Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 211/МА2021/00013

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                         Б.Н-ийн хүсэлттэй иргэний

                                                             хэргийн тухай

 

 

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Ц даргалж, ерөнхий шүүгч Т.Д, шүүгч Д.Б нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 129/ШШ2021/00501 дугаартай шийдвэртэй

Б.Нийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг

хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч В.Ц-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, нарийн бичгийн дарга Б.Д нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А шүүхэд гаргасан хүсэлт болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Н нь 1985 онд Архангай аймгийн Хотонт сумын 8 жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг төгссөн. Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдэлд 1985 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл ногоочин, малчнаар ажиллаж байсан. Ажилласан байдлаа бичүүлсэн хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч дэвтэр нь зөрчилтэй байна. Иймд нотлох баримтаар шүүхээр шийдвэрлүүл гэсний дагуу шүүхэд хандаж байна. Аймгийн архиваас лавлагаа хүсэхэд өмч хувьчлалын баримт гарч ирсэн. Иймд Б.Нийн Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдэлд дээрх нотлох баримтуудыг үндэслэн 1985 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл малчин, ногоочноор ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтийг гаргасан энэ хүсэлтээсээ малчнаар ажиллаж байснаа тогтоолгох хэсгээс татгалзаж, Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдэлд 1985 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ногоочноор ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлттэй байна. Б.Н нь 1985 онд 6 дугаар ангид суралцаж байсан. Б.Нийн ногоочноор ажиллаж байсныг мэдэх гэрч нарыг асуулгасан. Гэрч Г.Д “Б.Н нь Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдэлд 1985 оноос тус нэгдлийг татан буугдах хүртэл ногоочноор ажиллаж байсан үнэн” гэж, гэрч Д.Б “Намайг 1986 онд цэргээс халагдаж ирэхэд Б.Н нь Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдлийн 3 дугаар бригадад ногоочоор ажиллаж байсан” гэж мэдүүлсэн байдаг. Архангай аймгийн Хотонт сумын сургуульд хүсэлт гаргаж Б.Нийн лавлагааг гаргуулахад 1985 оны буюу 6 дугаар анги хүртэл суралцаж, 6 дугаар ангиасаа сургуульд сурч байгаагүй гэсэн тодорхойлолтыг ирүүлсэн. Б.Нтэй хамт сургуульд сурч байсан гэрч Н.Ц “Б.Н Архангай аймгийн Хотонт сумын 10 жилийн дунд сургуулийн 6Б ангид, би 6В ангид суралцдаг байсан. Манай Хотонт сумын 10 жилийн дунд сургууль 6 дугаар ангийн 4 бүлэгтэй байсан. 1985 онд И.В багштай 6Б анги татан буугдсанаас хойш Б.Н сургуульд сураагүй. Сургуулийн сурагчид жил бүрийн намрын улиралд Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдэлд ногоо хураадаг байсан. Тэр үед Б.Н тус нэгдэлд ногоочноор ажиллаж байсан” гэж мэдүүлдэг. Б.Н 1985 онд 6 дугаар ангиа төгсөөд аавынхаа хамт мал малласан гэж ярьдаг. Шүүхийн журмаар ХААТР-1 маягт, хаягийн хуудас, Үндэсний төв архивын баримт зэргийг авсан. Энэ лавлагаануудын хувьд он, сарын хувьд зөрүүтэй байдал үүссэн гэж бодож байна. ХААТР-1 маягтад 1987 онд бүрэн бус дунд боловсролтой гэж бичигдсэн байдаг. Тухайн үед Б.