Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 211/МА2021/00006

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       С.Б-ийн хүсэлттэй иргэний

                                                         хэргийн тухай

 

 

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Б даргалж, ерөнхий шүүгч Т.Д, шүүгч В.Ц нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 129/ШШ2021/00264 дүгээр шийдвэртэй

С.Б-ийн хүсэлттэй

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг

хүсэлт гаргагчийн төлөөлөгч М.А-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч Д.Б-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн төлөөлөгч М.А, нарийн бичгийн дарга Б.Д нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн хүсэлт болон тайлбарт: “С.Б нь 1968 онд төрсөн. Архангай аймгийн Ихтамир сумын 8 жилийн сургуулийн 1 дүгээр ангид 1976 онд орж суралцан 1982 онд 6 дугаар ангиа төгсөөд ар гэрийн гачигдлаар сургуулиасаа гарсан. Архангай аймгийн Ихтамир сумын Гэрэлт зам нэгдэлд 1984.01.01-1986.07.01-ний өдөр хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан. С.Б нь 1986.07.01-ний өдөр ардын цэргийн албанд татагдаж 1988.08.17-ны өдөр халагдаж ирсэн. 1988.08.25-ны өдөр Гэрэлт зам нэгдэлд малчнаар орж 1992.04.01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан. Ажилласан байдлаа бичүүлсэн 2 хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч бичилт дутуу, тамга тэмдэг дарагдаагүй учир шүүхээр шийдвэрлүүлэх хэрэгтэй гэсний дагуу шүүхэд хандаж байна. Аймгийн архиваас лавлагаа авахад ажиллаж байсныг нотолсон баримт гарч ирсэн. Өөрт байгаа 2 ширхэг хөдөлмөрийн дэвтрээ нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байгаа. Иймд С.Б-г архивын лавлагаа, хөдөлмөрийн дэвтэр болон бусад нотлох баримтуудыг үндэслэн Архангай аймгийн Ихтамир сумын Гэрэлт зам нэгдэлд 1984.01.01-1986.07.01, 1988.08.25-1992.04.01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.” гэжээ.  

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 129/ШШ2021/00264 дүгээр шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан С.Б-ийн Архангай аймгийн Ихтамир сумын Гэрэлт зам нэгдэлд 1988 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний Архангай аймгийн Ихтамир сумын Гэрэлт зам нэгдэлд 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хүсэлт гаргагчийн төлөөлөгч М.А-ийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: “Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 264 тоот шийдвэрийг эс зөвшөөрч хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие энэ гомдлыг гаргаж байна. Хүсэлт гаргагч С.Б нь бага боловсролтой. 1984.01.01-1986.07.01, 1988.08.25-1992.04.01-ний өдрийг хүртэлх хугацаанд Архангай аймгийн Ихтамир сумын Гэрэлт зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан бөгөөд дээрх байдлаа тогтоолгохоор иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргасан. Шүүх хэргийг 2021.05.20-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд түүний 1984.01.01-1986.07.01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. 1984.10.21-ний өдөр нээсэн 1991-1992 оны цалинг бичсэн 2 ширхэг хөдөлмөрийн дэвтэр өөрт нь хадгалагдаж байсныг эх хувиар нь шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Дээрх дэвтрүүдийн бичилт дутуу, тамга тэмдэг дарагдаагүй шалтгаанаар нийгмийн даатгалын байгууллага үнэлэх боломжгүй учир шүүхэд ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт гаргасан. Шүүх 1988.11.17-ны өдөр С.Б-д олгосон ХААТР-1 маягтад “боловсролын түвшин бүрэн бус дунд боловсролтой, 1985 онд эзэмшсэн” гэж бүртгэгдсэн, мөн 1984.10.21-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр нь нотлох баримтын шаардлага хангаагүй, цалин бичилттэй боловч тамга тэмдэг огт дарагдаагүй, нөхөн бичилт хийлгэсэн байж болзошгүй гэх эргэлзээ төрж байна гэж нотлох баримтыг үнэлэлгүйгээр 1984-1986 оны ажилласан байдал тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. С.Б нь бүрэн дунд боловсрол эзэмшээгүй. Сургуулиас тодорхойлолт авахад 1998 оноос өмнөх баримт сургуулийн архивт байхгүй учир лавлагаа гаргах боломжгүй гэсэн хариу өгснийг гомдолд хавсаргав. Шүүх ганц ХААТР-1 маягтад үндэслэн эх хувиар нь өгсөн хөдөлмөрийн дэвтэр, гэрчүүдийн мэдүүлгийг үнэлэхгүйгээр шийдвэрлэж оролцогчийн эрхийг зөрчиж байх тул хэргийг дахин хянуулахаар гомдол гаргаж байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч С.Б ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг гаргажээ.

Анхан шатны шүүх хүсэлтийн шаардлагаас 1988.08.25-1992.04.01-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгожээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулсан, хэрэглэвэл зохих хэм хэмжээг хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Хэрэгт байгаа баримтын хүрээнд 1988.08.25-1992.04.01 хүртэл ажиллаж байсан нь тогтоогдсон бөгөөд 1984.01.01-1986.07.01 хүртэл ажиллаж байснаа хангалттай нотолж чадаагүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэрэгт авагдсан баримтад тулгуурласан байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу үнэлэх үүргээ биелүүлжээ.

Хүсэлт гаргагчийн төлөөлөгч М.А-ийн давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хүсэлтийг бүхэлд нь хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэлгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 129/ШШ2021/00264 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хүсэлт гаргагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.Б

     ШҮҮГЧИД                                      Т.Д

                                    В.Ц