| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Мөнхөө |
| Хэргийн индекс | 2410000000327 |
| Дугаар | 2026/ДШМ/608 |
| Огноо | 2026-05-14 |
| Зүйл хэсэг | 18.6.1., 18.7.2., |
| Улсын яллагч | Г.Баясгалан |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 2026/ДШМ/608
2026 05 14 2026/ДШМ/608
Ф.Ш, Э.Ц нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Баясгалан,
шүүгдэгч Ф.Ш , түүний орчуулагч Д.Тамир, түүний өмгөөлөгч Ч.Загдсүрэн,
цагаатгагдсан этгээд Э.Ц, түүний өмгөөлөгч Л.Намнансүрэн,
хохирогч А.Б-ы өмгөөлөгч Г.Намуун,
хохирогч, иргэний нэхэмжлэгч /Худалдаа хөгжлийн банк/-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Нямзаяа,
хохирогч, иргэний нэхэмжлэгч /Голомт банк/-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхтэнгэр,
хохирогч, иргэний нэхэмжлэгч /Хаан банк/-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Анхбаяр,
хохирогч, иргэний нэхэмжлэгч /Капитрон банк/-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Түвшинзаяа,
иргэний хариуцагч Л.Эийн өмгөөлөгч Н.Нарантуяа,
нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2026/ШЦТ/591 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч, иргэний нэхэмжлэгч Хаан банкны хууль ёсны төлөөлөгч Ц.Анхбаяр, хохирогч, иргэний нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкны хууль ёсны төлөөлөгч П.Нямзаяа, хохирогч, иргэний нэхэмжлэгч Капитрон банкны хууль ёсны төлөөлөгч А.Түвшинзаяа, хохирогч А.Бы өмгөөлөгч Г.Намуун нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ф.Ш, Э.Ц нарт холбогдох 2410000000327 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Ф.Ш Бүгд Найрамдах Узбекистан Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр Бүгд Найрамдах Узбекистан Улсын Навай хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, хамтран амьдрагч, 5 хүүхдийн хамт 00 аймгийн 00 сум, 00 тоотод түр оршин суудаг, /ПД:00000000/;
2. Э.Ц, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, хамтран амьдрагч, 5 хүүхдийн хамт 00 аймгийн 00 сум, 00 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:00000000/;
Шүүгдэгч Бүгд Найрамдах Узбекистан Улсын иргэн Ф.Ш нь өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Э.Цтой хамтран Монгол Улсад төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа гадаад улсын мөнгөн тэмдэгт болох 49 ширхэг 500-тийн дэвсгэрт бүхий 224,500 евро болон 8 ширхэг 50-тийн дэвсгэрт бүхий 400 евро буюу нийт 224,900 еврог хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрүүдийн хооронд өөрсдийн оршин суух 00 аймгийн 00, 00 тоот гэртээ хадгалах, Дархан-Уул аймаг болон Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг арилжааны банк, валют арилжааны газруудад биечлэн зөөвөрлөх, мөн өөрсдийн хамаарал бүхий Л.Э, Э.Б, Б.Б, Б.Ба нарт тарааж тус тус ашиглан солиулсан,
мөн Бүгд Найрамдах Узбекистан Улсын иргэн Фахриддин Ш (Fakhriddinov Shokhrukh) нь “Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах” гэмт хэргийн улмаас төгрөгийн болоод долларын орлогыг хүлээн авч, төвлөрүүлэн улмаар 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрүүдийн хооронд “Бинанс” бирж дээрх “Р2Р” буюу валют солилцоог гүйцэтгэгч иргэн Ц.А, Г.М, Б.Б, Ж.Д нарын дансанд шилжүүлэн ам.доллартой тэнцэх виртуал хөрөнгө болгон хөрвүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газар: Ф.Ш-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар, Э.Ц-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Э.Ц-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, шүүгдэгч Ф.Ш-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр “Монгол Улсад төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа гадаад улсын мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, зөөвөрлөсөн, тараасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэм хэргийн улмаас олсон орлого гэдгийг мэдсээр байж түүнийг эзэмшсэн, ашигласан, хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалж бодит шинж чанар, захиран зарцуулах арга, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан” гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Ф.Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 /арван/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтэн, түүний биечлэн эдлэх нийт хорих ялыг 4 жил, 10 сарын хугацаагаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ф.Ш-аас 421.647.140 төгрөгийг гаргуулж, хохирогч, иргэний нэхэмжлэгч /Хаан банк/-д 202.097.000 төгрөг, хохирогч А.Б-д 37.640.000 төгрөг, хохирогч, иргэний нэхэмжлэгч /Худалдаа хөгжил банк/-д 76.545.240 төгрөг, хохирогч, иргэний нэхэмжлэгч /Хаан даатгал ХХК/-д 80.239.500 төгрөг, хохирогч, иргэний нэхэмжлэгч /Голомт банк/-д 18.180.000 төгрөг, хохирогч, иргэний нэхэмжлэгч /Капитрон банк/-д 7.286.000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэжээ.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Хаанбанкны хууль ёсны төлөөлөгч Ц.Анхбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч нарын үйлдлийг үзвэл хуурамч мөнгөн тэмдэгтийг мэдсээр байж бусдаас авч, зөөвөрлөж, хадгалж, банк болон банк бус санхүүгийн байгууллагад өгч гүйлгээ хийсэн, банкнаас цэвэр мөнгө болгон авч угаасан, 421,647,140.00 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан Эрүүгийн хуулийн Өмчлөх эрхийн эсрэг бүлэгт хамаарах 17.3 дугаар зүйл. Залилах, 18.6 дугаар зүйл. Мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд гэж үзэж байгаа.
Тухайлбал Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан Залилах гэмт хэргийн “хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” шинжүүдийг хангасан. /эд зүйл гэдэгт хуурамчаар үйлдсэн бэлэн мөнгөн тэмдэгтийг хамааруулан ойлгож байгаа/ Гэтэл шүүхээс бусдад 421.647.140.00 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан өмчлөх эрхэнд халдсан Залилах гэмт хэргийн объектын шинж байгааг, мөн холбогдогчоос хуурамч мөнгөө жинхэнэ мөнгө болгон авах зорилгоор жинхэнэ мөнгө гэж өгч бодит байдлыг нуух замаар банк, банк бус санхүүгийн байгууллагад хандан залилж авсан санаа зорилгын шинжийг анхаараагүй.
Залилах гэмт хэргийг мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах гэмт хэргээс ялган зүйлчлэхдээ хуурамч мөнгөн тэмдэгтийг бусдыг залилах буюу бусдын эд хөрөнгийг өөртөө авах гэмт хэрэг үйлдэхийн тулд ашигласан байдлаар ялган зүйлчлэх шаардлагатай байсан.
Гэвч өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг биш гэж үзэж Эдийн засгийн эсрэг гэмт хэргийн бүлэгт хамаарах 18.7 дугаар зүйл. Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах болон 18.6 дугаар зүйл. Мөнгө угаах гэмт хэргээр зүйлчилж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Мөн шүүхээс шийдвэртээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс тайлбарлаж хэлсэн “Энэ хэрэгт олон этгээдүүд хохирогчоор тогтоогдон оролцож байна, энэ нь Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн үйлдэл байгааг илтгэж байна, тухайлбал Залилах гэмт хэргийн шинжтэй байна, гэтэл прокуророос Эдийн засгийн эсрэг гэмт хэрэг болох 18.7 дугаар зүйлд заасан мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах гэмт хэргээр зүйлчилж байгааг үндэслэлгүй гэж харж байна” гэсэн тайлбарыг шийдвэрт тусгаагүй орхигдуулсан, энэ талаар үгүйсгэсэн дүгнэлтийг хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйл, 36.9 дүгээр зүйлд заасантай нийцээгүй.
