| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батхуяг |
| Хэргийн индекс | 181/2023/02929/И |
| Дугаар | 191/ШШ2026/04007 |
| Огноо | 2026-03-17 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 191/ШШ2026/04007
2026 03 17 191/ШШ2026/04007
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, *******, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух, ******* ******* овогт ******* ******* /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: , ******* ******* ХХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 19,249,524 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******,
Хариуцагчийн өмгөөлөгч З.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Айгерим нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан 6,356,952 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 19,249,524 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 25,585,812 төгрөг болгож тус тус нэмэгдүүлсэн бөгөөд шүүх хуралдаанд 19,249,524 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцсон.
3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... Нэг. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага буюу тооцооллын үндэслэл:
|
| Сар | Илүү цаг | Нэг цагийн хөлс | Илүү цагийн хөлс*1,5 |
| 1 | 2022.10 | 56 | 85,250 | 7,161,000 |
| 2 | 2022.11 | 56 | 68,479 | 5,752,236 |
| 3 | 2022.12 | 56 | 75,432 | 6,336,288 |
|
|
|
|
| 19,249,524 |
Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 173.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.
Хоёр. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд заасны дагуу дараах урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийсэн. Үүнд:
1. 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ******* ******* ХХК-ийн Хөдөлмөрийн маргаан таслах зөвлөлд гаргасан, гомдлын хариу 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Гомдол буцаах тухай гэж ирсэн.
2. Дахин 2023 оны 03 сарын 10-ны өдөр ******* Толгой ХХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдол гаргасан. Гомдлын хариу 2023 оны 03 сарын 16-ны өдөр Гомдол буцаах тухай гэж ирсэн.
3. 2023 оны 03 сарын 29-ний өдөр ******* дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороонд гомдол гаргасан.
4. ******* дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хорооны хурал 2023 оны 04 сарын 21-ний өдөр болж, талууд эвлэрч, харилцан тохиролцоогүй тул урьдчилан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болж тэмдэглэлийг гардаж авснаас хойш ажлын 10 хоногт шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсан.
5. 3 талт хорооны тэмдэглэлд дурдсан ажлын 10 хоногт багтаан ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлийг 2023 оны 05 сарын 11-ний өдөр хүлээлгэн өгч, мэдээлэл лавлагааны ажилтан 2023 оны 05 сарын 12-ны өдөр нэхэмжлэлийг мэдээллийн системд бүртгэж оруулсан.
6. ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2023 оны 05 сарын 19-ний өдрийн 181/Ш32023/08879 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.
7. Шүүгчийн захирамжид заасан зөрчлийг арилгаж 2023 оны 06 сарын 06-ны өдөр ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргаж Энэхүү иргэний хэрэг үүсэж хуульд заасны дагуу дээрх урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийсэн байна.
Гурав. Хууль зүйн үндэслэлийн тухайд:
Хариуцагчийн хариу тайлбарын Нэг дэх хэсэгт . . Үүнээс дүгнэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн уртын ээлжийн зохицуулалт 6уюу 92 дугаар зүйлийн 92.1, 92.3 болон 92.4 дэх хэсэг нь илүү цагаар ажилласныг нөхөн амраах хэлбэрээр зохицуулсан тусгай зохицуулалт болох нь тодорхой байна" гэсэн тухайд Хөдөлмөрийн тухай хууль (цаашид, ХтХ гэх)-ийн 92 дугаар зүйл нь Уртын ээлжээр ажиллах ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр, алслагдсан газар байрлуулж ажил үүрэг гүйцэтгүүлж байгаа уул уурхай, олборлох салбарын ажлын горимыг тусгайлан зохицуулсан.
ХтХ-ийн 92.3 дах хэсэгт Уртын ээлжээр ажиллах ажилтны өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно, мөн хуулийн 92.4 дэх хэсэгт Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна гэж заасан. Эдгээр заалтыг хууль тайлбарлах Системийн (Systematic interpretation) аргын хүрээнд авч үзвэл:
1. Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэлийг 12 цагаас илүүгүй байх гэж нэг өдөрт ажил гүйцэтгэх дээд хугацааг заасан;
2. 12 цагаар ажиллаж болохыг зөвшөөрөөд гэхдээ энэ тохиолдолд ХтХ-ийн 87 дугаар зүйлийг баримтлан буюу нэг ээлжийн ажлын үргэлжлэх хугацааг 8 цагаар тооцож зөрүү цагийг илүү цагаар бодохыг тодорхойлсон;
3. Ингээд ХтХ-ийн 87.2-т заасны дагуу илүү цагийн хэмжээг тооцоод 109.1-т заасны дагуу илүү цагийн хөлсийг 1,5 дахин нэмэгдүүлж өгөхийг мөн тодорхой заасан.
4. Гэтэл ХтХ-ийн 109.1 дэх хэсэгт Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно буюу ажилтныг нөхөн амруулаагүй бол нэмэгдэл хөлс тооцож олгохоор хуулиар зохицуулсан. Энэ тохиолдолд Нөхөн амраасан тохиолдолд ажил амралтын горим зөрчигдөх талаар хариуцагч талын зүгээс тайлбарладаг. Гэвч ХтХ-ийн 92.4 дэх хэсэгт Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна гэж Уртын ээлжийн ажилтны ажил, амралтын цагийг тусгайлан хуулиар хатуу тогтоож өгсөн. Үүнээс уртын ээлжээр ажиллаж байгаа ажилтанд Нөхөн амраах зохицуулалтыг хэрэглэх боломжгүй гэдэг нь тодорхой байна. Тодруулбал, Уртын ээлжийн ажилтны ажил, амралтын цагийг хатуу тогтоож нөхөн амраах боломжгүй байгаа тул ажилтанд 109.1-т заасны дагуу илүү цагийн хөлсийг тооцож олгох талаар ХтХ-ийн 92.3 дах хэсгийн зорилго тодорхой харагдана.
Иймд хариуцагчийн ирүүлсэн Хэрэв уртын ээлжээр өдөрт 12 цаг ажиллаж болох хуулийн тусгай зохицуулалтыг үгүйсгэвэл, өдөрт 4 цаг илүү ажилласан, 14 хоногт 56 цаг илүү ажилласан байх үр дагавар үүснэ. Энэ тохиолдолд ажил олгогч ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д заасны дагуу нөхөн амраах үүрэг үүсэх бөгөөд 56 цагийн илүү цаг нь 14+7=21 хоног нөхөж амраах үр дагавартай. Өөрөөр хэлбэл эцсийн дүндээ сар тутам 105 хоног, жилд 210 хоног амрах үр дагаварт хүргэх бөгөөд байгууллага ажилтангүй, ажилтан цалин хөлсний орлогогүй болохоор байна гэсэн хариу тайлбар үндэслэлгүй буюу Уртын ээлжээр ажиллаж буй ажилтан ХтХ-ийн 92.4-ийг баримталж ажил, амралтын цаг тэнцүү ажиллах тул нөхөн амраах үр дагаварт ажил олгогч хүрэхгүй юм.
5. ХтХ-ийн 92.4 дэх хэсгийг Хуулийн нэгдмэл тогтолцооны хүрээнд авч үзвэл Уртын ээлжийн ажилтны ажиллах, амрах хугацааг тэнцүү байхыг хуульчилсан ба ингэхдээ 92.3-т заасан илүү цагийн хөлсийг олгохыг тусгайлан зохицуулсан буюу 92.4- т заасан амралт нь ажилтныг нөхөн амрааж байгаа бус Уул уурхай, олборлох салбарт тасралтгүй 14 хоног ажиллаж байгаагийн хувьд хуулиар тогтоож өгсөн амралт юм. Энэхүү хуулиар олгосон амралтын хоногийг хариуцагч компанийн зүгээс Нөхөн амраах хоногт хүчээр оруулан тооцож, мөн ердийн ажлын цагийн горим буюу 7 хоногийн 5 өдөр ажиллаад гэртээ харьж амраад амралтын өдрөөр амарч байгаа ажилтантай жишин тайлбарлаж байгаа нь ХтХ-ийн 92дугаар зүйлд нийцэхгүй юм.
6. Мөн дээрх Хуулийн зохицуулалтууд нь Ажил амралтын цаг тэнцүү байх буюу 1:1 гэсэн үндсэн зарчмыг баримталсан. Ингэхдээ илүү цагаар ажиллуулсан тохиолдолд нөхөн амруулахгүйгээр энэ ажил амралтын горимоо баримтлаад илүү цагийн хөлсийг тооцож олгоорой гэдгийг тодорхой зааж өгсөн. Хариуцагч талын ирүүлсэн тайлбарт " . . Хөдөлмөрийн тухай хуулийн 92.4-т 14 хоног ажиллаж, 14 хоног амрах зохицуулалтыг оруулахдаа ажил, амралтын харьцаа 1:3 байх шинжлэх ухааны үндэслэлийг баримталсан байна гэж ирүүлсэн. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 92.4, 92.5 дах зохицуулалтууд нь ажил, амралтын цагийг тэнцүү байх зарчмыг баримталсан байдаг. Яагаад Хөдөлмөрийн тухай хуулийн нийтлэг зохицуулалтаас ялгаатай зохицуулсан талаар тодруулбал,
- Хүний эрхийн суурь онолын үүднээс авч үзвэл Энэхүү тусгай зохицуулалт нь Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд Эерэг ялгаварлалыг бий болгож байна. Хууль нь хүн бүрийн эрхийг тэгш зохицуулах үндсэн зорилготой байдаг ч хуулиар эерэг ялгаварлал үүсгэх шаардлага гарсан тохиолдлыг хүлээн зөвшөөрдөг.
