Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 485

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Гансугар  хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Мижиддорж,

шүүгдэгч Ц.Б-, түүний өмгөөлөгч Б.Тэнгис,

шүүгдэгч П.Г-, түүний өмгөөлөгч Б.Мэргэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д- овогт Ц-рын Б-, Д- овогт П-ийн Г- нарт холбогдох эрүүгийн 1810001350215 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Д--Уул  аймагт төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, таваарын кассер мэргэжилтэй, “Өүл” ХХК-нд хамгаалалтын оператор ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо Жаргалантын 18 –р гудамж 457а тоотод бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо Арцатын 6-272 тоотод түр амьдарч байгаа гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Д- овогт Ц-рын Б- /РД: ………./

2. Монгол Улсын иргэн, 1990 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 10, эцэг, эх, ах, эгч нарын хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалант 52-799 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Д- овогт П-ийн Г- /РД: …………./

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Ц.Б- нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Морингийн даваанд байрлах 6-н айлын газар зарна гэж хохирогч Л.Эрдэнэчимэгтэй тохиролцож 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Сандэй худалдааны төвд уулзаж 3-н айлын газрын кадастрын зургийн мөнгө гэж 180.000 төгрөг бэлнээр, 2017 оны 08 дугаар сарын 27, 28-ны орчимд 180.000 төгрөг,

мөн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр П.Г-тэй бүлэглэж Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт бэлнээр 4.500.000 төгрөг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилсан,

Шүүгдэгч П.Г- нь Ц.Б-тэй бүлэглэж зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар зориудаар төөрөгдөлд оруулж Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Морингийн даваанд байрлах 6-н айлын газар хохирогч Л.Эрдэнэчимэгт зарна гэж 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр өөрийн Хаан банкны 5032607411 дугаартай данс руу 1.500.000 төгрөг шилжүүлэн авсан,

мөн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Ц.Б-тэй бүлэглэж Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт уулзаж бэлнээр 4.500.000 төгрөг залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ц.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзсан ба мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: …2017 оны 08 дугаар сард Эрдэнэчимэг эгч “Яармагт байрлах хашаагаа сунгах гэсэн чинь бөөн хэл ам болоод байна, Газрын албанд таньдаг хүн байна уу” гэж асуусан. Би урьд нь 10-н жилийн ангийн найз Г-тэй уулзаж байхад тэрээр өөрийгөө “Хан-Уул дүүргийн Газрын албанд ажиллаж байгаа” гэж хэлж байсан болохоор Г-, Эрдэнэчимэг эгч хоёрыг Хан-Уул дүүргийн захиргааны орчимд уулзуулсан. Эрдэнэчимэг эгч Г-тэй газрын асуудлаараа ярилцаад салсан. Маргааш нь билүү нөгөөдөр нь Г- Эрдэнэчимэг эгчид “хувьдаа өмчилж авсан газар болохоор сунгаж болохгүй” гэж хэлсэн. Хэд хоногийн дараа Г- над руу залгаад “Хан-Уул дүүргийн 10-р хороо Морингийн даваанд газар зарах гэсэн юм, авах хүн байна уу” гэхээр нь Эрдэнэчимэг эгчээс асуухад “3-н айлын газар авъя” гэсэн. Тэгснээ сүүлд 6-н айлын газар авахаар болж нэг газрыг 1.000.000 төгрөгөөр тооцож, Г-ийн данс руу 1.500.000 төгрөг шилжүүлсэн. Г- тэр мөнгөнөөс над руу 650.000 төгрөг дансаар шилжүүлсэн. Хэд хоногийн дараа Г-, Эрдэнэчимэг, Олзот бид нар Хан-Уул дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт уулзахад Эрдэнэчимэг эгч бэлнээр 4.500.000 төгрөгийг Г- бид хоёрт тоолж өгсөн. Тэр үед Г- цүнхгүй явж байсан тул миний цүнхэнд мөнгөө хийж нотариатаар орж гэрээ байгуулсан. Дүүргийн үүдэнд Г- ATM-ээс өөрийн данс руугаа мөнгө хийсэн. …Г- Зоригоо найзыгаа дуудаад 3-4-р хороололын ахуйн үйлчилгээнд байхдаа миний Хаан банкны данс руу 2.600.000 төгрөг хийсэн. Тэндээсээ гараад бид нар шоудсан ба мөнгийг нь Г- гаргасан. 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Г- Хайлаастын 17-н Төрийн банкны ATM-ээс миний дансанд хийсэн мөнгөнөөсөө 360.000 төгрөг аваад Сандэй худалдааны төв орж тэрээр өөртөө өмд, цамц, цүнх авч 300 гаруй мянган төгрөгний төлбөрт миний картыг уншуулсан. Тэндээсээ Тэнгис кино театр дээр очиж Г- найз Зоригоотой уулзаж Тэнгисийн үүдний Хаан банкны ATM-ээс 230.000 төгрөг, 700.000 төгрөг уншуулж авсан. Тэр үед Зоригоод мөнгө өгнө гэж байсан. Би Эрдэнэчимэг эгчийн өгсөн 1.500.000 төгрөгнөөс 650.000 төгрөгийг, сүүлд авсан 4.500.000 төгрөгнөөс 700 гаруй мянган төгрөг хэрэглэсэн. Миний хэрэглэсэн мөнгөнүүд дансны хуулганд тусгагдсан байгаа. Бусад мөнгийг нь Г- миний картанд хийчихээд тэндээсээ уншуулж авч хэрэглээд дуусгасан. …Би Г-тэй хамт байхдаа авсан 4.500.000 төгрөгийг Г-тэй хувааж төлнө. Харин Г-ийн дансаараа авсан мөнгийг би хариуцахгүй. Мөн Г-тэй хамт авсан мөнгөнөөс миний данс руу орсон 3.150.000 төгрөгнөөс Г- хувааж хэрэглэсэн…гэх мэдүүлэг /хх-ийн 96-97, 136-р хуудас/,

 

Шүүгдэгч П.Г- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзсан ба мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: …2017 оны 07 дугаар сарын дундуур багын найз Б- над руу залгаад “Газрын албанд таньдаг хүн байна уу, нийлж газар заръя” гэхээр нь “би ажилд орох гэж байгаа болохоор чадахгүй” гэхэд байнга мессэж бичээд залгаад “Газрын албанд таньдаг хүн байна уу, зарах газар нь байна хамтрая” гээд байхаар нь зөвшөөрсөн. 2017 оны 08 дугаар сарын эхээр Б-тэй уулзахад “Газрын албанд таньдаг хүн байна уу, газар авах хүн байна, манай нөхөр Анхбаярын хамаатны эгч нь авах гэж байгаа юм. Би Газрын албанд таньдаг хүнээ эгчтэй уулзуулж болохгүй байна, чи тэр хүний оронд Хан-Уул дүүргийн Газрын албанд ажилладаг гээд итгүүлэхэд л болно” гэхээр нь “би худлаа хэлж хүн хуурч чадахгүй” гэхэд “найз нь чамд тодорхой хэмжээний хувь өгнө” гэхээр нь зөвшөөрсөн. 2017 оны 08 дугаар сарын дундуур Б- надтай уулзаад Хан-Уул дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэр Дүүргийн хажууд байхдаа “Одоо Эрдэнэчимэг эгч ирж байгаа дотор байж байгаад дуудахаар энд ажилладаг юм шиг гарч ирээд уулзчих, бусад асуудлыг манай нөхөр Анхбаяр зохицуулна” гэхээр нь итгээд Б-ийн хэлснээр Дүүрэг рүү орж байж байгаад Б-ийг залгахаар нь гарч ирсэн. Дүүргийн үүдэнд Эрдэнэчимэгтэй уулзаад “Газрын албанд ажилладаг, цайны цагаараа гарч ирж байна” гэхэд тэрээр газар авах гэж байгаа талаар хэлэхэд нь “болно” гэж хэлсэн. Би 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр өөрийн Хаан банкны дансаараа 1.500.000 төгрөг шилжүүлж авсан. 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Б- бид хоёр хамт Эрдэнэчимэг эгчтэй уулзаж газрын төлбөрт 3.800.000 төгрөг бэлнээр тоолж авсан. Үлдсэн 700.000 төгрөгийг Б-ийн данс руу шилжүүлнэ гэсэн. Би эхэлж авсан 1.500.000 төгрөгнөөс 650.000 төгрөгийг Б-ийн данс руу шилжүүлсэн. Үлдэгдэл 850.000 төгрөгийг Б-тэй хамт явж байхдаа бэлнээр авсан. Үүнээс Б- 650.000 төгрөгийг авч, надад 200.000 төгрөг өгсөн. Харин сүүлд авсан 3.800.000 төгрөгнөөс 2.600.000 төгрөгийг Б- өөрийн данс руу шилжүүлсэн, миний картанд 400.000 төгрөг хийснийг нь би хэрэглэсэн. Харин үлдсэн 800.000 төгрөгийг Б- авсан. Би бодитоор 650.000 төгрөг хэрэглэсэн. Үлдсэн мөнгийг нь Б- хэрэглэсэн байгаа. …Би Эрдэнэчимэгт өөрийн төлөх хохирлыг бүрэн төлж барагдуулсан…гэх мэдүүлэг /хх-ийн 100-101, 127-р хуудас/,

 

Хохирогч Л.Эрдэнэчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: …2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр төрсөн дүүгийн хүү Анхбаяр, түүний эхнэр Б- нартай ээжийнд тааралдаж, намайг гэрт хүргэж өгсөн. Б- “Морингийн даваанд газар зарна. Авах хүнд өгнө” гэхээр нь ямар учиртай талаар acyyxaд “ахын найз Хан-Уул дүүргийн Газрын албанд байцаагч, эхнэр нь мэргэжилтэн хийдэг юм” гэсэн. Б- үдээс хойш дахин ирээд “та тэр газрыг үзчих, тэгшхэн гоё газар байгаа” гэхээр нь би нөхрийнхөө хамт очиж үзэхэд тэгшхэн их сайхан хоосон газар үзүүлсэн. Б- “энд 3 айлын 0.7-той, 1 айлын 0.5-тай газар байна, газрын алба өгч байгаа. 2018 он гарахаас өмнө байцаагч нар хэдэн газар зарах гэж байгаа юм, би дундаас нь бага хэмжээний хувь авч байгаа” гэсэн. Б-ийн зааж өгсөн газар тэгшхэн сайхан сэтгэлд нийцсэн тул “6 айлын газар авъя” гэхэд “болно” гэсэн. Б- “урагшаа харсан 3 айлын газраа 3.000.000 төгрөг, хойшоо харсан 3 айлын газраа 4.500.000 төгрөгөөр худалдана” гэхээр нь “найдвартай юм уу, зарах гэж байгаа газрын албаны чинь хүнтэй уулзмаар байна” гэхэд “найдвартай, би энэ хүнээр Шарга морьтод 2 газрын бичиг гаргуулсан” гэсэн. Тэгээд нөхөр бид хоёр “газрыг авъя” гэж хэлсэн. 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 15 цагийн үед Б- залгаад “кадастрын зургийг гаргачихсан, нөгөө хүн мөнгөө авъя гээд байна, хаана байна, кадастрын зураг дээр гарын үсэг зуруулъя” гэхээр нь би “хүүхэдтэйгээ Сандэй худалдааны төв дээр явж байна, өнөөдөр амжихгүй байх” гэхэд “байгаа газар чинь яваад очьё, машинтай явж байна” гэсэн. Тэгээд Сандэй худалдааны төв дээр Б- нөхрийнхөө хамт ирж уулзахдаа 3-н айлын кадастрын зураг гээд нөхөр, охин бид гурвын нэртэй кадастрын зураг үзүүлсэн. Нөхөр “охин байхгүй гарын үсгийг яах юм” гэхэд Б- “би зурчихье” гээд зурсан. Тэгснээ “өргөдлийг би өөрөө бичнэ, ажил тарахаас өмнө амжуулна” гээд яараад байсан. Б- надаас 3-н айлын кадастрын зургийн мөнгө гэж 180.000 төгрөг Сандэй худалдааны төв дээр байхад авсан. Тэр үед миний утас дуугарч авахад “газрын байцаагч Г- байна, миний данс руу 1.500.000 төгрөгөө хийчих” гээд 5032606411 гэсэн дансны дугаар хэлсэн. Үүнийг Б-т хэлэхэд “тэг тэг, та мөнгөө шилжүүлчих” гэхээр нь Сандэй худалдааны төвийн АТМ-ээс 1.500.000 төгрөгийг Г- гэх хүний данс руу шилжүүлсэн. Тэрээр “60 хоногийн дараа газрын бичиг чинь гарна, хэд хоногоос хэмжилтээ хийлгээрэй” гэхээр нь “кадастрын зургаас өмнө очиж хэмжилтээ хийдэггүй юм уу” гэхэд санаа зоволтгүй гэж хэлсэн. 3 хоногийн дараа Б- залгаад “үлдсэн 3-н айлын газраа авах юм уу” гэхээр нь “авна” гэхэд үлдсэн 3-н айлын кадастрын зургийн 180.000 төгрөгөө өгчих, нөгөө эхний 3 зурагтай хамт гаргачихъя, хэмжилтээ нэг мөр яваад хийе” гэж хэлсэн. Тэгээд гэрт ирээд 180.000 төгрөг бэлнээр авсан. 2017 оны 08 дугаар сарын 31-нд Б- залгаад “үлдсэн 3-н айлын газрын мөнгөө авч байж бичиг баримт чинь гарна гэж байна” гэхээр нь Хан-Уул дүүргийн хойно машин дотор Б-, Г- нарт 4.500.000 төгрөг тоолж өгсөн. Уг мөнгөнөөс 3.300.000 төгрөгийг Олзот Голомт банкны данснаас авч бэлнээр Г-, Б- нарт тоолж өгсөн. Үлдсэн 1.200.000 төгрөгийг би өгөх ёстой ба 880.000 төгрөгийг бэлнээр 320.000 төгрөгийг Б-, Анхбаяр нарын өрөнд суутгаж авсан. …Б-, Г- нар нь 60 хоногийн дараа газар эзэмших бичиг чинь гарна” гэхээр нь “бэлэн мөнгө өгч байгаа юм чинь нотариатаар орьё” гэхэд “та хэрэггүй, 2 хүн хэрэгтэй наад хоёр чинь гэрээ байгуулаг, авсан өгсөн баримт үйлд, газар гээд яахав” гэхэд Олзот Г- нар мөнгө зээлсэн 60 хоногийн хугацаатай гэрээ байгуулсан. 10 дугаар сарын 22-нд 60 хоног өнгөрсөн ба Б- рүү залгахад “нөгөө хүн чинь ажил явдал гараад хөдөө явсан, 14 хоноод ирнэ” гэсэн. 14 хоногийн дараа Г- рүү залгахад “Нийслэлийн газрын алба руу шилжсэн, 2 юм шивүүлэх дутуу байгаа, та тайван байж бай” гэж хэлсэн. Би Хан-Уул дүүргийн Газрын алба дээр ирээд Г-ийг асуухад “тийм хүн байхгүй” гэхээр нь Б-т “тийм хүн ажилладаггүй юм байна” гэхэд “танд худлаа хэлсэн байна, ажилладаг” гэсэн. Б-ийн хамт хоёр удаа Хан-Уул дүүргийн Газрын алба дээр ирэхэд Г- “цайны цаг болчихлоо” гээд гадуур хувцсаа өмсөөд гарч ирснээ “та санаа зоволтгүй, манай нөхөр 10 дугаар хороонд газрын байцаагч хийдэг. Харин би мэргэжилтэн хийдэг” гэж хэлсэн. …Би Б-т “чи ямар балиар хүүхэн бэ, Г- чинь газрын албанд ажилладаггүй юм байна” гэхэд “мэдэхгүй” гэдэг болсон. Би Г- Б- нараас 3.060.000 төгрөг, мөн хоосон газар төмөр хатгуулсны 40.000 төгрөг, нийт 3.100.000 төгрөг нэхэмжилж байна. Олзот 3.300.000 төгрөгөөр хохироод байна…гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/,

 

Гэрч П.Гийпаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: …2017 оны 11 дүгээр сард Эрдэнэчимэг манай гэрт ирээд Г-ээс мөнгө авах гэсэн юм гэж хэлэхээр нь энэ асуудлыг анх мэдсэн. Би 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Эрдэнэчимэгт 1.500.000 төгрөг өгсөн. …Охин Г-ээс хэзээ хэдэн төгрөг авсан юм гэхэд 1.500.000 төгрөг өөрийн данс руу хийлгүүлснээс 650.000 төгрөгийг Б-ийн данс руу хийсэн. Үлдсэн 850.000 төгрөгийг Б- бэлнээр авсан. Сүүлийн мөнгийг Б- тоолж аваад цүнхэндээ хийгээд явсан гэж хэлсэн…гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/,

 

Гэрч Б.Олзотын мөрдөн байцаалтанд өгсөн: …Би 2018 оны 08 дугаар сард Эрдэнэчимэг эгчтэй уулзахад “Хан-Уул дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт Морингийн даваанд 5-н айлын газар байна, би 2-н айлын газрыг нэг бүрийн 1.500.000 төгрөгөөр худалдаж авч байгаа, чи газар авах уу” гэхээр нь зөвшөөрч 3-н айлын газрын нэг бүрийн 1.500.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. 2017 оны 08 дугаар сарын сүүлээр Эрдэнэчимэг эгчийн хамт Хан-Уул дүүргийн 3-р хороо Хас банктай байрны орчим уулзаад 3.300.000 төгрөгийг газар зарж байгаа гэж өөрсдийгөө танилцуулсан Б-, Г- нарт бэлнээр өгч нотариатаар батлуулсан. Б-, Г- хоёр газрын гэрчилгээг 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэхэд гаргаж өгнө гэж хэлсэн боловч газраа авч чадаагүй. Эрдэнэчимэг эгчтэй утсаар ярихад “нөгөө хүмүүс чинь Хан-Уул дүүргийн газрын албанд ажилладаг нь худлаа болж таарлаа, газар авна гэдэг ч худлаа болчихлоо” гэж хэлсэн. …Би Эрдэнэчимэг эгчээр дамжуулан 4.500.000 төгрөг өгснөөс 3.300.000 төгрөгийг буцаан авсан. Үлдэгдэл 1.200.000 төгрөгийг аваагүй…гэх мэдүүлэг /хх-ийн 84-85-р хуудас/,

 

Гэрч Г.Ундарьяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: …Би 2017 оны 09 дүгээр сарын эхээр Б-, Г-, Азжаргал нартай Сандэй худалдааны төвд уулзсан. Г- өөртөө 200 орчим мянган төгрөгөөр цамц, өмд гэх мэт зүйл аваад Хаан банкны карт уншуулж тооцоог хийсэн. Г- Тэнгис кино театрын үүдний ATM-ээс карт уншуулаад мөнгө авсан. Хэдэн төгрөг авч байгааг нь хараагүй. Удалгүй Азжаргал “харьлаа” гээд явсан. Харин Г- найз Зоригоотой уулзаж машиныг нь засуулна гээд дахиад Тэнгисийн Хаан банкны АТМ-ээс карт уншуулж мөнгө аваад Зоригоод өгсөн. …Г- мөнгө авах болохоор Б-т “найз картнаасаа мөнгө аваад өг” гэж хэлэхэд Б- мөнгө авч байгаа харагдсан. Би Б-т “юун мөнгө яриад байгаа юм бэ” Г- ажил хийдэг болчихсон юм уу, цалингаа авсан юм уу” гэхэд “Г- өөрөө картгүй гээд миний карт руу мөнгө хийсэн. Тэрийгээ авч байгаа юм” гэхээр нь “хэдэн төгрөг хийсэн юм бэ, юун мөнгө юм бэ” гэхэд “Г- өөрөө мэдэж байгаа” гэсэн. Би Г-ээс асуухаар хэлдэггүй байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 102-р хуудас/,

 

Гэрч О.Анхбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: …2017 оны 08 дугаар сард эгч Эрдэнэчимэг “Газрын албанд таньдаг хүн байна уу” гэхээр нь “таньдаг хүн байхгүй, хүнээс асууж өгье” гэж хэлсэн. Би эхнэр Б-ээс “Эрдэнэчимэг эгч Газрын албанд таньдаг хүн байна уу гэж асууж байна” гэхэд “манай найз Г- байгаа” гэхээр нь эгч Эрдэнэчимэг рүү залгаад “Хан-Уул дүүргийн Газрын албанд таньдаг хүн байгаа гэнээ” гэхэд “эгч нь газар авах гэсэн юм, тэр хүнтэй чинь уулзая” гэсэн. …Эрдэнэчимэг эгч Г-тэй газрын талаар уулзсан. …Эрдэнэчимэг эгч над руу залгаад “танай эхнэрийн найз Г-ийн данс руу 1.500.000 төгрөг шилжүүлчихсэн шүү” гэж хэлж байсан. Би 2017 оны 08 дугаар сарын сүүлээр Б-, Г- нартай хамт Жуков руу кадастрын зураг хийлгээд Эрдэнэчимэг эгчид кадастрын зураг гарсан талаар хэлсэн. Хэд хоногийн дараа Эрдэнэчимэг эгч Г-т 4.500.000 төгрөг өгсөн гэсэн. Би энэ үед хамт байгаагүй цаана нь зогсож байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 103-104-р хуудас/

Нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт /хх-ийн 29-40-р хуудас/,

Хохирогчийн өргөдөл /хх-ийн 3-4-р хуудас/, хохирол төлсөн баримт /хх-ийн 28-р хуудас/,

Хохирогч Л.Эрдэнэчимэгийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 48-р хуудас/

Шүүгдэгч П.Г-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 46-47-р хуудас/, Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 76-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 81-р хуудас/,

Шүүгдэгч Ц.Б-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 67-р хуудас/, мэргэжлийн үнэмлэх /хх-ийн 68-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 69-р хуудас/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 70-р хуудас/, Монгол шуудангийн сертификатын хуулбар /хх-ийн 71-р хуудас/, хүүхдийн төрсний гэрчилгээ /хх-ийн 72-73-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 74-р хуудас/ зэрэг болно.

 

Хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.Б-, П.Г- нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Шүүгдэгч нарын гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Б-, П.Г- нар нь “Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Морингийн даваанд байрлах зургаан айлын газар зарна” гэж хохирогч Л.Эрдэнэчимэгээс 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр гурван айлын газрын кадастрын зургийн мөнгө гэж 180.000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Хаан банкны 5032607411 дугаартай дансаар 1.500.000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 27, 28-ны орчимд мөн гурван айлын газрын кадастрын зургийн мөнгө гэж 180.000 төгрөг,  2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр бэлнээр 4.500.000 төгрөг авч, нийт 6.360.000 төгрөгийг залилсан болох нь:

 

  Хохирогч Л.Эрдэнэчимэгийн …Б- “Морингийн даваанд газар зарна. Авах хүнд өгнө” гэхээр нь ямар учиртай талаар acyyxaд “ахын найз Хан-Уул дүүргийн Газрын албанд байцаагч, эхнэр нь мэргэжилтэн хийдэг юм” гэсэн. Б- үдээс хойш дахин ирээд “та тэр газрыг үзчих, тэгшхэн гоё газар байгаа” гэхээр нь би нөхрийнхөө хамт очиж үзэхэд тэгшхэн их сайхан хоосон газар үзүүлсэн. Б- “энд 3-н айлын 0.7-той, 1-н айлын 0.5-тай газар байна, газрын алба өгч байгаа. 2018 он гарахаас өмнө байцаагч нар хэдэн газар зарах гэж байгаа юм, би дундаас нь бага хэмжээний хувь авч байгаа” гэсэн. Б-ийн зааж өгсөн газар тэгшхэн сайхан сэтгэл нийцсэн тул “6-н айлын газар авъя” гэхэд “болно” гэсэн. Б- “урагшаа харсан 3-н айлын газраа 3.000.000 төгрөг, хойшоо харсан 3-н айлын газраа 4.500.000 төгрөгөөр худалдана” гэхээр нь “найдвартай юм уу, зарах гэж байгаа газрын албаны чинь хүнтэй уулзмаар байна” гэхэд “найдвартай, би энэ хүнээр Шарга морьтод 2 газрын бичиг гаргуулсан” гэсэн. Тэгээд нөхөр бид хоёр “газрыг авъя” гэж хэлсэн. 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 15 цагийн үед Б- залгаад “кадастрын зургийг гаргачихсан, нөгөө хүн мөнгөө авъя гээд байна, хаана байна, кадастрын зураг дээр гарын үсэг зуруулъя” гэхээр нь “би хүүхэдтэйгээ Сандэй худалдааны төв дээр явж байна, өнөөдөр амжихгүй байх” гэхэд “байгаа газар чинь яваад очьё, машинтай явж байна” гэсэн. Тэгээд Сандэй худалдааны төв дээр Б- нөхрийнхөө хамт ирж уулзахдаа 3-н айлын кадастрын зураг гээд нөхөр, охин бид гурвын нэртэй кадастрын зураг үзүүлсэн. Нөхөр “охин байхгүй гарын үсгийг яах юм” гэхэд Б- “би зурчихье” гээд зурсан. Тэгснээ “өргөдлийг би өөрөө бичнэ, ажил тарахаас өмнө амжуулна” гээд яараад байсан. Б- надаас 3-н айлын кадастрын зургийн мөнгө гэж 180.000 төгрөг Сандэй худалдааны төв дээр байхад авсан. Тэр үед миний утас дуугарч авахад “газрын байцаагч Г- байна, миний данс руу 1.500.000 төгрөгөө хийчих” гээд 5032606411 гэсэн дансны дугаар хэлсэн. Үүнийг Б-т хэлэхэд “тэг тэг, та мөнгөө шилжүүлчих” гэхээр нь Сандэй худалдааны төвийн АТМ-ээс 1.500.000 төгрөгийг Г- гэх хүний данс руу шилжүүлсэн. Тэрээр “60 хоногийн дараа газрын бичиг чинь гарна, хэд хоногоос хэмжилтээ хийлгээрэй” гэхээр нь “кадастрын зургаас өмнө очиж хэмжилтээ хийдэггүй юм уу” гэхэд санаа зоволтгүй гэж хэлсэн. 3 хоногийн дараа Б- залгаад “үлдсэн 3-н айлын газраа авах юм уу” гэхээр нь “авна” гэхэд үлдсэн 3-н айлын кадастрын зургийн 180.000 төгрөгөө өгчих, нөгөө эхний 3 зурагтай хамт гаргачихъя, хэмжилтээ нэг мөр яваад хийе” гэж хэлсэн. Тэгээд гэрт ирээд 180.000 төгрөг бэлнээр авсан. 2017 оны 08 дугаар сарын 31-нд Б- залгаад “үлдсэн 3-н айлын газрын мөнгөө авч байж бичиг баримт чинь гарна гэж байна” гэхээр нь Хан-Уул дүүргийн хойно машин дотор Б-, Г- нарт 4.500.000 төгрөг тоолж өгсөн. …Б-, Г- нар нь 60 хоногийн дараа газар эзэмших бичиг чинь гарна” гэхээр нь “бэлэн мөнгө өгч байгаа юм чинь нотариатаар орьё” гэхэд “та хэрэггүй, 2 хүн хэрэгтэй наад хоёр чинь гэрээ байгуулаг, авсан өгсөн баримт үйлд, газар гээд яахав” гэхэд Олзот Г- нар мөнгө зээлсэн 60 хоногийн хугацаатай гэрээ байгуулсан. 10 дугаар сарын 22-нд 60 хоног өнгөрсөн ба Б- рүү залгахад “нөгөө хүн чинь ажил явдал гараад хөдөө явсан, 14 хоноод ирнэ” гэсэн. 14 хоногийн дараа Г- рүү залгахад “Нийслэлийн газрын алба руу шилжсэн, 2 юм шивүүлэх дутуу байгаа, та тайван байж бай” гэж хэлсэн. Би Хан-Уул дүүргийн Газрын алба дээр ирээд Г-ийг асуухад “тийм хүн байхгүй” гэхээр нь Б-т “тийм хүн ажилладаггүй юм байна” гэхэд “танд худлаа хэлсэн байна, ажилладаг” гэсэн…гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/,

 

Гэрч Б.Олзотын …Би 2018 оны 08 дугаар сард Эрдэнэчимэг эгчтэй уулзахад “Хан-Уул дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт Морингийн даваанд 5-н айлын газар байна.  Би 2  айлын газрыг нэг бүрийн 1.500.000 төгрөгөөр худалдаж авч байгаа, чи газар авах уу” гэхээр нь зөвшөөрч 3-н айлын газрыг нэг бүрийн 1.500.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. 2017 оны 08 дугаар сарын сүүлээр Эрдэнэчимэг эгчийн хамт Хан-Уул дүүргийн 3-р хороо Хас банктай байрны орчимд уулзаад 3.300.000 төгрөгийг газар зарж байгаа гэж өөрсдийгөө танилцуулсан Б-, Г- нарт бэлнээр өгч нотариатаар батлуулсан. Б-, Г- хоёр газрын гэрчилгээг 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэхэд гаргаж өгнө гэж хэлсэн. Эрдэнэчимэг эгчтэй утсаар ярихад “нөгөө хүмүүс чинь Хан-Уул дүүргийн газрын албанд ажилладаг нь худлаа болж таарлаа, газар авна гэдэг ч худлаа болчихлоо” гэж хэлсэн…гэх мэдүүлэг /хх-ийн 84-85-р хуудас/,

 

Гэрч Г.Ундарьяагийн …Г- мөнгө авах болохоор Б-т “найз картнаасаа мөнгө аваад өг” гэж хэлэхэд Б- мөнгө авч байгаа харагдсан. Би Б-т “юун мөнгө яриад байгаа юм бэ, Г- ажил хийдэг болчихсон юм уу, цалингаа авсан юм уу” гэхэд “Г- өөрөө картгүй гээд миний карт руу мөнгө хийсэн. Тэрийгээ авч байгаа юм” гэхээр нь “хэдэн төгрөг хийсэн юм бэ, юун мөнгө юм бэ” гэхэд “Г- өөрөө мэдэж байгаа” гэсэн. Би Г-ээс асуухаар хэлдэггүй байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 102-р хуудас/,

 

Гэрч О.Анхбаярын …Эрдэнэчимэг эгч над руу залгаад “танай эхнэрийн найз Г-ийн данс руу 1.500.000 төгрөг шилжүүлчихсэн шүү” гэж хэлж байсан. Би 2017 оны 08 дугаар сарын сүүлээр Б-, Г- нартай хамт Жуков руу кадастрын зураг хийлгээд Эрдэнэчимэг эгчид кадастрын зураг гарсан талаар хэлсэн. Хэд хоногийн дараа Эрдэнэчимэг эгч Г-т 4.500.000 төгрөг өгсөн гэсэн…гэх мэдүүлэг /хх-ийн 103-104-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч Ц.Б-, П.Г- нар нь хохирогч Л.Эрдэнэчимэгийн эд хөрөнгийг шилжүүлэн авахдаа “Морингийн даваанд байрлах зургаан айлын газрыг зарна, худалдаж авах газраа очиж үз” гэж дагуулж явах, Ц.Б- нь хохирогчийг Хан-Уул дүүргийн Газрын албаны гадаа дагуулан очиход П.Г- нь тус байгууллагад ажилладаг мэтээр гарч ирэн хохирогчтой уулзах, газрын кадастрын зураг хийлгэсэн мэтээр баримт бүрдүүлэх зэргээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

 

          Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Ц.Б-, П.Г- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлт гаргасан ба шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нараас “гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн” болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон түүний улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилан тогтоосон.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Б-, П.Г- нарын гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч нарыг бүлэглэн зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

            Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

           Шүүгдэгч Ц.Б-, П.Г- нарыг бүлэглэн, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

          Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-т 700 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 700.000 төгрөгөөр торгох, шүүгдэгч П.Г-т 600 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан ба, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгисээс “миний үйлчлүүлэгч Ц.Б- нь жирэмсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх зааснаар тэнсэж өгнө үү” гэсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мэргэнээс “миний үйлчлүүлэгч П.Г- нь хохирогчид 3.200.000 төгрөгийг төлсөн, жирэмсэн зэрэг хувийн байдлыг нь харгалзан торгох ялын доод хэмжээ буюу 450 нэгжээр торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг гарсан байдал, шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоо, тэдний хувийн байдал зэргийг харгалзан үзэхийн зэрэгцээ “гэмт хэргийг бүлэглэж” үйлдсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан ял хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Ц.Б-т хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх үндэслэлтэй боловч тэрээр одоо жирэмсэн байгаа хувийн байдлыг нь харгалзан хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, шүүгдэгч П.Г- нь хохирогчид 3.200.000 төгрөг төлсөн, одоо жирэмсэн байгаа хувийн байдлыг нь харгалзан 500 нэгжээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

   Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

 

Хохирогч Л.Эрдэнэчимэг нь мөрдөн байцаалтанд “газрын кадастрын зураг хийлгэх зардалд 360.000 төгрөг, дансаар 1.500.000 төгрөг, бэлэн 4.500.000 төгрөг нийт 6.360.000 төгрөг өгсөн. Мөн газар авч өгнө гэж төмөр хатгуулсан зардал 40.000 төгрөг” нэхэмжилсэн боловч тэрээр шүүхийн шатанд “Ц.Б-, П.Г- нарт нийт 6.360.000 төгрөг залилуулсан. П.Г-ээс 3.200.000 төгрөг авсан тул түүнээс нэхэмжлэх зүйлгүй. Харин үлдэгдэл 3.160.000 төгрөгийг Ц.Б-ээс нэхэмжилж байна” гэсэн хүсэлт гаргажээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3-т “Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ” гэж заасан.

 

Шүүгдэгч Ц.Б-, П.Г- нар нь залилах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн тул гэмт хэргийн улмаас хохирогч Л.Эрдэнэчимэгт учирсан 6.360.000 төгрөгийн хохирлыг хамтран хариуцах үүрэгтэй.

 

Шүүгдэгч П.Г- нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч Л.Эрдэнэчимэгт 3.200.000 төгрөг төлсөн ба харин шүүгдэгч Ц.Б- нь хохирол төлөөгүй байна.  

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Б-ээс 3.160.000 төгрөг гаргуулж, хохирогч Л.Эрдэнэчимэгт олгохоор шийдвэрлэв.

 

           Шүүгдэгч Ц.Б-, П.Г- нар цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй