Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2022/00760

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2022/00760

 

 

 

Б.О-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2022/00185 дугаар шийдвэртэй

Б.Оы нэхэмжлэлтэй Г.О-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 5,400,000 төгрөг гаргуулах тухай үндсэн, 4,443,500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.О, хариуцагчийн өмгөөлөгч Б.Майдри, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Миний бие Г.Оы хүсэлтээр 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 16,500,000 төгрөгийг боломжоороо өгч дуусгахаар сарын 4.5 хувийн хүүтэй гэрээг бичгээр баталж зээлүүлсэн. Мөн миний Т.Лхамд зээлдүүлсэн 5,000,000 төгрөгийг хүүг нь өгнө гээд надад хэлэлгүйгээр авч, нийт 21,500,000 төгрөг авсан. 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 1,700,000 төгрөг, 500,000 төгрөг, 2,500,000 төгрөг буюу нийт 4,700,000 төгрөг өгөөд зээл дууссан, зээлийн хүүгээ зогсоосон биз дээ гэж хэлсэн. Би түүнд хүү авахгүй, зогсоосон гэж хэлээгүй. Бид Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу харилцан эрх, үүрэг хүлээж гэрээний эрх зүйн харилцаанд орсон, хариуцагч нь 21,500,000 төгрөгийн зээл төлөхөөс 3,000,000 төгрөгийг бараагаар, 2018 онд 8,000,000 төгрөг, 2019 онд 200,000 төгрөг, 2020 онд 200,000 төгрөг, 2021 онд 4,700,000 төгрөг, нийт 16,100,000 төгрөг өгсөн тул үлдэх 5,400,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Миний бие Б.О-оос нийт 21,500,000 төгрөг зээлж авсан боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсанчлан 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 16,500,000 төгрөгийг сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлээгүй. Учир нь 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 10,000,000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 5,000,000 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 1,500,000 төгрөг, нийт 16,500,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.О-оос зээлж авсан ба 2015 оны 09 дүгээр сард 5,000,000 /Т.Лхамаас шилжүүлэн авсан/ төгрөгийг зээлж, нийт 21,500,000 төгрөг зээлсэн. Хэрэв нэхэмжлэгч нь 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 21,500,000 төгрөгийг зээлдүүлсэн гэж үзэж байвал үүнийг нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөх учиртай.

Мөн хариуцагч нь 21,500,000 төгрөгийг зээлэхдээ нэхэмжлэгчтэй сарын 4.5 хувийн хүү тохиролцоогүй, талууд хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй ба аман хэлцэл хийж зээлсэн. Талуудын зээлийн хүү тохиролцоогүй болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд бичсэн хүүгийн тооцооллоор нотлогдоно.

Б.О-ы шүүхэд ирүүлсэн 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Г.О-д мөнгө зээлдүүлсэн гэх баримт нь нийт 21 500 000 төгрөгөөс АНУ-с ирсэн мебель сийлбэртэй оёдлын машиныг 1,000,000 төгрөгөөр тооцон суутгасан болохыг илэрхийлсэн. Учир нь 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр талууд зээлийн төлөлт, үлдэгдлийн талаар тооцоо нийлээгүй, тухайн өдөр зээлийн үлдэгдэл төлбөр 20,500,000 төгрөг байгаагүй болох нь шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн төлбөрийн баримтууд болон дансны хуулгаар нотлогдоно.

Г.О нь нэхэмжлэгчээс зээлсэн 21,500,000 төгрөгийг мөнгөн хөрөнгө, эд хөрөнгө оролцуулан бүхэлд нь буцаан төлсөн бөгөөд зарим тохиолдолд өөрийн эгч Г.Цэцэгээ, дүү н.Нямцэцэг болон охиноороо төлүүлж байсан ба 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2020 оныг дуустал нийт 27,629,500 төгрөгийг буцаан төлсөн тул нэхэмжлэгчид төлөх зээлийн үлдэгдэл төлбөргүй.

