Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 2026/ДШМ/672

 

 2026             05             26                                        2026/ДШМ/672

 

Б.Ж-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж, шүүгч Г.Мөнхтулга, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ө.Мөнхнавч,

шүүгдэгч Б.Ж, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг,

нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 2026/ШЗ/2749 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ө.Мөнхнавчийн бичсэн 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 42 дугаартай эсэргүүцлээр Б.Ж-д холбогдох 2402006660218 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.Ж, 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, архитектур мэргэжилтэй, /хэрэгт холбогдох үедээ Нийслэлийн цагдаагийн удирдах газрын хэв журам олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэлтэст Морьт эргүүлийн тасгийн эргүүлийн цагдаагаар ажиллаж байсан/ эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт 00 дүүргийн 00 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:00000000/;

урьд; Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1444 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан хувийн байдалтай.

Шүүгдэгч Б.Ж нь Нийслэлийн цагдаагийн удирдах газрын хэв журмын олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэлтэст Морьт эргүүлийн  тасгийн эргүүлийн цагдаагаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2 “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэж заасныг,

Цагдаагийн албаны тухай хуулийн 69.1.2 “албан тушаал, байгууллагын нэрээр бусдыг эрхшээлдээ оруулах, дарамтлах”, 69.1.7 “бусдыг хууль бус үйлдэл, эс үйлдэхүй хийхийг тулгах, уриалах, чиглүүлэх, шууд болон шууд бус хэлбэрээр өдөөн хатгах, оролцох”

Албан тушаалын тодорхойлолтын 1.2 дахь хэсэг “гэмт хэрэг, зөрчлийн талаар гомдол мэдээлэл хүлээн авах, ...хуулиар харьяалуулсан зөрчлийг шалгаж, холбогдох албан тушаалтанд шилжүүлэх, 2.8 дахь хэсэг “ажлын хариуцлага, сахилга ёс зүйг сахих...” гэж заасныг тус тус зөрчиж, албан үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,

2024 оны 05 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө иргэн Х.М-тэй “Анхилуун” нэртэй фейсбүүк хаягаар харилцаж, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Focus” нэртэй зочид буудлын өрөөнд дуудан ирүүлж, өөртөө эдийн давуу байдал бий болгох зорилгоор мөнгө өгөхийг шаардаж Х.М-гээс 600,000 төгрөгийг бэлнээр, Төрийн банкны 000000000 дугаарын данснаас өөрийн хамтран амьдрагч Л.Минжинсорын Хаан банкин дахь 000000000 дугаарын данс руу 190,000 төгрөгийг шилжүүлэн авсан,

үргэлжилсэн үйлдлээр 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр энгэрийн камерын бичлэгийг устгаж өгнө гэж хэлэн өөрийн Голомт банкны 000000000 дугаартай данс руу 150,000 төгрөгийг шилжүүлэхийг шаардан авч, өөртөө нийт 940,000 төгрөгийн давуу байдал бий болгосон,

мөн 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр, 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдрүүдэд Х.М болон түүний эх Б.М нарын иргэний үнэмлэхийн, гэмт хэрэг зөрчлийн, жолоочийн, иргэний тээврийн хэрэгслийн, захиргааны хяналтад байгаа эсэх, эрэн сурвалжлалт зарласан эсэх талаарх мэдээллийг Цагдаагийн байгууллагын мэдээллийн сангаас тус тус хайж олж аван, улмаар цагдаагийн албан хаагчийн чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг ашиглан өөрийн 0000000 дугаарын утаснаас Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутагт байхдаа 2024 оны 09 дүгээр сарын 09, 10-ны өдрүүдэд Х.М-гийн 0000000 дугаарын утас руу залгаж, “100,000 төгрөгөө өгөхгүй бол ар гэрийнхэнд чинь “биеэ үнэлэгч гэдгийг чинь хэлнэ шүү” гэж ярьсан, мөн “Б.М чинь чиний ээж байна, хэн рүү холбогдох вэ дүү”, мөн “00 дүүргийн 00 хороо, 00 тоот юм уу, өчигдөр л өгье гээд байсан яасан бэ чи” гэж мессеж бичиж, мөнгө шилжүүлэхийг шаардан, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хохирол учруулж болохуйц мэдээлэл тараахаар сүрдүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Б.Ж-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт Б.Ж-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй буюу шүүгдэгчийн үйлдсэн гэх 3 үйлдлээс эхний 2 үйлдэлд хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, тэдгээрийн дансны хуулга, шүүгдэгчээс хохирогч руу бичсэн зурвас бичвэр зэргийг ялган зааглаж харьцуулан шалгасны эцэст гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго, бусад асуудлыг шийдвэрлэх үндэслэл бүрдэж, хэргийн зүйлчлэлийг өөрчлөх буюу хүндрүүлэх үндэслэл бүрдсэн байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлал, өмгөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлтэд дурдсанаар түүнийг дахин өөр гэмт хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулах нөхцөл байдал тогтоогдсон буюу прокуророос Б.Ж-гийн зарим үйлдлийг буруу зүйлчилж, хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагааг бүрэн гүйцэд хийж ирүүлээгүй нь Давж заалдах шатны шүүхийн магадлал, өмгөөлөгч М.Алтанцэцэгийн хүсэлтэд тодорхой тусгагдсан. Дээрх ажиллагааг хийж гүйцэтгэсний дагуу шүүгдэгч Б.Ж-д холбогдох эрүүгийн 2402006660218 дугаар хэрэгт шинээр үйлдэгдэх яллах дүгнэлтийг гардуулах, танилцуулах, эс зөвшөөрвөл гомдол гаргаж дээд шатны прокуророор хянуулах зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Долдугаар бүлэгт заасан эрх, үүргийг эдлүүлэх зэрэг нөхцөл боломжоор зайлшгүй хангах шаардлагатай.

Хэргийн зүйлчлэлийг зөвтгөх ажиллагааг хийж гүйцэтгүүлэхээр прокурорт даалгасан дээрх ажиллагаа, мөрдөн шалгах ажиллагааны бүрэн бус, дутуу байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан зарчимд нийцээгүй мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтад заасан үндэслэлээр хэргийг прокурорт буцаах нь Давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан шаардлагыг хангах үндэслэл тогтоогдсон гэж шүүхээс үзлээ. ...” гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж, Б.Ж-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Ө.Мөнхнавч бичсэн эсэргүүцэл болон дүгнэлтдээ: “...Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Б.Ж-д холбогдох эрүүгийн 2402006660218 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн, эсэргүүцэл, гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг хянаж, прокурорын эсэргүүцлийг бүрэн болон хэсэгчлэн хангаж, 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ДМШ/985 дугаартай, 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2026/ДШМ/268 дугаартай магадлалуудыг гаргасан байдаг.

Дээрх магадлалуудад шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх талаар огт дурдаагүй, өөрөөр хэлбэл анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтуудыг үнэлж, дүгнэн, харьцуулан хэргийн үйл баримтыг сэргээн тогтоож, хэргийг зөв зүйлчлэн шийдвэрлэх боломжтой гэсэн хууль зүйн дүгнэлтийг хийсэн. Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ”, мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт заасан “Шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү хэрэг буцаахгүй” гэснийг тус тус зөрчиж, уг хэрэгт урьдчилсан хэлэлцүүлгийн хурал хийсэн.

Мөн анхан шатны шүүхээс шүүх хуралдааны товыг тус прокурорын газарт ирүүлэхдээ “таслан сэргийлэх арга хэмжээний хүсэлт шийдвэрлэх” хурал гэж тодорхойлж хурлын зар ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт заасан “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг прокурор, өмгөөлөгчийн саналыг харгалзан шүүх тогтоож, урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаас 3-аас доошгүй хоногийн өмнө оролцогчид мэдэгдэнэ” гэснийг зөрчиж, улмаар прокуророос шүүх хуралдааны бэлтгэх хангах боломжгүй нөхцөл байдалд хүргэжээ. Анхан шатны шүүхийн захирамжид “дахин өөр хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулах нөхцөл байдал тогтоогдсон буюу прокуророос Б.Ж-гийн зарим үйлдлийг буруу зүйлчилж, хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагааг бүрэн гүйцэд хийж ирүүлээгүй” гэх дүгнэлтийг хийсэн боловч шүүгдэгч Б.Ж-гийн хувьд дахин өөр хэрэгт холбогдсон гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, ямар мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгэх шаардлагатай гэж үзсэн ойлгомжгүй, тодорхой биш, мөн захирамжийн тодорхойлох хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтад заасан үндэслэлээр хэргийг прокурорт буцаах” шаардлагатай гэх дүгнэлтийг хийсэн атлаа мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлд хамаарах ямар зөрчил илэрсэн талаар дурдаагүй, мөн захирамжид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаанд яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх боломжгүй бол тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж болно” гэх хуулийн заалтыг удирдлага болгосон нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлага хангаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан үндэслэлд хамаарч байна. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй эсэхийг үнэлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх бүрэн боломжтой юм. Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 2026/ШЗ/2749 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн. Эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.

Шүүгдэгч Б.Ж-гийн өмгөөлөгч М.Алтанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Прокурор эсэргүүцэлдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийг дурдаж, анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг буцаасан нь буруу мэтээр тайлбарлажээ. Гэтэл тус заалт нь урьдчилсан хэлэлцүүлгийг шүүгч дангаар удирдан явуулах, тэмдэглэл үйлдэх журмыг зохицуулсан заалт бөгөөд хэргийг прокурорт буцаахыг хориглосон агуулга байхгүй тул прокурорын энэхүү дүгнэлт үндэслэлгүй юм. Мөн прокурор эсэргүүцэлдээ давж заалдах шатны шүүхийн магадлалаар анхан шатны шүүхэд хэргийг 30 хоногоор сунгах эрх олгогдсоныг биелүүлээгүй мэтээр бичжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар заасан боловч, тухайн магадлалын агуулга нь анхан шатны шүүхэд хэргийг сунгах эрх хэмжээ, боломж байгааг тэмдэглэсэн төдий бөгөөд заавал хэрэгжүүлэхийг үүрэг болгоогүй. Шүүх хуулиар олгогдсон боломжийг харгалзан үзэж шийдвэрээ гаргасныг хүлээж авсангүй гэж тайлбарлах нь буруу. Хэргийн зүйлчлэлийн тухайд, уг хэрэг өмнө нь хоёр удаа давж заалдах шатны шүүхээр орсон. Анхан шатны шүүх хэргийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилсэн нь буруу гэж үзсэн ч, прокурорын эсэргүүцлийг давж заалдах шатны шүүх хүлээн авалгүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж байсан. Дараагийн асуудалд давж заалдах шатны шүүхээс эхний хоёр үйлдлийг зөв гэж үзсэн ч, дараагийн нэг үйлдэлд залилан мэхлэх үйлдэл байгааг шалгах шаардлагатай гэсэн чиглэл өгсөн байдаг. Гэтэл өнөөдөр миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн 22.1 болон 17.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллагдагчаар татсан тогтоол хэрэгт байхгүй, залилан мэхлэх (17.3 дугаар зүйл) үйлдэл ч байхгүй байна. Ийм байхад улсын яллагчаас өөр төрлийн гэмт хэрэг зүйлчилж гаргаж ирээд байгаа нь хууль зүйн хувьд буруу юм. Прокурор хэргийн үйл баримтыг сэргээх боломжтой гэж тайлбарлаж байгаа ч, миний үйлчлүүлэгчийг урьдчилан шалгаагүй өөр төрлийн гэмт хэргээр зүйлчлэн орж ир гэж давж заалдах шатны шүүх хүндрүүлэн заагаад байгаа юм. Мөрдөн шалгах ажиллагааг прокурорын шатанд хийхээс биш, шүүхийн шатанд хийдэггүй. Анхан шатны шүүх 60 хоногийн хугацаа авсан ч энэ хугацаанд шүүх мөрдөн шалгах ажиллагаа хийх боломжгүйг зөв дүгнэсэн. Учир нь шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар бүлэгт заасан яллагдагчийн эрх, үүргийг бүрэн гүйцэтгэх боломжгүй юм. Мөрдөн байцаалтад бол 60 хоногт яллагдагчаар татсан тогтоолыг гаргаж, яллах дүгнэлтээ үйлдээд хэргээ шүүх рүү шилжүүлчихдэг. Миний үйлчлүүлэгч мөрдөн шалгах, прокурор, анхан шатны шүүхийн шатанд өмгөөлөгчгүй оролцож ирсэн тул зайлшгүй мөрдөн шалгах ажиллагааг гүйцэд хийх ёстой гэж үзэж байна. Прокурор эсэргүүцэлдээ “анхан шатны шүүх ямар ажиллагаа хийхийг захирамждаа дурдаагүй” гэж тайлбарласан ч, шүүгчийн захирамжид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар бүлэгт заасан яллагдагчийн эрх, үүргийг тодорхой дурдсан бөгөөд үүнийг хийх ёстой. Яллагдагч нь хүсэлт, гомдол гаргах, хохирогчоос дахин мэдүүлэг авах зэрэг эрхтэй бөгөөд 60 хоногийн хугацаа нь үүнийг хэрэгжүүлэхэд хязгаарлагдмал байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд гаргах олон гомдол, хүсэлт бий. Хэрэв прокурорын хэлж байгаагаар яллагдагчид дахин 1 зүйл анги нэмээд шүүхэд шилжүүлнэ гэвэл яллагдагчийн эрхийг хэрхэн хангах вэ? Одоогоор олон ажиллагаа хийгдээгүй байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2 дугаар зүйлд заасан хэсгийг баримталсан бөгөөд үүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй. Захирамжид хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг барьсан нь техникийн алдаа гаргасан байх талтай бөгөөд улсын яллагчийн эсэргүүцэл үүнд л чиглэж байна. Гэвч шүүгчийн захирамж өөрөө агуулгын хувьд маш үндэслэлтэй гарсан. Иймд миний үйлчлүүлэгчийг өөр төрлийн гэмт хэргээр яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагааг хууль ёсны дагуу нэмж гүйцэтгэн, яллагдагчийн эрхийг эдлүүлж өгөхийг хүсэж байна. Тиймээс хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Ж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хэргийг мөрдөн шалгах ажиллагаанаас шүүхийн шат руу гэнэт шилжүүлсэн. Тухайн үед ямарваа нэгэн гомдол санал гаргаж чадаагүй. Өмгөөлөгчийн гаргасан саналыг дэмжиж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурор А.Мөнхнавчийн бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд Б.Ж-д холбогдох хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. ...” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