Тухайлбал, Улсын ******* Хуралд эмэгтэй гишүүд сонгогдох квотыг Улс төрийн намын тухай хуулиар тогтоож өгөх, Нийгмийн халамжийн тухай хуулиуд Халамжийн бодлого, Хөдөлмөрийн тухай хуулийн Уртын ээлжийн зохицуулалт буюу Нийгэм эдийн засгийн үүднээс авч үзвэл Монгол Улсын дахин сэргээгдэхгүй баялгийг олборлож байгаа аж ахуй нэгж байгууллагын хувьд бусад салбараас илүү өндөр цалин хөлсний хэмжээ байх, Оршин суугаа газраас өөр алслагдсан газар ажиллах, хүнд нөхцөлд ажиллах, амь насны эрсдэл ердийн горимоор ажиллаж байгаа, тасралтгүй 14 хоног ажиллаж байгаа нь иргэний эрүүл мэнд гэх мэт олон нөлөөлөх хүчин зүйл хамаарна.
Алагчлахгүй байх (ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлт) тухай олон улсын хөдөлмөрийн байгууллагын 111 дүгээр конвенцын 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Тодорхой ажлын онцлогтой холбоотой тавигдах шаардлагад үндэслэн ялгаварлах, эсхүл давуу байдал олгох үйлдлийг алагчлах хэмээх ойлголтод хамааруулахгүй гэж заасан. Энэхүү конвенцын хүрээнд ажлын онцлог, түүнд тавигдах шаардлагаас хамаарч тусгайлан зохицуулахыг мөн зөвшөөрсөн.
Энэхүү тусгайлсан зохицуулалт нь Уртын ээлжээр уул уурхай, олборлох салбарт ажиллаж байгаа ажилтны ажиллах, амрах хугацааг хуулиар тогтоож өгсөн байна. Ингэхдээ ажил амралтын цаг тэнцүү байх буюу 1:1 зарчмыг баримталсан.
Ийнхүү хуулиар ажил, амралтын цагийг нарийвчлан тогтоож өгснөөр ажилтны илүү цагаар ажилласан хугацааг ХтХ-ийн 109.1-т заасны дагуу нөхөн амраасан байх урьдчилсан нөхцөлийг ажил олгогч хэрэглэхгүй харин илүү цагийн хөлсийг 1.5 дахин нэмэгдүүлэн олгох хууль зүйн үр дагаварт хүргэж байна. Ингэж олгохдоо ХтХ-ийн 87 дугаар зүйлийг баримтлан нэг ээлжийн ердийн ажлын цагийн үргэлжлэлийг 8 цагаар тооцохыг тодорхой заасан. Ингэснээр ажил амралтын горим алдагдах, байгууллага ажилтангүй болох, ажилтан цалин хөлсний орлогогүй болох үр дагаварт хүрэхгүй байхаар хууль тогтоогч ХтХ-иар зохицуулсан байна.
Иймд нэхэмжлэгч дээрх байдлаар нэхэмжлэлээ шаардлагаа нэмэгдүүлж, нэхэмжлэлийн шаардлагын тооцоолол, хууль зүйн үндэслэл, урьдчилан шийдвэрлэх ажиллагааны талаар шүүхэд дэлгэрэнгүй байдлаар гарган өгч байна. гэжээ.
4. Хариуцагч хариу тайлбартаа: ... Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь дараах байдлаар хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон үнийн дүн бүхий илүү цагаар ажилласан гэх нэмэгдлийг нэхэмжлэгчид олгох үндэслэлгүй болно. Үүнийг илүү тодорхой болгохын тулд дараах хоёр үндэслэлийг тодруулах шаардлагатай гэж үзэж байна.
