Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 50

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийж,

Нэхэмжлэгч: Р.Б*******, Ш.О******* 

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Гуравдагч этгээд: Г.Ш*******, З.Х******* 

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 523 дугаар захирамжийн Г.Ш*******, З.Х******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, Р.Б*******, Ш.О******* нарыг өмчлөгчөөр бүртгэхийг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э*******, түүний өмгөөлөгч Н.Т*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С*******, түүний өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ганзориг нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.Б*******, Ш.О******* болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Р.Б******* би 1984 оноос Г.Ш*******тай гэр бүл болон амьдарсан. Ш******* 5 хүүхдийг маань өөрийнхөө нэр дээр овоглосон. Цэргийн үйлдвэрт ажиллаж байхдаа гэр бүл болж хамт амьдарч байсан. 

Р.Б*******, хойт аав Г.Ш******* нар 1985 онд гэр бүл болохдоо хоёр талаасаа 400, 400 төгрөг гарган 800 төгрөгөөр худалдан авсан гэдэг. Энэ талаар хавтаст хэрэгт нэхэмжлэгч хариуцагч нар адилхан тайлбар өгсөн нь үнэн бөгөөд гуравдагч этгээдийн 1987 онд энэ хашааг авсан гэх тайлбар огт худал, үндэслэлгүй юм.

Г.Ш*******ийн төрсөн дүү Г.Н очих газаргүй болсон хэмээн манай хашаанд 1997 оны үеэр нүүн ирж, аавыг хүний олон хүүхэд тэжээлээ гэж, ээжийг өвчтэй болсноор дээрэлхэн доромжилж агсам согтуу тавьж хөөдөг болсон. Ийнхүү аавын зан чанарт нөлөөлж, гэр бүлийн дунд маргаан үүсгэсэн.

Г.Ш******* Солонгос улс руу ажиллахаар явж, ирэхдээ өөр хүнтэй болж, ээжтэй хамт амьдрах боломжгүй болсон тул ээж дүүгийн хамт хашаа гэрээ орхин гарсан. Гэхдээ албан ёсоор гэр бүлээ цуцлууулаагүй. Дүү бид 3 аавтай бага наснаас хамт амьдарч дасаж дотноссон учир байнга уулзаж эргэж тойрч байгаад нас барахад нь оршуулгад нь оролцсон.

2007 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Г.Ш******* бидний эзгүйд өөрийн дүү Чаын охин З.Х*******тэй хамт амьдардаг мэтээр худал тодорхойлолт хийлгэн хашааны газраа өмчилж авах өргөдөл гаргаж Нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 523 дугаар захирамжаар өмчилж авсан байдаг.

Тус шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 143 дугаар шийдвэрээр Г.Ш*******, З.Х******* нарт манай гэр бүл амьдарч байсан, одоо ч бүртгэлтэй байгаа хашааны газрын өмчлүүлэхээр шийдвэрлэсэн Нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 523 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгосон юм.

Гуравдагч этгээд З.Х******* болон түүний ээж Ча нар манай хашаанд байгаагүй, оршин суух хаягт ч бүртгэлгүй бөгөөд манай гэр бүлийн гишүүд биш харин Г.Ш*******ийн аавын дүү, садангийн хүмүүс болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар бүрэн батлагдана.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай 2002 оны хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-д “иргэн газрын гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлнэ”, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.4-т “иргэн, түүний гэр бүлийн гишүүн Монгол Улсын иргэнд дундаа хамтран өмчлөх хэлбэрээр энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар газрын нэг удаа үнэгүй өмчлүүлэх” гэж заасан бөгөөд мөн хуулийн 19 дүгээр зүйлд зааснаар гэр бүлийн гишүүн болох нэхэмжлэгч нар газар өмчлөн авах эрхтэй байсан. Нэхэмжлэгч нар өөр газар өмчилж аваагүй тул хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар өөрсдийн амьдарч байсан газрын нэг удаа үнэгүй өмчилж авах эрх нь зөрчигдсөн юм.

Талийгаач Г.Ш******* газар өмчилж авах өргөдөл, хүсэлт гаргахдаа ам бүл 2 гэж энэ хаягт оршин сууж байгаагүй, манай гэр бүлийн гишүүн биш гуравдагч этгээд З.Х*******гийн нэрийг оруулсан нь мөн хуулийн 20 дугаар зүйлийг зөрчсөн. Нөгөө талаар Нийслэлийн Засаг дарга захирамж гаргахдаа мөн хуулийн 21 дүгээр зүйлд заасныг зөрчиж З.Х*******г газар өмчилж авах эрх бүхий этгээд гэдгийг нотлоогүй хорооны Засаг даргын гарын үсэг зурагдаагүй, хуурамч тодорхойлолтыг үндэслэсэн байсан. Манай хашааны газар анхнаасаа аавын нэр дээр гэр бүлийн зориулалтаар олгогдсон учир Монгол Улсын иргэн газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу одоо амьд сэрүүн байгаа хууль ёсны эхнэр Р.Б*******, охин Ш.О******* нар хуульд олгогдсон эрхийн дагуу авах хүсэлттэй байгаа юм. 

Иймд Нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 29-ний 523 тоот захирамжийн Г.Ш*******, З.Х******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Р.Б*******, Ж.О******* нарыг өмчлөгчөөр бүртгэхийг даалгаж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Иргэн Г.Ш******* маргаж буй газар болох Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 8 дугаар гудамжны 158 тоот хашааны газрыг Баянгол дүүргийн Засаг даргын 1999 оны 0101000405 дугаар гэрчилгээгээр эзэмшиж байсан бөгөөд 2007 онд газраа өмчилж авах тухай хүсэлт гарган зохих материалаа бүрдүүлж өгсний дагуу Нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 523 дугаар захирамжаар 248 м.кв газрыг үнэгүй өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Энэ үед газар өмчлөгч нь өөрийн дүү З.Х*******г хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх тухй хүсэлт гаргасан бөгөөд Баянгол дүүргийн 16 дугаар хорооны Засаг дарга тус хорооны Туулын 8-158 тоотод иргэн Г.Ш******* ам бүл хоёулаа амьдардаг болохыг тодорхойлсон тодорхойлолт, Г.Ш******* болон З.Х*******гийн иргэний үнэмлэхийн хуулбарыг хавсарган ирүүлсэн. Иймд Нийслэлийн Засаг даргын Г.Ш*******ид газар өмчлүүлсэн шийдвэр нь Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу хүсэлт гаргагчийн бүрдүүлж ирсэн материалыг үндэслэн зохих хууль тогтоомжийн хүрээнд гарсан гэж үзэж байна.

Харин Р.Б*******ийн нэхэмжлэлийг шүүх хянан хэлэлцэж Г.Ш*******ийн гэр бүлийн гишүүн болох Р.Б*******, Ш.О******* нарыг маргаан бүхий газрыг өмчлөх эрхтэйг тогтоосон тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг харгалзан үзэх боломжтой байна” гэсэн хариу тайлбарыг дэмжиж байна” гэжээ.

Гуравдагч этгээд Г.Ш******* агсан шүүхэд гаргасан тайлбартаа: “Би 1984 онд Баянгол дүүргийн 16дугаар хороо, Туулын 8 дугаар гудамжны 158 тоот хашааг 800 төгрөгөөр худалдаж авсан ба 400 төгрөгийг З.Х*******гийн ээж, өөрийнхөө дүүгээс авсан юм. Би Р.Б*******тэй 1984 онд гэр бүл болж амьдрахад 1-13 насны 5 хүүхэдтэй байсан ба суугаад 2006 он хүртэл 22 жил хамт амьдарч, 5 хүүхдийг нь өсгөн хүмүүжүүлсэн. Гэтэл түүний 33-35 насны 2 хүүхэд надаар тэжээлгэх санаа өвөрлөн, зүгээр сууж, хоёр дахь хүү Ариунболд нь хэд хэдэн удаа агсан тавьж, би түүний тавьсан өрийг барагдуулж байсан ба намайг Солонгост байх хугацаанд миний бүх тэтгэврийг авч, эмчилгээний зардал, сургалтын зардал, мөнгө төгрөг, эд зүйлийг явуулсан боловч түүнээс үлдсэн зүйл байхгүй бөгөөд эдгээр шалтгаанаас болж Р.Б*******ээс би салсан. Иймээс дээрх хүч хөдөлмөр, эд зүйлсийн үнэ 248 м.кв газрын үнэнээс хэд давсан нь ойлгомжтой. Миний бие дээрх бүх шалтгаанаар Р.Б*******ийн нэхэмжлэлийг хүлээн авч чадахгүй байна гэжээ. 

Гуравдагч этгээд З.Х*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Энэхүү хаягт байрлах газрыг бид гэр бүлийн болон нагац ахын хамтаар 1987 оноос хойш эзэмшиж, энэхүү хаягтаа амьдарч байгаад 2008 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс хойш гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нагац ах Гүрбазарын Ш*******, дүү Загдсүрэнгийн Х******* нар өмчилж авсан.

Монгол Улсын Үндсэн хуулийн арванзургадугаар зүйлийн 18 дахь хэсэгт зааснаар “...улсынхаа нутаг дэвсгэрт...түр буюу байнга оршин суух газраа сонгох”, мөн хуульд зааснаар тухайн газраа өмчилж авах эрхтэй байдаг.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т заасны дагуу Монгол Улсын иргэнд нэг удаа үнэ төлбөргүйгээр өмчлүүлэх газрын байршлыг тогтоох асуудлыг дараах байдлаар шийдвэрлэнэ”, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт Нийслэлд бүртгэлтэй иргэн Нийслэлд буюу аль ч аймаг, суманд газар өмчлөх эрхтэй байхаар хуульчилж өгсөн байна.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хэрэгцээний зориулалт гэдгийг өмчилж авсан тухайн газрыг аж ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглахыг хязгаарласан зохицуулалт гэж бид ойлгодог бөгөөд тухайн гэр бүлийн гишүүд бүгд заавал өмчилнө гэсэн үг биш, гэр бүлийн гишүүдээс хэн нэг нь өмчилж авах эрхийг хязгаарласан заалт бас биш юм.

