Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2026/ДШМ/39

 

 

 

   “Д” ГХОХХК-д

холбогдох эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч Б.Наранчимэг, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Д.Зуунай,

яллагдагчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Б, түүний өмгөөлөгч Б.Түвшинжаргал/цахим/

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямцэцэг нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул даргалж хийсэн 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 2026/ШЗ/154 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурор Д.Зуунайгийн эсэргүүцэлд үндэслэн 2519001860293 дугаартай, яллагдагч “Д” ГХОХХК-д холбогдох эрүүгийн хэргийг 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв. 

1.Яллагдагч байгууллагын хувийн мэдээлэл:

Д гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компани, гэрчилгээний *.

2.Холбогдсон хэргийн товч агуулга:

 “Д” ГХОХХК нь 2025 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн * сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулахдаа Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 дугаартай хамтарсан тушаалаар баталсан Монгол Улсын химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалтын 693 дугаарт багтсан Пентан (Pentane), 695 дугаарт багтсан (Heptane), 696 дугаарт багтсан Октан (Octane), 724 дүгээрт багтсан Гексан (Нехane), химийн хорт болон аюултай бодисын хог хаягдлыг агаар, газар, газрын хэвлийд хаяж хүний эрүүл мэнд, мал, амьтанд сөрөг нөлөөлөл үзүүлэх, өвчин эмгэг үүсэх, үхэл мөхөлд хүргэх нөхцөлийг бүрдүүлсэн хэрэгт холбогджээ.

3.Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос  “Д” ГХОХХК-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцжээ.

4.Анхан шатны шүүх: ...Шинжээчийн дүгнэлтэд авагдсан дээрх химийн хорт, аюултай бодисыг хэргийн газрын үзлэгээр гэрэл зурагт авагдсанаар нээлттэй байршуулсан нь Хог хаягдлын тухай хуулийн 5 дугаар бүлэгт заасан аюултай хог хаягдлыг савлах, түр хадгалах, тээвэрлэх, цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах шаардлагад нийцэж байгаа эсэх,

Зурагт авагдсаны дагуу ил задгай байрлуулсан нь хүний эрүүл мэнд, мал, амьтан, ургамал, тэдгээрийн үр удамд сөрөг нөлөөлөл үзүүлэх, өвчин эмгэг үүсгэх, үхэл, мөхөлд хүргэх нөхцөл бүрдсэн эсэх, дээрх нөхцөл бүрдсэн бол байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээг Байгаль орчны хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар тогтоож, улсын байцаагчийн дүгнэлт гаргуулах зэрэг нотолбол зохих ажиллагааг хийж гүйцэтгэх,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийг хэн үйлдсэн талаар нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хийсэн үйлдэл эс үйлдэхүйгээр хангасан гэмт этгээдэд ял оногдуулах нь хуулийн этгээдэд ял оногдуулах үндэслэл болох тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай 24.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч “Д" ГХОХХК холбогдох эрүүгийн 2519001860293 дугаартай хэргийг прокурорт буцааж,

Хэргийг прокурорт очтол яллагдагч “Д” ГХОХХК урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан авсан 1 гэж дугаарласан гялгар ууттай жижиг бөмбөгөн ширхэгтэй зүйл, 2 гэж дугаарласан 500 гр хуванцар тунгалаг саванд хар өнгийн шингэн зүйл, 3 гэж дугаарласан хуванцар савтай хар өнгийн шингэн зүйл нийт 3 ширхэг савтай эд зүйлийг хэргийн хамт хүргүүлэхийг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, хохирогч, түүний өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

5.Яллагдагчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Б гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бид нар гэм буруугаа хүлээж байгаа. Тэгээд хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Ийм боломжоор хангаж өгнө үү.” гэв.

6.Яллагдагчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Бын өмгөөлөгч Б.Түвшинжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “гэмт хэргийг хохирол учирсан байхыг шаардаж байгаа гэж үзээд  хохирлын хэмжээг тодорхойлох шаардлагатай байна, шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай байна гэдэг үндэслэл ярьсан. Шүүх хуралдааны тэмдэглэлд энэ талаар туссан байгаа. Үүнтэй холбоотой прокурорын эсэргүүцлийг дэмжиж байгаа. Энэ хохирол шаардаж байгаа гэмт хэрэг биш. Мөн зүйлчлэлийн хувьд хуулийн этгээдэд хариуцлага ноогдуулахтай холбоотой асуудал яригдаад байгаа. Пүрэвбаатар хуулийн этгээдийн нэрийн өмнөөс дээрх Эрүүгийн хуульд заасан ажиллагааг хийсэн юм байна гэж үзээд зүйлчлэлийн дагуу прокурор яллах дүгнэлт үйлдсэн.  Орчин бохирдоод байгальд их хэмжээний хохирол учирсан байна гэдэг зүйл хурал дээр яригдаад, мөн тэр хүхрийн асуудлыг дүгнэх боломжтой юу, тэр хүхэртэй холбоотой шинжээчийн дүгнэлт гаргуулах боломжтой юу гэдэг асуудал хурал дээр яригдсан. Зүүнбаян дахь газрын тосны үйлдвэр нь  онцлогтой 1960 онд манайхаас өмнө Зөвлөлт Холбоот улс байх үедээ энд газрын тос олборлодог байсан. Тэгээд энэ үйлдвэрийг хаяж явсан, хаяж явахдаа тэр хэсгийг нөхөн сэргээгээгүй. Тэгээд тэдний хог хаягдлаа хаядаг байсан хэсэг дээр Засаг даргын зөвшөөрлөөр манайх хаягдлын далангаа байгуулаад тэнд хаягдлаа хаядаг байсан. Үүнтэй  холбоотой Засаг даргын тодорхойлолтыг өгсөн байгаа. Газрын тос гэдэг бол өөрөө онцлогтой. Нэгэнт байгалиасаа гарахдаа өөр өөрийн тодорхой хэмжээний үнэртэй,  хортой, аюултай бодисыг өөртөө агуулсан байх боломжтой ийм бүтээгдэхүүн байгаа. Гэтэл үүнийг манайх байгаль орчныг бохирдуулаад тэр хэсэгт хохирол учруулчихсан юм шиг тайлбарлаж шийдэх нь үндэслэлгүй. Манай зүгээс мөрдөн байцаалтын шатад ч тэр, шүүхийн шатад ч тэр тухайн хэсэг яагаад бохирдсон юм бэ гэдэг дээрээ тайлбар хэлсэн. Энэ бол ганц манай үйл ажиллагаанаас шалтгаалаад тэр хэсгийн байгаль орчны бухимдал үүссэн юм биш. Энэ бол 1960 оноос эхэлж үйлдвэрлэл явуулж байсан  хөрсний шинжилгээгээ гаргаад байгаа хортой аюултай бодис чинь зөвхөн манай үндэснээс шалтгаалаагүй, Зөвлөлт холбоот улсын үед хаягдал хаядаг байсан. Тэгэхээр энэ онцлогийг харгалзаж үзээд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөөч гэдэг асуудал ярьсан. Манай зүгээс буруутай ажиллагаа байсан гэж үзэж байгаа. Манайх хог хаягдлыг плёнк дээр хаях ёстой юм байна. Тэгээд хаягдлаа хаяж байгаа үедээ плёнкийн гадуур хаясан байсан. Үүнийг хамж амжаагүй байх үед иргэд бичлэг хийгээд ийм гэмт хэрэг болсон байдаг. Хэрвээ тэр хог хаягдлыг хамаад плёнк  дээр нь тавиад зориулалтынх нь дагуу хаягдах ийм зүйл байсан. Гэхдээ манай зүгээс гадуур нь хог хаягдлаа хаясан гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлье гээд очиж байхад шүүх хуулиас даваад шийдвэр гаргасан гэж үзэж байгаа.” гэв.

7.Прокурор Д.Зуунай эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Д” ГХОХХК-г байгаль орчин бохирдуулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүх рүү шилжүүлсэн. Яллагдагч болон түүний өмгөөлөгч нараас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэдэг хүсэлтийг шүүхийн шатанд гаргаад, шүүхээс урьдчилсан хэлэлцүүлэг зарлагдсан. Урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд шүүх хуралдаан эхлэхэд шүүгч оролцогчоос болон би өөрийн санаачилгаар тухайн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг явуулж байгаа талаар танилцуулдаг. Гэтэл хавтаст хэрэгт шүүх өөрийн санаачилгаар явуулж байгаа талаар ямар нэгэн захирамж байдаггүй. Урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд нотлох баримтуудыг шинжлэн судалж гэм буруутай юу, гэм буруугүй юу, гэдэг асуудлыг шийдвэрлэнэ гээд хавтаст хэргийг өгч прокуророос нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан. Шинжлэн судлуулсантай холбоотойгоор шүүх захирамж дээрээ ямар үндэслэлээр буцаасан юм бэ гэвэл Хог хаягдлын тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар тухайн аюултай хог хаягдлыг савласан, тээвэрлэсэн, энэ нь ямар хууль зөрчөөд байгаа юм, үүнийг тогтоох “Д” ГХОХХК нь хуулийн этгээдийн нэрийн өмнөөс гэмт хэрэг үйлдсэн үү, мөн энэ хэрэгт их хэмжээний хохирол учирсан юм уу, гэдгийг тогтоох шаардлагатай гэсэн үндэслэлээр буцаасан. Хог хаягдлын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан энэ асуудлыг Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэх нь хэрэгт ямар ч ач холбогдолгүй захиргааны шинжтэй асуудал байсан. Хэргийн бодит байдал дээр тэр хог хаягдлыг зөөсөн, тээвэрлэсэнтэй холбоотой асуудал огт яригдаагүй байдаг. Энэ компани нь хуулийн этгээдийн нэрийн өмнөөс гэмт хэргийг үйлдээд байгаа юм уу гэдэг. Энэ нь болохоороо Дорноговь аймгийн * сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр буюу “Д” ГХОХХК-ийн нутаг дэвсгэрт буюу тухайн компани нь болохоороо химийн хортой болон аюултай бодисыг ашиглах тусгай зөвшөөрөлтэй. Тэр тусгай зөвшөөрлөө ашиглах үйл явцдаа химийн болон хортой, аюултай бодисыг тусгай плёнкнаасаа хэтрүүлэн асгасан тохиолдол гарсан. Тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааныхаа чиглэлээр хог хаягдлыг хаясан байгаа учраас тэр хог хаягдлаас нь дээж авахад Шүүх шинжилгээний ерөнхий газраас хортой болон аюултай бодис мөн байна. Энэ нь жагсаалтад багтсан бодис мөн байна гэсэн шинжээчийн дүгнэлтийг гаргасан байдаг. Ийм учраас “Д” ГХОХХК нь хуулийн этгээдийн нэрийн өмнөөс өөрийнхөө ашиг сонирхлын төлөө тухайн байгаль орчныг бохирдуулах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг зэргээр нотлогдон  тогтоогдсон байгаа. Мөн их хэмжээний хохирол учруулсан гэдгийг тогтоох гэж байгаа.  Байгаль орчин бохирдуулах гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг, ямар нэгэн хохирол учруулсан байхыг шаардахгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг нь байгаль орчинд хохирол учруулсан нөхцөлийг бүрдүүлснээр энэ гэмт хэргийн шинж хангагдана. Өөрөөр хэлбэл химийн хорт аюултай бодисыг байгаль орчинд хаяснаар хүний эрүүл мэндэд хохирол учирсан, мал амьтныг өвчлүүлсэн үхэл мөхөлд хүргэсэн байхыг шаардахгүй нөхцөл бүрдүүлснээр төгсдөг гэмт хэрэг гээд хууль дээр тайлбарлачихсан. Ийм учраас тухайн гэмт хэрэгт ямар нэгэн хүний эрүүл мэндэд хохирол учирсан, байгаль орчинд хохирол учруулсан, энийг тогтоох нөхцөл байдал хэрэгт бол тогтоогдоогүй. Мөн шүүгч захирамжаа гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.3-т  зааснаар хэргийг прокурорт буцаах заалтыг үндэслэл болголгүйгээр хэргийг түдгэлзүүлсэн хуулийн заалтыг удирдлага болгоод захирамжаа гаргасан байсан. Захирамжийн тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэж дүгнэсэн байсан. Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар яллах дүгнэлтийг үйлдэж  шүүхэд шилжүүлсэн. Иймд шүүх хуулийг буруу тайлбарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр прокурорын эсэргүүцлийг бичсэн. Мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд гэм буруугийн талаар болон эрүүгийн хариуцлагын талаар огт хэлэлцэхгүй гэсэн энэ хуулийн заалтыг зөрчсөн байна гэж улсын яллагчийн зүгээс үзсэн.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх прокурор Д.Зуунайгийн бичсэн эсэргүүцэлд үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3-д зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж, эсэргүүцлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

1.Анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж үзсэн.

2.Хэрэгт авагдсан баримтуудаар яллагдагч “Д” ХХК үйлдвэрлэлийн хаягдлыг зориулалтын далангийн гадуур асгасан үйлдэл нь пентан, гексан, гептан, октан гэх химийн хорт болон аюултай бодисууд агаар, газар, газрын хэвлийд нөлөөлснөөр хүний эрүүл мэнд, мал амьтанд сөрөг нөлөөлөл үзүүлэх, өвчин эмгэг үүсгэх, үхэл мөхөлд хүргэх нөхцөлийг бүрдүүлсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.1 дүгээр зүйлийн 3-д гэмт хэргийг үйлдсэн гэж прокурор яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

3.Анхан шатны шүүх хэргийг урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар хянан хэлэлцээд “...энэ гэмт хэргийн улмаас их хэмжээний хохирол учирсан байх хүндрүүлэх нөхцөл байдлыг шалгаж тогтоогоогүй, ...гэмт хэрэгт холбогдсон хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтны үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн эсэхийг шалгаж тогтоогоогүй” гэсэн агуулга бүхий үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснийг прокуророос эс зөвшөөрсөн байна.

4.Давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүх шийдвэрт дараах үндэслэлүүдээр өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн.

4.1.Анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдана” гэсэнд нийцээгүй байна гэж үзсэн.

Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...химийн хорт, аюултай бодис, аюултай, хортой хог хаягдлыг агаар, газар, газрын хэвлий, усны сан бүхий газар, гол мөрний урсац бүрдүүлэх эх, эх үүсвэрийн тэжээгдлийн муж, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хамгаалалтын бүс дотор хаяж хүний эрүүл мэнд, мал, амьтан, ургамал, тэдгээрийн үр удамд сөрөг нөлөөлөл үзүүлэх, өвчин эмгэг үүсгэх, үхэл, мөхөлд хүргэх нөхцөлийг бүрдүүлсэн бол” гэх шинжийг заасан ба энэ гэмт хэргийг хуулийн этгээд үйлдсэн бол мөн хууль, зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тооцохыг тус тус заасан.

Хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх15-19/-ээр яллагдагч “Д” ХХК нь үйлдвэрлэлийн хаягдлаа зориулалтын хаягдал хийх далангийн хойд талд нь далангаас гадагш давуулж асгасны улмаас бага зэргээр урссан нь тогтоогдсон ба мөрдөн байцаалтын шатанд далангийн хойд талд урссан хог хаягдлаас авсан дээжид шинжилгээ /хх27-30/ хийлгэхэд ...12 төрлийн химийн бодис илэрсний пентан, гексан, гептан, октан гэх химийн хорт болон аюултай бодис гэсэн ба дээрх бодис нь байгаль орчин, хүний эрүүл мэндэд хортой юу, дээрх бодисыг ямар нөхцөлд хадгалах шаардлагатай байсан бэ, дүгнэлтэд нэмж тусгах зүйлийг тусгах гэсэн мөрдөгчөөс асуусан 5,6,7 дугаар асуултууд нь шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй тул хариулах боломжгүй гэж тус тус дүгнэлтэд тодорхойлсон, мөрдөгчөөс шинжээчээс тодруулж асуусан тухай тэмдэглэлд мөн дээрх үндэслэлээр боломжгүй талаар мэдүүлсэн.

Иймд анхан шатны шүүхийн “...энэ гэмт хэргийн улмаас их хэмжээний хохирол учирсан бол хүндрүүлэн зүйлчлэхээр заасан гэмт хэрэг, ...байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар тогтоож, улсын байцаагчийн дүгнэлт гаргуулах” гэж шийдвэртээ дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл, шүүгчийн захирамжид дурдсанчлан яллагдагч хуулийн этгээд “Д” ХХК-ний үйлдвэрийн хаягдлыг зориулалтын далангаас давуулж асгасан үйлдлийн улмаас байгаль орчин, хүний эрүүл мэнд, мал амьтанд сөрөг нөлөөлөл үзүүлсэн, өвчин эмгэг үүсгэх, үхэл мөхөлд хүргэсэн гэх хохирол, хор уршиг учирсан талаарх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, энэ талаар бусдаас гаргасан гомдол хэрэгт авагдаагүй.

Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал нь хэргийн бодит байдалд хамаарахаас, хэрэгт авагдаагүй нөхцөл байдлыг тогтоохыг шүүхээс шаардсан нь үндэслэлгүй тул прокурорын энэ тухай эсэргүүцэл үндэслэлтэй.

4.2.Эрүүгийн хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1-д “...энэ хуулийн тусгай ангид хуулийн этгээдэд ял оногдуулахаар заасан гэмт хэргийн шинжийг хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан дангаараа, эсхүл хамтран шийдвэр гаргаж, эсхүл хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хийсэн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан нь хуулийн этгээдэд ял оногдуулах үндэслэл болно” гэж заасан ба мөн хууль, зүйлийн 3-д ...эрх бүхий албан тушаалтныг ялаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэсэн нь яллагдагч “Д” ХХК-ний эрх бүхий албан тушаалтныг энэ хэрэгт яллагдагчаар хамт татах байж гэж ойлгогдож байх боловч прокурор энэ талаар шийдвэр гаргалгүйгээр хуулийн этгээдийг дангаар нь оруулж ирсэн нь прокуророос Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх нөхцөл байдал бий болж байна.

Энэ ажиллагаа нь прокурорын бүрэн эрхэд хамааралтай, шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шүүхийн энэ тухай дүгнэлт зөв болсон.

4.3.Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан буюу шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаахаар дүгнэсэн боловч тогтоох хэсэгтээ ...33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 гэж зөрүүлж бичсэнийг зөвтгөх нь зүйтэй байна.

5.Эдгээр үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж, прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хангах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар өөрчлөлт оруулах үндэслэлд хамаарна гэж үзсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4, 39.5 дугаар зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 2026/ШЗ/154 дугаартай шүүгчийн захирамжийн тогтоох хэсэгт “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2” гэж,

-үндэслэх хэсэгт шүүхийн дүгнэлтийг дээрх байдлаар өөрчлөлт оруулж,  захирамжийн тогтоох хэсгийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хангасугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар энэ магадлалыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой үндэслэлээр хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

А

А.САЙНТӨГС

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Н.БОЛОРМАА

                    

                   ШҮҮГЧИД                                       Б.НАРАНЧИМЭГ

                                                                          

                                                                            А.САЙНТӨГС