Нэг. Хөөн хэлэлцэх хугацааны талаар:
Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ батлагдаж, дагаж мөрдсөний дараа буюу 2022 оны 01 сарын 31-ний өдөр ******* Толгой ХХК-иас нийт ажилтнуудад тэр дундаа нэхэмжлэгчид уртын ээлжийн ажилтны сарын ажлын цаг 168 цаг, 168 цагаас илүү ажилласан цагийг илүү цагт тооцож, цалин хөлс олгох талаар мэдэгдсэн. Тиймээс нэхэмжлэгч илүү цагтай холбоотой шаардлага гаргах бол хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг дээр дурдсан 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн тоолно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 154.2, 154.2.2-т зааснаар хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 90 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандана гэж заасан.
Нэхэмжлэгч нь 2022 оны 10, 11, 12, 2023 оны 01 дүгээр сарын илүү цагийн нэмэгдэл хөлсийг нэхэмжилсэн байх боловч тус асуудлыг шийдвэрлүүлэх гомдлыг нэхэмжлэгч 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөр огноолсныг ажил олгогчийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс мөн оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 16:05 минутад хүлээн авсан байдаг.
Үүнээс үзвэл дээр дурдсанчлан хугацааг 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс тоолоход 406 хоног, 2022 оны 10, 11 дүгээр сарын илүү цагийн нэмэгдэл хөлсний хувьд 150 хоног хэтрүүлсэн байна.
Түүнчлэн нэхэмжлэгчийн шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлийг шүүх 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байх бөгөөд тус захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мөн өдөр мэдэж, гардаж авсан байна.
Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана, мөн хуулийн 79.3-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон бол шүүхээс явуулсан сүүлийн ажиллагаа дуусгавар болсноор хөөн хэлэлцэх хугацааны тасалдал зогсоно, 79.7-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж тус тус заасан.
Үүнээс үзвэл ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 181/Ш32023/08879 дугаар захирамж гарснаас хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д заасан ажлын 10 хоногийн хугацааг тоолох ёстой. Ийнхүү тоолбол шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байх хугацаа 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдөр дуусахаар байна.
Нэхэмжлэгч нь 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөр огноолсон байх боловч үүнээс хойш буюу мөн оны 06 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэлээ шүүхэд өгсөн байдаг.
Үүнээс үзвэл аль ч тохиолдолд нэхэмжлэгчийн хувьд хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байх тул Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар хариуцагчийн хувьд татгалзах эрхтэй болно.
Хоёр. Уртын ээлжийн зохицуулалтын тухайд:
Улсын ******* Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Тус хуулийн 92 дугаар зүйлээр уул уурхай, олборлох салбарын ажил олгогч уртын ээлжээр ажиллуулах горим хэрэглэж болохоор анх удаа хуульчилсан.
Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байхаар, ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх байхаар зохицуулсан.
******* Толгой ХХК-иас Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1472 дугаар албан бичгээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Тодруулга авахаар хүсэлт гаргасан.
Тус яамнаас 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 6/3391 Тодруулгад хариу хүргүүлэх тухай албан бичгээр "... Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 92.4-т заасан хугацааг баримтлан ажиллаж байгаа тохиолдолд нэг сарын дундаж ажлын цагийг 168 цагаар тооцож ажилтныг амрах 14 хоногт илүү цагаар ажилласан хугацааг нөхөн амарсан гэж үзэж тухайн хугацаанд ажилласан цагийг ердийн цагаар ажилласанд тооцож, цалин хөлсийг зохих журмын дагуу олгоно гэсэн хариуг ирүүлсэн болно. /Холбогдох баримтыг хавсаргав/
Түүнчлэн хөдөлмөрийн эрх зүй судлаач, Доктор, профессор Б. ... Уртын ээлжээр ажиллаж байгаа ажилтны хувьд дээрх тооцоолсон ёсоор хэдийгээр 14 хоногийн турш 168 цаг ажилласан үүнээс 56 цаг нь илүү цаг гэж тооцогдож байгаа ч гэсэн ээлжийн ажлын хоног дуусмагц үргэлжлүүлээд 14 хоногийн турш буюу 336 цаг амарч байгаа тул илүү ажилласан цагийг нөхөн амарсан гэж тооцож болно. Иймд 109 дугаар зүйлээр илүү цагийн хөлсийг нэмэгдүүлж олгох шаардлагагүй, ердийн журмаар цалин хөлсийг тооцож олгох нь зүйтэй гэсэн хууль зүйн дүгнэлтийг ирүүлсэн болно.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний 16 дугаар магадлалд тэмдэглэгдсэн Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд А. тайлбарт Уртын ээлжийн хугацааг 14 хоног ажиллаж, 14 хоног амрах болгосноор илүү цаг гарахгүй болсонтой холбоотойгоор ажилтны сарын цалин хөлс дунджаар 20-30 орчим хувиар буурах, ажил олгогчид ажлын ээлжийг нэмэгдүүлэхтэй холбоотой шинээр ээлж зохион байгуулах, ажилтныг сургаж бэлтгэх зэрэг санхүүгийн асуудал үүсэх нөлөөлөл байгааг урьдчилан анхааруулж байсан. Гэсэн хэдий уртын ээлжийн ажиллах хугацаа урт байх нь ажилтны гэр бүлийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж, ажил амьдралын тэнцвэр алдагдаж байгаа тул цалин буурах хэдий ч уртын ээлжийн хугацааг 14 хоног ажиллаж, 14 хоног амрах зарчмын зөрүүтэй саналыг Улсын ******* Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, олонхын саналаар дэмжин Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 92 дугаар зүйлд тусгагдсан гэж тайлбарласан байсан.
