Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 472

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Жаргалсайхан,

шүүгдэгч Б.Г- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М- овогт Б-ын Г-эд холбогдох эрүүгийн 1810018430549 дугаар хэргийг 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Электроникийн инженер мэргэжилтэй, “Оюу толгой” ХХК-ны Мэдээлэл технологийн хэлтсийн радио техникч ажилтай, Багануур дүүргийн 3 дугаар хороо Наран хороололын 33 дугаар байрны 11 тоотод бүртгэлтэй боловч одоо Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороолол 7 дугаар хороо 3 дугаар байрны 66 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, М- овогт Б-ын Г- /РД:……………/

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Б.Г- нь 2018 оны 08 дугаар сарын 03-ны шөнө 03 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зайсан Хилл” цогцолборын гадна талбайд Г-тай маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Б.Г-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

            Хохирогч Б.Гантулгын мөрдөн байцаалтанд өгсөн: …Би 2018 оны 08 дугаар сарын 03-ны шөнө 00 цаг өнгөрч байхад Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зайсан Хилл” цогцолборын 2 дугаар давхарын клубд “Оюу толгой” ХХК-нд хамт ажилладаг Ганхүүгийн төрсөн өдрийн арга хэмжээнд очсон. Уг арга хэмжээнд Өлзийбаяр, Тэлмүүн, Г-, Энхзориг нар байсан. Тэд 2 шил уусан гээд сууж байсан. Бид 750 граммын савлагаатай “Жэйк Даниэйлс” виски 2 шилийг уугаад бүжиглэсэн. Арга хэмжээ тарахын үед буюу шөнө 02 цагийн үед Энхзориг бид хоёр хөдөө байхдаа нэг өрөөнд хамт амьдардаг байсан тухайгаа ярьсан. Гэтэл Ганзориг хажуунаас “чи Энхзоригийг яаж байгаа юм бэ” гээд байсан. Г-, Энхзориг хоёр явах гээд клубээс түрүүлээд гарсан. Би Ганхүүтэй хамт тооцоо хийчихээд гарч ирэхэд Г-, Энхзориг хоёр намайг харангуутаа “чи ямар том болсон юм бэ, яагаад байгаа юм бэ” гэсэн утгатай зүйл яриад над руу дайрсан. Тэр үед Ганхүү дундуур орж салгаж байснаа “эр хүмүүс байна өөрсдөө учраа олцгоо” гээд биднийг орхиод явсан. Тэгтэл Г- миний өмсөж явсан куртикний мөрнөөс татаад газар унагааж хамар, дух, уруул орчим руу 3-4 удаа өшиглөтөл хамарнаас цус гарсан. Ганхүү, Өлзийбаяр хоёр ирж Г-ийг надаас салгаж холдуулаад Өлзийбаяр намайг Гэмтлийн эмнэлэг рүү дагуулж явсан. Миний уруулын дээд хэсэгт 3 оёдол тавьсан. Мөн дух хамарны халцарсан хэсгүүдэд метилин түрхэж өгөөд зураг авахуулаарай гэсэн. Г- нь намайг зодож байхад миний нүдний шил унаж хагараад рам нь эвдэрсэн. Мөн “Fossil” брэндийн ухаалаг цагны нүүр хагарсан. Би харааны нүдний шилээ “Хаппи Оптик” нүдний шилний газраас 2018 оны 05 дугаар сард 270.000 төгрөгөөр худалдан авч байсан. Уг шилний рам нь 150.000 төгрөг, хамелон шил нь 120.000 төгрөгний үнэтэй. “Fossil” брэндийн ухаалаг цагийг 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Amazo.com худалдааны сайтаас 137 доллараар худалдан авч байсан. Цагний нүүрийг сольж засах боломжгүй. Г- нь надад 800.000 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэх зүйлгүй…гэх мэдүүлэг /хх-ийн 6-9-р хуудас/,

 

Гэрч Д.Ганхүүгийн мөрдөн байцаалтанд өгсөн: …Би 2018 оны 08 дугаар сарын 03-ны шөнө 00 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Зайсан Хилл” цогцолборын 2 дугаар давхарт байрлах “Ион” клубд “Оюу толгой” ХХК-нд хамт ажилладаг Өлзийбаяр, Энхзориг, Г-, Тэлмүүн нарын хамт төрсөн өдрөө тэмдэглэсэн. Биднийг клубд ороод удаагүй байхад Г- ирсэн. Бид нар 0,75 граммын савлагаатай “Жэйк Данэйлс” виски 2 шилийг уугаад бүжиглэсэн. Шөнө 03 цагийн үед бүжгийн талбай дээр бүжиглэж байхад тус клубын хамгаалагч нар Г-, Гантулга, Энхзориг гурвыг клубээс гаргасан. Өлзийбаяр бид хоёр араас нь гартал Энхзориг, Гантулга хоёр клубын коридорт өөрсдийн урьдны харилцааны талаар яриад маргалдсан. Гантулга Г-эд хандаж “чи Энхзориг бид хоёрыг маргалдаж байхад дундуур орж ирлээ, чамд хамаагүй асуудал” гээд нилээн удаан маргалдсан. Би тэднийг салгаад гадагшаа авч гараад Г-, Гантулга хоёр өмнө ярьсан асуудлаа дахиж яриад маргалдаад эхэлсэн. Г- нь Гантулгыг баруун гараараа толгойг нь уургалж мушгиад газар унагаачихаад, зүүн гараараа Гантулгын нүүр орчимд 2-3 удаа цохисон. Би тэр хоёрыг дахин салгасан. …Гантулгын хамар нь халцараад цус гарсан байдалтай харагдаж байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/,

 

Гэрч Б.Энхзоригийн мөрдөн байцаалтанд өгсөн: … Би 2018 оны 08 дугаар сарын 03-ны шөнө 00 цагийн үед “Оюу толгой” ХХК-нд хамт ажилладаг Г-, Гантулга, Өлзийбаяр, Тэлмүүн нарын хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Зайсан Хилл” цогцолборын 2 дугаар давхарт байрлах “Ион” клубд Ганхүүгийн төрсөн өдрийг тэмдэглэсэн. …Гантулга надаас 2 насаар ах болохоор би түүнийг хүндэлж “ахаа” гэж дууддаг байсан. Тухайн өдөр би Гантулгыг “ахаа” гэж дуудалгүй, Ганхүүг “ахаа” гэж дуудсан. Тэгтэл Гантулга намайг “чи өөрчлөгдсөн, албан тушаал ахиад намайг ахаа гэж дуудахаа больсон байна” гээд гомдлоод байсан. Би түүнд 30 орчим минут тайлбарласан боловч тэрээр ойлгохгүй байсан. Би “энэ яриагаа больё” гээд бүжиглэж байгаад буцаад ширээн дээрээ ирэхэд Гантулга дахиад л нөгөө яриагаа үргэлжлүүлээд байхаар нь бага зэрэг маргалдсан. …Г- бид хоёр Гантулгатай баарнаас гарахад Гантулга, Г- хоёр хоорондоо маргалдсан. Гантулга “та нар том болчихож” гээд байсан. …Би утсаар ярьчихаад буцаад ирэхэд Гантулгын хамарнаас нь бага зэрэг цус гараад, хамар нь халцарсан байдалтай харагдсан…гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/,

 

Гэрч Г.Өлзийбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: …Би бүжиглэж байгаад ширээн дээрээ ирээд суухад Гантулга, Г- хоёр барьцалдаж авсан. Тэр үед клубын хамгаалагч нар ирээд биднийг клубээс гаргасан. Би клуб руу буцаж ороод гадуур хувцсаа аваад гарч ирэхэд Г-, Гантулга хоёр маргалдаад зогсож байсан. Эргээд хартал Гантулга газар унасан, түүний дээрээс Г- гараараа цээжин дээр нь дарсан байхаар нь Ганхүү бид хоёр салгасан. Гантулгын хамар, дух халцараад, хамарнаас нь цус гараад хавдсан байдалтай харагдаж байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №9496 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Б.Гантулгын биед духанд зулгарсан шарх, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, хамрын нуруунд зулгарсан шарх, эрүүнд мэс заслын оёдол бүхий шарх, дээд уруулын дотор салсад язралт, зүүн тохойн дотор хэсэг, зүүн өвдөгний дотор хэсгүүдэд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 19-р хуудас/,

 

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-6-р хуудас/,

Хохирогчийн өргөдөл /хх-ийн 3-р хуудас/, хохирлын баримт /хх-ийн 40-р хуудас/,

“Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээ /хх-ийн 23-25-р хуудас/,

 Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 37-р хуудас/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 33-р хуудас/, гэрлэлт бүртгэлгүйн тухай лавлагаа /хх-ийн 34-р хуудас/, Багануур дүүргийн 3-р хороо Наран хороололын 33-р байрны 11 тоотод оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 35-р хуудас/,  төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 36-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 38-р хуудас/, гэрч Б.Бэгзсүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 53-р хуудас/, гэрч Т.Төмөр-Очирын мэдүүлэг /хх-ийн 54-р хуудас/, “Оюу толгой” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 55-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 56-р хуудас/,

Шүүгдэгч Б.Г-ийн мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: …Би 2018 оны 08 дугаар сарын 03-ны шөнө 00 цагийн үед найз Гантулга, Энхзориг, Тэлмүүн, Өлзийбаяр, Ганхүү нарын хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зайсан Хилл” цогцолборын 2 давхарт байрлах “Ион” клубд Ганхүүгийн төрсөн өдрийг тэмдэглэсэн. Бид клубд 750 граммын савлагаатай “Жэйк Данэйлс” виски 2 шилийг хувааж уусан. Тэлмүүн удалгүй “харьлаа” гээд явсан. Клубд байхад Гантулга Энхзоригтой маргалдах гээд үг сөргөөд байсан. Би тэр хоёрын маргааныг зогсоох гээд дундуур нь ортол Гантулга “та хоёр ямар том болсон юм бэ” гээд уурлаад над руу дайрахад клубын хамгаалагч нар Гантулгыг аваад гарсан. Тухайн үед шөнө 03 цаг болж байсан байх. Клубын гадаа Гантулга дахиад Энхзориг бид хоёртой маргалдаад “та хоёр ямар том болсон юм бэ” гээд байсан. …Гантулга намайг цохих гэхээр нь бултахад тэрээр хий цохисон ба дахиад цохих гээд байхаар нь би баруун гараараа заамдаад хувцасных нь энгэрээс зуурч мушгиад газар унагаасан. Тэгээд би түүний нүүр рүү нь зүүн гараа атгаж байгаад 2-3 удаа цохиход Гантулгын хамарнаас цус гарсан. Би Гантулгын хохиролд 800.000 төгрөгийг төлж барагдуулсан…гэх мэдүүлэг /хх-ийн 51-52-р хуудас/ зэрэг болно.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Г-эд холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэрэгт цугларсан баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шилжлэн судалж дүгнэхэд:

 

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

 

Шүүгдэгч Б.Г- нь 2018 оны 08 дугаар сарын 03-ны шөнө 03 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зайсан Хилл” цогцолборын гадна талбайд хохирогч Г-тай маргалдаж, улмаар түүнийг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Б.Гантулгын …Би Ганхүүтэй хамт тооцоо хийчихээд гарч ирэхэд Г-, Энхзориг хоёр намайг харангуутаа “чи ямар том болсон юм бэ, яагаад байгаа юм бэ” гэсэн утгатай зүйл яриад над руу дайрсан. Тэр үед Ганхүү дундуур орж салгаж байснаа “эр хүмүүс байна өөрсдөө учраа олцгоо” гээд биднийг орхиод явсан. …Г- миний өмсөж явсан куртикний мөрнөөс татаад газар унагааж хамар, дух, уруул орчим руу 3-4 удаа өшиглөтөл хамарнаас цус гарсан…гэх мэдүүлэг /хх-ийн 6-9-р хуудас/,

 

Гэрч Д.Ганхүүгийн …Шөнө 03 цагийн үед бүжгийн талбай дээр бүжиглэж байхад тус клубын хамгаалагч нар Г-, Гантулга, Энхзориг гурвыг клубээс гаргасан. Өлзийбаяр бид хоёр араас нь гартал Энхзориг, Гантулга хоёр клубын коридорт урьдны харилцааны талаар яриад маргалдсан. Гантулга Г-эд хандаж “чи Энхзориг бид хоёрыг маргалдаж байхад дундуур орж ирлээ, чамд хамаагүй асуудал” гээд нилээн удаан маргалдсан. Би тэднийг салгаад гадагшаа авч гарахад Г-, Гантулга хоёр өмнө ярьсан асуудлаа дахиж яриад маргалдаад байсан. Г- нь Гантулгыг баруун гараараа толгойг нь уургалж мушгиад газар унагаачихаад, зүүн гараараа нүүр орчимд 2-3 удаа цохисон…гэх мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/,

 

Гэрч Б.Энхзоригийн …Гантулга надаас 2 насаар ах болохоор би түүнийг хүндэлж “ахаа” гэж дууддаг байсан. Тухайн өдөр би Гантулгыг “ахаа” гэж дуудалгүй, Ганхүүг “ахаа” гэж дуудсан. Тэгтэл Гантулга намайг “чи өөрчлөгдсөн, албан тушаал ахиад намайг ахаа гэж дуудахаа больсон байна” гээд гомдлоод байсан. Би түүнд 30 орчим минут тайлбарласан боловч тэрээр ойлгохгүй байсан. … Гантулга, Г- хоёр хоорондоо маргалдаад Гантулга “та нар том болчихож” гээд байсан. …Би утсаар ярьчихаад буцаад ирэхэд Гантулгын хамарнаас нь бага зэрэг цус гараад, хамар нь халцарсан байдалтай харагдсан…гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/,

 

Гэрч Г.Өлзийбаярын …Эргээд хартал Гантулга газар унасан, түүний дээрээс Г- гараараа цээжин дээр нь дарсан байхаар нь Ганхүү бид хоёр салгасан. Гантулгын хамар, дух халцараад, хамарнаас нь цус гараад хавдсан байдалтай харагдаж байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №9496 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Б.Гантулгын биед духанд зулгарсан шарх, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, хамрын нуруунд зулгарсан шарх, эрүүнд мэс заслын оёдол бүхий шарх, дээд уруулын дотор салсад язралт, зүүн тохойн дотор хэсэг, зүүн өвдөгний дотор хэсгүүдэд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 19-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч Б.Г- нь хохирогч Б.Гантулгын нүүрэнд цохиж хөнгөн хохирол учруулсан үйл баримтанд дүгнэлт хийхэд Монгол улсын Үндсэн хууль Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийг шинжийг хангаж байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.Г- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй, хохирогч Г- нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй тухайгаа илэрхийлсэн /хх-ийн 60-р хуудас/, эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаарх хүсэлтээ шүүгдэгч нь илэрхийлснээр /хх-ийн 59-р хуудас/ 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 96 дугаартай прокурорын саналаар Б.Г-эд холбогдох эрүүгийн 1810018430549 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохицуулалтад нийцсэн байна.

 

Иймд шүүгдэгч Б.Г- нь хохирогч Б.Гантулгыг зодож хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь нотлогдож байх тул гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Б.Г- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. 

 

   Шүүхээс шүүгдэгч Б.Г-эд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 төгрөгөөр торгох ялын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрч байгаагаа шүүх хуралдаанд илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

           Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Г-эд мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

 

 Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

            Хохирогч Г- нь эмчилгээний зардалд зарцуулсан гэх 189.500 төгрөгийн баримт /хх-ийн 40-р хуудас/ гаргасан боловч хохирогч нь “…Б.Г-ээс эмчилгээний зардалд 800.000 төгрөг авсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” /хх-ийн 50-р хуудас/ гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлжээ.

            Иймд шүүгдэгч Б.Г-ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Г- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдав.