Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 479

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Эсэн,  

хохирогч Ү.Н-,

шүүгдэгч Б.Б- өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцож тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овогт Б-лын Б-д холбогдох эрүүгийн 1810017040523 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Тэсо” ХХК-нд төслийн менежер ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүрэг 2 дугаар хороо Парк хаус хотхоны 101 дүгээр байрны 19 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б- овогт Б-лын Б- /РД:66666666666666/

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Б.Б- нь 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 101 дүгээр байрны 19 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогч Ү.Н-г зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын гаргасан мэдүүлэг болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Б- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Тайвань улсаас Төрийн бус байгууллагын хүмүүс манай гэрт ирж надад тэтгэлэг гардуулахаар ярьсан юм. Зочид ирэх гэж байгаа тул хоол цай бэлдэе гээд ээжийг дуудсан. Би аягаа угааж байхад манай хүүхэд ирээд хөлд зууралдаад байсан. Ээж Ү.Н-г “хүүхдээ авч байгаач” гэхэд “би хүүхдээ байнга авдаг шүү дээ” гэж уурлаад ээжтэй маргалдсан. Ү.Н- цахилгааны уртасгагч залгуураар миний толгой руу шахуурдаж нүдний шилийг маань хагалсан. Мөн манай ээжийг “нөхрөө алсан ганц бие авгай” гэж хэл амаар доромжилж гэрээс хөөсөн. Тэгээд би ирэх гэж байсан зочдоо Баянмонгол хороололд байрлах дүүгийнхээ гэрт хүлээж авсан. Ү.Н- гэрт ирэх зочид болон настай ээжийг минь үл хүндэтгэсэн гэв.

Хохирогч Ү.Н- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 17 цагт манай гэрт Тайвань улсын Төрийн бус байгууллагын хүмүүс ирж Б.Б-д тэтгэлэг гардуулах гэж байсан. Би хүүхдүүдээ өдөр бүр 14 цагийн үед байнга унтуулдаг. Манай хоёр хүүхэд унтахгүй байхаар нь унтуулах гээд хэвтэж байсан. Гэтэл хадам ээж гаднаас орж ирээд “даварсан хүүхэн” гээд хэл амаар доромжилж байхад нь би дуугүй л байсан. Гаднаас хүн орж ирэхээр манай хоёр хүүхэд босч гүйгээд нэг нь аавыгаа аяга угааж байхад хөлнөөс нь зууралдаад байсан. Хадам ээж намайг “чи хүүхдээ аваач” гэхээр нь “танай хүүхэд 1 жил гадагшаа явж сурсан. Би хүүхдээ төрсөн үеэс нь ганцаараа өсгөж ирсэн. Намайг аяга угааж байхад миний хөл доор байж л байдаг. Ямар сүртэй юм. Таны ингэж амьдрах чинь ойлгомжтой юм байна” гэж хэлэхэд чанга дуугаар хашгичаад намайг зодох гээд дайраад байсан. Б.Б- газраас цахилгааны залгуур авахад хадам ээж “наад матраа ороолго” гэхэд Б.Б- намайг цахилгааны залгуураар ороолгосон. Би цахилгааны залгуурыг нь булаацалдаж аваад  Б.Б-ыг цохиход нүдний шил нь хагарсан. Би “цагдаа дуудъя” гэхэд Б.Б- ээжтэйгээ хамт хоёр хүүхдээ аваад гарсан. Тэгснээ буцаж орж ирээд бага хүүхдээ үлдээгээд явсан. Б.Б- ээжийнхээ хэлсэн үгийг заавал биелүүлэх ёстой мэт ойлголттой байдаг. Урьд нь Б- намайг зодож байгаагүй. Бид хоёрын буруутай үйлдлээс болж ийм үйлдэл гарсан гэв.  

Хавтаст хэргээс:

Шүүгдэгч Б.Б- мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: …2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 2-р хороо хороо, Парк хаус хотхоны 101 дүгээр байрны 19 тоот гэртээ эхнэр Ү.Н-, ээж Х.Гэрэлтуяа болон хүүхдүүдийн хамт байсан. Би Ү.Н-той аяга таваг угаах, хүүхэд авах асуудлын улмаас маргалдсан. Тэр өдөр манайд Тайвань улсын Төрийн бус байгууллагын ажилтнууд надад тэтгэлэг гардуулж өгөхөөр ирэх байсан. Би зочид ирэхэд бэлдээд аяга тавгаа угааж байхад бага хүүхэд маань хөлнөөс зуураад тэврүүлэх гээд уйлаад байсан. Энэ байдлыг харсан ээж Х.Гэрэлтуяа нь эхнэр Ү.Н-д “чи хүүхдээ аваач” гэхэд тэрээр уурлаад ээж Х.Гэрэлтуяатай маргалдаад, хоёр биенийхээ энгэрээс зуурч байснаа Ү.Н- ээж Х.Гэрэлтуяагийн зүүн гарын бугалга руу 2-3 удаа цохисон. Би “боль” гээд ээжийг татаж салгасан. Тэгтэл Ү.Н- цагаан өнгийн залгуураар миний зүүн хацар руу шавхуурдаад, нүдний шилний дээд хэсэг эмтрээд шилний зүүн гар нь хугарч, зүүн хацарт улаан гүвдрүү үүссэн. Миний уур хүрээд цагаан өнгийн залгуураар Ү.Н-гийн хөл, гуя руу нь 3-4 удаа ороолгосон. Ү.Н- орилж хашгираад байхаар нь ширээн дээр зассан зүйлсээ цүнхлээд том охиноо аваад ээж Х.Гэрэлтуяагийн хамт дүүгийнхээ гэр рүү явсан. Ү.Н- “би та хоёрын дууг гар утсан дээрээ бичсэн байгаа, одоо интернэтээр зурагтай чинь цацна” гэхэд ээж Х.Гэрэлтуяа Ү.Н-той гар утсыг нь булаацалдсан…гэх мэдүүлэг /хх-ийн 38-р хуудас/,

Хохирогч Ү.Н-гийн мөрдөн байцаалтанд өгсөн: …2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Б.Б- бид хоёр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо Парк хаус хотхоны 101 дүгээр байрны 19 тоот гэртээ Тайвань улсаас ирэх зочдыг хүлээн авах гэж байхад хадам ээж Х.Гэрэлтуяа 15 цагийн үед манайд ирсэн. Тухайн үед нөхөр Б.Б- аяга угааж байхад хадам ээж Х.Гэрэлтуяа “чи манай хүүхдээр дандаа аягаа угаалгаж байх юм, чи наад хоёр хүүхдээ авч байгаач, хүүхдүүд чинь хүүгийн минь хөлд орооцолдоод байх юм” гэхээр нь “юун сүртэй юм бэ, би хоёр хүүхдээ аваад гэрийнхээ ажлыг хийж байдаг шүү дээ, за алив аягаа би өөрөө угаачихъя, яагаад танай хүүхэд аяга угааж болдоггүй юм бэ, бид хамт амьдарч байгаа хүмүүс шүү дээ” гэхэд “чам шиг матрын аягыг угаах гэж манай хүү ирээгүй, чи миний хүүгийн мөнгөөр амьдардаг биз дээ” гээд хэл амаар доромжилсон. Би хадам ээж Х.Гэрэлтуяад “та одоо манай гэрээс яв” гэхэд “би чам шиг матраар хөөлгөхгүй, чи намайг хөөдөг хэн юм бэ, чи миний хүүгийн цамцыг ч угааж өгдөггүй биз дээ” гэж хэлээд миний зүүн мөр орчим руу гараараа нэг удаа цохисон. Би “хөөе цаашаа бай, та яв, манай гэрт хэрүүл хийгээд байх юм” гээд гэрээсээ хөөсөн. Тэгтэл Б.Б- намайг цохих гээд гараа далайхаар нь айгаад орилтол хадам ээж Х.Гэрэлтуяа “энэ жүжигчин матар байна, наадахаа зодоод өг” гэхэд Б.Б- намайг үсдэж газар унагаад, цахилгааны уртасгагчаар миний зүүн гарын шуу, зүүн гуя, өгзөг рүү 6-7 удаа, цахилгааны утсаа тасартал ороолгосон. Тэр үед хадам ээж Х.Гэрэлтуяа “наадахаа сайн ороолгоод өг” гээд зогсож байсан. Би Х.Гэрэлтуяа, Б.Б- хоёрт “та нарын ямар авир гаргаж намайг зодож байгааг чинь гар утсан дээрээ бичлэг хийж байгаа” гэхэд хадам ээж Х.Гэрэлтуяа миний гар утсыг булааж аваад том өрөө рүү орсон. Би утсаа авах гэтэл Б.Б- миний үснээс зулгаагаад унтлагын өрөөний үүд рүү чирэхэд хадам ээж Х.Гэрэлтуяа миний шаргал өнгийн “Huawai J5” маркийн гар утасны нүүрийг хагалчихаад над руу шидсэн. …Миний зүүн гарын шууны дотор тал, зүүн гуяны гадна хэсэг, өгзөг орчимд цахилгааны утсаар ороолгуулсаны улмаас улаан гүвдрүү шарх үүссэн. …Хадам ээж Х.Гэрэлтуяа над руу орилж хашгираад дайраад байхаар нь “та иймдээ нөхрийнхөө толгойг залгисан байх” гэж хэлээд түүнийг өөрөөсөө холдуулахын тулд хоёр гараараа цээж рүү нь түлхсэн. Түүнээс Х.Гэрэлтуяаг зодож цохисон зүйл байхгүй…гэх мэдүүлэг /хх-ийн 10-11, 42-р хуудас/,

Гэрч Х.Гэрэлтуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: …Би 2018 оны 07 дугаар сарын 09-ний орой 17 цагийн үед хүү Б.Б-ы Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 101 дүгээр байрны 19 тоот гэрт нь очиход тэрээр ханиаж найтаагаад аяга угаагаад зогсож байсан. Харин түүний эхнэр Ү.Н- хоёр хүүхэдтэйгээ унтаж байсан. Б.Б-ыг аяга угааж байхад 10 сартай бага охин нь уйлахад тэрээр хүүхдээ тэврээд тоглоомын хажууд суулгачихаад аягаа үргэлжлүүлээд угаасан. Тэгтэл охин нь аавыгаа юм хийлгэхгүй хөлнөөс нь зуураад уйлаад байхаар нь Б.Б- “Номин хүүхдээ авч байгаарай” гэхэд Ү.Н- унтлагын өрөөнөөсөө “яах гээд байгаа юм бэ, чи муу худлаа жүжиглээд байх юм, би өөрөө угаачихна шүү дээ” гээд муухай орилоод гарч ирсэн. Би Ү.Н-д “за яах вэ, Б.Б- аяга тавгаа угааж байгаа юм чинь угааг, чи хүүхдээ авч байгаач” гэхэд “чиний хүүхэд бүтэн жил тэнэж яваад ирээ биз дээ, чи муу гар зайл” гээд намайг гэрээсээ хөөсөн. Миний уур хүрээд “чи матар шиг муухай том ангайгаад намайг гэрээсээ хөөж байгаа юм уу, би энэ яваа насандаа хүнд хөөгдөж үзээгүй” гэж хэлээд түүний зүүн мөрөн дээр нэг удаа цохисон. Ү.Н- намайг “нөхрөө үхүүлсэн гуйлгачин авгай” гэж харааж загнаж байснаа цаад өрөө рүүгээ орсон. …Ү.Н- цагаан өнгийн цахилгааны залгуураар Б.Б-ы зүүн хацар орчимд 1 удаа ороолгоход нүдний шил нь шалан дээр унаад, зүүн хацарт нь бага зэрэг гүвдрүү үүссэн. Б.Б- “чи ээж, хүү хоёрыг зодоод байхдаа яадаг юм, яана гэнээ” гээд Ү.Н-гийн гар орчимд нь 2 удаа ороолгосон. Би “боль, гаръя” гэхэд Ү.Н- орон дээрээ гарч зогсчихоод “би гар утсаараа бичлэг хийж байгаа” гэхээр нь түүний хар өнгийн гар утсыг булааж аваад газарт шидсэн…гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн 8541 дугаартай дүгнэлтэнд:

1. Ү.Н-гийн биед зүүн гуя, зүүн өгзөг, зүүн шуу, зүүн чамархай, зүүн бугалганд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Зүүн өгзөг бүсэлхийг хамарсан цус хуралт гэмтэл нь дангаараа Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 18-р хуудас/,

Аюулгүй зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 21-р хуудас/,

Хохирогчийн өргөдөл /хх-ийн 3-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 26-р хуудас/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 27-р хуудас/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 28-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 29-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 30-р хуудас/, гэрч Б.Нармандахын мэдүүлэг /хх-ийн 43-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б-ыг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Б- нь 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 16 цагийн үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 101 дүгээр байрны 19 тоотод эхнэр Ү.Н-гийн “ээж Х.Гэрэлтуяатай нь хүндэтгэлгүй харьцаж, харилцан маргалдаж улмаар цахилгааны уртасгагчаар түүний нүдний шилийг нь цохиж хагалсан” үйлдэлд уурлаж бухимдан хохирогч Ү.Н-г цахилгааны уртасгагчаар цохиж биед нь “зүүн гуя, зүүн өгзөг, зүүн шуу, зүүн чамархай, зүүн бугалганд цус хуралт, зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Ү.Н-гийн “ 2018 оны 07 дугаар сарын 09-ний орой 17 цагт манай гэрт Тайвань улсаас Төрийн бус байгууллагын хүмүүс ирж Б.Б-д тэтгэлэг гардуулах гэж байсан. Би хүүхдүүдээ 14 цагийн үед байнга унтуулдаг. Манай хоёр хүүхэд унтахгүй байхаар би унтуулах гээд хэвтэж байсан. Гэтэл хадам ээж гаднаас орж ирээд “даварсан хүүхэн” гээд хэл амаар доромжилж  байхад нь би дуугүй л байсан. Гаднаас хүн орж ирэхээр манай хоёр хүүхэд босч гүйгээд нэг нь аавыгаа аяга угааж байхад хөлнөөс нь зууралдаад байсан. Хадам ээж намайг “чи манай хүүхдээр дандаа аягаа угаалгаж байх юм, чи наад хоёр хүүхдээ авч байгаач, хүүхдүүд чинь хүүгийн минь хөлд орооцолдоод байх юм” гэхээр нь би “танай хүүхэд 1 жил гадагшаа явж сурсан. Би хүүхдээ төрсөн үеэс нь ганцаараа өсгөж ирсэн. Намайг аяга угааж байхад миний хөл доор байж л байдаг. Ямар сүртэй юм. Таны ингэж амьдрах ойлгомжтой юм байна” гэж хэлэхэд чанга дуугаар хашгичаад намайг зодох гээд дайраад байсан. Б.Б- газраас цахилгааны залгуур авахад хадам ээж “наад матраа ороолго” гэхэд Б.Б- намайг цахилгааны залгуураар ороолгосон. …Урьд нь Б- намайг зодож байгаагүй гэх мэдүүлэг,

 

             Гэрч Х.Гэрэлтуяагийн …Би 2018 оны 07 дугаар сарын 09-ний орой 17 цагийн үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 101 дүгээр байрны 19 тоотод хүү Б.Б-ы гэрт нь очиход тэрээр ханиаж найтаагаад аягаа угаагаад зогсож байсан. Харин түүний эхнэр Ү.Н- хоёр хүүхэдтэйгээ унтаж байсан. Б.Б-ыг аяга угааж байхад 10 сартай бага охин нь уйлахад тэрээр хүүхдээ тэврээд тоглоомын хажууд суулгачихаад аягаа үргэлжлүүлээд угаасан. Тэгтэл охин нь аавыгаа юм хийлгэхгүй хөлнөөс нь зуураад уйлаад байхаар нь Б.Б- “Номин хүүхдээ авч байгаарай” гэхэд Ү.Н- унтлагын өрөөнөөсөө “яах гээд байгаа юм бэ, чи муу худлаа жүжиглээд байх юм, би өөрөө угаачихна шүү дээ” гээд муухай орилоод гарч ирсэн. Би Ү.Н-д “за яах вэ, Б.Б- аяга тавгаа угааж байгаа юм чинь чи хүүхдээ авч байгаач” гэхэд “чиний хүүхэд бүтэн жил тэнэж яваад ирээ биз дээ, чи муу гар зайл” гээд намайг гэрээсээ хөөсөн. Миний уур хүрээд “чи матар шиг муухай том ангайгаад намайг гэрээсээ хөөж байгаа юм уу, би энэ яваа насандаа хүнд хөөгдөж үзээгүй” гэж хэлээд түүний зүүн мөрөн дээр нэг удаа цохисон. Ү.Н- намайг “нөхрөө үхүүлсэн гуйлгачин авгай” гэж харааж загнаж байснаа цаад өрөө рүүгээ орсон. …Номин цагаан өнгийн цахилгааны залгуураар Б.Б-ы зүүн хацар орчимд 1 удаа ороолгоход нүдний шил нь шалан дээр унаад, зүүн хацарт нь бага зэрэг гүвдрүү үүссэн. Б.Б- “чи ээж, хүү хоёрыг зодоод байхдаа яадаг юм, яана гэнээ” гэснээ өөрийг нь ороолгосон цагаан өнгийн залгуураар Ү.Н-гийн гар орчимд нь 2 удаа ороолгосон…гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн 8541 дугаартай дүгнэлтэнд:

1. Ү.Н-гийн биед зүүн гуя, зүүн өгзөг, зүүн шуу, зүүн чамархай, зүүн бугалганд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Зүүн өгзөг бүсэлхийг хамарсан цус хуралт гэмтэл нь дангаараа Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 18-р хуудас/,

 

Шүүгдэгч Б.Б- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Тайвань улсаас Төрийн бус байгууллагын хүмүүс манай гэрт ирж надад тэтгэлэг гардуулахаар ярьсан юм. Зочид ирэх гэж байгаа тул хоол цай бэлдэе гээд ээжийг дуудсан. Би аягаа угааж байхад манай хүүхэд ирээд хөлд зууралдаад байсан. Ээж Ү.Н-г “хүүхдээ авч байгаач ” гэхэд тэрээр “би хүүхдээ байнга авдаг шүү дээ” гэж уурлаад ээжтэй маргалдсан. Ү.Н- цахилгааны уртасгагч залгуураар миний толгой руу шахуурдаж нүдний шилийг маань хагалсан. Мөн манай ээжийг “нөхрөө алсан ганц бие авгай” гэж хэл амаар доромжилж гэрээс хөөсөн. Тэгээд би ирэх гэж байсан зочдоо Баянмонгол хороололд байрлах дүүгийнхээ гэрт хүлээж авсан. Ү.Н- гэрт ирэх зочид болон настай ээжийг минь үл хүндэтгэсэн гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Б.Б- Ү.Н- нар нь 2014 онд гэрлэлтээ албан ёсоор батлуулж хамтран амьдарч хоёр хүүхэд төрүүлсэн, гэр бүлийн харилцаатай эхнэр нөхөр болох нь тогтоогдож байна.

 

Гэрлэгчид нь гэр бүлийн дотор тэгш эрх эдэлж, үүрэг хүлээх хэдий ч харилцан бие биеэ халамжлах, хүндэтгэхийн зэрэгцээ хадам ээж, бэрийн хооронд байвал зохих харилцан хүндлэл, гэр бүлийн харилцаан дахь ёс суртахууны хэм хэмжээ, зан заншил, уламжлалыг огоорч ёс зүйгүй авирласан Ү.Н-гийн үйлдэл энэ гэмт хэрэг гарахад нөлөөлжээ. 

         

         Улсын яллагчаас шүүгдэгч Б.Б-ыг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Ү.Н-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэм буруутайд тооцох дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Б.Б- гэм буруугийн талаар маргаагүй болно.

          Хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар шүүгдэгч Б.Б- нь гэр бүлийн хүчирхийллийн хэлбэрийг агуулсан аливаа үйлдэл хийж байгаагүй талаар хохирогч Ү.Н- тодорхой мэдүүлсэн ба Аюулын зэргийн үнэлгээгээр “эрсдлийн түвшин бага” /хх-ийн 21-р хуудас/ гэсэн дүгнэлт гарсан гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг дүгнэхэд: Шүүгдэгч Б.Б- нь хохирогч Ү.Н-той хамтран амьдрах хугацаандаа гэр бүлийн дотор тэгш эрх эдлэх боломжийг хязгаарласан түүнчлэн “гэр бүлийн хүчирхийллийн хэлбэр”-ийг агуулсан аливаа үйлдэл хийж байсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

         Иймд шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

 

           Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

           Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших ба тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлах нь зүйтэй.

 

            Улсын яллагчаас Б.Б-д 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Б.Б- нь “Тесо” ХХК-нд төслийн менежерээр ажилд ороод удаагүй байгаа, бага хүүхдээ төлбөртэй хувийн цэцэрлэгт явуулдаг зэрэг хувийн байдлыг минь харгалзан торгох ялыг багаар тогтоож, хэсэгчлэн төлөх боломж олгоно уу” гэж өөрөө өөрийгөө өмгөөлөв.

 

          Шүүгдэгч Б.Б-д ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамааруулан үзсэн ба шүүгдэгч Б.Б- нь тодорхой эрхэлсэн ажилтай, орлоготой тул торгох ял оногдуулж, торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр хугацааг тогтоов.

 

        Хохирогч Ү.Н- шүүхийн хэлэлцүүлэгт “Б.Б-аас нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Шүүгдэгч Б.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний  баримт бичиг ирээгүй болохыг тус тус  дурдах нь зүйтэй.

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 метрийн урттай 904 гэх бичиглэлтэй 1 ширхэг уртасгагчийг/ голоороо тасарсан/ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.