Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 468

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Гансугар хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Гүнсэл,  

шүүгдэгч Т.Б-, түүний өмгөөлөгч Н.Цэрэнчимэд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овогт Т-ын Б-д холбогдох эрүүгийн 1810014210470 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1981 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Увс аймгийн Тариалан суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, сантехникч мэргэжилтэй, “Сан комфорт” ХХК-д сантехникч ажилтай, ам бүл 3, аав, ээжийн хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-707 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,

- Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 292 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгүүлж, Багануур дүүргийн шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 37 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 8 сар 2 хоногийн хорих ял эдлэхээс хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, 

- Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 736 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар 3 сар 5 хоног баривчлах ялаар шийтгүүлж, 2015 оны 10 дугаар сарын 13-ны  өдөр хугацаа дуусч суллагдаж байсан, Б- овогт Т-ын Б- /РД:…………………/

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Т.Б- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сан комфорт” ХХК-ны ажлын байранд хохирогч Л.Нямсайханыг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Т.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзсан ба мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: Би 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 4-р хороо “Вива сити” хороололд байрлах “Сан комфорт” ХХК-ны ажлын байрандаа 24 цагийн жижүүрийн үүрэг гүйцэтгэсэн. 08 цаг 15 минутын үед дуудлаганд яваад 11 цагийн үед ЦТП-рүү орж ирэхэд буух ээлжийн слесарь, цахилгаанчин болон надтай хамт үүрэг гүйцэтгэж байсан цахилгаанчин Нямсайхан нар 0.5 литрийн “Хараа” архи хувааж ууж байсан. Тэд надад архи хийж өгөхөөр нь “ажилтай” гэж хэлээд уугаагүй. 12 цагийн үед дахиад дуудлаганд яваад ирэхэд тэд 0.75 литрийн “Хараа” архи хуваагаад ууж байсан ба надад хийж өгөхөөр нь хамт уусан. Ээлжийн буусан хоёр хүн архиа ууж дуусчихаад явсан. 20 цагийн үед дуудлаганд явчаад 21 цагийн үед ЦТП рүү ороход Нямсайхан ах тасарчихсан байхаар нь татаж босгоход согтолт гайгүй нүүр нь шороо болчихсон байсан. Би Нямсайхан ахыг “нүүр гараа угаачихаад ир” гэхэд зүгээр байсан. Хэсэг хугацааны дараа Нямсайхан ах “ганц юм уумаар байна” гэхээр нь “за тэгье” гээд дэлгүүр орж 0.5 литрийн “Хараа” архи ундаатай авч ирсэн. Бид хоёр архиа хувааж уугаад талдаа орж байхад 21 цаг 30 минутын үед дахиад дуудлаганд явчаад ирэхэд Нямсайхан нилээн согтсон сууж байсан. Тэгээд унтах гээд орон дээр хэвтэж байхад Хажаа эгч орж ирээд “та хоёр ажлын байран дээр яагаад архи ууж байгаа юм бэ” гээд загнахад Нямсайхан ах Хажаа эгчтэй маргалдаад байсан. …Нямсайхан ах намайг хэвтэж байхад отверкаар цээжинд хатгахаар нь “болиоч” гэхэд “чамайг нэвт хатгана” гээд баруун гарын хуруунууд болон хэвлийн хэсэгт хатгасан. Би “болиоч” гэж хэлэхэд болихгүй болохоор нь нүүрэн тус газар нь гараараа цохисон. Хэдэн удаа цохисноо санахгүй байна. Би Хажаа эгч рүү залгаад “энэ хүн намайг отверкаар хатгачихлаа” гэхэд “чи гараад машиндаа унтчих” гэж хэлсэн. Би машин руугаа явж байхдаа цагдаа дуудсан…гэх мэдүүлэг /хх-ийн 31-34-р хуудас/,

 

