| Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сампилын Уранчимэг |
| Хэргийн индекс | 142/2019/00313/И |
| Дугаар | 207/МА2019/00170 |
| Огноо | 2019-12-17 |
| Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 207/МА2019/00170
| 2019 оны 12 сарын 17 өдөр | Дугаар 207/МА2019/00170 |
******* ХХК, *******
групп ХХК-иудын нэхэмжлэлтэй, хариуцагч
******* групп ХХК-ийн Үйлдвэрчний
эвлэлийн холбооны дарга Б.*******, Г.Алтанцэцэг
нарт холбогдох иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 142/ШШ2019/01166 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* ХХК, ******* групп ХХК-иудын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* групп ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.*******, Г.Алтанцэцэг нарт холбогдох,
Компанийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан худал мэдээлэлдээ залруулга хийж, уг залруулсан мэдээллээ анх худал мэдээлэл байршуулсан er*******, *******, todmedee.mn сайтуудад мэдээний эхний нүүрэнд байршуулахыг ******* групп ХХК-ийн Үйлдвэрчний Эвлэлийн Хороонд, ******* сайтын сэтгүүлч, эзэмшигч Г.Алтанцэцэг нарт тус тус даалгах тухай иргэний хэргийг,
Хариуцагчийн өмгөөлөгч Г.Балжмаагийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг, М.Мэндбаяр, хариуцагч Б.*******, Г.Алтанцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Г.Балжмаа, нарийн бичгийн дарга Д.Одончимэг нар оролцов.
Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Манай компани нь ноос ноолууран бүтээгдэхүүн болон хивс, хивсэнцэр үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 2018 оны 11 дүгээр сарын эхээр ******* групп ХХК-ийн ажиллагсдын Үйлдвэрчний Эвлэлийн Хороон дарга Б.******* гэх хүн ******* ХХК-ийн ажилчдыг хууль бус ажил хаялтад уриалж, ажил хаялтын талаар ажиллагсадтай ажлын байранд, хувцас солих өрөөнд хурал цуглаан хийж байна. Энэхүү үйл ажиллагаагаа зохион байгуулахдаа ажлын цагаар ажиллагсдыг олон тоогоор нь цуглуулан өөрийгөө манай компанийн Үйлдвэрчний Эвлэлийн Хороон дарга хэмээн итгүүлэх замаар манай компанийн ажиллагсдыг хууль бус ажил хаялтад уриалж байсан учир манай компаниас ******* групп ХХК-ийн ажиллагсдын Үйлдвэрчний Эвлэлийн Хороонд холбогдуулан шүүхэд Манай компани нь ******* групп ХХК-ийн ажиллагсдын Үйлдвэрчний Эвлэлийн Хороотой хамтын гэрээ байгуулахгүй байх эрхтэй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад er*******, *******, todmedee.mn сайтууд манай компанийг ******* групп ХХК гэж бодит байдлыг зориудаар гуйвуулж, ажил хэргийн нэр хүндийг илтэд гутаасан, бодит байдлаас илт зөрүүтэй мэдээллийг байршуулж олон нийтэд дэлгэсэн байна. Ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг уландаа гишгэж байна гэх ямар ч нотлогоо, үндэслэлгүй бодит үнэнээс зөрүүтэй мэдээлэл тарааж байгаа нь манай байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаа, ажил хэргийн нэр хүнд, ашиг орлогод шууд нөлөөлж байна. Тус Үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаа нь бусдын хуулиар олгогдсон эрхэд ноцтойгоор халдаж байгаа үйлдлийг дахин дахин явуулсаар байгаад хамарсаж байна. Уг хууль бус үйл ажиллагаагаа нэн даруй таслан зогсоож, тараасан хэлбэрээрээ худал мэдээллээ залруулж, устгаж, тараасан хэлбэрээрээ залруулга хийж, уучлал гуйхыг шаардсан албан бичгийг манай компанийн зүгээс хариуцагч нарт хүргүүлсэн байгаа ба мөн өөрийн компанийн ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэхээр шүүхэд хандаж байна.