            Хэргийн үйл баримтыг нотлох баримттай уялдуулан тал бүрээс нь бүрэн бодитой тогтоосны эцэст хэргийн зүйлчлэлийг зөв тогтоох шаардлага үүсдэг.

Өөрөөр хэлбэл хохирогч Х.М-гийн мэдүүлэг /2хх 102-105/, дансны хуулга /1хх 12/, шүүгдэгчийн мэдүүлэг, дансны хуулга, шүүгдэгчээс хохирогч руу бичсэн зурвас бичвэр /2хх 06-07/ зэргийг ялган зааглаж харьцуулан шалгасны эцэст гэмт хэргийн сэдэлт, санаа, зорилгыг тодорхойлж хууль зүйн дүгнэлт хийх нөхцөл байдал хангагдсанаар Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, хэргийн зүйлчлэлийг зөв тогтоох шаардлага үүснэ.

Иймд, прокурор Ө.Мөнхнавчийн бичсэн 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 42 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 2026/ШЗ/2749 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Ж-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 2026/ШЗ/2749 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ө.Мөнхнавчийн бичсэн 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 42 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Б.Ж-д урьд авсан “цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ”-г хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       П.ГАНДОЛГОР

ШҮҮГЧ                                                               Г.МӨНХТУЛГА

ШҮҮГЧ                                                               Д.МӨНХӨӨ