Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 467

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Гансугар хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Алтанцэцэг, 

хохирогч М.М-,

шүүгдэгч Н.С-, Н.Б- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө- овогт Н-гийн С-, Б- овогт Н-гийн Б- нарт холбогдох эрүүгийн 1710010780356 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1996 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, аав, ээж, ах, 2 дүүгийн хамт Өвархангай аймгийн Хархорин сумын 5-р баг Онгоцон Ухаа гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ө- овогт Н-гийн С- /РД:…………./

2. Монгол Улсын иргэн, 1993 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, 2 эгч, ах, 2 дүүгийн хамт Өвархангай аймгийн Хархорин сумын Арцатын 17-14 оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б- овогт Н-гийн Б- /РД:…………../

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Н.Б-, Н.С- нар нь бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зайсан лоунж”-д үйлчлүүлж байсан М.М-тай хамт байхдаа түүний согтсоныг далимдуулж Хаан банкны картыг авч, картнаас нь 3.600.000 төгрөг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч М.М-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр данснаасаа картаар 3.600.000 төгрөг алдсан. Энэ мөнгөө авчихвал гомдолгүй гэв.

 

Хавтаст хэргээс:

 

Шүүгдэгч Н.С- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзсан ба мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: Би 2017 оны 12 дугаар сарын 03-ны орой 22 цагийн үед Яармагт ахындаа Б-ийн хамт хоол идээд сууж байхад 98112727 дугаараас миний утас руу Мөнхбаатар ах залгаад “Зайсанд такси бариад хүрээд ир, ирэхээр чинь мөнгийг нь өгье” гэсэн. Б- бид хоёр Яармагаас такси бариад Зайсан Лоунжид очоод Мөнхбаатар ах руу залгахад тэрээр гарч ирээд таксинд 10.000 төгрөг төлсөн. Дотогшоо ороход Мөнхбаатар ах 2 хүнтэй хамт сууж байсан. Б- бид хоёр нэг нэг шил пиво уусан, өөр зүйл уугаагүй. Мөнхбаатар ах Зайсан Лоунжийн буудалд 2 өрөө авчихсан байсан. Удалгүй 2 залуугийн нэг нь явсан. …Би Мөнхбаатар ахтай нэг өрөөнд орсон. Тухайн үед Мөнхбаатар ах нилээн согтсон болохоор тасраад унтаад өгсөн. Б- манай өрөөнд орж ирээд “Мөнхбаатар ахын хэтэвчийг үзсэн үү, дотор нь мөнгө байна уу, хоёулаа мөнгөгүй яаж харих юм бэ” гэж хэлсэн. Тэгснээ Б- Мөнхбаатар ахын өмдний халаасанд байсан хэтэвчнээс нь Хаан банкны виза картыг нь авсан. Картных нь хажууд пин кодыг нь бичсэн цаас байсан. Б- бид хоёр гараад Зайсан Лоунжийн хажууд байрлах Хаан банкны АТМ-ээс 2 удаа 800.000 төгрөг уншуулж аваад таксинд сууж 3, 4 дүгээр хорооллын АТМ-ээс 2 удаа 800.000 төгрөгөөр, 1 удаа 400.000 төгрөгөөр уншуулж, нийтдээ 3.600.000 төгрөг авсан. Бид хоёр 3.600.000 төгрөгийг тэнцүү хувааж хүний 1.800.000 төгрөг авсан. …Бид хоёр Нарангийн голд байх манай эгчийнд очиж, би эгчдээ 30.000 төгрөг, Б- 20.000 төгрөг өгсөн. Тэндээсээ “Тэди” худалдааны төв очиж би 250.000 төгрөгөөр “Ай фоне-5” маркийн гар утас, Б- 320.000 төгрөгөөр “Самсунг-Эс 6” маркийн гар утас худалдаж авсан. “Тэди” худалдааны төвөөс гараад такситай тохиролцоод 90.000 төгрөгөөр Дархан-Уул аймагт ирсэн. Дарханы Хаан банкнаас би ээж рүүгээ 100.000 төгрөг, Б- ээж рүүгээ 100.000 төгрөг шилжүүлсэн. …2017 оны 12 дугаар сарын 04-ний өглөө 12 цагийн үед буудлаасаа гараад Б- 260.000 төгрөгөөр “Молор” нүдний эмнэлгээр нүдэндээ давхраа хийлгэсэн. …Бид хоёр мөнгөөрөө өөрт шаардлагатай байгаа хэрэгцээгээ хангасан. …Мөнхбаатар ахын картнаас Б- бид хоёр автобусны мөнгө авъя гэж бодож байсан юм. АТМ ороод картыг нь шалгатал 19.000.000 төгрөг байхаар нь 3.600.000 төгрөг авсан…гэх мэдүүлэг /хх-ийн 22-23, 134-р хуудас/,

 

Шүүгдэгч Н.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзсан ба мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр  Мөнхбаатар Солонгын утас руу залгаад “такси бариад Зайсанд хүрээд ир” гэхээр нь С- бид хоёр очиход танихгүй 40 гаран насны 3 эрэгтэй хүн архи уугаад сууж байсан. Бид хоёрыг ороход “юм уух уу” гээд С- бид хоёрт пиво өгөхөд С- уурлаад “явлаа” гэхэд Мөнхбаатар ах араас гарч ирээд бид хоёр буцаад орсон. Удалгүй нэг эрэгтэй нь явсан. Мөнхбаатар ах “хоёр өрөө авчихсан байгаа орж амрая” гээд Мөнхбаатар ахтай С- хамт нэг өрөөнд орсон. Би нөгөө эрэгтэйтэй нэг өрөөнд хамт орсон. Надтай хамт орсон ах намайг оролдоод байхаар нь би уурлаад “явлаа” гэж гараад Солонгын ороонд ороход Мөнхбаатар ах унтчихсан С- сэрүүн байсан. Нөгөө ах миний араас орж ирээд “найз чинь явлаа гээд байна” гэж хэлэхэд С- “чи байж байгаач дээ” гэхээр нь “би ер нь явна шүү” гэхэд нөгөө ах уурлаад “за за би явлаа” гээд явсан. Тухайн үед С- бид хоёрт таксины мөнгө байхгүй байсан. С- “Мөнхбаатар ахын өмдний халааснаас түрүүвчийг нь аваад өг” гэхээр нь түрүүвчийг нь авч өгсөн. Түрүүвчинд мөнгө байхгүй байсан тул Хаан банкны виза картыг нь автал хажууд нь пин код бичсэн жижиг цагаан өнгийн цаас байсан. Таксины мөнгө авъя гээд ATM орж дансыг нь шалгатал 19 сая төгрөг байхаар нь 800.000 төгрөг авсан. Дараа нь дахиад 800.000 төгрөг авахаар нь “хоёулаа буцаж орьё” гэхэд С- “наад цүнхээ орхи явъя” гэхээр нь “яаж байгаа юм бэ” гэхэд “Мөнхбаатар ах юм хэлэхгүй. Маргааш би утасдаад хэлчихнэ” гэсэн. С- бид хоёр такси бариад хороолол орж АТМ-ээс 800.000 төгрөг, 400.000 төгрөг уншуулж авсан. …Маргааш нь Нарангийн голд байх Солонгын эгчийнд очиж 40.000 төгрөг өгсөн. Бид хоёр Дархан-Уул аймагт очиж Түвшээ гэх найзаа Улаанбаатар хотоос дуудсан. Мөн Дархан хотод дэлгүүрээс хувцас авсан. Мөн С- “Ай фоне-5” маркийн гар утас, би “Самсунг-Эс 6” маркийн гар утас худалдаж авсан…гэх мэдүүлэг /хх-ийн 75-76-р хуудас/

 

Хохирогч М.М-ын мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 21.00 цагийн үед найз Болд болон тэрний хоёр найзтай нь хамт Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Зайсан Лоунжид суусан. Шөнийн 00.00 цагийн үед Болд найз нарын хамт явсан. Би найз Цогоог дуудаад хүлээж байхад над руу С- 86484818, 99330360 гэсэн дугаараас залгаад “хаана байгаа юм бэ” гэхээр нь “Зайсан Лоунжид архи уугаад сууж байна” гэхэд “яваад очье” гэж хэлсэн. Цогоо ирээд удаагүй байхад С- нэг найз эмэгтэйтэй ирсэн. Бид дөрөв архи, пиво ууж сууж байгаад лоунжийн зочид буудалд 2 тусдаа өрөө захиалсан. Цогоо С-той хамт ирсэн эмэгтэйтэй нэг өрөөнд нь орсон, би С-той хамт нөгөө өрөө рүү орж байснаа санаж байна. Өглөө 08.10 цагийн үед сэрэхэд миний түрийвчинд байсан /цөөхөн 20.000 төгрөг ч юм уу/ мөнгө болон Хаан банкны карт байхгүй байсан. Утсаа асаахад гар утсанд Хаан банкны данснаас 800.000 төгрөгөөр 4 удаа, 400.000 төгрөгөөр 1 удаа, нийт 3.600.000 төгрөг гарсан байсан. Би Цогоо руу залгаад асуухад “би шөнө 03.00 цагийн үед гэртээ харьсан. Намайг явахад С- найзтайгаа хамт танай өрөөнд үлдсэн” гэж хэлсэн…гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/,

Хохирогч М.М-ын “ХААН” банкны дансны хуулга /хх-ийн 12-13-р хуудас/

Шүүгдэгч Н.Солонгын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 31-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 33-р хуудас/,

Шүүгдэгч Н.Б-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 32-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 34-р хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

           Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Н.Б-, Н.С- нар нь бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зайсан лоунж” зочид буудалд хохирогч М.М-ын “Хаан” банкны картыг авч 3.600.000 төгрөг хулгайлсан болох нь:

 

Хохирогч М.М-ын …Өглөө 08.10 цагийн үед сэрэхэд миний түрийвчинд байсан /цөөхөн 20.000 төгрөг ч юм уу/ мөнгө болон Хаан банкны карт байхгүй байсан. Гар утсаа асаахад “Хаан” банкны данснаас 800.000 төгрөгөөр 4 удаа, 400.000 төгрөгөөр 1 удаа, нийт 3.600.000 төгрөгийн зарлага гарсан байсан. Би Цогоо руу залгаад асуухад “би шөнө 03.00 цагийн үед гэртээ харьсан. Намайг явахад С- найзтайгаа хамт танай өрөөнд үлдсэн” гэж хэлсэн. Би 3.600.000 төгрөгөө нэхэмжилнэ гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/

М.М-ын “ХААН” банкны дансны хуулга /хх-ийн 12-13-р хуудас/ болон

Шүүгдэгч Н.Солонгийн яллагдагчаар өгсөн: … 2017 оны 12 дугаар сарын 03-ны орой 22 цагийн үед Мөнхбаатар ах залгаад “Зайсанд такси бариад хүрээд ир, ирэхээр чинь мөнгийг нь өгье” гэсэн. Б- бид хоёр Яармагаас такси бариад Зайсан Лоунжид очиход Мөнхбаатар ах таксины 10.000 төгрөгийг төлсөн. Мөнхбаатар ах Зайсан Лоунжийн буудалд 2 өрөө авчихсан байсан. …Би Мөнхбаатар ахтай нэг өрөөнд орсон. Тухайн үед Мөнхбаатар ах нилээн согтсон болохоор тасраад унтаад өгсөн.  Б- орж ирээд “Мөнхбаатар ахын хэтэвчийг үзсэн үү, дотор нь мөнгө байна уу, хоёулаа мөнгөгүй яаж харих юм бэ” гээд Мөнхбаатар ахын өмдний халаасанд байсан хэтэвчнээс Хаан банкны виза картыг нь авсан. Картных нь хажууд пин кодыг нь бичсэн цаас байсан. Б- бид хоёр гараад Зайсан Лоунжийн хажууд байрлах Хаан банкны АТМ-ээс 2 удаа 800.000 төгрөг уншуулж аваад таксинд сууж 3, 4 дүгээр хорооллын АТМ-ээс 2 удаа 800.000 төгрөгөөр, 1 удаа 400.000 төгрөгөөр уншуулж, нийтдээ 3.600.000 төгрөг авсан. Бид хоёр 3.600.000 төгрөгийг тэнцүү хувааж хүний 1.800.000 төгрөг авсан гэх мэдүүлэг /хх-ийн 22-23, 134-р хуудас/,