Хохирогч Л.Нямсайханы мөрдөн байцаалтанд өгсөн: 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр намайг ажилдаа ирэхэд Б- согтуу байсан. Орой 19 цагийн үед би ажлынхаа өрөөнд хэвтэж байхад Б- гаднаас орж ирээд утсаар хэрэлдээд байх шиг байсан. Тэгснээ өрөөнд байсан эд зүйлсийг өшиглөөд байхаар нь “нэмж уугаад байгаа юм уу” гэхэд миний нүүр рүү өшиглөсөн. Би өрөөнөөс гараад машины зогсоол дээр байж байхад араас хүрч ирээд намайг цохиод унагаасан. …Миний цээж болон толгой руу өшиглөөд байсан, хэдэн удаа өшиглөснийг мэдэхгүй байна. Гараараа толгой руу нэг удаа цохисон. Миний баруун шанаанд цус хуралттай, баруун талын эрүү хугарсан, нэг шүд хугарсан, цээжний баруун дээд хэсэгт хөндүүртэй байна. …Б-ас 800.000 төгрөг авсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй…гэх мэдүүлэг /хх-ийн 9-10, 36, 38-р хуудас/,

 

Гэрч С.Хажидын мөрдөн байцаалтанд өгсөн: 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 4-р хороо Вива ситид байрлах ажил дээрээ 24 цагийн үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн өдөр цахилгаанчин Нямсайхан, слесарь Б- нар үүрэг гүйцэтгэж байсан. Би 19 цагаас хойш дуудлага өгөх гээд утас руу нь залгахад утсаа авахгүй байхаар нь 21 цаг 30 минутын үед Нямсайхан Б- нартай уулзахаар өрөө рүү нь очиход Б- согтуу сууж байсан. Би “чи яагаад ажлын байран дээр архи уудаг юм” гэхэд Нямсайхан гаднаас согтуу орж ирэхээр нь “та нар яагаад ажлын байран дээр архи уудаг юм бэ” гэхэд Нямсайхан “юу юм та нар” гээд хараалын үг хэлээд над руу агсраад байсан. Арай гайгүй болохоор нь “чи одоо наад буйдан дээрээ унт” гэхэд Нямсайхан “одоо унтлаа” гээд буйдан дээр суухаар нь би өрөө рүүгээ явсан. 23 цагийн үед Б- над руу залгаад “цахилгаанчин чинь над руу агсраад дайраад байна” гэхээр нь “чи наадхаа хаяад машиндаа унт” гэж хэлсэн. Тэгээд над руу залгахгүй болхоор нь машиндаа очоод унтчихсан юм байх гэж бодсон…гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №7210 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Л.Нямсайханы биед дагз ясны хугарал, эрүү ясны баруун сэртэнд үений гадаргуу дайрсан хугарал, зүүн хацар ясны хугарал, баруун чамархайн аалзан хальсны доорх цус хуралт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхи, зүүн хацар, эрүүний зүүн талд зөөлөн эдийн няцрал, хоёр зовхинд цус хуралт, зүүн хацар, эрүүний зүүн доод хэсэгт цус хуралт, зулгаралт, дух, баруун хөмсөг, хамрын нуруу, ооч, баруун тохой, цээжинд зулгаралт, баруун чихний дэлбээ, баруун хацар, баруун тавхайд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй

5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. /хх-ийн 22-р хуудас/,

Хохирогчийн өргөдөл /хх-ийн 5-р хуудас/, хохирлын баримт /хх-ийн 68-69-р хуудас/, хохирол төлсөн баримт /хх-ийн 70-р хуудас/,

Хохирогчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 51-р хуудас/, өвчний түүх /хх-ийн 53-61-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч Л.Цэвээний мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 39-р хуудас/, Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 292 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 41-43-р хуудас/, Багануур дүүргийн шүүхийн Ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах тухай шүүгчийн захирамж /хх-ийн 43-44-р хуудас/, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 736 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 46-47-р хуудас/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 49-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 50-р хуудас/, “Сан комфорт” ХХК-ны тодорхойлолт /хх-ийн 66-р хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Т.Б- нь 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сан комфорт” ХХК-ны ажлын байранд хохирогч Л.Нямсайханыг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

 

Хохирогч Лодонгийн Нямсайханы …Орой 19 цагийн үед намайг ажлынхаа өрөөнд хэвтэж байхад Т.Б- гаднаас орж ирээд утсаар хэрэлдээд байх шиг байсан. Тэрээр өрөөнд байсан эд зүйлсийг өшиглөөд байхаар нь “нэмж уугаад байгаа юм уу” гэхэд миний нүүр рүү өшиглөөд ажлын цамцнаас бариад өшиглөөд байсан. Би гарч гүйгээд машины зогсоол дээр байхад араас хүрч ирээд цохиод унагаасан. …Миний цээж болон толгой руу өшиглөөд байсан, хэдэн удаа өшиглөснийг мэдэхгүй байна. Гараараа толгой руу нэг удаа цохисон…гэх мэдүүлэг /хх-ийн 9-10, 36, 38-р хуудас/,

 

Гэрч Сүхээгийн Хажидын ...Би утсаар цахилгаанчин, слесарь нарт 19 цагаас хойш дуудлага өгөх гээд утас руу нь залгахад утсаа авахгүй байхаар нь 21 цаг 30 минутын үед Л.Нямсайхан, Т.Б- нартай уулзахаар өрөө рүү нь ороход Т.Б- согтуу сууж байсан. …Би “та нар ажлын байран дээр яагаад архи уудаг юм” гэхэд Л.Нямсайхан “та нар юу юм ” гээд хараалын үг хэлээд над руу агсарч байгаад гайгүй болохоор нь “чи одоо наад буйдан дээрээ унт” гэхэд “одоо унтлаа” гээд үлдсэн. 23 цагийн үед Т.Б- над руу залгаад “цахилгаанчин чинь над руу агсраад дайраад байна” гэхээр нь “чи наадхаа орхиод машиндаа унт” гэж хэлсэн…гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №7210 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Л.Нямсайханы биед дагз ясны хугарал, эрүү ясны баруун сэртэнд үений гадаргуу дайрсан хугарал, зүүн хацар ясны хугарал, баруун чамархайн аалзан хальсны доорх цус хуралт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхи, зүүн хацар, эрүүний зүүн талд зөөлөн эдийн няцрал, хоёр зовхинд цус хуралт, зүүн хацар, эрүүний зүүн доод хэсэгт цус хуралт, зулгаралт, дух, баруун хөмсөг, хамрын нуруу, ооч, баруун тохой, цээжинд зулгаралт, баруун чихний дэлбээ, баруун хацар, баруун тавхайд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй

5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэх дүгнэлт /хх-ийн 22-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

           

           Шүүгдэгч Т.Б- хохирогч Л.Нямсайхан нар нь ажлын байрандаа нийлж архидан согтуурсан үедээ маргаж, зүй бус авирласан нь тухайн гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.

 

           Хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчөөгүй байна.  

      

          Шүүгдэгч Т.Б- нь хохирогч Л.Нямсайханы толгой болон цээж рүү өшиглөж зодсоны улмаас хохирогчийн бие махбодид хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийн шинжид хууль зүйн дүгнэлт хийхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд хэргийн бодит байдалд тохирсон гэж үзэв.

 

            Иймд шүүгдэгч Т.Баттулгыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

            Шүүгдэгч Т.Б-, түүний өмгөөлөгч Н.Цэрэнчимэд нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

            Эрүүгийн хариуцлагын талаар

 

            Улсын яллагчаас шүүгдэгч Т.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар 3  жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгчөөс  “шүүгдэгч Т.Б- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн төрсөн эцэг өндөр настай, хүнд өвчтэй байдлыг харгалзан торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн санал гаргав.

          Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших ба тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлах нь зүйтэй.

 

          Шүүгдэгч Т.Б-д ял оногдуулахдаа хохирогчийн эмчилгээний зардлыг нөхөн төлсөн, энэ гэмт хэрэг гарахад хохирогч ажлын байран дээрээ архидан согтуурч агсамнасан зүй бус үйлдэл нөлөөлсөнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамааруулан үзсэн ба шүүгдэгч нь “урьд хүний бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Т.Б-д 2 жил хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

           Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Л.Нямсайханы эрүүл мэндэд хүнд хохирол учирсан ба хохирогч Л.Нямсайхан нь эмчилгээний зардалд 706.049 төгрөг зарцуулсан талаарх баримт /хх-ийн 68-69-р хуудас/ ирүүлжээ.

            Шүүгдэгч Т.Б- нь 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хохирогч Л.Нямсайханд 800.000 төгрөг төлсөн /хх-ийн 70-р хуудас/ байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Шүүгдэгч Т.Б- цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний баримт бичиг хэргийн хамт ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.