Нэхэмжлэгч нь өөрийн охин А.Одонтуяагийн Хаан банк ХХК дахь 5015110002 тоот дансаар дамжуулан зээлийн эргэн төлөлтийг тогтмол авч байсан ба тус дансанд нийт 4,875,000 төгрөгийг, 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэгчийн Төрийн банк ХХК дахь 103300460256 тоот дансанд 1,500,000 төгрөгийг тус тус төлсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Бидний хооронд олон удаагийн зээлийн харилцаа үүссэн. 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Б.О-оос 10,000,000 төгрөгийг 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр, сарын 5 хувийн хүүтэй зээлсэн, энэ тохиролцоогоор хүүд 3,000,000 төгрөг төлөх байсан. 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 10,000,000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 5,000,000 төгрөг, нийт 15,000,000 төгрөгийн хүүд 2,700,000 төгрөг өгөхөөр тохиролцсон. 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Б.Оы мөнгийг Т.Лхамаас дамжуулан зээлсэн 5,000,000 төгрөгийн хүүд 500,000 төгрөг төлөх байсан. 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 5,000,000 төгрөг зээлсэн. 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 1,500,000 төгрөг зээлсэн бөгөөд 3 сарын хүү 202,500 төгрөг төлөхөөр тохиролцсон.Г.О нийт 31,500,000 төгрөг зээлж, 42,346,000 төгрөг буцаан төлсөн. Мөнгө зээлэх бүрдээ зээлийн хүү, хугацаа тохирч байгаагүй. Харин 2016 оны 09 дүгээр сарын 01, 03-ны өдрүүдэд талууд гар бичмэл үйлдэхэд сүүлийн 4 зээлийн хүү 3,327,000 төгрөг байхаар тохирсон. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-т зааснаар Г.О, Б.Отой хүү тохиролцсон зээлийн гэрээг бичгээр байгуулж, хүүгийн хэмжээ, хүү төлөх хугацааг тохиролцоогүй, хүү төлөх үүрэг Г.О-д үүсээгүй, 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 1,700,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд 1,443,500 төгрөг илүү төлөгдсөн, 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 2,500,000 төгрөг буюу нийт 4,443,500 төгрөгийг үндэслэлгүйгээр төлсөн тул буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаардаж байна гэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан татгалзал, тайлбарын агуулга: Миний бие Г.О-той 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр тооцоо нийлж, 21,500,000 төгрөгийн өр байгааг тохиролцон, тэр өдрөө надад оёдлын машиныг 1,000,000 төгрөгт тооцон өгч, 20,500,000 төгрөг төлнө гэсэн бичгийн баримтыг үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулсан. Үүний дагуу Г.О нь 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд 15,100,000 төгрөгийг төлсөн, 5,400,000 төгрөг үлдсэн тул сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Г.О-оос 5,400,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Од олгож,

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Б.Ооос 4,443,500 төгрөг гаргуулахыг хүссэн хариуцагч Г.О-ы сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238,700 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,050 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 101,350 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Од олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагч талын давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ маргааны үйл баримт болон хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

6.а.Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 282.4 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэж, талуудын хооронд 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан мэтээр тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт Зохигчид удаа дараагийн зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй боловч тооцоо нийлж, төлөх үндсэн зээл болон хүүгийн төлбөрийг тохиролцож байсан..., Улмаар 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр дээрхийн адил тооцоо нийлж ...баталгаажуулан гарын үсэг зурсан нь Иргэний хуулийн 43.2.1-д заасантай нийцсэн ... хэмээн дурдсан нь хууль зүйн үндэслэлгүй.

Нэхэмжлэгчийн өгсөн 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Г.О-д мөнгө зээлдүүлсэн гэх баримт нь хүү тогтоосон зээлийн гэрээ биш бөгөөд 1,000,000 төгрөгийн төлбөрийг эд хөрөнгөөр төлснийг баталгаажуулсан баримт байтал анхан шатны шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсгийг зөрчиж хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулсан мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй.

 

6.б.Зээлийн гэрээгээр тухай бүр зээлийн хүү болон хугацааг тохиролцоогүй ч 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн хооронд нийт 31,500,000 төгрөгийг нэхэмжлэгчээс зээлж, 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 42,346,000 төгрөгийг буцаан төлсөн. Шүүх талуудын хооронд үүссэн зээлийн гэрээний харилцааг огт дүгнээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

Талуудын хооронд ямар хугацаанд хэдэн удаагийн зээлийн харилцаа үүсч, зээлдэгч нь зээлдүүлэгчид хэдэн төгрөгийг буцаан төлсөн болох, зээл, зээлийн хүүний тооцоололд дүгнэлт хийлгүй орхигдуулж, нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд үүссэн харилцаа болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүрэн дүүрэн үнэлээгүй.

Шүүх хэрэгт авагдсан дээрх баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасанд нийцүүлэн үнэлээгүй, хэт нэг талыг барьж нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн 5,400,000 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй.

 

6.в.Шүүх Иргэний хуулийн 193 дугаар зүйлийн 193.1 дэх хэсэгт заасныг хэрэглэх ёстой байсан. Мөн Иргэний хуулийн 212 дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн эхний үүрэгт тооцон мөнгө төлсөн үйл баримтыг харгалзаж үзээгүй.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч сөрөг нэхэмжлэлээ хуулийн хугацаанд гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэгчид 10,846,500 төгрөгийг илүү төлсөн хэдий ч түүнтэй хийсэн аман хэлэлцээрийн дагуу 4,443,500 төгрөгийг буцаан шаардсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

7. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар 5,400,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн, талуудын тооцоо нийлж гарын үсэг зурсан баримтыг Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан бол бичгээр хэлцэл хийсэн гэж үзнэ гэсний дагуу тооцоо нийлж, зээлийн үлдэгдлийг тохирсон гэж дүгнэж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй бөгөөд шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянасан болно.

 

2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

3. Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Г.Од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,400,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, илүү төлсөн 4,443,500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

3.а. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ миний бие 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд хариуцагч Г.О-д нийт нийт 21,500,000 төгрөгийг зээлдүүлсэн, хариуцагч нь гэрээний үүрэгт эд хөрөнгө болон мөнгө оролцуулан нийт 16,100,000 төгрөгийг төлсөн тул үлдэх 5,400,000 төгрөгийг гаргуулна гэснийг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгчээс нийт 31,500,000 төгрөг зээлж, 42,346,000 төгрөгийг буцаан төлсөн тул илүү төлсөн 4,443,500 төгрөгийг гаргуулна гэж сөрөг нэхэмжлэл гаргасан байна. /хх1-2, 89/

 

3.б. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангав. /6.б./

 

Тодруулбал, нэхэмжлэгч нь хариуцагчтай зээлийн гэрээний үлдэгдлийг баталгаажуулсан гэж тооцоо нийлсэн баримтыг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож байх боловч хариуцагч нь уг баримтыг няцааж мөнгөн шилжүүлгийн баримтуудыг нотлох баримтаар гаргажээ. Гэвч анхан шатны шүүх энэ талаар талуудыг хангалттай мэтгэлцүүлээгүй, маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

4. Түүнчлэн, талууд зээлсэн мөнгөн дүнгийн талаар харилцан зөрүүтэй тайлбар гаргасан буюу нэхэмжлэгч нь 4 удаагийн зээлийн гэрээгээр 21,500,000 төгрөг зээлсэн гэж, хариуцагч нь 5 удаагийн зээлийн гэрээгээр 31,500,000 төгрөг зээлсэн гэж тус тус тайлбарласныг анхан шатны шүүх тодруулж талуудыг мэтгэлцүүлээгүйгээс маргааны үйл баримт тодорхой бус үлджээ. Энэ тохиолдолд давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй.

 

5. Иймд дээрх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2022/00185 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч талаас төлсөн 172,446 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