Шүүгдэгч Н.Б-ийн яллагдагчаар өгсөн: 2017 оны 12 дугаар сарын 03-ны орой Мөнхбаатар Солонгын утас руу залгаад “такси бариад Зайсанд хүрээд ир” гэхээр нь С- бид хоёр очиход танихгүй 40 гаран насны 3 эрэгтэй хүн архи уугаад сууж байсан. ...Мөнхбаатар ах “хоёр өрөө авчихсан байгаа орж амрая” гээд С-той хамт нэг өрөөнд орсон, би нөгөө эрэгтэйтэй нэг өрөөнд хамт орсон. Надтай хамт орсон ах намайг оролдоод байхаар нь би уурлаад “явлаа” гэж гараад Солонгын өрөөнд ороход Мөнхбаатар ах унтчихсан байсан. ...Тухайн үед С- бид хоёрт таксины мөнгө байхгүй байсан. С- “Мөнхбаатар ахын өмдний халааснаас түрүүвчийг нь аваад өг” гэхээр түрүүвчийг нь авч өгсөн. Түрүүвчинд мөнгө байхгүй байсан тул Хаан банкны виза картыг нь автал хажууд нь пин код бичсэн жижиг цагаан өнгийн цаас байсан. Таксины мөнгө авъя гээд ATM орж дансыг нь шалгатал 19 сая төгрөг байхаар нь 800.000 төгрөг авсан. Дараа нь дахиад 800.000 төгрөг авахаад “хоёулаа буцаж орьё” гэхэд С- “наад цүнхээ орхи явъя” гэхээр нь “яаж байгаа юм бэ” гэхэд “Мөнхбаатар ах юм хэлэхгүй. Маргааш би утасдаад хэлчихнэ” гэсэн. С- бид хоёр такси бариад хороолол орж АТМ-ээс 800.000 төгрөг, 400.000 төгрөг уншуулж авсан гэх мэдүүлэг /хх-ийн 75-76-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

   Гэм буруугийн хуралдаанд улсын яллагчаас “Шүүгдэгч Н.С-, Н.Б- нарыг бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлт гаргасан ба шүүгдэгч нар нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

          

           Шүүгдэгч Н.С-, Н.Б- нар нь бүлэглэн хохирогч М.М-ын “ХААН” банкны картнаас 3.600.000 төгрөгийг нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч М.М-т 3.600.000 төгрөгийн хохирол учирсан байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С-, Н.Б- нараас 3.600.000 /гурван сая зургаан зуун мянга/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, хохирогч М.М-т олгохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

           Улсын яллагчаас шүүгдэгч Н.С-, Н.Б- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч нар эрүүгийн хариуцлагын талаар маргаагүй.

 

           Шүүгдэгч Н.С-, Н.Б- нар нь гэм буруугийн талаар маргаагүй үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ зэргийг харгалзан улсын яллагчаас гаргасан саналын хүрээнд шүүгдэгч нарт нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

           Шүүгдэгч Н.С-, Н.Б- нарын 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс шийтгэх тогтоол гарсан энэ өдрийн байдлаар цагдан хоригдсон нийт 108 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцоход 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцов.

 

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.