Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2018/0562

 

Ц.Б, Д.О нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй хийж, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 28 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Ц.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, өмгөөлөгч М.Г нарын гаргасан давж заалдах гомдлоор, Ц.Б, Д.О нарын нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Засаг дарга, Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг, шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 28 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.4, 5.1.5, 21 дүгээр зүйлийн 21.1, 22 дугаар зүйлийн 22.1, 25 дугаар зүйлийн 25.1, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 6 дугаар зүйлийн 6.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 7 дугаар зүйлийн 7.1, 15 дугаар зүйлийн 15.2, 16 дугаар зүйлийн 16.1, 18 дугаар зүйлийн 18.1, Газрын тухай хууль /1994 он/-ийн 27 дугаар зүйлийн 1, 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан

1.1. Ц.Б-ийн Орхон аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Засаг даргын 2012 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 213 дугаартай Иргэдэд газар өмчлүүлэх тухай захирамжийн Д.О-т холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан Маргаан бүхий газар, газар дээр байрлах 23 м.кв зөөврийн орон сууцыг үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгосон үйлдлүүд, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлүүдийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

1.2. Д.О-ийн Орхон аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс зарим хэсгийг хангаж, Орхон аймгийн Засаг даргын 2009 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 206 дугаар Иргэдэд газар өмчлүүлэх тухай захирамжийн П.Ц-д Орхон аймаг, Б-Ө сум, Б багийн ....-ын .... тоотод 486 м.кв газар өмчлүүлсэн хэсгийг хүчингүй болгож, “Орхон аймгийн Засаг даргын 1997 оны 12 дугаар сард П.Ц-д Орхон аймгийн Б-Ө сум, Б багийн .... тоот газрыг ашиглуулсан гэх үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

1.3. Д.О-ийн Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, П.Ц-ийн 2009 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн газар өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгосон үйлдэл, Г.Б-ийн өмчлөх эрхийг бүртгэж өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг тус тус илт хууль бус болохыг тогтоож, Г.Б-ийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн .... дугаартай гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ц.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М нар давж заалдах гомдолдоо: “...Хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд:

1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ц.Б-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ийнхүү нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, Газрын тухай хууль, Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулиудыг буруу тайлбарлан хэрэглэж хэрэгт авагдсан нотлох баримтуудыг буруу үнэлсэн байна. Нэхэмжлэгч Ц.Б-ийн ээж П.Ц нь Орхон аймаг Б-Ө сум, Б баг, .... тоот байрлах газрыг Орхон аймгийн Засаг даргын 2009 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “Иргэдэд газар өмчлүүлэх тухай” захирамжаар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг үндэслэн улсын бүртгэлийн байгууллагаас 2009 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Газар өмчлөх эрхийн гэрчилгээ”-ний үндсэн дээр газрыг өмчилж авсан. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Иргэнд өмчлүүлсэн газрыг энэ хуулийн 22.1-д заасны дагуу бүртгэснээр тухайн иргэний газар өмчлөх эрх үүснэ” гэж заасан байна. Хуулийн энэхүү зохицуулалтаас үзвэл П.Ц-д 2009 оны 07 дугаар сард маргаан бүхий газрыг өмчлөх эрх үүссэн. Нөгөө талаас 2009 онд Д.О нь уг газрыг өмчилж авах талаар холбогдох захиргааны байгууллагад газар өмчилж авах хүсэлтэй гаргаагүй төдийгүй холбогдох захиргааны байгууллагаас Д.О-т уг газрыг эзэмшүүлж, ашиглуулж өмчлүүлээгүй байсан. Гэтэл анхан шатны шүүх нь маргаан бүхий газрыг Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэгч нарын хэнд өмчлөх эрх анх үүссэн болохыг анхаарч үзээгүй байна. Ийнхүү анхан шатны шүүх өмчлөх эрх үүсэх дээрх хуулийн зохицуулалтыг анхааралгүй дүгнэлт хийж өмчлөх эрх хуулийн дагуу үүссэн байхад дараа нь уг газрыг давхар өмчлүүлсэн Захиргааны байгууллагын үйл ажиллагааг зөвтгөж шийдвэрлэсэн нь газар өмчлөгчийн эрхийг зөрчсөн буруу шийдвэр болсон.

2. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт 2009 оны 06 дугаар сард П.Ц-д маргаан бүхий газрыг өмчлүүлсэн нь 2012 онд газрыг өмчлөн авсан Д.О-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй гэх агуулга бүхий зүйлийг бичсэн нь тодорхойгүй, ойлгомжгүй байна. Учир нь 2009 онд уг маргаан бүхий газрыг Д.О нь эзэмшиж, ашиглаж, өмчилж аваагүй байсан тул шүүх Д.О-ийн ямар төрлийн эрх нь зөрчигдсөн болохыг тогтоож, дүгнэж чадаагүй байна. Маргаан бүхий газар дээр байрлах зөөврийн орон сууцыг Улсын бүртгэлд бүртгэсэн Орхон аймгийн Улсын бүртгэлийн байгууллагын бүртгэлийг шүүх зөвтгөхдөө Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт зааснаар Д.О болон түүний гэр бүлийн гишүүдийн хувьд үл хөдлөх хөрөнгө эрх бүхий байгууллагын шийдвэрээр бий болсон гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Учир нь тухайн 23 м.кв орон сууц нь анх бий болсон зориулалт, одоо байгаа байдал, түүнийг газраас салган зөөвөрлөж байгаа байдал зэргээс үзвэл тухайн орон сууц нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан улсын бүртгэлд бүртгэх хөрөнгө биш юм. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан улсын бүртгэлд бүртгэх хөрөнгө биш тул мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасан хуулийн зохицуулалтыг тайлбарлан хэрэглэх шаардлагагүй байтал хуулийн уг заалтыг шүүх буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Мэдүүлэг гаргагч Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаас бусад хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан бол мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3-д зааснаар мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах эрхийг Улсын бүртгэгчид олгосон байгааг шүүх тайлбарлан хэрэглээгүй.

Иймд Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 28 дугаартай шийдвэрийг өөрчилж, Ц.Б-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Ц.Б-ийн өмгөөлөгч М.Г давж заалдах гомдолдоо: “Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 28 дугаартай шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлд заасан эрхийнхээ хүрээнд, 115 дугаар зүйлд заасан журмын дагуу дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч Ц.Б нь шүүхэд “маргаан бүхий газар, газар дээр байрлах 23 м.кв зөөврийн орон сууцыг үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгосон үйлдлүүд, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжпэл гаргасан. Тодруулбал хавтаст хэрэгт авагдсан Орон сууц өмчлөх эрхийн ..... дугаартай гэрчилгээгээр зөөврийн орон сууцыг Д.О, О.М, О.М өмчлүүлсэн байх бөгөөд дээрх иргэд нь өмчлөх эрхийн гэрчилгээнд баталгаажсан байх ба энэхүү гэрчилгээг нэхэмжлэгч хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Үүнээс үзвэл О.М, О.М нарыг эрх, ашиг сонирхол нь нэхэмжлэгч Ц.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагаар хөндөгдөж болзошгүй юм. Гэтэл шүүх эрх, ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй этгээдүүдийг оролцуулах эсэх талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй байна. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг зөрчсөн байна. Нөгөө талаас шүүх нь нэхэмжлэгч Ц.Б-ийн гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангагдах, хангагдахгүй эсэх талаар урьдаас шийдвэрлэх боломжгүй байтал гуравдагч этгээдээр оролцуулах эсэх талаар ямар нэгэн идэвхтэй үйлдэл хийлгүйгээр шүүх хуралдааныг хийж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь шүүхэд урьдаас ямар нэгэн итгэл үнэмшил байсан мэт ойлголтыг төрүүлэхээр байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаан бүхий газар дээр байрлах зөөврийн сууцыг үл хөдлөх хөрөнгө буюу Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан хөрөнгө мөн эсэх асуудлаар шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Уг гаргасан хүсэлтийг хангахаас татгалзаж 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 174 дугаартай гомдол гаргах эрхгүй захирамж гаргасан. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 /Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ/, 32.4,/ хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нотлох баримт цуглуулахыг захиргааны хэргийн шүүхээс шаардах эрхтэй/, 34 дүгээр зүйлийн 34.3 /Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй/ гэсэн заалтуудыг ноцтой зөрчсөн байна.

Мөн шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт Орхон аймгийн орон сууц хувьчлах товчооны хурлын 2004 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 01 дугаартай “Орон сууц өмчлөх эрх олгох тухай” тогтоолыг үнэлсэн байна. Дээрх тогтоолд Орон сууцны Магадлан шинжлэх хэсгийн дүгнэлтийг үндэслэсэн байна. Орон сууц хувьчлах тухай хуульд зааснаар Магадлан шинжлэх хэсэг нь тухайн хувьчлах Орон сууц нь хүн амьдрах боломжтой эсэх, үл хөдлөх хөрөнгө мөн эсэхийг тогтоох дүгнэлт гаргадаг байна. Үүнээс үзвэл уг орон сууцанд магадлан шинжлэх дүгнэлт гаргасан байх нь шүүхээс зайлшгүй тогтоох ач холбогдолтой нотлох баримт юм. Гэтэл шүүх дээрх магадлан шинжлэх хэсгийн дүгнэлт байгаа эсэхийг тодруулалгүйгээр буюу шийдвэр гаргасан нь буруу байна.

Иймд Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 28 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулаагүй, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн цуглуулаагүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 136 дугаар захирамжаар Д.О-ийн нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг Ц.Б-ийн нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Засаг дарга, Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэрэгтээ нэгтгэсэн байх бөгөөд нэхэмжлэгч Д.О нь “Орхон аймгийн Засаг даргын 2009 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “Иргэдэд газар өмчлүүлэх тухай” 206 дугаар захирамжийн П.Ц-д Орхон аймаг, Б-Ө сум, Б багийн ....тоотод 486 м.кв газар өмчлүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах, Орхон аймгийн Засаг даргын 1997 оны 12 дугаар сард П.Ц-д Орхон аймаг, Б-Ө сум, Б багийн ...... тоот газрыг ашиглуулсан гэх үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллагын П.Ц-ийн 2009 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн газар өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгосон үйлдэл, Г.Б-ийн газар өмчлөх эрхийг бүртгэж өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг тус тус илт хууль бус болохыг тогтоож, Г.Б-ийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ..... дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах” шаардлагыг, харин нэхэмжлэгч Ц.Б нь “Орхон аймгийн Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн “Иргэдэд газар өмчлүүлэх тухай” 213 дугаар захирамжийн Д.О-т холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, маргаан бүхий газар, газар дээр байрлах 23 м.кв зөөврийн орон сууцыг үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгосон үйлдлүүд, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулах” шаардлагыг гаргажээ.

Шүүх маргаж буй захиргааны шийдвэр тухайн харилцааг зохицуулсан хууль тогтоомжид нийцсэн эсэх, тэрхүү шийдвэрийн улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн эсэхийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хянаж, хэргийг шийдвэрлэх үүрэгтэй.

Нэхэмжлэгч Д.О “Орхон аймгийн Засаг даргын 1997 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 558 дугаар газар ашиглуулах гэрээ байгуулсан, 1997 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн газар ашиглуулах 577 дугаар гэрчилгээ олгосон үйлдлүүд, гэрээ, гэрчилгээ илт хууль бус байсан болохыг тогтоолгох, мөн П.Ц-ийн нэр дээр 2009 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн газар өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгосон үйлдэл, Г.Б-ийн газар өмчлөх эрхийг бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох”, харин нэхэмжлэгч Ц.Б-ийн тухайд ”Орхон аймгийн Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 213 дугаар захирамжийн Д.О-т холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан байх боловч нэхэмжлэгч нар маргаж буй захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэрүүд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, маргаж буй үйл баримтад хамаарах цаг хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудад заасан захиргааны актын илт хууль бус шинжийг хэрхэн агуулж буй талаар нэхэмжлэлдээ огт дурдаагүй, энэ талаар заагаагүй байхад анхан шатны шүүх эдгээр нэхэмжлэлийн шаардлага, тэдгээрийн үндэслэлийг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.4, 53 дугаар зүйлийн 53.3, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцээгүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нар нь хариуцагчийн үйлдэл, үйл ажиллагааны аль хэсэг нь хуульд заасан захиргааны актын илт хууль бусад тооцох нөхцөлийн алинд ямар шалтгаан үндэслэлийн улмаас хамаарч байгаа талаар өөрөө тодорхойлж шүүхэд ирүүлэх үүрэгтэй, хэрэв энэ нь тодорхой бус бол шүүх тодруулж тэрхүү маргаж буй үндэслэл ямар байдлаар тогтоогдсон, эсхүл тогтоогдоогүй талаар дүгнэж, хэрэг маргааныг шийдвэрлэх үүрэгтэй. Гэтэл энэ тохиолдолд нэхэмжлэгч нар хариуцагчийн ямар шийдвэр үйл ажиллагаа хуулиар тодорхойлон заасан захиргааны актын илт хууль бусад тооцох аль үндэслэлд ямар шалтгааны улмаас хамаарч байгаа талаар зааж маргаж байгаа нь тодорхой бус байхад шүүх хэргийг шийдвэрлэснийг зөвтгөх үндэслэлгүй.

Хавтаст хэрэгт Орхон аймгийн Засаг даргын 1996 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 03 дугаар шийдвэрийг үндэслэн Б-Ө сумын С-ы байр-... гэх байрлалд 304 ам дөрвөлжин метр газрыг ашиглуулахаар шийдвэрлэсэн, 1997 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 577 дугаар  гэрчилгээ олгогдсон, /хугацаа заасан хэсэг бүдэг, тодорхой бус/ мөн 1997 оны 12 дугаар сарын 09-ний өдөр “Газар ашиглуулах тухай гэрээ” байгуулсан, улмаар иргэн П.Ц 2009 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Б, С  байр-... гэх байрлалд 942 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилж авах хүсэлт гаргасан, Орхон аймгийн Засаг даргын 2009 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 206 дугаар захирамжаар П.Ц-д .... гэх байрлалд 486 м.кв газрыг өмчлүүлсэн, тэрээр 2014 онд нас барсны улмаас газар өмчлөх эрх өв залгамжлалын журмаар түүний хүү Ц.Б-д шилжиж 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр түүнд тус газрыг өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон талаарх баримтууд авагджээ.  

Харин нэхэмжлэгч Д.О-ийн тухайд Орхон аймгийн Орон сууц хувьчлалын товчооны 2004 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор нэр бүхий иргэдэд орон сууц өмчлөх эрх олгосны дотор ....-ийн 23 м.кв бүхий ...-р байрыг Д.О-т хувьчлахаар шийдвэрлэсэн, улмаар Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн алба, Улсын бүртгэлийн хэлтсээс 2004 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ..... дугаар өмчлөх эрхийн гэрчилгээ, 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр О.М, О.М, Д.О нарт 23 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөх эрхийн ....... дугаар гэрчилгээг тус тус олгосон, иргэн Д.О 2012 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр ..... тоот гэх байрлалд газар өмчлөх хүсэлтийг гаргаснаар Орхон аймгийн Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 213 дугаар захирамжаар Д.О-т 398 м.кв газрыг өмчлүүлсэн талаарх баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.  

Хэрэгт авагдсан дээрх баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Д.О-ээс 2012 онд газар өмчлүүлэх талаар хүсэлт гаргахаас өмнө тус газрыг ашиглах, эзэмших, өмчлөх талаар эрх бүхий этгээдэд хандаж хүсэлт гаргаж байсан эсэх, түүнд газар эзэмшүүлэх, ашиглуулах талаар эрх бүхий этгээдийн шийдвэр гарч байсан эсэх нь тодорхойгүйн дээр 2009 онд П.Ц-д газар өмчлүүлсэн захиргааны шийдвэр түүний эрхийг ямар байдлаар хөндөж байгааг буюу өөрөөр хэлбэл, Д.О-т газар өмчлөх эрх үүсэхээс өмнө П.Ц-д газар өмчлүүлсэн захиргааны байгууллагын шийдвэр түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ямар шалтгаан үндэслэлээр зөрчиж буй эсэх нь тодорхойгүйн дээр Д.О, П.Ц нарт өмчлүүлсэн газар давхцалтай эсэхийг шүүх тогтоогоогүйн улмаас нэхэмжлэгч нарын маргаж буй захиргааны байгууллага, албан тушаалтны газар эзэмшүүлэх, өмчлүүлэхтэй холбоотой шийдвэр, үйл ажиллагаа хуулиар тогтоосон журмыг зөрчсөн эсэхэд шүүх дүгнэлт хийх боломжгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна” гэж заасан.

Нэхэмжлэгч Ц.Б “маргаан бүхий газар, газар дээр байрлах 23 м.кв зөөврийн орон сууцыг үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгосон үйлдлүүд, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

Хэдийгээр нэхэмжлэгч Ц.Б-ийн нэхэмжлэлийн уг шаардлагын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй О.М, О.М нарын “тухайн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрсдийн биеэр оролцохгүй, ... бидний ээж Д.О, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н нарыг оролцуулахад татгалзах зүйлгүй” гэх тайлбар хэрэгт авагдсан байх боловч шүүх эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй О.М, О.М нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулж, нэхэмжлэлийн хувийг гардуулж, холбогдох ажиллагааг хийх үүрэгтэй. Энэ талаарх нэхэмжлэгч Ц.Б-ийн өмгөөлөгч М.Г-ийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 34.3-т “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж тус тус заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зарчмыг шүүх мөрдөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч Ц.Б-ийн “Д.О-т холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад заасан маргаан бүхий акт болох Орхон аймгийн Засаг даргын 2012 оны 213 дугаар захирамжаар “Д.О-т Б, ..... байрлалд 398 м.кв газрыг өмчлүүлжээ.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т “Иргэн газар өмчилж авах тухай өргөдөлд дараах баримт бичгийг хавсаргана: ”20.3.3.Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшиж байгаа бол газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмших гэрээний хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар”, 20.3.4-т “хүсэлт гаргасан газрын байршил, хэмжээг харуулсан тойм зураг /хэрэв газрыг дундаа хэсгээр өмчлөх бол өмчлөгч бүрийн хувьд оногдох газрын хэмжээ, байршил, заагийн тойм зураг/” гэж заасан.

Нэхэмжлэгч Д.О-т маргаан бүхий газрыг эзэмшүүлэх, ашиглуулах талаар эрх бүхий этгээдийн шийдвэр гарч байсан эсэх, мөн газар эзэмших, ашиглах талаар өмнө нь хүсэлт гаргаж байсан эсэх нь тус хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүх эдгээрийг тодруулах нь зүйтэй байна.

Түүнчлэн хавтаст хэрэгт Эрдэнэтийн Д ц с төрийн өмчит хувьцаат компанийн захирлын 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б/153 дугаар тушаалаар П.Ц-д мөнгөн тусламж олгогдож байсан талаарх баримт авагдсан байх бөгөөд нэхэмжлэгч Д.О “... Ц хамт амьдарч байгаад өмч хувьчлал явагдах үес байрнаас гарч явсан...” гэж нэхэмжлэлдээ дурдсан байх бөгөөд нэхэмжлэгч Ц.Б Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн маргаан бүхий газарт байрлах 23 м.кв зөөврийн орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгосон үйлдлүүд, гэрчилгээнүүдийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бус, нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол тус бүртгэлийн улмаас хэрхэн зөрчигдөж хөндөгдөж байгаа талаар тодорхой бус байгааг шүүх мөн анхаарах нь зүйтэйг тэмдэглэв.   

Дээр дурдагдсан алдааг давж заалдах шатны шүүх засах боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:                                                                         

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 28 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Б-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Д.БАТБААТАР

                               ШҮҮГЧ                                                                  С.МӨНХЖАРГАЛ

                               ШҮҮГЧ                                                                  Н.ХОНИНХҮҮ