Иймээс мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасан төлөвлөгөө, шийдвэрт иргэдэд өмчлүүлэхээр тусгагдсан бөгөөд бусад этгээдийн эзэмших, ашиглах эрх үүсээгүй байгаа газраас тэргүүн ээлжинд түүнд өмчлүүлэхээр заасны дагуу энэхүү газрыг миний нагац ах Г.Ш*******, дүү З.Х******* хуулийн дагуу өмчилж авсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Р.Б*******, Ш.О******* нар “Нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 523 дугаар захирамжийн Г.Ш*******, З.Х******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж , Р.Б*******, Ш.О******* нарыг өмчлөгчөөр бүртгэхийг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ. 

Иргэн Р.Б******* Нийслэлийн газрын албаны 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2/4095 дугаар албан бичгийг хүлээн аваад 2010 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 оны/ хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.-д “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана.”, Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.2.-т “Тоолох хугацааны эцсийн өдөр ажлын бус өдөр байвал түүний дараагийн ажлын өдөр уг хугацаа дуусна.” гэж тус тус заасныг зөрчөөгүй байна. 

Баянгол дүүргийн Засаг даргын 1999 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0101000405 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, Баянгол дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргын 2007 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн ам бүл 2 гэсэн тодорхойлолт, газрын байршлын кадастрын зураг, Г.Ш*******ийн гэр бүлийн  хэрэгцээнд зориулан газар өмчилж авахыг хүссэн өргөдөл  зэрэг баримтыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 523 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 8 дугаар гудамжны 158 тоотын 248 м.кв газрыг иргэн Г.Ш*******, З.Х******* нарт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлсэн байна. 

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн тухайн үед үйлчилж байсан заалтаар  гэр бүлийн гишүүн Монгол Улсын иргэн дундаа хамтран өмчлөх хэлбэрээр гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөн авах эрхтэй байжээ.

Иргэн Г.Ш******* гэр бүлийн, ам бүлийн байдлын тухай Засаг даргын тодорхойлолтыг үнэн зөвөөр мэдүүлээгүй нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.4-т заасан “газар өмчилж авахтай холбогдсон энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан баримт бичгийг үнэн зөв бүрдүүлэх” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байна. 

Гэвч хэрэгт авагдсан “Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр” болон гуравдагч этгээд З.Х*******гийн мэдүүлэг зэргээс дүгнэвэл маргаан бүхий газар болох Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 8 дугаар гудамжны 158 тоотод Гүрбазарын Ш*******ийнх 4 ам бүл, Гүрбазарын Нийнх 5 ам бүл, Нийн Дынх 5 ам бүл амьдарч бүртгэлтэй байсан бөгөөд одоо гуравдагч этгээд З.Х*******гийн ээж н.Ча болон Г.Н нар амьдарч байгаа болох нь тогтоогдож байна. 

Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т зааснаар Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 8 дугаар гудамжны 158 тоотын 248 м.кв газрыг Г.Ш*******ийн гэр бүлийн гишүүн болох Р.Б*******, Ш.О******* нараас гадна маргаан бүхий газар амьдарч байгаа иргэдийн хэн аль нь өмчлөх эрхтэй тул нэхэмжлэлийн Р.Б*******, Ш.О******* нарыг хамтран өмчлөгчөөр бүртгэхийг шүүхээс даалгах боломжгүй байна. 

Учир нь маргаан бүхий газрыг нэхэмжлэгч, гуравдагч этгээд болон бусад эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй иргэд өмчлөх эрхтэй талаарх нөхцөл байдлыг тодруулж, холбогдох баримтаа бүрдүүлэн Нийслэлийн Засаг даргад хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй бөгөөд энэ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзлээ. 

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11.-д зааснаар Нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 523 дугаар захирамжийн Г.Ш*******, З.Х******* нарт холбогдох хэсгийг дахин шинэ акт гартал 6 сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй дүгнэлээ. 

 

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1., 5 дугаар зүйлийн 5.1.4., 19 дүгээр зүйлийн 19.1.2.-т заасныг тус тус баримтлан Нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 523 дугаар захирамжийн Г.Ш*******, З.Х******* нарт холбогдох хэсгийг дахин шинэ акт гартал 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6.-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол Нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 523 дугаар захирамжийн Г.Ш*******, З.Х******* нарт холбогдох хэсэг хүчингүй болохыг дурдсугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250 /хоёр зуун тавин/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1–д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Н.ДАМДИНСҮРЭН