Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 487

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Гансугар хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Гүнсэл,

шүүгдэгч М.Б- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б- овогт М-гийн Б-д холбогдох эрүүгийн 1810021630578 дугаар хэргийг 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, архитектурч мэргэжилтэй, Франц улсын лигоны армид ахлах байлдагч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо Усны 3 дугаар байрны 39 тоотод бүртгэлтэй, одоо Баянгол дүүргийн 17 дугаар хороо 4 дүгээр хороолол 40 дүгээр байрны 90 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б- овогт М-гийн Б- /РД:…………../

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч М.Б- нь 2018 оны 09 дүгээр сарын 15-ны шөнө 03 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ион клубд хамгаалагч Г.Цолмонг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч М.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

            Хохирогч Г.Цолмонгийн мөрдөн байцаалтанд өгсөн: …2018 оны 09 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө манай компаний эзэмшлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Зайсан Хилл” цогцолборын 2 дугаар давхарт байрлах “Ион” клубд хамгаалагчаар үүрэг гүйцэтгэсэн. Шөнө 03 цагийн үед 30 орчим насны хар өнгийн өмд, цамц өмссөн эмэгтэй дижигийн зогсож байсан тавцан руу гарах гээд байхаар нь би тэр эмэгтэйгээс /Пүрэвдулам/ “аль ширээн дээр сууж байгаа, ямар хүмүүстэй явж байгааг” асуухад “надад мөнгө байна, би мөнгөтэй хүн” гэснээс өөр зүйл яриагүй. Би эмэгтэйн /Пүрэвдулам/ бэлхүүснээс хоёр гараараа бариад доод давхрын хамгаалагчид хүлээлгэж өгөх гээд клубын шатаар бууж байтал араас нэг эрэгтэй /Б-/ гэнэт гарч ирснээ үгийн зөрүүгүй миний баруун хацар орчимд гараараа 2-3 удаа цохисон. Тухайн үед намайг цохисон залууг /Б-/ би тэврээд “би энэ баарны хамгаалагч байна” гээд тайвшруулж өөрөөсөө салгасан. …Б- эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалин 800.000 төгрөгийг төлж барагдуулсан тул гомдолгүй…гэх мэдүүлэг /хх-ийн 5-6-р хуудас/,

 

Гэрч Б.Пүрэвдуламын мөрдөн байцаалтанд өгсөн: …Би 2018 оны 09 дүгээр сарын 14-ний шөнө 03 цагийн үед найз залуу Б-, найз Сайнаа нарын хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ион” клубд орсон. Бид гурав тус клубд 500 граммын савлагаатай “Чивайсе” виски нэг шилийг хувааж ууж байсан. Түүнээс хойш юу болсноо санахгүй байна. Нэг сэрсэн чинь өглөө болчихсон, би төмөр замын эрүүлжүүлэх байранд унтаж байсан. Би тэр өдөр нилээн согтсон байсан тул юу болсон талаар санахгүй байна…гэх мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/,

 

            Гэрч Б.Сайнаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: …Би 2018 оны 09 дүгээр сарын 14-ний орой 21 цагийн үед найз Пүрэвдулам, Б- нартай уулзаад хамтдаа Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ион” клубд орсон. Бид гурав тус клубд 500 граммын савлагаатай “Чивайсе” виски нэг шилийг хувааж уугаад бүжиглэсэн. Тухайн үед би нилээн согтсон байсан. Нэг мэдсэн чинь ганцаараа таксинд суучихсан, гэр рүүгээ хүргүүлэх гээд явж байсан. Б-, Пүрэвдулам нарыг хаашаа явсныг мэдэхгүй байна…гэх мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №11281 дугаартай дүгнэлтэнд:

1. Г.Цолмонгийн биед баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй. /хх-ийн 15-р хуудас/,

            Хохирогчийн өргөдөл /хх-ийн 3-р хуудас/, хохирол төлсөн баримт /хх-ийн 35-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрлэлт бүртгэлгүйн лавлагаа /хх-ийн 21-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 23-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 22-р хуудас/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 24-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 25-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ий 33-р хуудас/, гэрч Б.Ихтамирын мэдүүлэг /хх-ийн 44-р хуудас/,

Яллагдагч М.Б-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: …2018 оны 09 дүгээр сарын 15-ны шөнө 00 цагийн үед хамтран амьдрагч Пүрэвдулам, найз Сайнаа нарын хамтаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ион” клуб руу орсон. Бид гурав тус клубд 500 граммын савлагаатай “Чивайсе” виски нэг шилийг хувааж уугаад бүжиглэсэн. Шөнө 03 цагийн үед Сайнаа алга болчихсон байхаар нь би түүнийг хайхаар явсан. Замдаа ариун цэврийн өрөө орчихоод гарч ирэхэд клубын шатан дээр Пүрэвдуламыг Цолмон тэвэрчихсэн зогсож байх шиг харагдсан. Би очоод Цолмонгийн баруун нүд, хацар орчимд нь гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Тэр үед дундуур хамгаалагч нар орж ирээд салгасан. Тухайн үед Цолмон бараан өнгийн костюм өмссөн байсан. Би Цолмонг клубын хамгаалагч гэж мэдээгүй. …Би Цолмонд учирсан эмчилгээний зардалд 800.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан…гэх мэдүүлэг /хх-ийн 41-42-р хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

 

Шүүгдэгч М.Б- нь 2018 оны 09 дүгээр сарын 15-ны шөнө 03 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Зайсан Хилл” цогцолборт байрлах “Ион” клубд хохирогч Г.Цолмонг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Г.Цолмонгийн …Шөнө 03 цагийн үед 30 орчим насны хар өнгийн өмд, цамц өмссөн эмэгтэй дижигийн зогсож байсан тавцан руу гарах гээд байхаар нь би тэр эмэгтэйгээс /Пүрэвдулам/ “аль ширээн дээр сууж байгаа, ямар хүмүүстэй явж байгааг” асуухад “надад мөнгө байна, би мөнгөтэй хүн” гэснээс өөр зүйл яриагүй. Би эмэгтэйн /Пүрэвдулам/ бэлхүүснээс хоёр гараараа бариад доод давхрын хамгаалагчид хүлээлгэж өгөх гээд клубын шатаар бууж байтал араас нэг эрэгтэй /Б-/ гэнэт гарч ирснээ үгийн зөрүүгүй миний баруун хацар орчимд гараараа 2-3 удаа цохисон…гэх мэдүүлэг /хх-ийн 5-6-р хуудас/,

 

Гэрч Б.Пүрэвдуламын …Нэг сэрсэн чинь өглөө болчихсон, би төмөр замын эрүүлжүүлэх байранд унтаж байсан. Би тэр өдөр нилээн согтсон байсан тул юу болсон талаар санахгүй байна…гэх мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/,

            Гэрч Б.Сайнаагийн …Нэг мэдсэн чинь ганцаараа таксинд суучихсан, гэр рүүгээ хүргүүлэх гээд явж байсан. Б-, Пүрэвдулам нарыг хаашаа явсныг мэдэхгүй байна…гэх мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №11281 дугаартай дүгнэлтэнд:

1. Г.Цолмонгийн биед баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй. /хх-ийн 15-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч М.Б- нь хохирогч Г.Цолмонгийн нүүрэнд цохиж хөнгөн хохирол учруулсан үйл баримтанд дүгнэлт хийхэд Монгол улсын Үндсэн хууль Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийг шинжийг хангаж байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч М.Б- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй, хохирогч Г.Цолмон нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй тухайгаа илэрхийлсэн /хх-ийн 48-р хуудас/, эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаарх хүсэлтээ шүүгдэгч нь илэрхийлснээр /хх-ийн 49-р хуудас/ 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 99 дугаартай прокурорын саналаар М.Б-д холбогдох эрүүгийн 1810021630578 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохицуулалтад нийцсэн байна.

 

Иймд шүүгдэгч М.Б- нь хохирогч Г.Цолмонг цохиж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь нотлогдож байх тул гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ. 

 

Шүүгдэгч М.Б- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. 

 

   Шүүхээс шүүгдэгч М.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүх хуралдаанд илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

           Шүүгдэгч М.Б-ийн хөрөнгө болон цалин хөлс, бусад орлого олох боломжтой холбоотой баримт хавтаст хэрэгт авагдаагүй тул оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх хугацааг тогтоогоогүй болно.

 

Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.Б-д мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

 

 Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

            Хохирогч Г.Цолмон нь эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалин болох 800.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” /хх-ийн 6-р хуудас/ гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлжээ.  Иймд шүүгдэгч М.Б-ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч М.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдав.