Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 350

 

“И Э С” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 Татварын ерөнхий газрын Улсын төсвийн

орлого хяналтын газар, татварын улсын

байцаагч Ч.С, Б.Унарт

 холбогдох

захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч: Танхимын тэргүүн Ч.Тунгалаг        

            Шүүгчид:                      Г.Банзрагч

                                                М.Батсуурь

                                                Х.Батсүрэн

            Илтгэгч шүүгч:             Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

            Нэхэмжлэлийн шаардлага: “Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагч Ч.С, Б.У нарын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 211800049 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан актын зарим заалтыг хүчингүй болгуулах”,

              Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2020/0349 дүгээр шийдвэр,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 425 дугаар магадлалтай,

            Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Х, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т, З.О, хариуцагч Б.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О, Ц.Т, Х.А нарыг оролцуулж,

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А-ийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2020/0349 дүгээр шийдвэрээр: Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.2, 12.1.4-т заасны тус тус баримтлан нэхэмжлэгч “И Э С” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагч Ч.С, Б.У нарын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 211800049 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан актын НӨАТ ногдох борлуулалт (2,095,951,116.7), ногдуулсан НӨАТ (209,595,111.67) гэснийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 425 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 349 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч татварын улсын байцаагч Б.Ундрал, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, Х.А нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын гомдлын үндэслэл:

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн: “И Э С” ХХК-аас нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг буцаан авах хүсэлт ирүүлсний дагуу 2017 оны 01 дүгээр сарын 01-нээс 2018 оны 04 дүгээр сарын 30-ыг дуустал хугацааг хамруулан татварын хяналт шалгалт хийж, УТОХГ-аас 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн баталгаажуулалтын 211800049 тоот акт үйлдэж, олон улсын ачаа тээврийн үйлчилгээ эрхлэгчийн Монгол Улсын хилийн дотор салгаж хийсэн тээвэрлэлтийн борлуулалтын орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар /10 хувь/ ногдуулан төсвөөс буцаан авах 241,296,047.91 төгрөгийг 220,087,399.31 төгрөгөөр бууруулан 21,208,648.60 төгрөгөөр баталгаажуулсан бөгөөд татвар төлөгч 10,492,287.64 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрч, 209,595,111.67 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрөөгүй маргаан үүсгэсэн.

4. Татварын хяналт шалгалтын явцад “И Э С” ХХК нь “Инсе трейдинг энд ложистикс лимитэд” компанитай байгуулсан “Тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний дагуу Эрдэнэс таван толгойн нүүрсний ордоос Цагаан хадны гаалийн хяналтын бүс хүртэл мөн Цагаан хадны гаалийн хяналтын бүсээс Гашуун сухайт боомт хүртэл нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагааг эрхэлсэн байдаг.

5. Ингэхдээ Цагаан хадны гаалийн хяналтын бүсээс Гашуун сухайт боомт хүртэлх ачаа тээвэрлэлтийн үйлчилгээг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12.1, “экспортод гаргасан дараах бараа, ажил, үйлчилгээнд энэ хуулийн 11.2-т заасан хувиар албан татвар ногдуулна”, 12.1.2 “Монгол Улсын Олон улсын гэрээнд заасны дагуу Монгол Улсаас гадаад улсад, гадаад улсаас Монгол Улс хүртэл, түүнчлэн гадаад улсаас Монгол Улсын хилээр дамжуулан бусад улсад гаргасан олон улсын зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ гэж заасныг удирдлага болгон энэ хэсэгт нэмэгдсэн өртгийн албан татварын 0 хувь хэмжээг ногдуулан төсвөөс буцаан авах татварыг баталгаажуулсан.

6. Харин “И Э С” ХХК-ийн Эрдэнэс таван толгойн нүүрсний ордоос Цагаан хадны гаалийн хяналтын бүс хүртэлх нүүрс тээвэрлэлтийн үйлчилгээнд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12.1-д “экспортод гаргасан дараах бараа, ажил, үйлчилгээнд энэ хуулийн 11.2-т заасан хувиар албан татвар ногдуулна”, 12.1.2 Монгол Улсын Олон улсын гэрээнд заасны дагуу Монгол Улсаас гадаад улсад, гадаад улсаас Монгол Улс хүртэл, түүнчлэн гадаад улсаас Монгол Улсын хилээр дамжуулан бусад улсад гаргасан олон улсын зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ, мөн хуулийн 12.4 Олон улсын зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээг эрхлэхтэй холбогдуулан Монгол Улсын хилийн дотор салгаж хийсэн тээвэрлэлтэд энэ хуулийн 12.1.2 дахь заалт хамаарахгүй гэж заасныг үндэслэн тус компаний дотоодын тээвэрлэлтэд буюу Монгол Улсын хилийн дотор хийгдсэн тодруулбал Эрдэнэс таван толгойн нүүрсний ордоос Цагаан хадны гаалийн хяналтны бүс хүртэлх нүүрс тээвэрлэлтийн үйлчилгээний 2,095,951,116.75 төгрөгийн орлогод “0” хувь хэмжээг хэрэглэхгүй, ажил үйлчилгээг экспортод гаргаагүй гэж үзэж Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан авалтыг 209,595,111.67 төгрөгөөр багасгаж баталгаажуулсан нь хууль тогтоомжид нийцэж байгаа болно.

7. Харин давж заалдах шатны шүүхээс дүгнэхдээ “...үйлчилгээг үзүүлэх үйл ажиллагаа нь хоёр хуваагдсан болохоос МУ-д экспортод гаргаж буй ачаа тээврийн үйлчилгээнд буюу татвар ногдох зүйлд өөрчлөлг ороогүй байна. ...1 бүхэл ачаа тээврийн үйлчилгээг “И Э С” ХХК нь дангаараа үзүүлсэн, МУ-ын хилийн дотор салгаж тээвэрлэлт хийгээгүй байна” гэж дүгнэсэн нь маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болж чадаагүй байна гэж үзэж байна.

8. Учир нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйл нь хэнд, ямар үйлчилгээнд хамаарах, хамаарахгүй хүрээг тодорхойлсон, тухайлбал 12.4-т “олон улсын зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээг эрхлэхтэй холбогдуулан Монгол Улсын хилийн дотор салгаж хийсэн тээвэрлэлтэд энэ хуулийн 12.1.2 дахь заалт хамаарахгүй” гэж зохицуулсан. Дээрх хуулийн зохицуулалтаас харахад НӨАТ-ийн 0 хувь хэрэглэх олон улсын ачаа тээвэрлэлтийн гэрээгээр хийгдэж буй тээвэрлэлтийн үйлчилгээ нь экспортод гаргасан бараа, үйлчилгээнд хамаарах ёстой харин манай маргааны хувьд уурхайн амнаас Цагаан хад хүртэл хийгдсэн тул НӨАТтХ-ийн 12.4-т заасан салгаж хийсэн тээвэрлэлтэнд хамаарахаар байтал анхан, давж заалдах шатны шүүх нь хэрэглэх зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

9. Өөрөөр хэлбэл ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааг экспортод гаргасан тохиолдолд 0 хувь хэмжээг хэрэглэнэ, дотоодын буюу МУ-ын хил доторх ачаа тээвэрлэлтэд 10 хувиар татвар ногдуулах хуулийн зохицуулалттай нийцээгүй байна.

10. Мөн Татварын ерөнхий хуулийн 4-д “доор дурдсанаас бусад тохиолдолд татварыг зөвхөн Улсын Их Хурал татварын хуулиар бий болгох, тогтоох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэй”, мөн хуулийн 3.2 “энэ хуулиар зохицуулаагүй, эсхүл энэ хуульд зааснаас өөрөөр татварын бусад хуульд заасан бол тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан татварын хуулийн зүйл, хэсэг, заалт давуу үйлчилнэ” гэж тус тус заасны дагуу олон улсын ачаа тээвэрлэлтийн ажил үйлчилгээтэй холбоотой 0 хувь хэмжээг хэрэглэх эсэх харилцаа нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12.1.2, 12.4 дэх хэсгээр зохицуулагдахаар байна.

            11. Дээрх байдлаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар нарийвчилан зохицуулсан харилцааг хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэрдлэж буй нь МУ-ын төсөвт их хэмжээний хохирол үүсгэх буюу их хэмжээний татварыг буцаан олгох хор уршигтай юм.

            12. ТЕГ-ын УТОХГ-ын 2018-2020 онуудад олон улсын ачаа тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг татвар төлөгчдийн баталгаажуулалтын шийдвэрт Монгол Улсын дотор салгаж хийсэн тээвэрлэлтийн орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулан 7.4 тэрбум төгрөгийн зөрчилд 740.0 сая төгрөгийн буцаан олголтыг бууруулан шийдвэрлэснийг татвар төлөгчид хүлээн зөвшөөрч буцаан олголтын дүнг баталгаажуулсныг Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газарт хүргүүлэн шийдвэрлүүлсэн байна.

 13. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2020/0349 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 425 дугаар магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.              

ХЯНАВАЛ:

14. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

15. Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагч Ч.С, Б.У нар “И Э С” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, татварын улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 211800049 дугаар “Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт”-аар татвар төлөгчийн тодорхойлсон 10,890,484,853.35 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох борлуулалтаас нэмэгдсэн өртгийн албан татварын “0” хувьтай 8,491,920,255.45 төгрөгийн борлуулалтыг баталгаажуулж 2,095,951,116.75 төгрөгийг борлуулалтад “… “0” хувь хэмжээг хэрэглэхгүй” гэж, “И Э С” ХХК-ийн “... 2018 оны 04 дүгээр сарын 30-ны байдлаар төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг 21,208,648.6 төгрөгөөр, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг 0 төгрөгөөр” баталгаажуулсан, нэхэмжлэгчээс уг актын “... буцаан авалтыг 209,595,111.67 төгрөгөөр багасгаж баталгаажуулсан /хэсгийг/ хүчингүй болгуулах”-аар маргасан үндэслэлээ “... Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12.1-д заасны дагуу үйлчилгээний орлогодоо албан татварыг “0” хувиар ногдуулж, татварын албанд тайлагнаж буцаан олголтоо авсаар ирсэн ... /байхад/ маргаан бүхий актаар буцаан олголтын дүнг бууруулсан нь үндэслэлгүй, ... манай компанийн гадаадын хуулийн этгээд болох “Инсе трейдинг энд ложистикс лимитед” компанид үзүүлдэг тээвэрлэлтийн үйлчилгээ нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12.1.4-т заасан зохицуулалтад хамаарна” гэж, хариуцагч нараас “... Монгол Улсын хилийн дотор ... хийгдсэн нүүрсний тээвэрлэлтийн үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татварыг “0” хувь хэрэглэхгүй” гэж тус тус маргажээ.

16. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад баримтуудаас үзвэл, маргаан бүхий актаар “0” хувь хэмжээг хэрэглэхгүй гэж, төсвөөс авах буцаан авалтыг 209,595,111.67 төгрөгөөр бууруулан тогтоосонд хамаарах 2,095,951,116.75 төгрөгийг борлуулалт нь нэхэмжлэгч “И Э С” ХХК-ийн Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын хуулийн этгээд болох “Инсе трейдинг энд ложистикс лимитед” компанитай байгуулсан “Тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлэх” гэрээний дагуу Өмнөговь аймаг дахь Тавантолгойн нүүрсний ордоос “Цагаан хад”-ны гаалийн хяналтын бүс дэх гаалийн баталгаат агуулах хүртэл нүүрс тээвэрлэсний үйлчилгээний орлого бөгөөд уг төлбөр нь гадаад улсын хуулийн этгээд болох “Инсе трейдинг энд ложистикс лимитед” компаниас төлөгдсөн, талууд эдгээр үйл баримтуудтай маргаагүй байна.

17. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлд “экспортод гаргасан” зарим бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татварын “0” хувь хэрэглэхээр заасны дотор 12.1.2-т “Монгол Улсын Олон улсын гэрээнд заасны дагуу Монгол Улсаас гадаад улсад, гадаад улсаас Монгол Улс хүртэл, түүнчлэн гадаад улсаас Монгол Улсын хилээр дамжуулан бусад улсад гаргасан олон улсын зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ”, 12.1.4-т “Монгол Улсад оршин суугч бус этгээдэд үзүүлсэн үйлчилгээ”-нд тус тус нэмэгдсэн өртгийн албан татварын “0” хувь хэрэглэхээр, түүнчлэн уг хуулийн 12.4-т “олон улсын зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээг эрхлэхтэй холбогдуулан Монгол Улсын хилийн дотор салгаж хийсэн тээвэрлэлтэд энэ хуулийн 12.1.2 дахь заалт хамаарахгүй” гэж тусгайлан зохицуулсан, анхан болон давж заалдах шатны шүүхүүд эдгээр хуулийн заалтуудыг маргааны үйл баримтад холбогдуулж буруу тайлбарлан хэрэглэжээ.

18. Тодруулбал, хэрэгт авагдсан “Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн 1 дүгээр зүйлд “олон улсын авто тээвэрлэлт гэж дор хаяж нэг улсын хилээр нэвтэрсэн, эсхүл/ буюу тухайн улсын нутаг дэвсгэрээр өнгөрч буй тээврийн хэрэгслээр хийж байгаа зорчигч болон ачаа тээврийг /ойлгох/”-оор, 4 дүгээр зүйлийн 4-т “... /энэхүү хэлэлцээрээр/ аль нэг улсын нутаг дэвсгэрт бүртгэлтэй тээвэрлэгчийг нөгөө талын нутаг дэвсгэрт эхлэх болон дуусах цэгийн хооронд зорчигч болон ачаа тээвэрлэхийг зөвшөөрөхгүй” гэж, хэлэлцээрийн 2 дугаар хавсралтаар  “Олон улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх зөвшөөрөл”-ийн талаар талууд тохиролцохдоо “... зөвшөөрлийг нэг улсын нутаг дэвсгэрт эхлэх болон дуусах цэгийн хооронд авто тээвэрлэлт гүйцэтгэхэд ашиглахгүй” гэж тус тус зааснаас үзэхэд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т заасан “Монгол Улсын Олон улсын гэрээнд заасны дагуу Монгол Улсаас гадаад улсад, гадаад улсаас Монгол Улс хүртэл, түүнчлэн гадаад улсаас Монгол Улсын хилээр дамжуулан бусад улсад гаргасан олон улсын зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ” гэдэгт “дор хаяж нэг улсын хилээр нэвтэрсэн” тээвэрлэлтийн үйлчилгээг ойлгох бөгөөд нэг улсын нутаг дэвсгэрт эхлэх болон дуусах цэгийн хооронд хийгдсэн тээвэрлэлтийг “олон улсын авто тээвэрлэлт” гэж үзэх үндэслэлгүй, татварын хууль тогтоомжийн заалтыг төсөөтэй хэрэглэхгүй, үгийн шууд утгаар тайлбарлаж хэрэглэх тул Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь Тавантолгойн нүүрсний ордоос мөн аймгийн Ханбогд сумын нутаг дахь “Цагаан хад” гэх газарт байрлах гаалийн хяналтын бүс хооронд хийгдсэн “И Э С” ХХК-ийн тээвэрлэлтийн үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татварын “0” хувь хэрэглэх Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2 дахь заалт хамааралгүй, энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй байна.

19. Түүнчлэн, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т “Монгол Улсад оршин суугч бус этгээдэд үзүүлсэн үйлчилгээ”-нд нэмэгдсэн өртгийн албан татварын “0” хувь хэрэглэхээр заасан нь гадаад улсын хуулийн этгээд болох “Инсе трейдинг энд ложистикс лимитед” компанитай байгуулсан “Тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлэх” гэрээний дагуу “И Э С” ХХК-ийн Өмнөговь аймаг дахь Тавантолгойн нүүрсний ордоос нүүрс тээвэрлэсэн үйлчилгээнд хамаарахгүй, хоёр шатны шүүх энэ талаар “...тээвэрлэлтийн гэрээгээр оршин суугч бус этгээд болох “Инсе трейдинг энд ложистикс лимитед” компани нь экспортын бүтээгдэхүүнийг тээвэрлүүлэх үйлчилгээг авсан, ... төлбөр тооцоо буюу нягтлан болох бүртгэлийн анхан шатны баримтаар ажил гүйлгээ валютын данс руу гадаад улсаас шилжиж орж ирж байгаа ... /тул/ оршин суугч бус этгээдэд үзүүлсэн үйлчилгээнд хамааруулж үзэх боломжтой, ... Монгол Улсаас экспортод гаргаж буй ачаа тээврийн үйлчилгээнд буюу татвар ногдох зүйлд өөрчлөлт ороогүй” гэх зэргээр үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзлээ.

20. Учир нь,  Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан нэмэгдсэн өртгийн албан татварын “0” хувь хэрэглэх “үйлчилгээ”-ний үндсэн шалгуур, нөхцөл нь тухайн үйлчилгээг “экспортод гаргасан” байхаар хуульчилсан, энэ тохиолдолд, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр нүүрс тээвэрлэсэн үйл ажиллагааг “экспортод гаргасан үйлчилгээ” гэж дүгнэх үндэслэлгүй, аливаа бараа, ажил, үйлчилгээ Монгол Улсын нутаг дэвсгэр дээр борлуулагдсан, хийж гүйцэтгэгдсэн тохиолдолд тэдгээрийг “экспортод гаргасан” гэж үзэхгүй тул “И Э С” ХХК-ийн гадаад улсын хуулийн этгээд болох “Инсе трейдинг энд ложистикс лимитед” компаниас төлбөр авч, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үзүүлсэн уг үйлчилгээг “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан үйлчилгээ” гэж үзнэ, энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол мөн үндэслэлтэй байна.

21. Нэхэмжлэгчээс “...өөрийн болон тээвэрлүүлэгч компанийн хүсэл зоригоос бус Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 320 дугаар тогтоолын дагуу “И Э С” ХХК тээвэрлэсэн нүүрсээ Цагаан хадны гаалийн хяналтын бүсэд буулгах болсон” гэх үндэслэлээр маргасан, уг үйл баримттай талууд маргаагүй боловч энэ нь тус компанийн Тавантолгойн нүүрсний ордоос “Цагаан хад” гэх газарт байрлах гаалийн хяналтын бүс хооронд хийгдсэн нүүрс тээвэрлэлтийг “Монгол Улсын Олон улсын гэрээнд заасны дагуу Монгол Улсаас гадаад улсад гаргасан тээврийн үйлчилгээ” гэж үзэх, уг орлогыг  нэмэгдсэн өртгийн албан татварын “0” хувь хэрэглэх Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2 дахь заалтад хамааруулах үндэслэл болохгүй. 

22. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 320 дугаар тогтоолоор “... хилийн боомтын нэвтрүүлэх чавдар нэмэгдэх хүртэлх түр хугацаанд нүүрсний тээвэрлэлтийг тавантолгойн нүүрсний ордоос Цагаан хадны гаалийн хяналтын бүс хүртэл, Цагаан хадны гаалийн хяналтын бүсээс Гашуунсухайт боомт хүртэлх чиглэлээр зохион байгуулах”-аар шийдвэрлэсэн нь татвар суутган төлөгчийн үзүүлсэн үйлчилгээ нь “нэмэгдсэн өртгийн албан татварын “0” хувь хэрэглэх” хуулийн заалтад хамаарах эсэх маргаанд хамааралгүй, түүнчлэн нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй нэмэгдсэн өртгийн албан татварын “0” хувь хэмжээг хэрэглэхгүй гэж маргаан бүхий актаар үзсэн  2,095,951,116.75 төгрөгийг борлуулалт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хийгдсэн тээвэрлэлтийн үйл ажиллагаанаас үүсэлтэй болох нь дээрх байдлаар тогтоогдсон, талууд уг үйл баримттай маргаагүй байхад шүүхүүд “... Засгийн газрын тогтоолын улмаас ... нүүрс тээвэрлэх үйл ажиллагаа нь хоёр хуваагдаж хийгдсэнээс “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн уурхайгаас Цагаан хадны гаалийн хяналтын бүс хүртэл нүүрс тээвэрлэх тусдаа үйлчилгээг бий болгоогүй...”, “... хуулийн 12.4 дэх заалт нь тээвэрлэгч болон тээвэрлүүлэгчийн хүсэл зориг, үйл ажиллагаанаас хамааран тээвэрлэгчийн сольсон, эсхүл ачааг буулгаж дахин тээвэрлэсэн тээвэрлэлтэд хамаарахаас бус тээвэрлэгчийн хүсэл зоригоос үл хамааран ачааг буулгаж, дахин тээвэрлэсэн тээвэрлэлтэд хамаарахааргүй” гэх зэргээр дүгнэсэн, түүнчлэн уг маргааныг шийдвэрлэхдээ Автотээврийн тухай, Гаалийн тухай хуулийн заалтуудыг тайлбарлаж хэрэглэсэн нь Монгол Улсад татвар бий болгох, тогтоох, татвар ногдуулах, тайлагнах, хөнгөлөх, чөлөөлөх, суутган тооцох, буцаан олгох асуудлыг зөвхөн татварын хуулиар зохицуулах зарчимд нийцээгүй, буруу болжээ.

23. Эдгээр үндэслэлээр, шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэлтэй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2020/0349 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 425 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 12.1.4, 12.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “И Э С” ХХК-ийн гаргасан “Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагч Ч.С, Б.У нарын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 211800049 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан актын зарим заалтыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар  хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Ч.ТУНГАЛАГ

                    ШҮҮГЧ                                                 Д.МӨНХТУЯАй