Нийн санаа нь зовоод сургуульд сурсан гэж хэлсэн юм болов уу, хаягийн хуудсанд 1987 онд 10 жилийн сургуульд сурагч гэсэн байдаг. Мөн Үндэсний төв архивын 1989 оны лавлагаанд 17 настай гэж бичигдсэн байсан. 1970 онд төрсөн хүнийг 17 настай гэж бичсэн байсан. Ийм зөрүүтэй байдал үүсэж байгаа учир шүүх нотлох баримтаар үнэлэхгүй байж өгнө үү. Б.Нийн ногоочноор ажиллаж байсныг гэрчүүд мэдүүлдэг. Б.Нийн 1985 онд ажиллаж байсан 5-10 сарын цалин бичилттэй, 1986-1990 оны бичилттэй хөдөлмөрийн дэвтэр байдаг. Нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг нотлох баримтаар өгсөн. Баталгаажилтын 10 жилээ хөдөлмөрийн дэвтэртээ наалгасан учир эх хувиар нь өгөх боломжгүй тул нотлох баримтаар шинжлэн судлуулаад буцааж авах хүсэлттэй байна. Иймд Б.Нийн Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдэлд 1985 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ногоочноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 129/ШШ2021/00501  дугаартай шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Н-ийн Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдэлд 1985 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ногоочноор ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А-ийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Б.Нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 00501 тоот шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Б.Н нь 1985 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдэлд ногоочноор ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргасан. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ түүнийг Хотонт сумын Цацрал нэгдэлд 1985-1990 онуудад ажилласныг нотолсон материал архиваас гараагүй, мөн түүний ажил төрөлтэй холбоотой материал архивд ирүүлээгүй, шүүх холбогдох байгууллагаас нотлох баримтаар шаардсан материалд түүний эрхэлдэг ажил төрлийн байдал бичигдээгүй, 1988 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн регистрийн дугаар авахад ХААТР-1 маягтад эрхэлсэн ажилгүй гэж бичсэн, 1987 оны 08 дугаар сарын 20-ны өдөр олгосон иргэний хаягийн хуудас 7-д хаана, ямар ажилтай гэсэн хэсэгт Хотонт сумын 10 жилд сурагч гэж бичигдсэн. Мөн шүүхэд өгсөн хөдөлмөрийн дэвтэр нь сүүлд нөхөж бичилт хийлгэсэн, зөрчилтэй гэж үзэж нотлох баримтаар үнэлэхгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу болсон гэж үзэж байна. Б.Н нь 1979 онд Архангай аймгийн Хотонт сумын сургуульд 1 дүгээр ангид орж, 1985 онд 6 дугаар ангиа төгсөөд ар гэрийн гачигдлаар сургуулиасаа гарсан. Тэгээд 1985 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс Цацрал нэгдэлд ногоочноор орж, 1990 оныг хүртэл ажилласан. Энэ талаар хөдөлмөрийн дэвтэрт бичсэн бөгөөд гэрчүүд ч энэ талаар тодорхой мэдүүлсэн. Гэтэл шүүх хөдөлмөрийн дэвтрийг зөрчилтэй, гэрчүүдийн мэдүүлгийг эргэлзээтэй гэж үзээд 6 дугаар ангиасаа сургуульд цааш суралцаагүй талаар сургуулийн бичиг баримт байхад 1987 онд сургуулийн сурагч байсан гэж үзэж, дээрх нотлох баримтууд нь эргэлзээтэй байхад тэр баримтуудыг үнэлж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд хэргийг хянан шүүхийн 00501 тоот шийдвэрт өөрчлөлт оруулж, Б.Нийг 1985 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдэлд ногоочноор ажиллаж байсан байдлыг тогтоож хүсэлтийг хангаж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.Н нь Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдэлд 1985 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд ногоочноор ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг гаргажээ.

 

            Анхан шатны шүүх хүсэлт гаргагч Б.Нийн Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдэлд 1985 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ногоочноор ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо  “... хүсэлт гаргагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь дээрх онуудад ажиллаж байсныг гэрчлэх нотлох баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй, гэрчүүдийн мэдүүлгийг эргэлзээгүй гэж дүгнэх боломжгүй, хөдөлмөрийн дэвтрийг сүүлд нөхөн бичилт хийлгэсэн зөрчилтэй, нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаар нотолж чадахгүй байна” гэсэн дүгнэлт хийжээ.

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг бүхэлд нь  хангах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Хүсэлт гаргагч Б.Нийн Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдэлд 1985 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ногоочноор ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан.

 

Б.Н нь Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдэлд дээрх хугацаанд  ажиллаж байснаа нотолж, Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийг шүүхэд гаргаж өгч, Г.Д, Д.Б, Н.Ц нарыг гэрчээр асуулгажээ.

Хэрэгт авагдсан хөдөлмөрийн дэвтрээс үзвэл, Б.Н 1985 оны 05-10 дугаар сар, 1986 оны 01-12 дугаар сар, 1987 оны 02-11 дүгээр сар, 1988 оны 02-07 дугаар сар, 1989 оны 01-12 дугаар сар, 1990 оны 01-12 дугаар сарыг хүртэл ажиллаж байсан талаар тэмдэглэсэн байна. /хх-3-4-р хуудас/

Б.Нийн Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийг хуурамч нотлох баримт гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул уг нотлох баримтыг шүүх үнэлэх үүрэгтэй.

 

 Дээрх хөдөлмөрийн дэвтэр болон гэрч Г.Д, Д.Б, Н.Ц нарын мэдүүлгийг хэргийн бусад баримттай харьцуулан хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасантай нийцээгүй байна.

 

            Анхан шатны шүүхээс Г.Д, Д.Б, Н.Ц нарт Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд заасныг тайлбарлан өгч, хууль сануулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг авсан атлаа тухайн гэрчүүдийг сургуульд сурч байсан хугацаа, сургууль төгссөн оныг өөр өөрөөр мэдүүлж байгаа учраас гэрчүүдийн мэдүүлэг  эргэлзээтэй гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ.

 

              Өөрөөр хэлбэл гэрчүүд олон жилийн өмнөх үйл явдлыг он, сар, өдөртэй нь бүгд мэдэх шаардлагагүй бөгөөд он сар өдрийг барагцаалж, баримжаалж өөр өөрийн мэдэх хэмжээнд мэдүүлснийг буруутгах боломжгүй юм.

 

Хүсэлт гаргагч Б.Н нь нотлох баримтыг хууль бус аргаар цуглуулсан гэх байдал тогтоогдоогүй, дээрх хөдөлмөрийн дэвтэр, гэрч Г.Дулам, Д.Базаррагчаа, Н.Цэцэгсайхан нарын мэдүүлэг, иргэний улсын бүртгэлийн ХААТР-1 маягт зэргээр давхар батлагдаж байх тул “Б.Н нь 1979 онд Архангай аймгийн Хотонт сумын сургуульд 1 дүгээр ангид орж, 1985 онд 6 дугаар ангиа төгсөөд ар гэрийн гачигдлаар сургуулиасаа гарсан. Тэгээд 1985 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс Цацрал нэгдэлд ногоочноор орж, 1990 оныг хүртэл ажилласан. Энэ талаар хөдөлмөрийн дэвтэрт бичсэн бөгөөд гэрчүүд ч энэ талаар тодорхой мэдүүлсэн. Гэтэл шүүх хөдөлмөрийн дэвтрийг зөрчилтэй, гэрчүүдийн мэдүүлгийг эргэлзээтэй гэж үзээд 6 дугаар ангиасаа сургуульд цааш суралцаагүй талаар сургуулийн бичиг баримт байхад 1987 онд сургуулийн сурагч байсан гэж үзэж дээрх нотлох баримтууд нь эргэлзээтэй байхад тэр баримтуудыг үнэлж шийдвэрлэсэнд гомдолтой байна” гэх хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иймд давж заалдах гомдолд заасан үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг бүхэлд нь хангаж, хүсэлт гаргагч  Б.Нийн Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдэлд 1985 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ногоочноор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

Мөн иргэний улсын бүртгэлийн ХААТР-1 маягтад “Бордоогийн Нарангэрэлийн ажил эрхэлж эхэлсэн он 1988, оршдог сум Хотонт” гэж бичигдсэн байгаа болохыг анхан шатны шүүхээс нотлох баримтуудыг үнэлж, дүгнэхдээ анхаарч үзэлгүй орхигдуулсан болохыг дурдах нь зүйтэй байна.

Давж заалдах шатны шүүх хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын хангаж шийдвэрлэсэн тул давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хүсэлт гаргагчийн төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

                                                     ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 129/ШШ2021/00501 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Б.Н-ийн Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдэлд 1985 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ногоочноор ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “Б.Н-ийн Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдэлд 1985 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ногоочноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг бүхэлд нь хангасугай.    

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн       59.3-т зааснаар хүсэлт гаргагч Б.Н-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар хүсэлт гаргагч, хүсэлт гаргагчийн өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      В.Ц

     ШҮҮГЧИД                                      Т.Д

                                    Д.Б