Мөн тус магадлалаар Үндсэн хуулийн цэц Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх хэсэгт Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна гэж хуульчлан уул уурхай, олборлох салбар болон уг салбарт үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагад ажиллах ажилтны хөдөлмөрийн гэрээний нэмэлт нөхцөлд тусгах асуудал болох ажил, амралтын цагийг хуулиар тусгайлан тогтоож, энэ талаар талууд харилцан тохиролцох боломжийг хөндсөн гэж үзэхээр байна. Энэхүү зохицуулалтыг хууль тогтоомжийг боловсронгуй болгох хүрээнд судлан шийдвэрлэх шаардлагатай байгааг тэмдэглэх нь зүйтэй гэж дүгнэсэн.
Улсын ******* Хурлын нэгдсэн чуулганы тэмдэглэлд Улсын ******* Хурлын гишүүд дараах санал, тайлбарыг хийсэн байна.
Х. Мэдээж энэ 14 хоног ажиллахад сард ажиллах хөдөлмөрийн цаг илүү гарна гэж үндсэндээ байхгүй, бараг 8 цагаар ажиллавал 9 цагаар дутагдана. 10-12 цаг ажиллахад болно гэж өөрсдөө ярьдаг,
М.*******нчимэг Хэрэв ажил, амралтын горимын хуулиар 14, 14 болгон тогтоовол ажилчдын одоо авч байгаа хөдөлмөрийн хөлс 35 хүртэл хувиар буурах болно. Ажилчдын цалин ажилласан цаг илүү цагаар тооцогддог учраас энэ тооцоолол гарсан гэж байна,
С. Уурхайчид, ажилчид өөрсдөө 14, 14 гээд байгаа юм. Гэхдээ гол нь цалин хөлс чинь үндсэн цалин, нэмэгдэл хөлснөөс бүрддэг. Нэмэгдэл хөлс чинь илүү цаг нь орж явдаг л даа. Өөрсдөө энэ цалин хөлс нь буурахыг зөвшөөрч байгаа бол 14, 14 гээд явчихад болохгүй юм байхгүй. Бидний тооцоогоор бол 14, 14 болгочихвол 20, 10-аасаа илүү цаг нь жилийн 4, 5 болох юм байна лээ. Энэ хэмжээгээр нэмэгдэл хөлс нь, илүү цагийн хөлс нь буурах юм байна,
Х. 14, 14 хоног ажиллана гэхээр чинь 14 хоногт 12 цаг ажиллахаар нэг ээлжид 168 цаг л ажиллаж байгаа байхгүй юу, уурхайчин. Бага ажиллаж байна, сайн байна. Тэгвэл ердийн ажил хийж, Хөдөлмөрийн хуулиар ажиллаж байгаа хүн чинь нэг сард 21.2 өдөр буюу 172 цаг ажиллаж байгаа юм. Тэгэхээр энэ хүнээс бага ажиллачхаад, тэгээд уурхайчин хүн бол өндөр цалин авна, цалин нэмэх гэдэг тийм үзэл бодлоор хандаж байгаа явдал дэмий юм гэж хэлэхийг хүссэн юм ...
Үүнээс дүгнэхэд, уртын ээлжийн зохицуулалтыг цаашид боловсронгуй болгох шаардлагатай гэж үзэж байгаа болно.
Гурав. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл тодорхойгүй, тооцоолол илэрхий алдаатай талаар:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т зааснаар нэхэмжлэлд маш тодорхой тусгах ёстой зүйл бол нэхэмжлэлийн үндэслэл ба шаардлага байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхой гаргаагүй, үүний улмаас нэхэмжлэлийн шаардлага нь илэрхий алдаатай болсон байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлд дурдсан хугацааны цалин хөлсийг бүхэлд нь авсан атлаа дахиж 1,5 дахин нэмэгдүүлж авахаар нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Энэхүү шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д үл нийцэх юм.
Дөрөв. Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд хийж авч хэрэгжүүлсэн арга хэмжээ:
Хөдөлмөрийн тухай хууль болон тус хуулийг хэрэгжүүлэх хүрээнд холбогдох журмуудыг Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамнаас 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр баталж, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нийтэд ил тод болсон. Эдгээр журмуудын хүрээнд ******* Толгой ХХК-ийн ХН-Г1.1: Цалин хөлсний журам батлагдсан ба тус журмын 14.1.2.а-д Ээлжийн болон уртын ээлжээр ажиллах ажилтнуудын нэг сарын дундаж ажлын цагийг 168 цагаар тооцно. Ажилтны сард 168 цагаас дээш ажилласан цагт илүү цагийн нэмэгдэл хөлс олгох ба илүү цагийн нэмэгдэл хөлсийг олгохдоо ажилтны дундаж цалин хөлсийг 1,5 дахин нэмэгдүүлж олгоно гэж заасан. Мөн HR-E.6.2 Ажлын цагийн тухай журмын 9.2.3-д Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг сарын дундаж ажлын цаг 168 цаг байх ба сард 168 цаг дотор ажилласан илүү цагийг ээлжийн хуваарийн дагуу амрах 14 хоногийн хугацаанд нөхөн амруулсанд тооцно. Уртын ээлжийн ажилтан сард 168 цагаас дээш цагаар ажилласан тохиолдолд тухайн хугацаанд ногдох илүү цагийн нэмэгдэл хөлсийг Цалин хөлсний журамд заасны дагуу олгоно гэж заасан байдаг.
Түүнчлэн ******* Толгой ХХК-иас уртын ээлжийн ажилтнуудын ажлын цагийн зохицуулалт болон цалин хөлсийг хэрхэн тооцох талаарх мэдээллийг 2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 173/HR дугаар албан бичгээр ******* Толгой ХХК-ийн Уул уурхайн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хороонд мэдэгдсэн болно.
******* Толгой ХХК-ийн зүгээс нийт ажилтнууддаа шинэчлэн найруулсан Хөдөлмөрийн тухай хуульд орсон өөрчлөлтүүд болон уртын ээлжийн ажилтны ажлын цаг, цалин хөлсний талаар танилцуулах цахим болон танхимын цуврал уулзалтуудыг зохион байгуулж байсан.
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэрэгжүүлэхтэй холбоотой мэдээллийг нийт ажилтнуудад и-мэйлээр мэдээллийг хүргэж байсан ба 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр уртын ээлжийн зохицуулалттай холбоотойгоор мэдээллийг хүргэж байсан болно.
Иймд дээрх болон өмнө гаргасан тайлбарт дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэr өгнө үү. гэжээ.
5. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, А.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, ******* дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийн хуулбар зэргийг нотлох баримтаар өгсөн байна.
6. Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.*******г томилсон 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн итгэмжлэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б. томилсон 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн итгэмжлэл, ******* ******* ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Тодруулга хүсэх тухай албан бичиг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Тодруулгад хариу хүргүүлэх тухай албан бичиг, профессор Б.ийн хууль зүйн дүгнэлт, Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 16 дугаар Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг татгалзах тухай магадлалын хуулбар, Монголын уур уурхайн үндэсний ассоциацийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн албан бичиг, ******* ******* ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Хариу хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/44 дугаар Хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн батлах тухай тушаалын хуулбар, ******* ******* ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын хуулбар, ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 69/21 дугаар Журам шинэчлэн батлах тухай тушаалын хуулбар, ******* ******* ХХК-ийн цалин хөлсний журмын хуулбар, ******* ******* ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 72/21 дугаар Журам шинэчлэн батлах тухай тушаалын хуулбар, ******* ******* ХХК-ийн ажлын цагийн тухай журмын хуулбар зэргийг нотлох баримтаар өгсөн байна.
7. Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр ******* ******* ХХК-иас Б.*******ийн 2022 оны 10, 11, 12 дугаар сарын ажилласан цагийн бүртгэл, тус саруудын цалингийн задаргаа, Үйлдвэрчний эвлэлийн 2022 оны 4 дүгээр сард батлагдсан Хамтын гэрээ, *******, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа Х. нэхэмжлэлтэй, ******* ******* ХХК-д холбогдох иргэний хэргээс Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн хувийн хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр ******* ******* ХХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гаргасан гомдол, ирүүлсэн хариуг, мөн 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гаргасан гомдол, ирүүлсэн хариуг, Хөдөлмөрийн Нийгмийн хамгааллын яамнаас Хөдөлмөрийн нийгмийн хамгааллын яамны 2022 оны А/164 тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн санал, тайланг, ******* дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооноос нэхэмжлэгч Б.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******оос ******* дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гаргасан өргөдөл, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимаас Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 01/366 тоот албан бичиг, ******* ******* ХХК-иас одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хөдөлмөрийн дотоод журам, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэглэсэн Б.*******ийн Ээлжийн хуваарь, Ээлжээр ажилладаг ажилтны ажлын цагийг бодох журам, ******* ******* ХХК-иас ******* ******* ХХК болон ******* ******* ХХК-ийн Уул уурхайн үйлдвэрчний эвлэл, ******* *******н Орон нутгийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хороо нарын хооронд 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр байгуулагдсан Хамтын гэрээ зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.*******ийн нэхэмжлэлийн шаардлагаас 6,416,508 төгрөгийг хангаж, үлдэх 12,833,016 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ажил олгогч нь 14 хоног ажиллуулж, 14 хоног амраахдаа өдөрт 8 цаг ажиллахаас 12 цагаар ажиллуулж, өдөр бүр 4 цаг илүү ажиллуулсан боловч илүү цагийн хөлсийг олгоогүй. Иймд 2022 оны 10 дугаар сараас 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажилласан илүү цагийн ажлын хөлсийг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: ... ажилтан сард 168 цаг ажиллаж байгаа нь тухайн ажилтныг илүү цагаар ажиллуулсан гэж үзэхгүй, ...ажилтны сард амрах 14 хоногийн хугацаанд ажил үүрэг гүйцэтгэсэн өдөрт илүү ажилласан гэх 4 цагийн хугацааг нөхөн амруулсан хугацаа багтан тооцогдож байгаа болно. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 92.3 дахь заалт, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021.12.06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан Цалин хөлс тодорхойлох журамд зааснаар уртын ээлжийн ажилтны өдөрт ажиллах ажлын цаг нь 12 цаг, сард ажиллах дундаж ажлын цаг 168 цаг байхаар зохицуулсан тул нэхэмжлэгчийг илүү цагаар ажиллуулсан гэж үзэхгүй. Харин ажилтны тухайн сард ажил үүрэг гүйцэтгэсэн ажлын цаг 168 цагаас илүү гарсан тохиолдолд тухайн илүү гарсан цагт ногдох нэмэгдэл хөлсийг олгож байгаа, иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Талуудын хооронд 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр нэхэмжлэгч Б.******* нь ******* ******* ХХК-д хөдөлгөөнт хүнд машин механизмын оператор албан тушаалд уртын ээлжээр ажиллахаар харилцан тохиролцож, хөдөлмөрийн харилцаа үүссэн байна.
6. Нэхэмжлэгч нь өдөрт 8 цагийн ажлын нормоос давуулан 12 цагаар ажиллуулсан тул илүү цагийн хөлс авах эрхтэй гэж үзсэн бол хариуцагч нь 14 хоног ажиллуулж, 14 хоног амрааснаар илүү цагийг нөхөн амарсанд тооцсон, сард 168 цаг ажилласан тул илүү цаг үүсэхгүй, мөн нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж маргасан байна.
7. Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д уул уурхай, олборлох салбарын ажил олгогч уртын ээлжийн горим хэрэглэх боломжтойг, 92.4-т уртын ээлжийн хугацааг 14 хоног ажиллаж, 14 хоног амрах байдлаар зохицуулсныг тус тус заасан.
8. Хариуцагч ******* ******* ХХК нь уул уурхай, олборлох салбарын ажил олгогч бөгөөд нэхэмжлэгч уртын ээлжийн 14/14 горимоор ажиллаж байсан нь тогтоогдож байна.
9. Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3-т уртын ээлжийн ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд 87 дугаар зүйлийг баримтлан илүү цагийг 109.1-д заасны дагуу нэмэгдэл хөлсөөр олгоно гэж, мөн 87.2, 87.3-т нэг ээлжийн ердийн ажлын цаг 8 цаг байх бөгөөд шаардлагатай тохиолдолд 4 хүртэл цагаар сунгаж болохыг заасан байна.
10. Дээрх зохицуулалтаас үзэхэд уртын ээлж болон ердийн ажлын аль алинд нь өдөрт 8 цагийг үндсэн норм гэж үзэх бөгөөд үүнээс давсан хэсгийг илүү цагт тооцно.
11. Иймд уртын ээлжийн горимд ажилласан ч 8 цагаас давсан ажил нь илүү цагт хамаарах бөгөөд 12 цаг ажиллах нь илүү цаг үүсэхгүй гэсэн ойлголт биш юм.
12. Уртын ээлжийн 14 хоногийн амралт нь ажилтан алслагдсан бүсэд ажилласантай холбоотой амралт бөгөөд илүү цагийн нөхөн амралтад тооцох зохицуулалт хуульд байхгүй. Харин илүү цагийг нэмэгдэл хөлсөөр нөхөн төлөхийг хуульд тусгайлан заасан.
13. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын А/192 дугаар тушаалд сарын дундаж ажлын цагийг 168 гэж тогтоосон нь илүү цагийг үгүйсгэх үндэслэл болохгүй.
14. Хариуцагчийн дотоод журмаар илүү цагийг амралтаар нөхсөн гэж үзэх зохицуулалт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3-т нийцэхгүй байна.
15. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн хуулийн 92 дугаар зүйлийн 92.3-т Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно гэж зааснаар ажил олгогч нь нэмэгдэл хөлсийг олгох үүрэгтэй.
16. Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.8-д Уртын ээлжээр ажиллах ажилтны ажил, амралтын цагийн горим, уртын ээлжээр ажилласны нэмэгдэл зэргийг хамтын гэрээ, салбарын хамтын хэлэлцээрээр тогтооно гэжээ.
17. Нэхэмжлэгчийн цалин хөлс нь үндсэн цалин, илүү цаг 1.5 олговор, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн нэмэгдэл, шөнийн цагийн нэмэгдэл хөлс, уртын ээлжийн нэмэгдэл, уурхайн цогцолборт ирэх, буцах цагийн нэмэгдэл зэргээс бүрдсэн байна.
18. Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно гэж зааснаар дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгох үүрэгтэй.
19. Хэрэгт авагдсан нэхэмжлэгч Б.*******ийн ажилласан цагийн бүртгэл, олгосон цалин хөлсний мэдээлэл, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоос үзвэл 2022 оны 10 дугаар сард 168 цаг, 11 дүгээр сард 180 цаг, 12 дугаар сард 156 цаг ажилласан байх бөгөөд нэхэмжлэгчид сар бүр 168 цагаас дээш ажилласан илүү цагийн нэмэгдэл хөлсийг дундаж цалин хөлсний хэмжээгээр 1.5 дахин нэмэгдүүлэн олгосон болох нь нотлогдсон, энэхүү үйл баримттай талууд маргаагүй.
20. Иймд илүү цагийн хөлсийг 1,5 дахин нэмэгдүүлж олгох ёстойгоос 1,0 хувийг ажил олгогч олгосон гэж үзэж 0,5 дахин нэмэгдүүлж тооцох нь зүйтэй тул энэ талаарх хариуцагч талын татгалзал үндэслэлтэй.
21. Нэхэмжлэгчийн тодорхойлсон 2022 оны 10, 11, 12 дугаар сарын нэг цагийн дундаж цалин хөлсний хэмжээг хариуцагч хүлээн зөвшөөрч маргаагүй тул нийт нэхэмжилсэн 19,249,524 төгрөгийн 3/1 буюу 6,416,508 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлээс үлдэх 12,833,016 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
22. Нэхэмжлэгч 2022 оны 10, 11, 12 сарын илүү цагийн цалин хөлстэй холбоотой гомдлоо ******* ******* ХХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст 2023.02.17-ны өдөр гаргасныг 2023.03.01-ний өдөр Хөдөлмөрийн маргаан таслах зөвлөл байхгүй гэсэн үндэслэлээр гомдлыг буцаасан, ******* дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2023.03.29-ний өдөр гаргасан гомдлыг 2023.04.21-ний өдрийн хуралдаанаар шийдвэрлэсэн байх бөгөөд 2023.05.12-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.05.19-ний өдрийн 181/ШЗ2023/08879 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, дахин энэ нэхэмжлэлээ 2023.06.09-ний өдөр гаргаснаар шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэжээ.
23. Нэхэмжлэгчид 2022 оны 10 дугаар сарын сүүлийн цалин хөлс олгосон 2024 оны 2022.11.25-ны өдрөөс эхлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-д заасан 90 хоногийн хугацааг тоолж эхлэх тул дээр дурдсанаар холбогдох газруудад тухай бүрд гомдлоо гаргаснаар Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсанд тооцох тул хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.
24. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Б.*******ийн нэхэмжлэлээс 6,416,508 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 12,833,016 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
25. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч ******* ******* ХХК-аас 6,416,508 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******эд олгож, нэхэмжлэлээс 12,833,016 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 117,614.13 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулан, нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТХУЯГ