| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батхуяг |
| Хэргийн индекс | 192/2025/01476/И |
| Дугаар | 191/ШШ2026/04694 |
| Огноо | 2026-04-02 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 191/ШШ2026/04694
2026 04 02 191/ШШ2026/04694
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн нэмэлт зардалд 153,367,465 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Э.*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Айгерим нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч Д.*******т холбогдуулан хүүхдийн сургалтын төлбөр, дотуур байрны төлбөр, өнөөг хүртэл зарцуулсан зардлыг хариуцуулж хариуцагчаас нэмэлт тэтгэлэг гаргуулах тухай, сургуулиа төгсөх хүртэл насанд хүрсэн ч хүүхэд өөрөө нэмэлт тэтгэмж авах хүсэлтэй тул сургуулийн төлбөр, дотуур байрны төлбөрийг хариуцуулах, хэрэглээний зардал, амьжиргааны зардалд хүүхдийн нэмэлт тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... Миний бие хуулийн дагуу хариуцагч Д.******* төрсөн хүүхдэд нь хүүхдийн тэтгэлгийг 2016 оноос шүүхээр тогтоолгон гаргуулж, хүүхдэд нь зарцуулж байсан. Хариуцагчийн төрсөн хүүхэд О. нь 2006 онд төрсөн, 2023 оны 3 сараас эхлэн Монголд хэлний сургалтад суралцан шалгалтдаа, сургуульдаа тэнцэж 2023 оны 9 сараас гадаад улсад суралцаж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16.7-д сурч боловсрох эрхтэй, сургуулиа өөрөө чөлөөтэй сонгох эрхтэй. Хүүхэд сургуульд сурч байгаа үед өнөөг хүртэлх гарсан төлбөр, зардлуудыг би өөрөө хариуцаж байсан. Цаашид төгсөх хүртэл нь хүүхдийн суралцаж байгаа сургуулийн төлбөр, дотуур байрны төлбөр, амьжиргааны зардал /хоол хүнс, хувцас, ном сурах бичиг, ахуйн хэрэглэл, замын зардал, автобус унаа гэх мэт/ бусад нэмэлт зардлыг төлөхөд миний бие ганцаараа хариуцахад хүндрэлтэй байна.
Хариуцагч Д.******* нь Монголын Үндэсний Их сургуулийн Боловсролын сургуульд философийн багшаар ажилладаг, төлбөрийн чадвартай тул, хуулийн дагуу, ухамсрын хувьд ч эх, эцэг гэрлэлтээ цуцлуулсан ч хоёулаа хүүхдийн өмнө насан туршид нь өсгөж хүмүүжүүлэх, асарч тэжээн тэтгэх, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалж, сурч хөгжиж, боловсрол эзэмшихэд шаардагдах санхүүгийн тэтгэлэг, тэтгэмжээр туслан дэмжиж хариуцлагаа хүлээн, сургуулиа төгсөх хүртэл нь хэрэглээний амьжиргааны зардалд хүүхдийн нэмэлт тэтгэмж гаргаж өгч, мөн нийт сургуулийн төлбөр, дотуур байрны төлбөр, зарцуулсан зардлуудыг адил тэнцүү хэмжээгээр төлөх үүрэгтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д эцэг, эх харилцан тэгш эрх, үүрэг хүлээх тул хүүхдийн тэтгэмжийн мөнгөнөөс гадна хүүхдийг өсгөхөд зарцуулсан бусад зардлыг хариуцагчаас гаргуулж болно гэж заасныг үндэслэн 2023 оны 3 сараас эхлэн өнөөг хүртэлх хугацаанд төлсөн сургалтын төлбөр, нэмэлт төлбөр, зарцуулсан зардлууд мөн цаашид суралцаж байгаа сургуулийн төлбөр, бусад зардал, дотуур байрны төлбөр, амьжиргааны зардалд хүүхдийн нэмэлт тэтгэлэг, хүүхдийн нэмэлт тэтгэмжийг тогтоолгон хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 34 дүгээр зүйлийн 34.1-д Тэжээн тэтгүүлэх хүн тэжээн тэтгүүлэх эрх үүссэн цагаас хойш хугацаа харгалзахгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй, 35 дугаар зүйлийн 35.1-д эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, 38 дугаар зүйлийн 38,1-д эцэг, эх насанд хүрээгүй болон насанд хүрсэн ч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй", мөн 38.3-д Эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно, 40 дүгээр зүйлийн 40.1.2-т суралцаж байгаа бол 18 настай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тэтгэлэг гаргуулах, мөн 48 дугаар зүйл Хариуцагчаас нэмэлт зардал гаргуулах, 48.1. Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл, сургуульд орсон үед гарсан зардлыг хариуцуулах, мөн түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж заасныг үндэслэн хүүхэд гадаадад сургуульд суралцаж байгаа тул өнөөг хүртэл зарцуулсан сургалтын төлбөр, дотуур байрны төлбөр, бусад төлбөр, амьжиргааны зардал нийт гарсан зардлыг тооцон хариуцагчаар нөхөн төлүүлж гаргуулах, мөн цаашид сургуулиа төгсөх хүртэл нь сургалтын төлбөр, дотуур байрны төлбөр, бусад төлбөр, амьжиргааны зардлыг төлүүлэх шаардлагатай байгаа тул нэмэлт тэтгэлэг, тэтгэмж гаргуулах хүсэлтэй байна.
Иймд хариуцагч Д.******* хуулиар хүлээсэн үүргээ ухамсарлан, хүүхдийн сургуулийн нийт төлбөр 3,285,000 иен, дотуур байрны 28 сарын нийт төлбөр 1 190,000 иен, нийт 4,475,000 иен буюу 102,925,000 төгрөгийг, мөн 2023 оны 3 сараас өнөөг хүртэлх хугацаанд хүүхдэд сурч боловсроход зарцуулсан зардал болох энд сурсан хэлний сургалтын төлбөр, сургуулийн элсэлтийн хураамж, шалгалтын төлбөр, шуудан, бусад нэмэлт төлбөр, замын зардал, дотуур байрны төлбөр, хүүхдэд амьжиргааны зардалд нийт 30,000,000 орчим төгрөг зарцуулсныг нэмж тооцон, нийт 132,925,000 төгрөгийг нөхөн төлүүлж, адил тэнцүү хэмжээгээр төлөх үүрэгтэй хариуцагчаас гаргуулж өгнө үү, мөн цаашид хүүхэд суралцаж төгсөх хүртэл шаардлагатай амьжиргааны зардлыг тооцон хүүхдийн нэмэлт тэтгэлэг, тэтгэмж тогтоож, хариуцагчаар гаргуулж өгнө үү.
1. Хүүхдийн сургуулийн төлбөр 3,6 жилд нийт 3,285,000иен болох 75,555,000 төгрөгийг адил тэнцүү хэмжээгээр төлөх үүрэгтэй хариуцагч Д.******* нэмэлтээр төлүүлж, гаргуулж өгнө үү.
2. Мөн цаашид амьдрах сургуулийн дотуур байрны төлбөр нэг сарын 42,500 иен (нэг сарын 30,000иен, ус, тог, газны төлбөр 12,500иен) төлбөрийг, үлдсэн 28 сарын турш /2025 оны 1 сарын 1-ээс 2027 оны 5 сарын 1 хүртэл/ төлөх нийт төлбөр 1,190,000иен болох 27,370,000төгрөгийг адил тэнцүү хэмжээгээр төлөх үүрэгтэй хариуцагч Д.******* нэмэлтээр төлүүлж, гаргуулж өгнө үү.
3. 2023 оны 3 сараас эхлэн өнөөдрийг хүртэл энд сурсан хэлний сургалтын төлбөр, шалгалтын төлбөр, сургуулийн бүртгэлийн хураамж, элсэлтийн төлбөр, шуудан, дотуур байрны төлбөр, замын зардал, өнөөг хүртэлх хүүхдэд хэрэглээ, амьжиргааны зардалд гээд нийт 30,000,000 орчим төгрөг зарцуулсныг адил тэнцүү хэмжээгээр төлөх үүрэгтэй хариуцагч Д.******* гаргуулж, нөхөн төлүүлж өгнө үү.
4. Мөн цаашид хүүхдэд суралцаж төгсөх хүртэл нь хэрэглээ, амьжиргааны зардалд шаардлагатай хүүхдийн нэмэлт тэтгэлэг, хүүхдийн тэтгэмж тогтоож, хариуцагчаас гаргуулж өгнө үү. гэжээ.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа хүүхдийн сургалтын төлбөр, дотуур байрны төлбөр, өнөөг хүртэл зарцуулсан зардлыг хариуцуулж хариуцагчаас нэмэлт тэтгэлэг гаргуулах тухай, сургуулиа төгсөх хүртэл насанд хүрсэн ч хүүхэд өөрөө нэмэлт тэтгэмж авах хүсэлтэй тул сургуулийн төлбөр, дотуур байрны төлбөрийг хариуцуулах, хэрэглээний зардал, амьжиргааны зардалд 153,367,465 төгрөг гаргуулах тухай болгож нэмэгдүүлсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ...
а. Хүүхдийн сургалтын төлбөр 3,6 жилд нийт 3,065,000 иен болох 82,755,000 төгрөгийг нэмэлтээр гаргуулж өгнө үү.
б. Мөн цаашид амьдрах сургуулийн дотуур байрны төлбөр нэг сарын 42,500 иен төлбөрийг, үлдсэн 25 сарын турш /2025 оны 04 дүгээр сарын 01-ээс 2027 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл төлөх нийт төлбөр 1,062,000 иен болох 82,687,500 төгрөгийг нэмэлтээр гаргуулж өгнө үү.
в. 2023 оны 03 дугаар сараас эхлэн өнөөдрийг хүртэл энд сурсан хэлний сургалтын төлбөр, шалгалтын төлбөр, сургуулийн бүртгэлийн хураамж, элсэлтийн төлбөр, визний хураамж, шуудан, замын зардал, хоол хүнс хэрэглээ, авч явах зүйлс, тэнд амьдарч буй дотуур байрны төлбөр, тог, ус газны төлбөр, замын зардал, хоол хүнс хэрэглээ, амьжиргааны зардалд гээд нийт 41,924,965 төгрөг зарцуулсныг гаргуулж өгнө үү.
г. Нийт сургалтын төлбөр, дотуур байрны төлбөр, өнөөг хүртэл төлсөн төлбөрүүд, хэрэглээ зэрэгт зарцуулсан бүх зардлууд нийлээд 82,755,000+28,687,500+41,924,965=153,367,465 төгрөг болсон нь өмнөх нэхэмжилсэн нийт 132,925,000 төгрөг дээр 20,442,465 төгрөгөөр нэмэгдэж байгаа тул нэмж тооцон нийт 153,367,465 төгрөгийг гаргуулж өгнө үү.
д. Мөн 2024 оны 01 дүгээр сарын 24-нд батлагдсан одоо хэрэгжиж байгаа Хүүхэд хамгааллын тухай хууль-ийн 1.1 дүгээр зүйл, 2 дугаар зүйл, 3.2, 3.3 дугаар зүйл, 4.1.1, 4.1.5-д заасан зүйл, 5.1.1, 5.1.2 дугаар зүйлд тус тус заасан нөхцөлд байгаа тул цаашид хүүхдийн тэтгэлгийг үргэлжлүүлэн олгуулж, хүүхдэд суралцаж төгсөх хүртэл нь мөнгө, санхүү, эдийн засгийн хэрэглээ, амьжиргааны зардал нэмэгдэж, нэмэлтээр зайлшгүй хүүхдийн нэмэлт тэтгэлэг тогтоолгох нөхцөл байдал бий болсон тул хариуцагчийн цалингийнх нь 50 хувиар тооцож хүүхдийн нэмэлт тэтгэлэг тогтоож, гаргуулж өгнө үү. гэжээ.
3. Хариуцагч хариу тайлбартаа: ... Хариуцагч Д.******* 2006 онд Э.*******тай гэр бүл болж 2006 оны 07 дугаар сарын 26-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж 2006 оны 12 дугаар сарын 09-ний өдөр охин О. төрсөн. Гэрлэгчдийн гэрлэлт 2009 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 795 дугаар шийдвэрээр цуцлагдсан. Шүүх охин О.ыг эх Э.*******гийн асрамжид үлдээж түүнийг 18 нас хүртэл хугацаанд сар бүр эцэг Д. тэтгэлэг гаргуулах шийдвэр гарсан. Гэр бүлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан хэм хэмжээгээр Д.*******, Э.******* нарын гэрлэлт шүүхийн шийдвэр цуцлах тухай 2009 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 795 дугаар шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гэрлэгчдийн гэрлэлтийн харилцаа дуусгавар болж энэ өдрөөс хойш хугацаанд Э.******* охин О.ыг өөрийн асрамжид авч түүнийг тэжээн тэтгэх эрүүл аюулгүй орчин өсгөн хүмүүжүүлэхтэй холбоотой зардлыг бүрэн хариуцах зориулалттай байна. Д.******* шүүхийн шийдвэрт заасан охин О.д олгох хүүхдийн тэтгэлгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар сар бүр төлж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр дуусгавар болсон 25/3-106 дугаар тогтоол гарсан. Нэхэмжлэгч Э.*******д охин О.ыг 18 насанд хүрснээс хойш хугацаанд түүний сургалтын төлбөр, дотуур байрны төлбөр, амьжиргааны зардлыг хэлцэл, гэрээ, шүүхийн шийдвэрээр Д. шаардах эрх, Д.*******т хүүхдийн сургалтын төлбөр, дотуур байрны төлбөр, амьжиргааны зардлыг Э.*******д төлөх үүрэг үүссэн харилцаа үүсээгүй байна. нэхэмжлэгч Э.******* Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2 дугаар зүйлийн 25.2 дахь хэсгийн 25.2.2-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсгийн 62.1.4, 62.2-д хуулийн шаардлага хангаж нэхэмжлэл гаргаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. гэжээ.
4. Хариуцагч 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр гаргасан хариу тайлбартаа: ... Нэхэмжлэгч Э.*******д охин О.ыг 18 насанд хүрснээс хойш хугацаанд түүний сургалтын төлбөр, дотуур байрны төлбөр, амьжиргааны зардлыг хэлцэл, гэрээ, шүүхийн шийдвэрээр хариуцагчаас шаардах эрх, хариуцагчид хүүхдийн сургалтын төлбөр, дотуур байрны төлбөр, амьжиргааны зардлыг Э.*******д төлөх үүрэг үүссэн харилцаа үүсээгүй байна. Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2 дугаар зүйлийн 25.2 дахь хэсгийн 25.2.2-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсгийн 62.1.4, 62.2-д заасан хуулийн шаардлага хангаж нэхэмжлэл гаргаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. гэжээ.
5. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх тухай хүсэлт, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, дансны хуулга, гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШЗ2025/00080 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 192/ШЗ2025/03831 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн ерөнхий шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн захирамж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн шүүхийн тогтоол, сургалтын гэрээ, депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
6. Хариуцагчаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн тогтоол, Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, Монголын Үндэсний Их Сургуулийн тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Э.*******гийн нэхэмжлэлийн шаардлагаас 6,692,850 төгрөгийг хангаж, үлдэх 146,674,615 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч Д.*******т холбогдуулан хүүхдийн сургалтын болон дотуур байрны төлбөр, өнгөрсөн хугацаанд гарсан зардлыг нөхөн төлүүлэх, цаашид суралцаж төгсөх хүртэл амьжиргааны зардалд нэмэлт тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Тэрээр нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа хүүхэд О. (2006 онд төрсөн) нь 2023 оноос гадаадад суралцаж байгаа бөгөөд одоог хүртэлх бүх зардлыг би хариуцсан, цаашид ганцаараа даах боломжгүй тул эцэг хуулийн дагуу тэнцүү оролцох ёстой. Иймд сургалтын төлбөр, дотуур байр болон бусад зардалд нийт 153,367,465 төгрөгийг нөхөн гаргуулж, цаашид хүүхэд төгсөх хүртэл сургалтын болон амьжиргааны зардалд нэмэлт тэтгэлэг тогтоолгох, нэмэлт тэтгэлгийг хариуцагчийн орлогын 50 хувиар тогтоолгох гэж тодорхойлсон.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас япон хэлний сургалтын төлбөр 450,000 төгрөгийн тал хувь, 2023.03.16-2024.12.17-ны хооронд нэхэмжлэгч Э.*******гийн данснаас гарсан зардал нийт 11,824,800 төгрөгийн тал хувийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг дараах үндэслэлээр татгалзсан. Үүнд: Д.******* нь Э.*******тай 2006 онд гэрлэж, 2009 онд шүүхийн шийдвэрээр гэрлэлт цуцлагдсан бөгөөд хүүхэд О.ыг эхийн асрамжид үлдээж, 18 нас хүртэл нь сар бүр тэтгэлэг төлөхөөр шийдвэрлэгдсэн. Тэрээр уг тэтгэлгийг бүрэн төлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2025 онд дууссан. Хүүхэд 18 насанд хүрснээс хойш сургалтын төлбөр, дотуур байр, амьжиргааны зардлыг төлөх талаар гэрээ, хэлцэл, шүүхийн шийдвэр байхгүй тул нэхэмжлэгчид ийм шаардлага гаргах эрх үүсээгүй, мөн өөрт нь төлөх үүрэг бий болоогүй. Түүнчлэн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй, хуульд заасан шаардлагыг хангаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Нэхэмжлэгч, хариуцагч нарын дундаас 2006 онд төрсөн охин О. нь 2023 оноос Япон улсад суралцаж эхэлсэн, талуудын гэрлэлт 2009 онд цуцлагдаж, хүүхдийг эхийн асрамжид үлдээж, эцгээс сар бүр тэтгэлэг гаргуулах шийдвэр гарсан бөгөөд уг шийдвэрийн биелэлт 2025 онд дуусгавар болсон байна.
6. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 26 дугаар зүйлийн 26.1, 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй хүүхдээ асран хамгаалж, тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд уг үүрэг нь хүүхэд насанд хүрэх хүртэл үргэлжилнэ.
7. Харин Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар иргэн 18 насанд хүрснээр эрх зүйн бүрэн чадамжтай болох бөгөөд хөдөлмөрийн чадвартай насанд хүрсэн хүүхдийг тэжээн тэтгэх үүрэг эцэг, эхэд үүсэхгүй.
8. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлд зааснаар насанд хүрээгүй хүүхдэд онцгой нөхцөл байдал (сургуульд суралцах, өвчлөх гэх мэт) үүссэн тохиолдолд нэмэлт зардлыг эцэг, эхээс гаргуулах боломжтой байна.
9. Иймд охин О.г 18 насанд хүрэхээс өмнө буюу 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс өмнө Япон улсад суралцахтай холбогдон гарсан зардлуудыг онцгой нөхцөл байдалд хамааруулан үзэх үндэслэлтэй гэж дүгнэв.
10. Хэрэгт авагдсан баримтаар тухайн хугацаанд нэхэмжлэгчээс 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 2,134,800 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 2,169,900 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 1,314,600 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 1,263,600 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,342,800 төгрөгийн дотуур байрны төлбөрүүд, мөн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 50,000 төгрөгийн гэрээний төлбөр, 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 180,000 төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын сургалтын төлбөр 180,000 төгрөг, 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 180,000 төгрөгийн сургалтын төлбөрүүд, 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр орчуулга, шуудан, визний хураамжид 1,500,000 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр онгоцны зардалд 2,000,000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр тест шалгалтын төлбөрт 120,400 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр онгоцны билетэд 1,000,000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр виз мэдүүлэхэд 70,000 төгрөг тус тус зарцуулсан байна.
11. Нэхэмжлэгчээс дээрх байдлаар нийт 13,385,700 төгрөгийн зардал гарсан нь тогтоогдож байх бөгөөд эдгээр зардлыг эцэг, эх тэнцүү хариуцах зарчмыг баримтлан түүний тал хувь болох 6,692,850 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
12. Харин 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс хойш буюу хүүхэд насанд хүрснээс хойш гарсан сургалтын болон амьжиргааны зардлыг эцэг хариуцах хууль зүйн үндэслэлгүй байна.
13. Түүнчлэн Япон улсад суралцах сургалтын төлбөр нь тэтгэлгийн нөхцөлтэй, гуравдагч этгээдээс урьдчилан төлөгдсөн бөгөөд суралцагч өөрөө хөдөлмөр эрхлэх замаар буцаан төлөхөөр гэрээгээр тохиролцсон байх тул уг зардлыг хариуцагчаас гаргуулах үндэслэл тогтоогдсонгүй.
14. Мөн насанд хүрсэн, хөдөлмөрийн чадвартай хүүхдэд эцэг, эхээс цаашид тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага нь Гэр бүлийн тухай хууль болон Иргэний хуульд нийцэхгүй тул хангах боломжгүй гэж үзэв.
15. Иймд дээр дурдсан хууль зүйн үндэслэл, тогтоогдсон нөхцөл байдлыг харгалзан нэхэмжлэлийн шаардлагаас 6,692,850 төгрөгийг хангаж, үлдэх 146,674,615 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
16. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан хариуцагч Д.******* 6,692,850 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э.*******д олгож, нэхэмжлэлээс 146,674,615 төгрөг болон хариуцагч Д. цалингийн 50 хувиар хүүхдэд нэмэлт тэтгэлэг тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 122,036 төгрөгийг гаргуулж улсын орлогод олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид, тэдгээрийн өмгөөлөгч 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан, хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТХУЯГ