Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2026/ДШМ/37

 

 

 

 

 

   Л.В -д холбогдох

   эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч Б.Наранчимэг, ерөнхий шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;  

Прокурор Г.Баярмаа /цахимаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттуяа,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Гандашгүй-Эрдэнэ нарыг оролцуулан,

Дорноговь аймгийн * сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаа даргалж хийсэн 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 2026/ШЦТ/49 дугаар шийтгэх тогтоолтой эс зөвшөөрч бичсэн прокурор Г.Баярмаагийн эсэргүүцэлд үндэслэн 2502000000558 дугаартай, шүүгдэгч Л.В -д холбогдох эрүүгийн хэргийг 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв. 

1.Шүүгдэгчийн биеийн байцаалт:

*, Л.В ,

2.Холбогдсон хэргийн товч агуулга:

 Шүүгдэгч Л.В  нь Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр зохих зөвшөөрөлгүйгээр буюу хилийн боомт бус газраар 2025 оны 07 дугаар сарын 13-14-ний өдрийн хооронд БНХАУ-ын Эрээн хот талаас Монгол Улсын хил орчмын нутаг дэвсгэр болох Дорноговь аймгийн * сумын нутаг дэвсгэрээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэгт холбогджээ.

3.Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 2 хэлтсийн хяналтын прокуророос Л.В -д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцжээ.

4.Анхан шатны шүүх: ...Шүүгдэгч Л.В-r Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.В-r 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар шүүгдэгч нь шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар 2025 оны 12 сарын 19-ний өдрөөс 2026 оны 03 сарын 24-ны өдрийг хүртэл шүүгдэгчийн цагдан хоригдсон 95 хоногийн 1 хоногийг хорих ялыг 15 нэгжтэй тэнцэх хэмжээгээр тооцох буюу торгох ялын 1,425 /нэг мянга дөрвөн зуун хорин тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,425,000 /нэг сая дөрвөн зуун хорих таван мянга/ төгрөгийг торгох ялыг эдлэх ялаас хасаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Л.В -н * дугаартай гадаад паспортыг Гадаадын иргэн харьяатын газрын Дорноговь аймаг дахь газарт шилжүүлж,

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Л.В -д авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

5.Прокурор Г.Баярмаа эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйл буюу "Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх” гэмт хэрэг нь Монгол Улсын хилийн халдашгүй дархан байдалд халдсан буюу үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг. Гэтэл шүүхээс БНХАУ-ын иргэн Л.В-г “анх удаа гэмт хэрэгт холбогдсон байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн” зэргийг харгалзаж торгох ял оногдуулсан нь шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна. Шүүх хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг хэрэгжүүлэхдээ нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр ял оногдуулах нь шударга ёсны зарчим болоод эрүүгийн хуулийн зорилгод нийцнэ. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хуульчилсан бөгөөд мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад "тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн" нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэхээр хуульчилсан. БНХАУ-ын иргэн Л.В-ийн хувьд тус улсын хилээр хууль бусаар нэвтрэхийн тулд нэвтрэх цаг хугацааг шөнийн цагийг сонгож, улсын хилийг явганаар нэвтэрсэн буюу урьдаас идэвхтэй үйлдэл хийсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарахгүй гэж үзэж байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байх" шударга ёсны зарчим, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилго, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан "эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх” эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журамд тус тус нийцээгүй, шүүгдэгчид торгох ял оногдуулахдаа ямар нэг тодорхой үндэслэлд тулгуурлаагүй, Яагаад уг ялыг сонгох болсон, үүнд ямар нотлох баримт нөлөөлсөн зэрэг хуулиар тогтоож өгсөн шаардлагын талаар огт тайлбарлаж дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг зөрчсөн байна.” гэв.

6.Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгч Л.В  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт холбогдож ял шийтгэгдсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал хэд хэдэн удаа хангагдсан байгаа. Нэгдүгээрт мөрдөн шалгах ажиллагааг эхлэх үеэс гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн. Хоёрдугаарт тохиолдлын шинжтэй гэмт хэргийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Тохиолдлын бус гэдгийг тэгвэл яаж нотолж байгаа юм гэвэл энэ хүн тухайн үед ямархуу сэтгэл санааны нөхцөл байдлын улмаас Монгол Улсын хилийг зөрчсөн нөхцөл байдал бий болсон ч гэсэн тохиолдлын шинжтэй анх удаа үйлдэгдсэн ийм нөхцөл байдал байгаа. Шүүгдэгч өмнө нь ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй нь ял шалгах хуудсаар тогтоогдож байгаа. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх хариуцлагыг хөнгөрүүлж хорихоос өөр төрлийн ял оногдуулж болохоор заасан байдаг учраас торгох ял оногдуулсан. Тэгэхээр Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн төрлийн ийм гэмт хэрэг учраас торгох ял оногдуулах боломжтой. Манай үйлчлүүлэгч 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс хойш 3 удаа цагдан хоригдох хугацааг сунгаж 95 хоног цагдан хоригдсон байгаа. Хөнгөн төрлийн гэмт хэрэг үйлдэгдсэн. Яллагдагчид цагдан хорих хугацааг 3 сараар сунгаж, ял цээрлэлийг хангалттай хэмжээнд эдлүүлж чадсан гэж би бодож байна. Хөнгөн төрлийн гэмт хэрэгт холбогдсон нийгмийн аюулын хор хохирол багатай, гэмт хэрэгт холбогдсон хүний хувьд тодорхой хэмжээний цээрлэлийг биеэрээ үзсэн, цагдан хоригдсон гэдгийг бас дахин хэлмээр санагдаж байна. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн арга, нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг явуулахад дэмжлэг үзүүлсэн зэрэг байдлыг харгалзан үзээд хөнгөн ялж оногдуулж болохоор тусгайлан зааж өгсөн. Тэгэхээр оногдуулах боломжийг шүүх эрх мэдлийнхээ хүрээнд хэрэгжүүлсэн. Шүүхийн эрх хэмжээний асуудал дээр торгох ял оногдуулах уу, эсвэл тухайн хүний эрх зүйн байдал, нөхцөл байдлыг нь харгалзаад хорих ял оногдуулах уу гэдэг шүүгчийн дотоод итгэл үнэмшил, нотлох баримтад үндэслэж шүүгчийн оногдуулсан торгох ялыг заавал хорих ял оногдуулах гээд байгаад ойлгомжгүй, тодорхойгүй байгаа. Энэ сонгох санкцтай, хөнгөн төрлийн гэмт хэрэг гэдгийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Ийм төрлийн гэмт хэрэгт шүүхийн практикт торгох ял оногдуулсан хүчин төгөлдөр болсон зүйл зөндөө байгаа. Нөгөө талаас үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг гэдэг байдлаар торгох ялыг оногдуулчихлаа гээд байгаа. Тэгвэл анхнаасаа хууль тогтоогчид яах гэж ганцхан торгох, хорих ял гэж оногдуулаагүй юм. Тэгэхээр сонгох санкцтай, 3 төрлийн сонгох санкцтайгаар энэ гэмт хэргийг хуульчилж өгсөн байгаа учраас шүүхээс оногдуулсан ял үндэслэлтэй гэдгийг тайлбарлаж хэлье. Гол үндэслэл нь Бүгд Найрамдах Хятад ард улсын иргэн, гадаадын иргэн болохоор л торгох ял оногдуулчихлаа, хүнд ял оногдуулах ёстой гэдэг ийм хүмүүнлэг бус үзэл баримтлал гаргаж байгаа жоохон харамсалтай байна. Тэгэхээр шүүгчийн ёс зүйн дүрмийн 2.1-д ялгаварлах үзэл гаргахгүй байх талаар дурдаж өгсөн байгаа. Хүнийг аливаа хэлбэрээр ялгаварлах, түүнчлэн тийм үйл ажиллагаанд дэмжиж оролцохыг хориглосон шүүгчийн ёс зүйн дүрэм бий. Бид зөвхөн Монгол Улсын иргэн биш, гадаад улсын иргэнтэй холбоотой хэрэг маргааныг хянан шийдвэрлэж байгаа онцлог байгаа учраас Хүний эрхийн түгээмэл тунхаглалд заасан удиртгал хэсгийг бид нар анхаарч үзэх хэрэгтэй. Энэ дээр юу гэдэг вэ гэхээр хүн төрөлхтөн бол нэг ам бүл, нэг гишүүн гэж авч үздэг. Тэгэхээр энэ нэг ам бүлийн хувьд хэн нэгний эрх, эрх чөлөө, шударга ёс, энх тайван байдалд нь ялгаварлалгүй, тэгш хүртээмжтэй хандах ёстой гэдэг ийм хүний эрхийн түгээмэл тунхаглалд заасан байдаг. Тэгэхээр Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ маань Хүний эрхийн түгээмэл тунхаглалд хамаардаг учраас Монгол Улсын хуулийн адил үйлчлэх ийм зүйлчлэлтэй бичиг баримт юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт шийтгэх тогтоолын 8 дугаар хэсэгт шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатын прокурор эсэргүүцэл бичих эрхтэй байхаар заасан байхад Баярмаа прокурорын хувьд мөрдөн шалгах ажиллагаанд л прокуророор оролцож байсан. Шүүх хуралдаанд * сум дахь сум дундын прокурорын газрын прокурор Хулан томилолтоор оролцсон. Тэгэхээр хяналт тавьж байсан прокурор буюу хэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нь эсэргүүцэл бичсэн нь хуульд нийцэхгүй байгааг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Тэгэхээр эсэргүүцлийг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч прокурор Хулан юм уу, Дорноговь аймгийн * сумын сум дундын прокурорын орлогч прокурор эсвэл Ерөнхий прокурор нь ийм эсэргүүцэл бичих эрхтэй байсан. Иймд дээрх хууль зүйн үндэслэл нөхцөл байдлуудыг харгалзан үзэж * сум дахь сум дундын шүүхийн 49 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хангахгүй орхиж өгнө үү гэсэн саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Баярмаагийн бичсэн эсэргүүцэлд үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3-д зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1.Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй болсон гэж давж заалдах шатны шүүх үзсэн.

2.Хэрэгт авагдсан баримтуудаар БНХАУ-ын иргэн Л.В 2025 оны 07 дугаар сарын 13-14-ний өдрийн хооронд хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр БНХАУ-ын Эрээн хот талаас МУ-ын хил орчмын нутаг дэвсгэр болох Дорноговь аймгийн * сумын нутаг дэвсгэрээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн үйл баримтад холбогдуулан Нийслэлийн Прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

3.Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч БНХАУ-ын иргэн Л.В-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэснийг прокуророос эс зөвшөөрч “...шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн гэм бурууд тохирсонгүй” гэх агуулга бүхий үндэслэлээр эсэргүүцэл бичсэн.

4.Давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн гэж үзсэн.

Учир нь, 4.1.Шүүгдэгч БНХАУ-ын иргэн Л.В БНХАУ-даа хуулийн байгууллагад их хэмжээний юань залилсан гэмт хэрэгт шалгагдаж, хилийн хоригт орж гадаад улс руу зорчих эрхгүй үедээ буюу 2025 оны 07 дугаар сарын 13-14-ний хооронд Монгол Улсад хууль бусаар нэвтэрсэн нь тагнуулын байгууллагын гүйцэтгэх ажиллагааны мэдээлэл, шүүгдэгчийн гадаад паспортад дарагдсан штамп-аар 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хугацаанд БНХАУ-МУ-ын хооронд зорчсон тухай тэмдэглэгдсэн /1хх10-17/-д үзлэг хийсэн тэмдэглэл, 2025 оны 07 дугаар сарын 15, 25, 08 дугаар сарын 14-ний өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон Өвөрхангай аймагт очсон болох нь түүний гар утсанд хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх18/, шүүгдэгчийн эхнэр Л.Ж-ны гэрчээр өгсөн мэдүүлэг /1хх46-50, 56-57/, Хил хамгаалах ерөнхий газраас гаргаж өгсөн Монгол Улсын хилээр нэвтэрсэн иргэний тодорхойлолт/1хх143-147/-д БНХАУ-ын иргэн Л.В нь 2024 оны 12 дугаар сарын 13-нд Монгол Улсад орж ирээд 2025 оны 01 дүгээр сарын 24-нд БНХАУ руу гарсан талаар тэмдэглэгдсэн, Гадаадын иргэн, харьяатын газрын 16/1435 дугаартай албан бичгээр шүүгдэгч Л.В нь Монгол Улсад 2026 оны 01 дүгээр сарын 10-ныг хүртэл хугацаанд В1 /хөрөнгө оруулагч/ төрлийн оршин суух зөвшөөрөлтэй байсан /1хх154/, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 17-р хороо, Стадион орчим “Их Монгол Улс” гудамж 132-р байр, 250 тоот орон сууцны өмчлөгч болох нь үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1хх179/-тэй орон сууцнаас гадна 2 орон сууцыг түрээсийн гэрээгээр эзэмшдэг /1хх180-192/, шүүгдэгч нь “I M J I A E T ” GO.LTD ХХК-д монгол талын санхүүгийн үйл ажиллагаа хариуцсан захирлаар ажилладаг талаарх болон уг компанийн албан бичиг, тодорхойлолт /1хх207-237, 242-247/-үүд, Монгол Улсад хууль ёсны дагуу түр оршин суугчаар бүртгэгдсэн тухай Нийслэлийн Хан-Уул дүүргийн 18-р хорооны даргын тодорхойлолт /1хх240/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан.

Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч нь хөрөнгө оруулагч буюу В1 ангиллын визтэйгээр Монгол Улсад 2025 оны 01 дүгээр сарын 10-наас 2026 оны 01 дүгээр сарын 10-ныг хүртэл нэг жилийн хугацаанд “I M J I A E T ” GO.LTD ХХК-ний монгол талын санхүүгийн үйл ажиллагаа хариуцсан захирлаар ажиллаж байхдаа БНХАУ-ын хуулийн байгууллагаас гадаад улс руу зорчихыг хориглосон таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж 2025 оны 07 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд БНХАУ-Эрээн хот талаас МУ-ын Дорноговь аймгийн * боомтоор явганаар хил нэвтэрч улмаар *ээс Улаанбаатар хот руу машинаар зорчиж, тэндээ оршин сууж байсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр ...Монгол Улсын хилийг нэвтэрсэн бол” гэх шинжид нийцсэн.

4.2.Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...нэг мянга гурван зуун тавин нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан ялуудаас шүүгдэгч БНХАУ-ын иргэн Л.В-д гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, анх удаа шүүхээр шийтгүүлж байгаа байдал зэрэг хувийн байдлуудыг нь харгалзан арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулсан нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд нь тохирсон.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс оногдуулсан торгох шийтгэл нь хүнийг гэмт хэрэгт тооцох, ял оногдуулахад хүний үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй байдлаар ялгаварлан гадуурхахгүй байх, хүнлэг бусаар хүний эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зэрэг шударга ёсны болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тус тус нийцсэн.

4.3.Иймд прокурорын эсэргүүцэлд дурдсанаар “...гадаадын иргэн учир хорих ялыг оногдуулах, Монгол Улсын иргэн энэ гэмт хэрэг үйлдсэн бол хорихоос өөр төрлийн ялыг оногдуулна “ гэх агуулга бүхий үндэслэлтэй эсэргүүцлийг хүлээн авах боломжгүй байна.

 4.4.Анхан шатны шүүх шүүгдэгч БНХАУ-ын иргэн Л.В-д оногдуулсан торгох ялаас түүний урьдчилан цагдан хоригдсон 95 хоногийг торгох ял тооцож, 1,4250,00 төгрөгийг хасч тооцон, үлдэх ялыг шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацааны дотор төлөх хугацаа тогтоож өгсөн.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.2-д зааснаар “...шүүхээр шийтгүүлсэн бол ялаа эдэлж дууссаны дараа Монгол Улсаас гаргах” нөхцөлийг заасан ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж ялыг эдэлж дуусан үед анхан шатны шүүх шүүгдэгчийн гадаад паспортыг Гадаадын иргэн харьяатын газрын Дорноговь аймаг дахь газарт шилжүүлж шийдвэрлэсэн байх тул түүгээрээ Монгол Улсаас гаргах ажиллагаа явагдах боломжтой байна.

5.Эдгээр үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4, 39.9 дугаар зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорноговь аймгийн * сум дахь сум дундын шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 2026/ШЦТ/49 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Г.Баярмаагийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар энэ магадлалыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой үндэслэлээр хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

А

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Н.БОЛОРМАА

                    

                   ШҮҮГЧИД                                       Б.НАРАНЧИМЭГ

                                                                          

                                                                            А.САЙНТӨГС