайлбаргүй” гэв.
Прокурор Р.Очирсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх шүүгдэгч Н.П-ийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байна. Мөн өнөөдрийн байдлаар эмчилгээний зардал, сэтгэцэд учирсан хохирол төлбөрийг төлөөгүй байна. Анхан шатны шүүхээс оногдуулсан нэмэгдэл ял, үндсэн ял тохирсон гэж үзэж байна:. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.П, түүний өмгөөлөгч А.Бямбасүрэн, иргэний хариуцагч Ц.Хишигбат нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:
1. Шүүгдэгч Н.П нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Сүхбаатарын талбайн зүүн замд 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “Тоёота Приус” загварын 00-00 000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн “1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Х.Б-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
Гэмт хэргийн талаарх дуудлага лавлагааны хуудас /хх 03/ хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 04-10/,
хохирогч Х.Б: “...Зам хөндлөн алхаж явах үед хойшоос урагшаа чиглэлтэй нэг автомашин зам тавьж өгөхөд цааш алхаад явахад зэрэгцээ эгнээнд явсан машин зогсолгүй миний баруун талаас мөргөөд би унасан. ...Би босож чадахгүй байсан. ...” гэх мэдүүлэг /хх 13/,
хохирогч Х.Б-ын эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авсан тухай тодорхойлолт: Нийт 253,000 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан /хх 25/,
хохирогч Х.Б-ын биед хийсэн шинжээчийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 13437 дугаартай: “..Х.Б-ын биед ахар сүүлний 3-р нугалмын зөрүүгүй хугарал гэмтэл тогтоогдлоо. ....Дээрх гэмтэл нь хохирлын хүндэвтэр гэмтэл тогтоогдлоо. ...” дүгнэлт /хх 37-38/,
хохирогч Х.Б-ын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосон шинжээчийн 2025.12.17-ны өдрийн 4347 дугаартай: “...Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. ...” гэх дүгнэлт /хх 57-59/,
шүүгдэгчийн унаж авсан тээврийн хэрэгсэлд хийсэн шинжээчийн дүгнэлт: “...Тоёота Приус загварын 00-00 000 улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь дуут дохио ажиллахгүй, улсын дугаарын гэрэл асахгүй, баруун талын ойрын гэрэл асахгүй, баруун, зүүн их гэрэл хол ойрын тусгал стандартын шаардлага хангахгүй зэрэг нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. ...2024 онд тээврийн хяналтын үзлэгт хамрагдаагүй. ...” гэх дүгнэлт /хх 48/,
мөрдөгчийн магадалгаа “...00-00 000 улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.П нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 16.1 гэсэн заалтуудыг зөрчсөн нь осол гаргах шалтгаан нөхцөл болсон байна. ...Явган зорчигч Х.Б нь замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. ...” гэх дүгнэлт /хх 65-66/,
шүүгдэгч Н.П яллагдагчаар: “...Буруутай үйлдлээ ойлгож байна, хохирлыг барагдуулна. ...” гэх мэдүүлэг /хх 86/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
2. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
3. Анхан шатны шүүх, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Н.П-ийг “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн байх бөгөөд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн Эрүүгийн хуулийг зөв тайлбарласан байх ба шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс гэм буруугийн асуудлаар маргаагүй болно.
4. Шүүгдэгч Н.П болон түүний өмгөөлөгч А.Бямбасүрэн нараас “...эрх хасах нэмэгдэл ялыг багасгаж өгнө үү. ...” гэж гомдол гаргажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүхийн хуулиар олгогдсон бүрэн эрх билээ.
Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавартай шууд холбоотой ойлголт бөгөөд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлын үнэ цэнэ, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээгээр тодорхойлогдоно.
Тодруулбал, шүүхээс оногдуулж буй ял нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэр хэмжээ, нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон тухайн хүнийг цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилготой бөгөөд анхан шатны шүүхээс Н.П-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил, 6 сарын хугацаагаар хасаж, 3,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь эрүүгийн хариуцлага тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх зарчимд нийцсэн байна.
Иймд шүүгдэгч Н.П, түүний өмгөөлөгч А.Бямбасүрэн нараас гаргасан “...эрх хасах нэмэгдэл ялыг багасгаж өгнө үү. ...” гэх гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
5. Иргэний хариуцагч “Д” ХХК-ний төлөөлөгч Ц.Хишигбат “...манай ХХК-иас хохирол төлбөр гаргуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. ...буруутай этгээд төлнө. ...шийтгэх тогтоолд “Д” ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэж гомдол гаргажээ.
Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т заасныг баримтлан хохирогч Х.Б-ын сэтгэцэд учирсан гэм хорын хохирол, хохирогчийн эрүүл мэндийн даатгалын сангаас авсан тусламж үйлчилгээний төлбөр болох нийт 7.366.957 төгрөгийг бүхэлд нь иргэний хариуцагч “Д” ХХК-с гаргуулж хохирогч Х.Б-т олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул магадлалаар зөвтгөх шаардлага үүсэв.
Учир нь, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-т “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.” гэж,
230 дугаар зүйлийн 2-т “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана.” гэж тус тус заасан байна.
Өөрөөр хэлбэл, сэтгэцэд учирсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хариуцан хүлээхээр заасан байхад иргэний хариуцагчаас гаргуулсан нь үндэслэлгүй байх тул хохирогч Х.Б-ын сэтгэцэд учирсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг шүүгдэгч Н.П хүлээх үүрэгтэй.
Иймд, шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр өөрчлөлт оруулж шүүгдэгч Н.Паас 7.128.000 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Б-т олгохоор шийдвэрлэлээ.
Харин хохирогч Х.Б-ын гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын газраас нийт 238.957 төгрөгийн тусламж үйлчилгээ авсныг “Д” ХХК нөхөн төлөх үүрэгтэй.
Учир нь, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй боловч тээврийн хэрэгсэл ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах нь онцлог зохицуулалттай.
Өөрөөр хэлбэл, зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан бол тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх, мөн тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй болохыг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсгүүдэд заасан.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, шүүгдэгч Н.П нь “Д” ХХК-д жолооч ажилтай, тухайн осол болох үед Домог Импекс ХХК-ийнхаа нэр дээр байдаг тээврийн хэрэгслийг жолоодож, ажлаа хийж явах үедээ осол гаргасан үйл баримт байна.
Тиймээс Иргэний хуулийн “Тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах” зохицуулалтын дагуу хохирогч Х.Б-ын эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авсан 238.957 төгрөгийг иргэний хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.
Түүнчлэн шүүгдэгч Н.П-ийн унаж явахдаа зам тээврийн осол гаргасан тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байх ба үүнийг хангуулах нь “Д” ХХК-ний үүрэг.
6. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын иргэний хариуцагч “Д” ХХК нь хохирогчид хохирол төлсөнтэй холбоотой баримтаа бүрдүүлэн шүүгдэгчээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэснийг хүчингүй болгож, хохирогч Х.Б нь гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардал, хохирол, хор уршиг учирсан тохиолдолд нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Н.П, болон түүний өмгөөлөгч А.Бямбасүрэн нарын гаргасан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, иргэний хариуцагч Ц.Хишигбатын гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2026/ШЦТ/499 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
4 дэх заалтыг: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Д” ХХК-с 238.957 төгрөгийг,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.П-аас 7.128.000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Х.Б-т олгосугай.” гэж,
5 дахь заалтыг: Хохирогч Х.Б нь гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардал, хохирол, хор уршиг учирсан тохиолдолд нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.П болон түүний өмгөөлөгч А.Бямбасүрэн нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, иргэний хариуцагч “Д” ХХК-ний төлөөлөгч Ц.Хишигбатын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