Ф.Ш-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Манай эхнэр ...Солонгос хэлээр ойлгоно, Би Монголоор бага зэрэг ойлгоно” гэсэн мэдүүлэг, Э.Ц-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Би 2008 онд Солонгос улсад гэрээгээр ажилласан, ... 1 жил гаруй хугацаанд үерхэж байгаад хүүхэдтэй болсон” гэсэн мэдүүлэг, 00 аймгийн 00 сум 00 тоотод 2024.03.20-ны өдөр нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд: “... Э.Ц нь хар өнгийн гар цүнхтэй евро байгааг гарган өгсөн ...” гэсэн тэмдэглэл, гэрч Ц.Л-ийн: “...Тухайн өдөр Э.Ц гэдэг эмэгтэй, нөхөр нь болов уу гэмээр гадаад улсын иргэнтэй орж ирээд ... 10,000 еврог бэлнээр өгөөд төгрөгөөр солиулах хүсэлтэй гэсэн, ...Э.Ц-гийн ХААН Банкны 00000000 тоот дансанд 36,800,000 төгрөгийг ... шилжүүлж өгсөн, Тухайн өдрийн үдээс хойш 17 цагийн орчимд ...ширхгийг Э.Ц болон гадаад улсын иргэн болох эрэгтэй хүний хамт ирээд төгрөгөөр солиулъя гэсэн, ...Э.Ц-гийн ХААН Банкны 00000000 тоот дансанд 34,960,000 төгрөгийг ... мөн шилжүүлж өгсөн, ... Э.Цөлмөн гэдэг эмэгтэй юм билээ, утасны дугаар нь 00000000 гэж хэлсэн, ...Э.Ц болон гадаад улсын иргэн эрэгтэй нар сэжиг бүхий байсан. Яагаад гэхээр утсаар холбогдож валютыг буцаая гэхэд одоо Дархан хотод явж байна, эсвэл хотоос гарч явж байна гэх зэргээр барин тавин худлаа ярьсан. Тэгэхээр нь цагдаагийн байгууллагад хандана гэж хэлэхэд дээр дурдсан хаягт хүрээд ир гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг, гэрч Э.М-ын: “... Тэгээд би нөгөө мөнгө солиулсан хүний бүртгүүлсэн утасны дугаараар холбогдоход эмэгтэй хүн утсыг авсан, ...Тэгээд би тухайн хүмүүсийг дахиж цагдаад өгч нарийвчилж шалгуулна гэж хэлэхэд тэр хоёр хүн, ... ээжийн данс руу буцааж хийсэн, ... тэд нарын харилцаанаас харахад хуурамч еврогоо мөнгө шалгагч машин дээр гарахгүй гэдгийг мэдчихээд тэгээд тэрэндээ бардаад жинхэнэ евро гэж дайраад байх шиг байсан. Тэгээд намайг ахиж энийг чинь нарийвчилж шалгуулна гэхэд мөнгийг маань буцаагаад өгч байх шиг санагдсан” гэсэн мэдүүлэг, сэжигтэн Б.Б-ийн: “... 2024 оны 03 дугаар сарын 17-ны орой Э.Ц нь миний утас руу залгаад та хаана байна Шарковтой хамт Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот руу явж байна, танаар евро солиулах гэсэн юм, та солиулаад өгөх үү гэж асуусан” гэсэн мэдүүлэг, сэжигтэн Б.Б-агийн: “... 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Э.Ц нь миний утас руу залгаад та хаана байна, уулзах хэрэгтэй байна, ... та надад евро солиулаад өгөөч” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Б-ийн: “... Э.Ц над руу залгаж ахаа тантай уулзах гэсэн юм, бид 2 Улаанбаатар хотод ирчихсэн байна ” гэсэн мэдүүлэг, ... Э.Ц нь эгчийн кафе дээр ирж та ээжийн данс руу шилжүүлчих гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Б-ийн энэ гүйлгээ нь Бинанс нэртэй крипто бирж дээр надаас 2973 ИБОТ буюу криптовалют худалдаж авсан мөнгө байсан юм” гэсэн мэдүүлэг, Ахлах шинжээч, цагдаагийн хошууч Г.Хулангийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 1289 дугаартай дүгнэлт: “... Шинжилгээнд ирүүлсэн 50 ширхэг 500 еврогийн мөнгөн тэмдэгт гэх мэт зүйлс нь бүхэлдээ хуурамч байна” гэсэн дүгнэлт, гэрч Б.М-ийг “... 2024 оны 03 дугаар сарын 09-ний өдөр ... энэ валют шалгаад өгөөч гэх дуудлагыг ирүүлсэн бөгөөд миний бие эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Ц.Ганжаргалын хамтаар тухайн дуудлага мэдээллийн дагуу очиж ажилласан” гэсэн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудыг дүгнээд үзвэл доорх нөхцөл байдал хангалттай тогтоогдож байна гэж үзэхээр байна. Үүнд:
Э.Ц болон Ф.Ш нар нь 2008 онд анх танилцаж түүнээс хойш 18 жил амьдарсан 5 хүүхэдтэй гэр бүлийн хүмүүс Ф.Ш Монгол хэлээр бага зэрэг л ойлгодог. Хоорондоо Солонгосоор бол ярилцаж ойлголцож чаддаг.
Хэрэг үйлдэгдсэн бүхий л цаг хугацаанд шүүгдэгч Э.Ц нь Ф.Ш-тай хамт байж үйлдэлд оролцсон. Валютын ченж нартай харилцах, холбогдох, Б.Б, Б.Б, Б.Ба нартай холбогдож тэднээр мөнгө солиулах үйлдэлд идэвхтэйгээр биечлэн оролцсон.
Э.Ц банк бус санхүүгийн байгууллага болон банкаар үйлчлүүлсэн зарим гүйлгээг өөрийн нэр дээрх банкны дансаар авсан, мөн хамаарал бүхий этгээдүүдээрээ банканд хийлгэсэн гүйлгээг буцаан өөрийн дансаараа хүлээн авсан.
2024 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн евро хуурамч эсэх талаар цагдаа дуудлагаар ирж шалгасан, валютын ченж хуурамч гэдгийг нь мэдэж мөнгөө буцаасан зэргээр асуудалтайг мэдсээр байж гэмт үйлдлээ зогсолгүйгээр 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл үргэлжлүүлж банканд өөрөө болон бусад хамаарал бүхий хүмүүсээрээ дамжуулж үйлчилгээ авсан
Криптовалютын Бинанс бирж дээр мөнгө шилжүүлж дамжуулан үйлдсэн бөгөөд Э.Ц-гийн ээж Э-ийн данс ашиглагдсан байна.
Гэтэл шүүхээс дээрх илэрхий нотлох баримтуудыг анхаарч үзэлгүйгээр “... шүүгдэгч Э.Ц нь 5 хүүхдийнхээ эцэг, өөрийн нөхөр гэх Ф.Ш Узбекстан улсад байх өөрийн орон сууцыг худалдан борлуулж, эхнэр хүүхдүүдийн хамт амьдрахаар ирсэн, түүний авч ирсэн гадаад улсын мөнгөн тэмдэгтийг өөрийн орон сууцыг худалдан борлуулсны орлого гэж ойлгосон, уг мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдсэн болохыг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан нөхцөл байдал тогтоогдож байна” гэж шүүгдэгч нарын мэдүүлэгт л үндэслэн дүгнэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй.
Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2026/ШЦТ/591 дугаартай шийдвэрийн хуульд нийцээгүй хэсэгт өөрчлөлт оруулж шүүгдэгч Э.Ц, Ф.Ш нарт аль алиных нь үйлдэлд тохирох эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх, тэдгээрээс хохирол төлбөрийг гаргуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.
Хохирогч Худалдаа Хөгжлийн банкны хууль ёсны төлөөлөгч П.Нямзаяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолын ТОДОРХОЙЛОХ нь хэсгийн 1-т Шүүгдэгч Э.Ц-д холбогдох гэм буруугийн талаар “...шүүгдэгч Э.Ц нь банканд очихдоо өөрийн нэр, холбоо барих утасны дугаарыг нуугаагүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаагүй, гэмт хэрэг үйлдэж байгаагаа мэдээгүй, тухайн гадаад улсын мөнгөн тэмдэгтийг жинхэнэ, хуурамч эсэхийг мэргэжлийн байгууллага болох банкууд хүртэл тухайн үед тогтоогоогүй, гүйлгээ хийж байсан зэргээс үзэхэд шүүгдэгчийн үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэх боломжгүй...” гэж дүгнээд түүний үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгаж шийдвэрлэсэн.
Анхан шатны шүүхээс тухайн хэрэгт авагдсан нотлох баримтыг бүх талаас нь шинжлэн, гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдийн гэм бурууг тогтоохдоо мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан бүхий л нотлох баримтыг шинжлэн судалсны үндсэн дээр шийдвэрлэдэг хэдий ч шүүхээс зөвхөн шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэгт үндэслэн гэм бурууг тогтоосон нь учир дутагдалтай, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан. Тодруулбал, хохирогч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын өгсөн мэдүүлгүүдээр шүүгдэгч Э.Ц нь өөрийн биеэр хэд хэдэн удаа нэр бүхий банкны салбаруудад очиж хуурамч еврог солиулж, банкнаас сольж өгсөн мөнгөн хөрөнгийг өөрийн данс руу шилжүүлэн авсан, мөн өөрийн ээж болон садан төрлийн хүмүүсээс асууж банкнаас хуурамч мөнгөн тэмдэгт солиулах хүсэлтийг удаа дараа гаргасан нь гэмт үйлдлийг санаачилсан, зохион байгуулахад оролцсон шинжийг нотолсон. Өөрөөр хэлбэл, Шүүгдэгч Э.Ц нь өөрөө банканд очиж солиулах боломжтой байсаар байхад оронд нь бусдыг татан оролцуулсан нь гэмт хэргийн хамтран оролцогчийн хэлбэрийг бүрдүүлж, Ф.Ш-тай үйлдлээрээ санаатай нэгдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Түүнчлэн шүүхээс хуурамч мөнгөн тэмдэгтийг мэдэж байсан эсэхийг тогтоохдоо зөвхөн шүүгдэгч нарын мэдүүлэг бус, шүүгдэгчийн үйлдлийн нөхцөл байдал, давтамж, бусдыг татан оролцуулсан байдал, мөнгөний хэмжээ нь өгсөн мэдүүлэгтэй нийцэж буй эсэх зэрэг бодит баримтад тулгуурлах ёстой. Шүүгдэгч Э.Ц нь Ф.Ш-ын анх Монгол Улсад орж ирэхдээ авчирсан хуурамч еврог байр зарсан мөнгө мэтээр тайлбарласан гэдэг боловч, түүний дараа дахин хуурамч евро авчирсан зорилго, шалтгааныг юу гэж тайлбарласан талаар мэдүүлээгүй билээ. Гэтэл шүүхээс эдгээр үйл баримтыг дүгнэлгүй, хуурамч мөнгөн тэмдэгт гэдгийг “мэдээгүй” буюу санаатай хэлбэргүй гэж үзсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нотлох баримтыг бүрэн, бодитой шинжлэх болон гэм бурууг хангалттай тодорхой, баримтад үндэслэн тогтоох зарчмыг зөрчсөн.
Нөгөөтээгүүр, шүүгдэгч Э.Ц-гийн хуурамч мөнгөн тэмдэгтийг хэд хэдэн удаа өөрөө болон бусдыг татан оролцуулж сольж авсан үргэлжилсэн шинжтэй үйлдэл нь тухайн мөнгөн тэмдэгтийг хуурамч гэдгийг мэдэж байсан, эсхүл мэдэх боломжтой байсан гэдгийг харуулдаг. Энэ нь бодит байдлыг санаатайгаар нуух замаар бусдыг болон хохирогч нарыг төөрөгдөлд оруулж, хохирогчийн өмчлөх эрхэд халдсан зорилготой үйлдэл бөгөөд түүний гаргасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Залилах гэмт хэргийн шинжийг бүрдүүлж байна.
Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол ... ял шийтгэнэ” гэж хуульчилсан. Дээрх хуулийн зохицуулалтаас харахад, “Залилах” гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй бөгөөд хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах зорилготой идэвхтэй хуурч мэхлэх үйлдэл шаарддаг.
Иймд, шүүгдэгч Э.Ц-гийн бусдыг санаатайгаар татан оролцуулж, итгэлийг урвуулан ашигласан үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай, хууль бус болох нь илэрхий бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүх талаас нь харьцуулан үзвэл түүний гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдохгүй гэж үзэж байна.
Тус эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчаар оролцсон Л.Э-ийн дансанд шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн үйлдлээс олж авсан хөрөнгөнөөс гаргуулах шийдвэрийг шүүгдэгчийн гэм буруутай холбоотойгоор цагаатгасан нь үндэслэлгүй. Тодруулбал,
2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Л.Э нь Дархан-Уул аймгийн хуучин Дархан тооцооны төвд үйлчлүүлж 25,000 еврог бэлнээр тушааж, өөрийн нэр дээрх 0000000000 тоот дансанд нийт 91,250,000 төгрөгийг хүлээн авсан. Улмаар, тухайн гүйлгээ хийсний дараа тухайн мөнгөнөөс Л.Э нь өөрийн нэр дээрх Хаан банкны 0000000000 тоот данс руу 90 сая төгрөгийг шилжүүлж, үлдсэн 1,250,000 төгрөг нь Л.Э-ийн дансанд үлдэж зарцуулагдсан тул иргэний хариуцагчаар оролцсон билээ.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй:” гээд 492.1.1-т “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон;” гэж заасан.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, хэрэв хөрөнгө олж авсан этгээд нь тухайн хөрөнгийг хууль ёсны үндэслэлгүйгээр авсан бол уг хөрөнгийг буцаан гаргах үүрэгтэй билээ. Тухайн хэрэгт иргэний хариуцагч Эрдэнэцэцэг нь шүүгдэгчийн гэмт хэргийн үйлдлээс үүдэн хууль бус үндэслэлээр хөрөнгө авсан нь дансны хуулгаар тогтоогдсон бөгөөд анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт тухайн мөнгөн хөрөнгийг шилжүүлэхэд татгалзах зүйлгүй талаар аман байдлаар мэдэгдсэн тул 1,250,000 төгрөгийг хохирогч Худалдаа, хөгжлийн банканд төлөх үндэслэлтэй байна.
Гэтэл анхан шатны шүүхээс тухайн нөхцөл байдлыг үнэлж дүгнэхгүйгээр шийдвэр гаргасан нь учир дутагдалтай бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн эсэх, сэргээх боломж байсан эсэх талаар холбогдох дүгнэлтийг хийлгүй нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж хохирогчийн зүгээс үзэж байна.
Иймд, шүүгдэгч Э.Ц-гийн үйлдэл нь гэм буруугүй гэдгийг нотолсон нотлох баримт хангалтгүй, шүүхээс иргэний хариуцагчид холбогдох хэсгийг дүгнээгүй орхисон бөгөөд шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байдлыг тус тус харгалзан үзэж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. ...” гэв.
Хохирогч Капитрон банкны хууль ёсны төлөөлөгч А.Түвшинзаяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох нь хэсгийн 1-т “Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Э.Ц-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж, хянан хэлэлцэхэд шүүгдэгч Э.Ц-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулаагүй буюу “Монгол Улсад төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа гадаад улсын мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, зөөвөрлөсөн, тараасан” гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ. ” хэмээн шүүгдэгч Э.Ц-г цагаатгаж шийдвэрлэсэн байх ба тухайн гэмт хэргийн субьектив талын шинж хангагдаагүй хэмээн үндэслэсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 2-т “Монгол Улсад төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа үндэсний, гадаад улсын мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан, хадгалсан, зөөвөрлөсөн, тараасан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. ” хэмээн зохицуулсан байх ба гэмт хэргийн субьектив талын шинж нь гэм буруугийн санаатай хэлбэр бол обьектив талын шинж нь хуурамчаар үйлдсэн, хадгалсан, ашигласан, зөөвөрлөсөн, тараасан үйлдэл байна. Гэмт хэргийн субьектив талын шинж буюу санаа сэдлийг тухайн этгээдийн хийсэн үйлдэл, арга барилаар тодорхойлох ба тухайн үйлдлийн учир холбогдлыг ойлгож байсан эсэхийг анхаарах шаардлагатай. Хавтаст хэрэгт авагдсан дараах гэрчийн мэдүүлэг болон бусад холбогдох нотлох баримт, мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч Э.Ц нь хийж буй үйлдлээ ухамсарлаж, хүсэж үйлдсэнийг харж болохоор байна. Үүнд:
гэрч Э.М-ын “... Тэгээд би нөгөө мөнгө солиулсан хүний бүртгүүлсэн утасны дугаараар нь холбогдоход эмэгтэй хүн утсыг нь авсан бөгөөд “солиулсан еврогоо эргээд аваа, энэ чинь хуурамч байж болзошгүй юм байна” гэсэн. Тэгтэл “Дархан явж байна, чадахгүй” гээд дургүйцсэн. Тэрний дараа манай ээж Л бас тэр эмэгтэйтэй яриад “Цагдаад өгнө” гэж хэлсэн....эргэж холбогдоод...хүрээд ир гэж хэлсэн жинхэнэ евро гэж дайраад байсан. Тэгээд намайг ахиж энийг чинь нарийвчилж шалгуулна гэхэд мөнгийг маань буцааж өгч байх шиг санагдсан” гэх мэдүүлэг, гэрч Ж.А-ийн “...Э.Ц эзэмшигчтэй данснаас шилжүүлэг хийгдсэн. Э.Ц нь уг 50 сая төгрөгийн дүнгээр солиулъя гэсэн захиалга гэсэн захиалга өгсөн...” гэх мэдүүлэг, сэжигтэн Б.Ба-гийн “...Э.Ц... ирж уулзаад “та надад евро солиулаад өгөөч” гэхээр нь чи өөрөө солиулахгүй яасан юм гэсэн. Тэгэхэд “би сая өөрөө солиулчихсан, их хэмжээгээр солиулахаар болохгүй байна” гэхээр нь...” гэх мэдүүлэг зэрэг гэрчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаас харахад шүүгдэгч Э.Ц-гийн хуурамч еврог солиулахад оролцсон идэвхтэй үйлдэл, зохион байгуулахад оролцсон байдлаас харж болохоор байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Э.Ц-гийн үйлдлээс үзэхэд тухайн еврог хуурамч гэдгийг мэдээгүй байсан байх боломжгүй буюу өөрөө банканд хуурамч еврог солиулах боломжтой байсан хэдий ч бусад этгээдийг татан оролцуулж, еврог их хэмжээгээр солиулахаас зайлсхийсэн, цагдаад мэдэгдэнэ гэхэд мөнгийг буцаан өгсөн зэрэг үйлдлээс Ф.Штай үйлдлээрээ санаатай нэгдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Гэтэл анхан шатны шүүх “...өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаагүй, гэмт хэрэг үйлдэж байгаагаа мэдээгүй...зэргээс үзэхэд шүүгдэгчийн үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн хэмээн үзэх боломжгүй юм.” хэмээн дүгнэсэн нь учир дутагдалтай, нотлох баримтуудыг бүхэлд нь судлан үзэлгүйгээр хэргийн бодит байдалд нийцээгүй, хуулийн үндэслэлгүй шийдвэр гаргасан байна. Иймд шийтгэх тогтоолын шүүгдэгч Э.Ц-д холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж, гэм буруутайд тооцох, Э.Ц, Ф.Ш нарын үйлдэлд тохирох эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх, тэдгээрээс хохирол төлбөрийг гаргуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.
Хохирогч А.Б-ын өмгөөлөгч Г.Намуун давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч А.Б нь 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Төмөрчний гудамж, 50 мянгатын 8-27Б тоотод үйл ажиллагаа эрхэлж байсан Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон валют арилжааны тусгай зөвшөөрөл бүхий “Мөнгөн хөрвөлт” ББСБ (РД:5280591)-аас хуурамч евро худалдан авч түүнд 37,640,000 төгрөгийн бодит хохирол учирсан тул эрүүгийн 2410000000327 дугаартай хэрэгт хохирогчоор тогтоогдсон юм. Шүүх хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэн, өмгөөлөгч миний гаргасан хүсэлтийг хангаагүй тухайд: Өмгөөлөгч миний бие “Мөнгөн хөрвөлт” ББСБ нь Валют зохицуулалтын тухай хууль болон Зөвшөөрлийн тухай хууль, холбогдох дүрэм журмыг ноцтой зөрчиж, иргэн А.Б-д хохирол учруулсан асуудлаар хэрэгт өмгөөлөгчөөр ажиллаж эхэлсэн цагаас буюу уг хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд харьяалал зөрчиж очоод урьдчилсан хэлэлцүүлэг хийх үеэс эхлэн хүсэлт гаргасан ба тус шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2025\ШЗ\2924 дугаартай захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхдээ Л.Галбадар шүүгч нь “Хэрэв үнэхээр хохирогч А.Б нь “Мөнгөн хөрвөлт” ББСБ-ын байранд орж үйлчлүүлсэн бол өмгөөлөгчийн гаргаж байгаа хүсэлт үндэслэлтэй. Энэ асуудлыг шалгаж, зүгээр гудамжинд зогсож байсан А.Ганбаатар гэх хүнээр үйлчлүүлсэн үү? “Мөнгөн хөрвөлт" ББСБ-аар үйлчлүүлсэн үү? гэдгийг шалгаж тогтоох нь зүйтэй” гээд захирамжийн үндэслэх хэсэгт \16 дахь талд\ тусгасан байдаг.
Гэтэл шат шатны прокурор нь “Мөнгөн хөрвөлт" ББСБ-ыг Иргэний хуулийн 512 дугаар зүйлийн 512.1 дэх хэсэгт заасан үйлдвэрлэгч биш буюу тухайн хуурамч евро гэх дэвсгэртийг үйлдвэрлээгүй гэх үндэслэлээр иргэний хариуцагчаар татах хүсэлтийг хангаагүй. Иймд миний бие шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр иргэний хариуцагчаар татах хууль зүйн үндэслэлийг Иргэний хуулийн 512 дугаар зүйлийн 512.4 дэх хэсэгт “Ажил үйлчилгээний дутагдлын улмаас үүссэн гэм хорыг хариуцахад энэ зүйлд заасан журам нэгэн адил үйлчилнэ” гэж заасны дагуу юм гэдгийг тодорхой тайлбарлаж, Санхүүгийн зохицуулах хорооны энэ асуудлыг хууль, хяналтын байгууллагаар шалгаж тогтоолгох гэсэн утга бүхий хариу албан бичгийг хавсарган хүсэлтээ бичгээр өгсөн хэдий ч мөн л прокурорын татгалзалтай ижил үндэслэлээр хүсэлтийг минь хангаагүй. Иргэний хуулийн 512 дугаар зүйл нь Бараа, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний дутагдлын улмаас үүссэн гэм хорыг арилгах асуудлыг зохицуулдаг ба мөн зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу “Мөнгөн хөрвөлт” ББСБ-ын үйлчилгээний дутагдлын улмаас миний үйлчлүүлэгч хохирсон үйл баримт тодорхой байх тул өмгөөлөгч миний гаргасан хүсэлт хууль зүйн үндэслэлтэй байсан.
Шүүгч ийнхүү “Мөнгөн хөрвөлт” ББСБ-ыг иргэний хариуцагчаар татаагүйгээс өөртөө өмгөөлөгч авах ч санхүүгийн боломжгүй, хохирлын мөнгийг бүхэлд нь гадаад улс руу гуйвуулаад алдчихсан шүүгдэгчээс миний үйлчлүүлэгч А.Б 37,640,000 төгрөг гаргуулж авах тухай шүүхийн шийтгэх тогтоол гэсэн цаастай хоцорч байгаад маш их гомдолтой байна. Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, илт үндэслэлгүйгээр шүүгдэгч Э.Ц-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан тухайд: Шүүх шүүгдэгч Э.Ц-д холбогдох хэргийг цагаатгахдаа түүнийг нөхрийнхөө авч ирсэн гадаад улсын мөнгөн тэмдэгтийг Узбекстан Улсад байсан орон сууцыг худалдан борлуулж олсон хөрөнгө гэж ойлгосон. Уг мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдсэн болохыг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан хэмээн дүгнэсэн. Гэтэл хэрэгт шүүгдэгч Ф.Ш-ын орон сууцаа худалдан борлуулсан тухай ямар ч баримт авагдаагүй ба Э.Ц-гийн хууль бус евро гэдгийг мэдсээр байж бусдад худалдан борлуулсан болохыг нотолсон гэрч нарын мэдүүлэг нь шүүхийн дүгнэлтэд онцгой ач холбогдолтой байхад тэдгээрийг үнэлээгүй ба шүүгч тогтоолдоо үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй. Тухайлбал гэрч Ц.Л, Э.М нар нь хуурамч евро гэх дэвсгэртийг буцаан өгөхөөр Э.Ц-гийн 00000000 дугаартай утас руу залгаж ярих үед Э.Ц нь тэдэнтэй ярьж, өөрсдийн байгаа байршил зэргээ худал хэлж байгаад “Цагдаагийн байгууллагад хандана” гэж хэлэхэд нь “Хан-Уул дүүргийн цагаан хаалганы орчимд байх шөлөндөө хоолны газарт хүрээд ир” хэмээн хэлээд уулзах үед “Найман шарга төвд олон жил валют арилжаа хийсэн хүмүүс хуурамч гэдгийг нь мэдээд байна. Хэрэв буцаагаад мөнгийг нь өгөхгүй бол дахин цагдаад өгч нарийн шалгуулна” гэхэд мөнгийг нь буцаан шилжүүлсэн тухай мэдүүлсэн байдаг. Гэтэл шүүгдэгч нар нь ийнхүү хуурамч евро гэдгийг хүмүүс мэдээд, тэдний талаар мэдээлэл тарсан учир үлдсэн хуурамч еврог Э.Ц-гийн хамаарал бүхий хүмүүс болох Сэжигтэн Л.Э, Б.Б, Б.Ба нараар солиулуулж, заримд урамшуулал гэж үзэж болох мөнгийг өгч байсан баримт, мэдүүлэг хэрэгт авагдсан. Мөн шүүгдэгч Э.Ц нь “Хохирлын мөнгийг гадагш крипто валют болгож явуулахыг мэдээгүй, би зөвхөн Шад утсаа л өгч ашиглуулсан” гэдэг боловч гэрч А нь ийнхүү арилжаа хийх үед Э.Ц нь бэлнээр доллар солиулдаггүй юм уу гэж асууж байсан тухай мэдүүлдэг. Хэрэв үнэхээр л тухайн дэвсгэртийг хуурамч биш, жинхэнэ гэж бодож байсан бол тэд өөрсдөө л солиулж авах байсан. Хэд хэдэн хүнд сая орчим төгрөг өгч еврогоо солиулах ямар ч шаардлага байгаагүй харагддаг. Иймд хохирогчийн өмгөөлөгч миний гаргасан үндэслэл бүхий хүсэлтүүдийг хангахгүй орхиж, Иргэний хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож “Мөнгөн хөрвөлт” ББСБ-ыг иргэний хариуцагчаар татан оролцуулж өгнө үү. Хэрэв боломжгүй гэж үзвэл миний үйлчлүүлэгчийн гаргасан иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу миний үйлчлүүлэгч А.Б-ы иргэний шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээн, иргэний хариуцлага хүлээх буруутай этгээдээс хохирлоо гаргуулах боломжийг олгож өгөхийг хүсэж байна. Мөн шүүгдэгч Э.Ц-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон асуудалд дүгнэлт хийж, үнэн зөв шийдвэрлэх нь хохирогч нарт учирсан хохирлыг барагдуулахад чухал ач холбогдолтой байгааг анхаарч шударгаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Ф.Ш тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай эхнэрийн хэлсэн үнэн. Манай эхнэр тэр мөнгийг мэдэхгүй. Би Узбекстанд байхдаа байраа зарж, тэр мөнгөтэйгөө ирсэн. Манай эхнэр худлаа яриагүй. Би бүх мөнгийг мөнгө авсан хүмүүс рүү шилжүүлсэн. Банкны нууц кодыг ашиглаж, би мөнгийг шилжүүлсэн. Манай эхнэр еврогийн жинхэнэ, хуурамч эсэхийг мэдэхгүй, тийм ч хүн биш. Би өөрөө бас залилуулсан. Өөрийнхөө нутгийн хүмүүст итгэчихлээ. Би анхнаасаа мэдэж байсан бол юу гэж ийм алхам хийх вэ, би өөрөө тэд нарыг Монголын цагдаад өгөх байсан. Би чинь 5 хүүхдийн эцэг хүн. Бүгд Найрамдах Солонгос Улсад ажил хийж байхад манай эхнэр 5 хүүхдийг маань өсгөж, хүмүүжүүлсэн. Анхан шатны шүүх хуралдаанд хэлж байсан одоо бас давтаж хэлье, манай эхнэр буруугүй, би буруутай. ...” гэв.
Шүүгдэгч Ф.Ш-ын өмгөөлөгч Ч.Загдсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс давж заалдах гомдол гаргаагүй, тайлбар байхгүй. ...” гэв.
Цагаатгагдсан этгээд Э.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2008 онд Бүгд Найрамдах Солонгос Улсад бид анх танилцсан. Надад анх 3 байраа зараад Монголд очъё гэж хэлсэн. 2024 оны 03 дугаар сард анх ирж байсан. ...” гэв.
Цагаатгагдсан этгээд Э.Ц-гийн өмгөөлөгч Л.Намнансүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хаан банкны зүгээс “нотлох баримтыг буруу үнэлсэн” гэж, Худалдаа хөгжлийн банкнаас “зөвхөн шүүгдэгч нарын мэдүүлэгт үндэслэсэн” гэж, Капитрон банкнаас “хэргийн бодит байдалд нийцээгүй” гэж, иргэний нэхэмжлэгч “цаг хугацааны хувьд боломжгүй” гэдэг агуулгыг голчилж, давж заалдах шатны шүүхэд гомдлын үндэслэлээ тайлбарлалаа. Цагаатгагдсан этгээд рүү чиглэсэн давж заалдах гомдлыг дараах байдлаар няцааж байна. Үүнд:
Нэгдүгээрт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь субьектив байдлын хувьд мэдсээр байж үйлддэг онцлогтой. Өөрөөр хэлбэл, хуурамч болохыг мэдэж, мэдсээр байж гүйлгээнд оруулсан, тээвэрлэсэн, хадгалсан, ашигласан байхыг хуульчилсан. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд үнэн зөв, үндэслэлтэй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Э.Ц-гийн хувийн байдлын талаар илтгэгч шүүгчийн илтгэсэн шиг Э.Ц нь бүрэн дунд боловсролтой, 5 хүүхэдтэй, еврог анх удаа барьж үзэж, харьцсан. Ф.Ш нь Бүгд Найрамдах Солонгос Улсад ажиллаж байхдаа анх Э.Ц-той танилцаж, 5 хүүхдийн эцэг, эх болсон. Э.Ц Монгол Улсад ирснээс хойш олон жил болсон. Бүгд Найрамдах Солонгос Улс дахь ажлаа олон жилийн дараа дуусгаж, Ф.Ш Узбекстан Улс руу явж, тэндээс Э.Ц-той утсаар холбогдохдоо “Үзбекстан Улс дахь өөрийн 2 үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж, түүний мөнгийг Монгол Улсад авчирч, Монгол улсанд гэр бүлээрээ хүүхдүүдтэйгээ амьдаръя” гэж тайлбарласан. Э.Ц авчирч байгаа мөнгийг ийм байдлаар ойлгосон. Ийм оюун санааны хандлага хэрэгт авагдсан баримт, Ф.Ш, Э.Ц-гийн мэдүүлгээр тодорхой дүгнэгдсэн. Ф.Ш анх удаа Монгол Улсад ирж байгаа учраас хаана банк байдаг, хаана, ямар газар очиж, валют солиулах, хэлний бэрхшээл, зам мэдэхгүй байсан учраас Э.Ц-д “валют солиулах шаардлагатай байна” гэж хэлсэн. Тиймээс Э.Ц евро солиход хамт байж, гэртээ байлгасан. Энэ хүнд өөр очих газар байгаагүй. Тэр гэрт ирснээсээ хойш 5 хүүхдийн хамт амьдарч байсан. Дээрх нөхцөл байдлын улмаас хамт явж байсныг хохирогчид “байнга хамт байсан учраас гэмт хэрэг үйлдсэн” гэдэг агуулгаар тайлбарлаж байгаа нь хэт нэг талын үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, хамт байсан гэдгээр гомдлын агуулгаа тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Ф.Ш нь Монгол Улсад анх удаа ирж байгаа учраас ямар ч банк дээр данс эзэмшдэггүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүх банк руу шүүгдэгч данс эзэмшдэг эсэхийг тодруулж албан бичиг явуулсан. Ф.Ш-ын нэр дээр нэг ч данс бүртгэлгүй болох нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, Ф.Ш нь данс эзэмшдэггүй, харилцагч биш учраас Э.Ц болон түүний хамаарал бүхий хүмүүст хэлж, гуйх замаар тэдгээрийн дансыг ашигласан. Гэтэл Э.Ц данс ашиглаж үйлдэж гэх нэг талын агуулгаар дүгнэлт хийж, дансаар мөнгө авч байсан учраас Э.Ц гэмт хэрэгт оролцсон гэж тайлбарлаж байгаа нь бодит байдалд нийцэхгүй байна. Анхан шатны шүүх хуралдаанд энэ талаар мэтгэлцэж, нотлох баримтуудыг шинжлэн судалсан. Хэргийн бодит байдал нь ийм байсан талаар дүгнэсэн. Э.Ц банк дээр очиж, еврог солиулахдаа бүх талаар нээлттэй, ил тод байсан. Өөрөөр хэлбэл, хуурамч гэдгийг нь мэдэж байгаа хүний хандлага ийм байдлаар илрэхгүй. Тодруулбал, Э.Ц өөрийн дансаа хэлж, өөрийн дансаар авч, регистрийн дугаар, утасны дугаар, хаяг зэрэг бүх мэдээллээ холбогдох газруудад байнга, нээлттэй өгч, солиулж байсан. Э.Цгийн гэрт евронууд байсан учраас хадгалж, энэ гэмт хэргийг үйлдсэн гэж тайлбарладаг. Хэрэгт авагдсан баримтаар Дархан-Уул аймагт Ф.Ш-тай 5 хүүхдийн хамт амьдарч байсан гэрт нэгжлэг хийхэд евро гарч ирсэн нь үнэн. Гэхдээ нарийн зааглаж, хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай нэг асуудал байна. Гэрийн бусад эд хогшил, сав, суулга, Э.Цгийн хувийн эд зүйлээс евро илрээгүй болохыг нэгжлэгээр мухралсан. Ф.Ш-ын Узбекстан Улсаас авчирсан гар хар цүнхэнд хуурамч гэх евронууд байсан. Нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургаар үүнийг бүрэн, бодитой бэхжүүлсэн. Хар цүнхэнд евронуудаас гадна Ф.Ш-ын гадаад паспорт, хувийн бичиг баримтууд байсан. Цагдаагийн байгууллагаас нэгжлэг хийхэд Э.Ц хар цүнхийг шууд гаргаж өгсөн.
Э.Ц Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Капитрон банк, Голомт банк дээр очиж, еврог солиулахад анхан шат дээрээ 5 аргаар шалгаж авдаг. Имэрдэг, хардаг, неон гэрлээр шалгадаг, евро тоологч машинаар уншуулдаг. Бүх аргаар уншуулж, евро хуурамч биш байна гэж банкны ажилчид тодорхойлж, сольж өгдөг. Э.Ц-д банкны ажилчид евро сольж өгч байгаа үйлдлээрээ итгэл төрүүлсэн. Харин банк дээр солиулсан мөнгө нь төв банк руугаа очиж, төв банк дээрээсээ дандаа илэрдэг. Бүх тохиолдолд ингэж илэрсэн. Өөрөөр хэлбэл, банк, банкны ажилтан хуурамч евро биш байна. Жинхэнэ евро байна гэдэг агуулгаар сольж өгч байсан. 20-30 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулж байгаа банк, банкны ажилчид жинхэнэ евро гэдэг агуулгаар хүлээн авч, сольж өгч байгаа тохиолдолд энгийн иргэн банкны ажилчдаас илүү салгаж, ялгаж боломжгүй. Жинхэнэ евро гэж солиулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Төв банкнаас нь хуурамч гэж илэрч, анхан шатны салбар дээр нь хуурамч биш байна гэж байсан учраас мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд туршилт хийх ажиллагааг явуулсан. Туршилтын ажиллагаагаар мөн хуурамч биш гэдэг байдлаар уншсан. Монголын банк, банкны салбарын өнөөдрийн дүр төрх, байгаа байдал, системийн доголдол, еврог шалгаж авч байгаа байдлыг харуулсан кейс болсон. Нөгөө талдаа банк, банкны ажилчдын буруутай үйлдэл байгаа. Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч “банк даатгалтай, эрсдэлийн сантай, мэргэжлийн байгууллага, байнга евро сольж өгдөг, тусгай зөвшөөрөлтэй байгууллага” гэж хэлж байна. Анх евро солиулахад илрүүлсэн бол энэ мөнгөн дүнгүүд цааш үргэлжлэхгүй байх, таслан зогсоогдох, мөнгө гадагшаа гарахгүй байх бүрэн боломжтой байсан. Гэтэл энэ нөхцөлийг банк өөрөө бүрдүүлсэн. Банк энэ талаараа огт тайлбарладаггүй.Найман шарга дээрээс евро солиулж, солиулсан иргэн хуурамч байж магадгүй гэдэг агуулгаар Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст дуудлага өгч, шалгах ажиллагаа эхэлсэн. Энэ нь цаг хугацааны хувьд 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр байсан. Энэ хүртэл ямар ч дуудлага байхгүй, бүх банкны ажилчид жинхэнэ гэж авч явж байсан. Цаг хугацааны хувьд буруу тайлбарлаж байгаа гомдлын агуулга байгаа учраас энэ талаар тайлбарлах нь зүйтэй байна. Дуудлагаар ирсэн Чингэлтэй дүүргийн 2 цагдаагийн алба хаагч Э.Ц-г дагуулан Улсын Их дэлгүүрийн нэг давхарт байрлах Ариг банк дээр очиж шалгуулсан. Ариг банкны ажилтан цагдаагийн дэргэд еврог неон гэрэл, машинаар шалгаж, хуурамч биш байна гэж тайлбарлаж, явуулсан. Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст буцаж ирэн мөнгийг өгч “та нар банкин дээр очиж шалгуулаарай” гэж явуулсан. Цагдаагийн байгууллагын алба хаагчтай очиж шалгуулан хуурамч биш юм байна гэдэг итгэл, үнэмшил төрсөн. Цагдаагийн байгууллагын 2 ажилтан, Ариг банкны ажилтан гэрчийн мэдүүлэг өгсөн. Найман шарга дээр асуудал үүсэнгүүт Э.Ц-гийн зүгээс санаачилгаараа сэжигтэн Б.Ба-д хандаж “жинхэнэ эсэхийг шалгаж өгөөч” гэж хүсэлт тавьсан. Б.Ба нь Шангрилагын 5 давхарт байрлах Голомт банк дээр очиж, банкны ажилтан найзаараа шалгуулахад “хуурамч биш байна. Манайх дээр солиулах уу” гэж хэлсэн. Б.Ба сүүлд гэрчийн мэдүүлэг өгөхдөө энэ талаар дурдсан. 2 удаа банкаар шалгуулахад хуурамч биш байна гэсэн учраас хуурамч гэдэг итгэл, үнэмшил төрөөгүй. Э.Ц хуурамч болохыг мэдсэн бол шалгуулах гэж яваад байх шаардлага байхгүй. Хүмүүс ийм гомдол гаргаад байна, үүнийг шалгуулъя гэж байгаа Э.Ц-гийн субьектив тал мэдээгүй гэдгийг нотлон илэрхийлж байна. Тиймээс анхан шатны шүүх энэ нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Хавтаст хэрэгт шинжээчийн дүгнэлт авагдсан. Шинжээч “өндөр нууцлалтай, зарим талаараа еврогийн нууцлалын шаардлагыг хангасан, энгийн хүн мэдэх боломжгүй” гэж дүгнэсэн. Иргэн Э.Ц-гийн хувьд үүнийг ялгаж, салгах боломжгүй байсан. Э.Ц энэ евроноос өөрт ашигласан зүйл байхгүй талаар мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоосон. Тиймээс Э.Ц-г авч ашигласан гэж үзэх үндэслэл байхгүй. Өмгөөлөгчийн хувьд Э.Ц-гийн хайхрамжгүй, гэнэн, итгэмтгий байдлыг гэмт хэрэг үйлдэх санаа, зорилгоос зөв зүйтэй ялгаж, үндэслэл бүхий дүгнэлт хийх зайлшгүй шаардлага байсан. Анхан шатны шүүх үүнд дүгнэлт хийсэн. Э.Ц цаана нь ямар гүйцэтгэлийн төлөвлөгөө байгаа, ямар учир шалтгаан байгаа талаар мэдээгүй. Харилцааны хүндрэлтэй нөхцөл байдал, хэл мэдэхгүй, нийгмийн харилцаанд оролцох боломжгүй нөхцөл байдлаас 5 хүүхдийнхээ эцэгт итгэхээс өөр аргагүй байсан. Э.Ц энэ нөхцөл байдалд ашиглагдсан, түүнээс биш гэмт хэргийн талаар мэдэж, санаатайгаар зориуд хамтарч үйлдсэн, гүйцэтгэлийн асуудал байхгүй. Хэргийн бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж, ялгаж шийдвэрлэсэн. Хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Иргэний хариуцагч Л.Э-ийн өмгөөлөгч Н.Нарантуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэний хариуцагчийн зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрдөг. Миний үйлчлүүлэгч 60 гаруй настай, анхан шатны шүүх хуралд оролцсон. Л.Э мэдүүлэг өгч, холбогдох баримтуудыг гаргаж өгсөн. Л.Э-ийн төрсөн дүү н.Б, н.Б нарыг иргэний хариуцагчаар шалгасан боловч хэрэгт авагдсан баримтаар хариуцах үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн гэж үзэж байна. Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид “тодорхой хэмжээний мөнгө үлдсэнийг ашигласан” гэж байна. Л.Э “1,250,000 төгрөг үлдсэн талаар мэдээгүй” гэж мэдүүлдэг. Миний үйлчлүүлэгч гар утсаа ашиглаж чаддаггүй, холбогдож чаддаггүй талаараа хэлж, энэ нь тогтоогдсон. Ф.Ш койн руу орсон асуудал байдаг. Энэ талаар мөн мэдүүлж байсан. Анхан шатны шүүх энэ мөнгийг төлүүлэх үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Прокурор Г.Баясгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Э.Ц-той холбоотой гэм буруугийн сэдэл, санаа, зорилгын асуудал байгаа. Хохирогчийн төлөөлөгчид анхан шатны шүүх хуралдаанд прокурорын мэтгэлцсэн агуулгын хүрээнд ярилаа. 7 хавтаст хэргийн 200 дахь талд Хил хамгаалах Ерөнхий газрын 2024 оны 8227 дугаартай албан бичигт Узбекстан Улсын иргэн Safaev Janshid Khalimovich, Djuraev Bekhruz Ravshanovich нарын Монгол Улсын хилээр нэвтэрсэн мэдээлэл авагдсан. 2024 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн хооронд 1 удаа, 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн хооронд 1 удаа Монгол Улсын хилээр тус тус нэвтэрсэн гэх мэдээлэл байдаг. Гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэд хэдэн газарт хуурамч евро мэт зүйлийг солиулж байгаа цаг хугацааны давхардал Хил хамгаалах Ерөнхий газрын албан бичигтэй давхцаж байна. Өөрөөр хэлбэл, анхнаасаа энэ еврог их хэмжээгээр буюу 200,000 гаруй евротой тэнцэх хэмжээгээр Монгол Улсад орж ирээгүй. Хэд хэд хэсэгчилж оруулж ирсэн болох нь харагдаж байна. 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Ф.Ш өөрийн биед авч орж ирэн банкинд нэг удаа еврог сольж үзэн болж байгаа гэдгийг мэдээд гадаад улсаас дахин тэр еврог тээвэрлэж, зөөж ирсэн. Байр зарсан евро биш гадаад улсад үйлдвэрлэгдсэн, гадаад улсад хуурамчаар хэвлэгдсэн мөнгийг Фахриддин Ш биедээ авч, Монгол Улсын нутаг дэвсгэрт сольсон асуудал. Хэрвээ үнэхээр хууль ёсны мөнгөн хөрөнгө байсан бол нэг газар, нэг цагт, өөрсдийн оршин сууж байгаа нутаг дэвсгэрт буюу Дархан-Уул аймагт солиулах боломжтой байсан. Гэтэл Дархан-Уул аймаг, Улаанбаатар хотод Ф.Ш, Э.Ц нар биедээ авч явж биш, өөрсдийн хамаарал бүхий этгээдүүд болох н.Б, н.Б, Б.Ба, Б.Ба-гийн ажилтан нарт хуваарилсан. Өөрөөр хэлбэл, банк санхүүгийн байгууллага, хууль, шүүхийн байгууллагад хууль бус үйлдлээ мэдэгдүүлэхгүй байх үндсэн санаа, зорилго энэ үйлдлийг арга хэлбэрээс шууд утгаараа харагдаж байна. Прокуророос энэ утгаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолж холболдох шийдвэрийг гаргасан. Гэхдээ прокурорын зүгээс яллах дүгнэлт үйлдсэн байр суурь дээрээ хэвээрээ байна. Хэргийн оролцогч нарын давж заалдах гомдолд дурдсан асуудлуудын хүрээнд шийтгэх тогтоолыг хүчингүй болгох буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хамтран оролцооны хэлбэрийг буруу дүгнэж хэрэглэсэн гэж үзэж байна. Өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд “Ф.Ш, Э.Ц нарын үйлдэлд залилах гэмт хэрэг, нийлмэл байдлаар харагддаг” гэж байна. Залилах гэмт хэрэг нь тухайн харилцаанд оролцож байгаа 2 субъектүүдийн ашиг сонирхол, энэ ашиг сонирхлын явцад нэг нэгнийгээ хуурч байгаа нөхцөл байдал байна. Э.Ц, Ф.Ш нар банкны ажилтанг хуурах идэвхтэй үйлдэл хийгээгүй. Энгийн харилцааны хүрээнд валют солиулах үйлдэл хийсэн. Түүнээс биш жинхэнэ гэж үг, үйлдлээрээ илэрхийлсэн зүйл байдаггүй. Магадгүй шалгагч төхөөрөмж нь алдаа заагаагүй, хуурамч байна гэхэд жинхэнэ гэдэг байдлаар зохиомол байдлыг зориудаар бий болгосон нөхцөл байдал тогтоогдоогүй тул тус гэмт хэрэгт хууль зүйн дүгнэлт хийх шаардлагагүй, ойролцоо төрлийн гэмт хэрэг биш байна гэж үзсэн. Өмгөөлөгч Г.Намууны давж заалдах гомдолд дурдсан асуудлыг прокурор, шүүхийн шатанд ярьж байсан. Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд гэм буруутай этгээдээс хохирол, хор уршгийг гаргуулах зохицуулалт байхгүй. Иргэний хуулийн 498, 512 дугаар зүйлд заасан хэм хэмжээний хүрээнд зохицуулагдах учиртай. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж заасан. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд ажилтны гэм буруутай нөхцөл байдал тогтоогдоогүй. Иргэний хуулийн 512 дугаар зүйлд зааснаар бараа, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний дутагдлын улмаас үүссэн гэм хортой холбоотой асуудал дээр ямар нэг байдлаар энэхүү еврог үйлдвэрлэж бусдад тараах үүргийг “Мөнгөн хөрвөлт” ББСБ хийгээгүй. Иргэний хуулийн 512 дугаар зүйлийн 512.1 дэх хэсэгт заасан хэм хэмжээ энэ гэмт хэрэгт хамааралгүй байна гэж үзэж дээд шатны прокурор, анхан шатны шүүхээс татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ф.Ш, цагаатгагдсан этгээд Э.Ц нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хохирогч, иргэний нэхэмжлэгч Хаан банкны хууль ёсны төлөөлөгч Ц.Анхбаяр, хохирогч, иргэний нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкны хууль ёсны төлөөлөгч П.Нямзаяа, хохирогч, иргэний нэхэмжлэгч Капитрон банкны хууль ёсны төлөөлөгч А.Түвшинзаяа, хохирогч А.Б-ы өмгөөлөгч Г.Намуун нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүх Э.Ц-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.
1. Анхан шатны шүүхээс Э.Ц-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож түүний цагаатгаж шийдвэрлэхдээ үндэслэл бүхий дүгнэлтийг шүүхийн шийдвэрт бүрэн тусгаж чадаагүй, хэрэгт авагдсан дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болохуйц зарим нотлох баримтыг хэрхэн яаж няцаан үгүйсгэсэн талаарх дүгнэлтийг огт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх Э.Ц-д холбогдох хэргийн үйл баримтыг сэргээн тогтоохдоо хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий л нотлох баримтуудыг бүхэлд нь авч үзээгүй, дүгнэлтэд нөлөөлөхүйц харилцан зөрүүтэй нотлох баримтуудаас нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлээ нэг бүрчлэн няцаан үгүйсгээгүй орхигдуулсан байна.
Тодруулбал, гэрч Ц.Л-ийн “...Б гэдэг валют арилждаг хүний эхнэр нь Э.Ц болон гадаад хүн гарч явахыг хараад манай ажил руу орж ирээд “Чингэлтэй дүүргийн цагдаад хуурамч евро байж болзошгүй гэж шалгуулсан, Э.Ц гэдэг эмэгтэй юм билээ, утасны дугаар нь 00000000” гэж хэлсэн. Тэгэхээр нь шууд холбогдоод “энэ еврог чинь авахгүй. ...энэ еврогоо буцаагаад ав” гэж хэлээд өгөх үед “би энэ 9.500 еврог цагдаад шалгуулсан, хуурамч биш гэдгийг нь шалгасан” гэж хэлсэн. Тэгээд би өөрийн Хаан банкны 00000000 тоот дансандаа 64.960.000 төгрөгийг авсан. Өмнөх 10.000 еврог дээр дурдсанчлан аль хэдийн бусдад зарж борлуулсан учраас мөнгөө буцаагаад авах боломжгүй нөхцөл байдалтай байсан... Мөн Э.Ц гэдэг хүнтэй хамт яваа гадаад улсын хүнд өөр олон евро байсан болохыг хяналтын камерын бичлэгээс шүүхэд харагдсан... Мөн Э.Ц болон гадаад улсын иргэн эрэгтэй нар нь сэжиг бүхий байсан. Яагаад гэхээр утсаар холбогдож валютыг буцаая гэхэд “одоо Дархан хотод явж байна, эсвэл хотоос гарч явж байна” гэх зэргээр худлаа ярьсан. Тэгэхээр нь “Цагдаагийн байгууллагад хандана” гэж хэлэхэд дээр дурдсан хаягт хүрээд ир гэж хэлсэн. Э.Ц нь тухайн өдөр 10.000 евро солиулах үед надад Капитрон банкнаас хэлцэл хийж авсан 5.500 евро буюу 11 ширхэг 500-тийн дэвсгэрт байсан... Би А.Г-т Э.Ц-гийн 10.000 евро бүхий 20 ширхэг 500-тийн дэвсгэрт, Капитрон банкнаас авсан 11 ширхэг 500-тийн дэвсгэртийг нийлүүлээд нийт 31 ширхэг 500-тийн дэвсгэрт бүхий 15.500 еврог өгсөн. ...”