Иймд манай компанийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан худал мэдээлэлдээ залруулга хийж, уг залруулсан мэдээллээ анх худал мэдээлэл байршуулсан er*******, *******, todmedee.mn сайтуудад мэдээний эхний нүүрэнд байршуулахыг ******* групп ХХК-ийн ажиллагсдын Үйлдвэрчний Эвлэлийн Хороонд, ******* сайтын сэтгүүлч, эзэмшигч Г.Алтанцэцэг нарт тус тус даалгаж өгнө үү? гэжээ.
Нэхэмжлэгч Натурал Текстайл групп ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Натурал Текстайл Групп ХХК нь ноос ноолууран нэхмэл, сүлжмэл, оёмол бүтээгдхүүн, хивс хивсэнцэр, эсгий, эсгий бүтээгдхүүн үйлдвэрлэх, борлуулах чиглэлээр үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж 150 гаруй иргэнийг тогтмол ажпын байраар хангаж, ажилтнууддаа хамтын гэрээний дагуу бүх хөнгөлөлт, урамшуулал, нийгэм ахуйн тусламжийг тасралтгүй олгосоор ирсэн билээ. Гэтэл 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр er*******, *******, todmedee.mn гэх олон нийтийн сайтууд дээр Натурал Текстайл Групп" ХХК нь ажилчдынхаа эрх ашгийг уландаа гишгэж байна гэсэн гарчигтайгаар компанийн нэр хүндийг илтэд гутаан доромжилсон, бодит байдлаас зөрүүтэй худал мэдээллийг байршуулж олон нийтэд дэлгэсэн байгаа нь манай компанийн өдөр тутмын үйл ажиллагаа, ажил хэргийн нэр хүнд, ашиг орлогод шууд сөргөөр нөлөөлсөөр байна.Натурал Текстайл Групп ХХК-ийн ажиллагсдын үйлдвэрчний эвлэлийн хороо нь ийнхүү манай компанийн ажил хэргийн нэр хүндэд ноцтойгоор халдаж байгаа үйлдлийг дахин дахин явуулсаар байгаад харамсаж байна. Уг хууль бус үйл ажиллагаагаа нэн даруй таслан зогсоож, тараасан хэлбэрээрээ худал мэдээллээ устгаж, залруулга хийж, уучлалт хүсэхийг шаардсан албан бичгийг манай компанийн зүгээс er*******, *******, todmedee.mn сайтуудад болон Натурал Текстайп Групп ХХК-ийн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Б.*******д хүргүүлсэн байгаа ба мөн өөрийн компанийн ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэхээр шүүхэд хандаж байна. Иймд манай компанийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан худал мэдээлэлдээ залруулга хийж, er*******, *******, todmedee.mn сайтуудын мэдээний эхний нүүрэнд нь байршуулахыг Натурал Текстайл Групп ХХК-ийн ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Б.*******, ******* сайтын сэтгүүлч, эзэмшигч Г.Алтанцэцэг нарт тус тус даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
******* групп ХХК болон түүний охин компани болох ******* ХХК-иуд ******* групп ХХК-ийн ажиллагсдын Үйлдвэрчний дарга Б.*******д холбогдуулан нэг адил бичвэр, агуулга бүхий компанийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээлэлдээ залруулга хийхийг даалгаж иргэний хэргийн шүүхэд хандсан байна. ҮЭ-ийн хороо нь ажил олгогч хамтын гэрээ байгуулахгүй байгаа талаар ажиллагсдын Үндсэн хуулиар эвлэлдэн нэгдэх эрхэнд халдаж байгаа буюу Хөдөлмөрийн тухай тогтоомжуудыг, ҮЭ-үүдийн эрхийн тухай хуулийг зөрчиж үйлдвэрчний хорооны үндсэн эрхийг хязгаарлаж байгаа талаар мэдээлэл хийсэн. Өнөөдрийг хүртэл Ажил олгогч ҮЭ-ийн хорооны хоорондох маргаан шүүх дээр хянан шийдвэрлэгдэж байгаа энэ хянагдаж байгаа байдал нь гүтгээгүй гэдгийг нотлож байгаа. Мөн үүнтэй холбогдолтой зөрчлийн хэргүүд өөр газар хянагдаж тийм учраас Иргэний хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.7 дахь заалтанд зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.
