Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2018/0583

 

Ц.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Э.Б, М.А, хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө, хариуцагч Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, Н.У,  нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2018/0536 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагч нарын давж заалдах гомдлоор, Ц.Б-ийн нэхэмжлэлтэй, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга, Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2018/0536 дугаар шийдвэрээр: “Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай  хуулийн 6 дугаар зүйлийн 1, Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 23 дугаар зүйл, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ц.Б-ийн тэтгэврийг өөрчлөн тогтоохгүй байгаа хариуцагчдын үйлдэл хууль бус болохыг тогтоож, Ц.Б-ийн тэтгэврийг 1997 оны 03, 04, 05 дугаар сарын дундаж цалин хөлснөөс тооцож өөрчлөн тогтоож, олгохыг хариуцагчдад даалгаж, ийнхүү өөрчлөн тогтоож олгох хүртэлх хугацааны дутуу олгогдсон тэтгэврийг олгохыг хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга болон Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст тус тус даалгаж” шийдвэрлэжээ.

Хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.З давж заалдах гомдолдоо: “...Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны иргэн Цэдэнсодномын Батбэх нь 1997 оны 08 дугаар сард ажил үүргээ гүйцэтгэж байхдаа осолд орж, хөдөлмөрийн чадвараа 100 хувиар алдсан ба 1997 онд тахир дутуугийн тэтгэврийг тогтоохдоо буруу хууль хэрэглэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т зааснаар тэтгэврийг бодож иргэн намайг хохироосон миний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актад Үйлдвэрлэлтийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-д заасны дагуу тогтоох ёстой гэж маргасан бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн болно. Нийгмийн даатгалын байгууллага нь иргэн Ц.Б-ийн тахир дутуугийн тэтгэврийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь заалтаар биш 22 дугаар зүйлийн 22.1.1-д заасны дагуу “МИАТ” ХК-ийн тодорхойлсон 1992 оны 6 дугаар сараас 1997 оны 5 дугаар сарын цалинг үндэслэн “сарын дундаж хөдөлмөрийн хөлсийг”тодорхойлж, хөдөлмөрийн чадвараа алдсан 100 хувиар нь тогтоон олгосон нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хүчин  төгөлдөр үйлчилж, хэрэгжүүлж байгаа хууль тогтоол, журмын хүрээнд шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2018/0536 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгөхийг хүсье” гэжээ.

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс давж заалдах гомдолдоо: “....иргэн Ц.Б нь “ Иргэн Ц.Б миний тэтгэврийг дахин өөрчлөн тогтоохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, тэтгэврийг дахин өөрчлөн тогтоохыг Нийгмийн даатгалын даргад даалгах,  нийт дутуу олгогдсон тэтгэврийн хохирлыг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүний тэтгэврийг өөрчлөн тогтоохгүй байгаа хариуцагчдын үйлдэл хууль бус болохыг тогтоож, Ц.Б-ийн тэтгэврийг 1997 оны 03, 04, 05 дугаар сарын дундаж цалин хөлснөөс тооцож өөрчлөн тогтоохыг Нийгмийн даатгалын Ерөнхий газар болон Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст тус тус даалгасан шийдвэр гаргасан.

Нийгмийн даатгалын байгууллага нь иргэн Ц.Б-ийн тахир дутуугийн тэтгэврийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь заалтаар биш 22 дугаар зүйлийн 22.1.1-д заасны дагуу “МИАТ” ХК-ийн тодорхойлсон 1992 оны 6 дугаар сараас 1997 оны 5 дугаар сарын цалинг үндэслэн “сарын дундаж хөдөлмөрийн хөлсийг” тодорхойлж, хөдөлмөрийн чадвараа алдсан 100 хувиар нь тогтоон олгосон нь Монгол улсын нутаг дэвсгэрт хүчин  төгөлдөр үйлчилж, хэрэгжүүлж байгаа хууль тогтоол, журмын хүрээнд шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2018/0536 дугаартай шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байгаа тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ц.Б нь 1997 оны 06 дугаар сарын 10-ны өдөр үйлдвэрлэлийн осолд орсны улмаас хөдөлмөрийн чадвараа 100 хувь алдаж, тухайн ондоо тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгосон байх бөгөөд хариуцагчаас Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан 5 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос дор дурдсан журмаар бодож тодорхойлно” гэж зааснаар “М И А Т” ХК-иас ирүүлсэн 5 жилийн цалингийн дунджаас тооцож, түүний тэтгэврийг тогтоожээ.

Үүнийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч Ц.Б-ээс “...үйлдвэрийн ослоос шалтгаалсан тахир дутуугийн тэтгэврийг тухайн даатгуулагчийн сарын дундаж хөдөлмөрийн хөлснөөс тооцох ёстой байтал надад хамааралгүй Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг хэрэглэж миний тэтгэврийг буруу тогтоосон” гэж, хариуцагч нараас “...үйлдвэрийн ослоос шалтгаалсан тахир дутуугийн тэтгэврийг тогтоохдоо сарын дундаж хөдөлмөрийн хөлсийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан журмыг баримтлан тогтоодог” гэж тус тус маргажээ.

Нийгмийн даатгалын тухай хуульд зааснаар нийгмийн даатгал нь тэтгэврийн, тэтгэмжийн, эрүүл мэндийн, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний, ажилгүйдлийн гэсэн 5 төрөлтэй, төрөл тус бүр сантай байхаар зохицуулагдсан байх бөгөөд ийнхүү тухайлсан харилцааг тус бүр бие даасан хуулиар зохицуулж байгаагаас үзвэл тухайн даатгалд хамрагдаж буй даатгуулагчийн эрх зүйн байдлыг даатгалын төрөл тус бүрээр ялгаатай тогтоохоор хуульчилсан гэж үзэхээр байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилт нь Нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоож олгох, төлбөр өгөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж зааснаар үйлдвэрлэлийн осолд орж, тахир дутуу болсон даатгуулагчийн тэтгэврийг хэрхэн тооцож, тогтоох журмыг тус хуульд зохицуулсан байна.

Тодруулбал, дээрх хуулийн 6 дугаар зүйлийн 1-д “Тахир дутуугийн тэтгэврийг даатгуулагчийн сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос ...хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээгээр тогтооно” гэж зааснаар үйлдвэрлэлийн осолд орж, тахир дутуу болсон даатгуулагчийн тэтгэврийг тогтоохдоо даатгуулагчийн сарын дундаж хөдөлмөрийн хөлснөөс буюу даатгуулагч үйлдвэрлэлийн осолд орох үед түүний эрхэлж байсан албан тушаалын сарын хөдөлмөрийн хөлсний дунджаас тооцож, тэтгэвэр тогтоохоор хуульчилжээ.

Харин Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль нь “...тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалд даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоож олгохтой холбогдсон харилцааг” зохицуулах бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 1-д “Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-иос доошгүй жил, эсхүл тахир дутуу болохын өмнөх 5 жилийн З жилд нь төлсөн даатгуулагч ердийн өвчин, тарилгын дараах хүндрэл, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 50-иас доошгүй хувиар байнга буюу удаан хугацаагаар алдаж тахир дутуу болсон бол тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй”, 22 дугаар зүйлийн 1-д “Тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 2О жилийн доторх аль дуртай дараалсан 5 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос дор дурдсан журмаар бодож тодорхойлно”, 1/-д “даатгуулагч сар бүр шимтгэл төлж байсан бол таван жилийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын нийлбэрийг мөн хугацаанд шимтгэл төлсөн нийт сарын тоонд хуваана” гэх зохицуулалтыг үйлдвэрлэлийн осолд орж, тахир дутуу болсон даатгуулагчид тэтгэвэр тогтооход хэрэглэх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл, өндөр насны болон ахуйн осолд орсны улмаас тахир дутуугийн тэтгэвэр авах эрх нь үүссэн даатгуулагчийн тэтгэврийг тогтоох, тэтгэврийн хэмжээг тооцоход баримтлах зохицуулалтыг үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулагчийн тэтгэврийг тогтоох харилцаанд хэрэглэх үндэслэлгүй.

Түүнчлэн үйлдвэрлэлийн осолд орж хөдөлмөрийн чадвар алдсан этгээдэд тэтгэвэр тогтооход шимтгэл төлж, ажилласан хугацааг харгалзан үзэх боломжгүй бөгөөд талууд энэ талаар маргахгүй байна.

Дээрхээс үзвэл, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-д зааснаар даатгуулагчийн тэтгэврийг тогтоохдоо “...сарын дундаж хөдөлмөрийн хөлснөөс” тооцно гэж тодорхой хуульчилсан байхад мөн хуулийн 20 дугаар зүйлд “Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж,төлбөр тогтоож олгохтой холбогдсон энэ хуулиар зохицуулснаас бусад харилцааг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн холбогдох заалтаар зохицуулна” гэж заасныг баримтлан нэхэмжлэгчийн тахир дутуугийн тэтгэврийг буруу тогтоосон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Нөгөөтэйгүүр, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан “...үйлдвэрлэлийн осолд орох үед даатгуулагч 5 жил ажиллаагүй, тухайлбал 1 жил ажилласан бол тухайн ажилтны авч байсан цалинг ажилласан хугацаанд нь хуваан дундаж цалин хөлсийг нь тодорхойлж, тэтгэврийг тогтоодог” гэх зэрэг тайлбараас үзвэл, үйлдвэрлэлийн осолд орсон даатгуулагчид тэтгэвэр тогтоохдоо харилцан адилгүй байдлаар ялгаатай тэтгэвэр тогтоож, 5-аас дээш жил ажилласан бол шимтгэл төлсөн хугацаанд, дээрх хугацаанд хүрээгүй бол нийт ажилласан хугацаанд нь хуваах байдлаар тэтгэврийг дур мэдэн тогтоож байгаа нь тэгш байдлын зарчимд нийцэхгүй юм.

Харин үйлдвэрлэлийн осолд орсон даатгуулагчийн тэтгэврийг бусад тэтгэвэр /ахуйн ослын улмаас тахир дутуугийн тэтгэвэр, өндөр насны тэтгэвэр/-ээс ялгаатай тогтоох зорилго нь даатгуулагч ажлын байрандаа ажиллаж байхдаа осолд орсон, үүний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд даатгуулагчийн ажилласан хугацааг харгалзахгүйгээр уг албан тушаалыг эрхэлж байхдаа авч байсан сарын хөдөлмөрийн хөлсний дунджаас тооцож тэтгэвэр авах эрхийг хангахад оршиж байх бөгөөд үүнийг бусад байдлаар тэтгэвэр авах эрх үүссэн даатгуулагчтай адилтган үзэх нь шударга ёсны зарчим нийцэхгүй.

Зүй нь, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-д зааснаар даатгуулагч үйлдвэрлэлийн осолд орсон бол тухайн осолд орох үед эрхэлж байсан албан тушаалын сарын дундаж хөдөлмөрийн хөлснөөс тооцож, түүнд тэтгэвэр тогтоох ёстой байжээ.

Иймд нэхэмжлэгчийн тайлбарласан “МИАТ” ХК-иас ирүүлсэн түүний 1997 оны 01 дүгээр сараас 06 дугаар сар хүртэлх хөдөлмөрийн хөлсний дунджаас тооцон тэтгэвэр тогтоох ёстой байсан гэх үндэслэлийг буруутгах үндэслэлгүй байх тул хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгч Ц.Б үйлдвэрлэлийн осолд орох үед эрхэлж байсан албан тушаалын сарын дундаж хөдөлмөрийн хөлснөөс буюу 1997 оны 01 дүгээр сараас 06 дугаар сар хүртэлх хөдөлмөрийн хөлснөөс тооцож, түүний тэтгэврийг дахин тогтоож, дутуу авсан тэтгэврийн зөрүүг нөхөн олгох нь зүйтэй.

Хэдийгээр анхан шатны шүүхээс хариуцагч захиргааны байгууллага нэхэмжлэгч Ц.Б-ийн тэтгэврийг буруу тогтоосон болохыг тогтоож, дахин зөвтгөн өөрчилж тогтоохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоосон байх боловч уг маргаан бүхий харилцаа үүссэнээс цаг хугацааны хувьд хойно батлагдаж, мөрдөгдсөн Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Дундаж цалин хөлс тодорхойлох журмыг баримтлан сарын дундаж хөдөлмөрийн хөлсийг тодорхойлсон нь буруу байна.

Мөн анхан шатны шүүх Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-д зааснаар сарын дундаж хөдөлмөрийн хөлсийг тодорхойлон хэрэг маргааныг шийдвэрлэсэн атлаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээ байхгүй, эсхүл байгаа нь тодорхой бус гэсэн үндэслэлээр хэргийг хянан шийдвэрлэхээс татгалзах эрхгүй” гэх заалтыг баримталсан нь ойлгомжгүй, хэрэгт хамааралгүй байх тул эдгээрийг зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2018/0536 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Нийгмийн даатгалын тухай хуулийн 23 дугаар зүйл, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ц.Б-ийн тэтгэврийг өөрчлөн тогтоохгүй байгаа хариуцагч нарын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ц.Б-ийн тэтгэврийг дахин өөрчлөн тогтоож, ийнхүү өөрчлөн тогтоож олгох хүртэлх хугацааны дутуу олгогдсон тэтгэврийн зөрүүг нэхэмжлэгч Ц.Б-д олгохыг хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга, Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст тус тус даалгасугай” гэж өөрчлөн шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                                               

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                             О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                            Г.БИЛГҮҮН