Гэрч Э.М-ын “...манай ээж над руу залгаад “хуурамч байж магадгүй евро худалдаад авчихлаа, манай ченжүүд хуурамч байсан гэж яриад байна" гэж хэлсэн. Тэгээд би ажил дээр яваад очтол нэг Монгол эмэгтэй, нэг гадаад эрэгтэй хүнтэй хамт 9500 еврог манай ээжээр 34 сая орчим төгрөгөөр солиулж дансаар авсан байсан. ...Манайд солиулсан мөнгийг манайхаас өмнө нь манай хажууханд мөн валют арилжааны үйл ажиллагаа явуулдаг Б гэдэг хүнд солиулах гэж оролдсон байсан. Тэгээд би нөгөө мөнгө солиулсан хүний бүртгүүлсэн утасны дугаараар нь холбогдоход эмэгтэй хүн утсыг авсан бөгөөд “солиулсан еврогоо эргээд аваа, энэ чинь хуурамч байж болзошгүй юм байна” гэсэн. Тэгтэл “Дархан явж байна, чадахгүй” гээд дургүйцсэн. Тэрний дараа би ээжийн хамт тухайн газарт очиход нэг Монгол эмэгтэй, нэг гадаад эрэгтэй хүний хамт хоёулаа сууж байсан. Тэр хүмүүстэй уулзахад эхэндээ “бид нарын евро асуудалгүй, сая цагдаад шалгуулсан” гээд байсан, харин манай ээж бид хоёр “солиулсан еврог чинь авч чадахгүй, Найман шарга дээр олон жил валют арилжаа хийсэн хүмүүс хуурамч гэдгийг нь мэдээд байна, Цагдаа дээр яаж шалгуулсныг чинь мэдэхгүй юм” гэж хэлж еврогоо буцааж авахыг шаардсан. Тэгээд би тухайн хүмүүсийг “дахиж Цагдаад өгч нарийвчилж шалгуулна" гэж хэлэхэд тэр хоёр хүн ээж бид хоёроос хол сууж ярилцаж байгаад сүүлийн солиулсан 9500 еврог буцааж аваад 34,960,000 төгрөгийг манай ээжийн данс руу буцааж хийсэн... Өмнөх солиулсан 10,000 еврог ээжээс Г гэдэг хүн хуурамч гэдгийг нь мэдэхгүйгээр аваад цааш нь өөр хүнд арилжсан байсан болохоор нөгөө хүмүүст буцаах боломж байхгүй болсон байсан. Тэдгээр хүмүүсийн харилцаанаас харахад хуурамч еврогоо мөнгө шалгагч машин дээр гарахгүй гэдгийг мэдчихээд тэгээд тэрэндээ бардаад, жинхэнэ евро гэж дайраад байх шиг байсан. ...”,
Сэжигтэн Б.Б-ийн “...2024 оны 3 дугаар сарын 17-ны орой Э.Ц нь миний утас руу залгаад “Та хаана байна, Шарковтой хамт Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот руу явж байна, танаар евро солиулах гэсэн юм, та солиулаад өгөх үү” гэж асуусан. ...Би “та нар өөрсдөө еврогоо солиулж болохгүй байгаа юм уу” гэж хэлэхэд “бид нар евро солиулчихсан, одоо танаар жоохон евро солиулъя” гэж хэлсэн. ...2024 оны 3 дугаар сарын 18-ны өглөө 11 цагийн орчимд Э.Ц нь миний утас руу залгаад “Хан-Уул дүүргийн хажуу талын өндөгний дэлгүүрийн зогсоол дээр байна, та хүрээд ирээч” гэж хэлсэн... приус-41 загварын машинд суусан ба “энийг солиулчих” гээд евро 500-ийн дэвсгэрт өгөхөөр нь тоолоход 50 ширхэг байсан. Мөн банк руу орж солиулахад 90,8 сая төгрөг болно гэж хэлсэн. Би өмнө нь евро харж байгаагүй, ийм их хэмжээний мөнгө хараагүй болохоор эмээгээд өгсөн мөнгийг нь буцаагаад өгөх гэтэл Шарков нь манай дүүг загнаад байх шиг байсан. Би хэлийг нь мэдэхгүй болохоор ойлгоогүй бөгөөд Э.Ц-гийн нүд нь бүлтгэнээд байхаар нь өрөвдөөд туслахаар болж мөнгийг нь солиулаад өгье гээд 50 ширхэг 500-тийн еврогийн дэвсгэртийг нь аваад машинаас буусан. ...Хаан банкны теллерт 50 ширхэг 500-тийн еврогийн дэвсгэртийг нь солиулах гээд өгсөн, Тус теллер надаас авсан еврог 2 удаа мөнгө тоологч машинаар шалгасан, мөн дэлгэцэн дээр 500-тийн еврогийн дэвсгэрт гаргаж тулгаж шалгасан. Мөн нэг бүрчлэн нүдээрээ харж, мэдэрч тоолж авсан. Теллер нь намайг “мөнгөө бэлнээр авах уу., бэлэн бусаар авах уу” гэхээр нь өөрийн Хаан банкны 00000000 дугаартай данс руу 90.825.000 төгрөг хийлгүүлсэн. Тэгээд Хаан банкнаас гараад Э.Ц-той утсаар яриад “евро солиулчихлаа” гэхэд “за за тэгээд ярья” гэж хэлэхээр нь гэртээ харьсан. Намайг гэрт байхад үдээс хойш 14 цаг өнгөрч байх үед Э.Ц, нөхөртэйгөө хамт ирсэн. Тэр 2 орж ирээд “хүн рүү мөнгө шилжүүлнэ” гэж хэлээд миний дансанд байсан мөнгөнөөсөө 30.000.000 төгрөгийг Хаан банкны 00000000 дугаар данс руу шилжүүлсэн...
Сэжигтэн Б.Ба-гийн “...2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Э.Ц нь миний утас руу залгаад “та хаан байна, уулзах хэрэгтэй байна” гэхээр нь ажил дээр байна гээд ажлын газраа зааж өгөөд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав нэг цэгийн үйлчилгээний төв дээр ирж уулзаад “та надад евро солиулаад өгөөч” гэхээр нь “чи өөрөө солиулахгүй яасан юм” гэсэн. Тэгэхэд “би сая өөрөө солиулчихсан, их хэмжээгээр солиулахаар болохгүй байна" гэхээр нь сэжигтэй санагдаад “юун евро юм бэ” гэж асуусан. Гэтэл “манай нөхөр Узбек Улсад байдаг байраа зарсан мөнгө, Монголд бизнес хийх гэж байгаа” гэж хэлсэн. Тэгээд хамаатан садны хүн болохоор нь туслах үүднээс сольж өгөхийг зөвшөөрсөн ба Э.Ц нь 500-тийн дэвсгэртээр 40 ширхэг еврог надад өгчхөөд “орой ирж авна” гээд явсан. Ажил дээр байх үедээ өөрийн компанийн ажилтан Ж-т 5000 евро өгөөд доллароор солиулаад ир гээд өгч Ж нь Голомт банканд 5000 еврог солиулчихлаа гээд хүрээд ирсэн ....Намайг гэртээ хариад байж байх үед Э.Ц над руу яриад “хаана байна” гэхээр нь гэртээ байна гэхэд Э.Ц, Шарков хоёр хамт манай гэрт ирээд цай уугаад гарахад нь 20,000 еврог солиулсан нийт 21,325 ам.доллар, зөрүү 310 гаруй Монгол төгрөгийг Шарковт өгсөн. Тэгэхэд "баярлалаа, таныг шагнана" гээд миний өгсөн долларыг аваад гарсан. ...”,
Гэрч Б.Б-ийн “...Э.Ц нь над руу залгаж “ахаа тантай уулзах гэсэн юм, бид 2 Улаанбаатар хотод ирчихсэн байна” гэж хэлсэн. ...Тэгээд ресторанд ороод уулзаж байхад тэр хоёр нь “ахаа бид нар евро солиулж чадсангүй оройтчихлоо, та маргааш солиулаад өгөөч, бид хоёр одоо Дархан-Уул аймаг руу гарах гэж байна” гэж гуйсан ба 25,000 евро буюу 500-тийн дэвсгэрт 50 ширхгийг тоолон өгч өөрсдөө яваад өгсөн... Би маргааш Хаан банканд орон 25.000 еврог солиулж Монгол мөнгөөр 91,200,000 төгрөгийг өөрийн 00000000 тоот данс руу шилжүүлэн авсан. Э.Ц нь “та ээжийн данс руу шилжүүлчих” гэхээр нь би Э эгчийн Хаан банкны 0000000000 тоот данс руу 50,000,000 төгрөгөөр 1 удаа шилжүүлж, 36,650,000 төгрөгөөр дахин шилжүүлж нийт 86.650.000 төгрөгийг шилжүүлсэн. ...” зэрэг мэдүүлэг, нотлох баримтуудыг хэрхэн, ямар үндэслэлээр няцаан үгүйсгэж байгаа үндэслэлээ шийдвэртээ тодорхой заагаагүй, дүгнэлгүй нь хэргийн бодит байдал, Э.Ц-гийн үйлдэл, санаа зорилготой нийцээгүй байна гэж үзлээ.
2. Анхан шатны шүүх хуралдаан дээр хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “...энэ гэмт хэрэгт олон банкнууд хохирсон. ...залилах гэмт хэргийн шинжтэй эсэхэд анхаарч дүгнэлт хийж өгнө үү. ...” гэж мэтгэлцэж оролцсон байна.
Гэтэл анхан шатны шүүх хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын санал дүгнэлтэд дурдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах гэмт” хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэх, залилах гэмт хэргийн шинжтэй үйлдэл байхгүй гэж үзвэл үндэслэлээ тайлбарлах зэргээр ижил төсөөтэй гэмт хэргээс хэрхэн ялган зүйлчлэгдэж байгаа эсэх талаар огт дүгнээгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын дүгнэлтэд хариу няцаалт хийгээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна үзлээ.
Иймд дээрх үндэслэлээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2026/ШЦТ/591 дүгээр шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгч Ф.Ш-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Хаан банкны хууль ёсны төлөөлөгч Ц.Анхбаяр, хохирогч, иргэний нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкны хууль ёсны төлөөлөгч П.Нямзаяа, хохирогч, иргэний нэхэмжлэгч Капитрон банкны хууль ёсны төлөөлөгч А.Түвшинзаяа, хохирогч А.Б-ы өмгөөлөгч Г.Намуун нарын гаргасан давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт өгөөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2026/ШЦТ/591 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Ф.Ш-д урьд авсан “цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ”-г хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