Хариуцагч Г.Алтанцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Натурал Текстайл групп ХХК болон түүний охин компани болох ******* ХХК-иуд Эрдэнэтийн мэдээ мэдээллийн www.******* гэх манай сайтыг компанийн нэр хүндийг гутаасан, худал мэдээлэл цацсан хэмээн шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Үүнийг манай сайтууд мэргэжлийн эх сурвалжийн мэдээллийг үнэн бодит байдлаар, эзэн бие, зураг хөрөгтэй нь нийтэлсэн учраас эргэн залруулах боломжгүй бөгөөд үүнд сэтгүүлч миний мэдээлэл ор үндэсгүй бус үндэслэл, эх сурвалж нь ил тод, олон жил Эрдэнэтийн хэмжээнд яригдсан асуудлуудыг компанийн ажилчид өөрсдөө эх сурвалж болон мэдээллээ өгсөн. Өрх толгойлсон ядарсан эмэгтэйчүүд амьдрал, ажлын нөхцөл байдлаа үнэн шударгаар олон нийтэд дэлгэсэн нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.-д заасан Итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, эрх чөлөөг эрхэмлэн сэтгүүлчийн ажлаа үнэн бодит байдлыг ил болгон нийтлэж, шударга ёсны төлөө ажлаа мэргэжлийн хүрээнд хүргэсэн нь үнэн билээ. Хүнлэг энэрэнгүй, шударга нийгмийн төлөөх сэтгүүлч, иргэдийн дуу хоолойг гаргасан явдал нь үнэнд нийцэх тул худал мэдээлэл гэдэгт бид залруулга хийх учиргүй юм. Мэдээллээ гэж Ц.Урнаа захирлыг 2 удаа ярихад мэдээллийг тэнцвэртэй хүргэх ёстой учраас ярилцлага, мэдээллээ юу гэхэд төвөөс захирлуудтай холбож байж өгнө, би ЖДҮ-ийн асуудлаар ярилцах нь эрсдэлтэй болохоор гээд дахин холбогдоогүй юм. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7 дахь заалт, Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль, Иргэний байгууллагын хэвлэл мэдээллийн эрх, үүрэг, мэдэх эрхийн хуулийн заалтуудыг үзэн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 142/ШШ2019/01166 дугаар шийдвэрээр:
Монгол Улсын Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2,27 дугаар зүйлийн 27.6-д заасныг баримтлан ******* ХХК, ******* групп ХХК-ийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан худал мэдээлэлдээ залруулга хийж, уг залруулсан мэдээллээ анх мэдээлэл байршуулсан er*******, *******, todmedee.mn сайтуудын мэдээний эхний нүүрэнд байршуулахыг ******* групп ХХК-ийн Үйлдвэрчний Эвлэлийн Хороон дарга Б.*******, ******* сайтын эзэмшигч Г.Алтанцэцэг нарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч ******* групп ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д, ******* сайтын эзэмшигч Г.Алтанцэцэгээс 70,200 төгрөг гаргуулан ******* групп ХХК-д тус тус олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Г.Балжмаа давж заалдсан гомдолдоо:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1.6-д зааснаар ******* ХХК, Натураль текстал групп ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Цэцэгээ, Г.Алтанцэцэг нарт холбогдох иргэний эрх зүйн маргаан Орхон аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хуралдаж хянан шийдвэрлэгдэж Дугаар 142/ШШ2019/01166 дугаартай шийдвэр гарсныг 2019 оны 11 сарын 06-ний өдөр гардаж авч шийдвэрийг бүхэлд эс зөвшөөрч хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд: ИХШХШТХуулийн 168.1.1-д шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн буюу ИХШХШТХуулийн 116.2-т шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна, 116.3-т шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана гэж заасныг зөрчсөн байна. ИХШХШТХуулийн 118.3-т Тодорхойлох хэсэгт нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн татгалзал, тайлбар, зохигчийн төлөөлөгч гуравдагч этгээд, түүний төлөөлөгчийн тайлбарын агуулгыг заана гэж заасан байтал хариуцагч Г.Алтанцэцэгийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулгыг оруулаагүй өөрөөр хэлбэл бичээгүй байна. Дугаар 142/ШШ2019/01166 дугаартай шийдвэрийн ТОДОРХОЙЛОХ хэсэгт хоёр компанийн нэхэмжлэл, хариуцагч Б.Цэцэгээгийн шүүхэд гаргасан тайлбарын агуулгыг бичжээ. Шүүх хуралдаанд хариуцагч Б.Цэцэгээ, Г.Алтанцэцэг нар оролцов гэсэн атлаа Г.Алтанцэцэгийн тайлбар байхгүй байгаа нь шийдвэр өөрөө хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шалгуурыг хангаагүй хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.
ИХШХШТХуулийн 118.4-т Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана гэсэн байна. Гэтэл Дугаар 142/ШШ2019/01166 дугаартай шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсэгт хууль зүйн болон бодит үндэслэлийг дурьдаагүй бөгөөд зөвхөн шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухайг л заасан байна. Мөн маргааны зүйл болж буй нийтлэлд дурьдсан зүйлийн агуулгыг шүүх гуйвуулж, өөрөөр найруулан бичиж байгаа нь анхан шатны шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтыг өөрчилж хууль зөрчсөн байна. Жишээлбэл: Шийдвэрийн хуудас 4-т манай сайтууд гэж тодруулж өгсөн нь буруу байна. Шүүх хуралдаан дээр манай сайтууд гэж er*******, *******, todmedee.mn гэх сайтуудыг бүгдийг нь хариуцагч манай сайтууд гэсэн утгаар шүүх өөрөө гуйвуулж бичиж дүгнэсэн байна. Учир нь хариуцагч Г.Алтанцэцэгийн хариуцан ажилладаг ******* сайт л байдаг бөгөөд бусад хоёр сайт түүний эзэмшил, өмчлөлд байдаггүй. мөн нэр бүхий гурван сайт гурвуулаа хариуцагч Г.Алтанцэцэгийн сайт гэсэн нотлох баримт хэргийн материалд байхгүй болно. Шийдвэрийн хуудас-6 д ... нөгөө талаар хариуцагч нь тус үйлдвэрийн гүйцэтгах захирлуудыг тус компанийн хувьцааг эзэмшдэг гэсэн боловч тэд хувьцаа эзэмшдэг болохыг нотлох баримтаар нотлоогүй, нэхэмжлэгч нь гүйцэтгэх захирлууд компанийн хувьцааг эзэмшдэггүй гэж тайлбарлаж байгааг няцааж чадахгүй байна гэжээ. ... нөгөө талаар хариуцагч нь тус үйлдвэрийн гүйцэтгэх захирлуудыг тус компанийн хувьцааг эзэмшдэг гэсэн үг өгүүлбэр нийтлэлд байдаггүй. Харин нийтлэлд юу гэж бичсэн бэ гэвэл ...Үйлдвэрийн хувьцаа эзэмшигч гүйцэтгэх захирлууд удирдах зөвлөлийнхөн үнэтэй цай, кофе зөөлгөн тансаг өрөөндөө тухалж суухад хөөрхий ажилчин эх хэдэн хүүхдээ тэжээхээр хуруу гараа эсгэн ноос самардан амиа зогоодог байдал хувьд очсон он жилүүдэд өдөр тутмын зүр зураг болжээ гэсэн ийм өгүүлбэр нийтлэлд байдаг. Гэтэл шүүх нийтлэлд байсан өгүүлбэрийг таслан авахдаа яг бичигдсэн хэлбэрээр биш өөр утга, найруулгаар бичсэн нь хуульд нийцээгүй хууль бус болсон. Учир нь шүүх өөрөө үндэслэл бүхий, нотлох баримтыг үндэслэл болгох ёстой. Түүнээс биш бичсэн өгүүлбэр дундаас тасалж авч өөрчлөн найруулж бичиж түүнийгээ хариуцагч няцааж чадсангүй гэх байдал үүсгэж байгаа нь эргээд хариуцагч шүүхийн өөрчлөн найруулсан утга агуулгыг нотлох үүрэг хүлээхгүй.
Шүүх шийдвэрээ гаргасны дараа танхимд тайлбарлахдаа ярилцлага өгсөн хүмүүсийг гэрчээр асуулгаагүй учир ярилцлага өгсөн хүмүүсийг яг аль үйлдвэрийн ямар хүн гэдэг нь нотлогдохгүй байна гэсэн юм. Гэтэл шийдвэрээ бичгийн хэлбэрт оруулаад бичихээрээ тэр ч бүү хэл шүүхийн шийдвэрийнхээ үндэслэл хэсэгт оруулахдаа ярилцлага өгсөн хүмүүсийг таньж мэдээд /ямар үндэслэлээр таньж мэдээд байгаагаа дурьдаагүй/ тэдгээр хүмүүс нь нэхэмжлэгч ХХК-уудын ажилтан биш байна мэтээр дүгнэж байгаа нь гайхалтай хачирхалтай уншиж, тайлбарласан шийдвэрээсээ шап өөр байдлаар дүгнэж бичсэнд гомдолтой байна. Учир нь Шүүх хуралдааны танхимд уншиж, тайлбарласан тайлбар, мөн бичгийн хэлбэрт орсон шийдвэрийн утга яг адил байх ёстой.
Компанийн тухай хуулийн 6.3, 6.5, 6.12-д заасан зүйлийг удирдлага болгосон байна. Гэтэл энэ Компанийн тухай хуулийн эдгээр зүйл заалтууд нь компанийн өр хариуцах чадварын тухай илэрхийлсэн заалтыг хуулийг буруу тайлбарлаж буюу нэхэмжлэлийн шаардлага болон маргааны зүйл болж буй нийтлэлд компанийн бусдад өртэй эсхүл компани хоорондоо өртэй эсэхийг нэг ч дурьдаагүй тийм зүйл байдаггүй. Ер нь өрийн тухай нэг ч үг үсэг дурьдаагүй байхад Компанийн тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.
ИХШХШТХуулийн 168.1.7-д заасан энэ хуулийн 38.6-д заассан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийд вэрлэсэн юм. Шүүх шийдвэртээ ... ажил олгогчтой гэрээ байгуулан Хөдөлмөрийн харилцааны үндсэн дээр хөдөлмөрөө үнэлүүлэн, цалин хөлс авч ажиллаж байгаа ажилтныг хөлс хүчээ соруулж байгаа гэж дүгнэх, ангийн ялгаа гаргах, ажил олгогчийн олигархи баячууд, олигархи баячуудын дарангуйлал гэж дүгнэсэн, мөн гарчгийг ажилчдын эрх ашгийг уландаа гишгэж байна гэж нэрлэсэн нь бодит байдалд нийцээгүй, бодит байдлыг гуйвуулсан дүгнэлт босон байна гэжээ. Гэтэл хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаан эхлэхээс өмнө шүүхэд нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг гаргасан. Энэ хүсэлтийг шүүх хангалгүй хурлаа цааш үргэлжлүүлж хийсэн юм. Нотлох баримт гаргуулах тухай хүсэлтэд нэхэмжлэгч ХХК-иудаас цалингийн цэсийг гаргуулъя гэж 2019 оны 6 сараас хойш бичгээр болон шүүх хуралдаан дээр гаргасныг хангаагүй юм. Учир цалингийн цэснээс бүх зүйл харагдаж илэрхий байх байсан. Тэгэхэд шүүх хэрэгт ямар ч хамааралгүй, хэргээс шал өөр хүрээ хязгаарын юмыг хавсгайруулж нэхэж нотлох баримт авна гэдэг боломжгүй гэсэн үндэслэл хэлж хангаагүй. Гэтэл маргааны зүйл болж буй нийтлэлд хамгийн гол зүйл нь цалин бага авдаг, мөн илүү цагийн менгө авдаггүй гэсэн ярилцлага байсан. Энэ бүх маргаад байгаа зүйл нь цалингийн цэсээр дэлгэрэнгүй харагдах байсан. Учир нь цадингийн цэс гэдэг бол тухайн хүн ажпын хоногт бүрэн ажилласан эсэх, нэмэгдэл, хоол, унааны мөнгө авсан эсэх, ажил тасалсан эсэх, ажил хийж шударгаар хөдөлмөрөө үнэлүүлсэн эсэх, үндсэн цалин болон нэмэгдэл цалин, хөлс, урамшуулал авч байсан зэрэг бүхий л баримт харагдах байсан. Гэтэл шүүх хүсэлтийг хангаагүй атал ямар нотлох баримтыг үндэслэж хөлс хүчээ соруулаагүй, баян ядуугын ялгааг яаж дүгнэснийг өөрөө нотлох баримтад тулгуурлаж тайлбарлаагүй байна. Нотлох баримт дутуу байхад хэргийг шийдвэрлэсэн юм.
ИХШХШТ хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3.-т заасан хэргийн болон шүүх хуралдааны оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчиж шийдвэр гаргасан юм.
Шүүх хуралдааны үед нотлох баримтыг шинжлэн судлах үед шинээр нэмж нэг хавтас хэргийн материал ирснийг хариуцагч тал мэдэж танилцах боломж олгож мөн хариу тайлбар гаргах эрхтэйг дурьдахад шүүх бүрэлдэхүүнээс хурал эхлэхээс өмнө танилцахгүй яасын, эсхүл одоо танилц гэж бүхэл бүтэн нэг хавтас хэрэг дотор ямар баримт материал байгаа, мөн тэр материалтай танилцаад бид ямар тайлбар өгөх зэрэг эрхийг эдлүүлээгүй, танилцуулалгүй, танилцах боломжоор хангалгүй шийдвэрлэсэн юм. Мөн нэхэмжлэгч талаас шүүх хуралдаан эхлэхээс өмнө кассын анхан шатны баримтууд гэх дөрвөн хавтас эх хувь баримт гэж өгснийг мөн л хариуцагч талд танилцуулаагүй, танилцах боломжийг олгоогүй болно. Энэ нь ИХШХШТХуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй буюу мөн хуулийн 25.1.1 дэх хэсэгт заасан эсрэгталын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэлгээрт тайлбар өгөх эрхийг ноцтой зөрчиж шийдвэрээ гаргасан болно.
Шүүх шийдвэрийнхээ 1 дэх хэсэгт ...анх мэдээлэл байршуулсан er*******, *******, todmedee.mn сайтуудад мэдээний эхний нүүрэнд байршуулахыг Натурал тэкстайл групп ХХК-ын Үйлдвэрчний эвлэлийн Хороон дарга Б.Цэцэгээ, ******* сайтын эзэмшигч Г.Алтанцэцэг нарт даалгасугай гэжээ. Гэтэл хариуцагчийн эзэмшлийн биш сайтад хариуцагч яаж тэр мэдээг гаргуулах тухайд шүүх дүгнэлт хийлгүйгээр хэргийн оролцогч биш сайтад даалгаж байгаа нь өөрөе хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж ойлгомжгүй шийдвэр гаргасан байгаа учир дээрх дөрвөн үндэслэлээр Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү? гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч Натурал Текстайл групп ХХК, ******* ХХК нь хариуцагч Натурал Текстайл групп ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.*******, ******* сайтын эзэмшигч Г.Алтанцэцэг нарт холбогдуулан Компанийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан худал мэдээлэлдээ залруулга хийж, уг залруулсан мэдээллээ анх худал мэдээлэл байршуулсан er*******, *******, todmedee.mn сайтуудад мэдээний эхний нүүрэнд байршуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.
Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ er*******, *******, todmedee.mn сайтуудад тавигдсан, ... ажилтны эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг уландаа гишгэж байна... гэсэн нийтлэлд үндэслэн тодорхойлсон байна.
Анхан шатны шүүх Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2., 27 дугаар зүйлийн 27.6.-д зааснаар ******* ХХК, Натурал Текстайл групп ХХК-ийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээлэл байршуулсан er*******, *******, todmedee.mn сайтуудад мэдээний эхний нүүрэнд байршуулахыг Натурал Текстайл групп ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.*******, ******* сайтын эзэмшигч Г.Алтанцэцэг нарт даалгахаар шийдвэрлэжээ.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт хариуцагч Г.Алтанцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагын талаар гаргасан хариу тайлбар татгалзлыг бичээгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3. дахь заалтыг зөрчсөн. Мөн хариуцагч талд хэргийн 3 дахь хавтаст авагдсан нотлох баримтуудыг танилцуулаагүй, танилцах боломжоор хангаагүй, хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдааны явцад гаргасан хүсэлтийг хүлээж аваагүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1. дэх заалтыг зөрчсөн. Хэргийн оролцогч эсрэг талын шаардлага, татгалзал, түүний нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх эрхийг эдлүүлээгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн тул хэргийн шийдвэрлэлтийн талаар дүгнэлт өгөх боломжгүй болно.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 142/ШШ2019/01166 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгч Г.Балжмаа давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР
ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