Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2026/ДШМ/40

 

 

 

   Ж.М, М.Ц,

А.Ё нарт холбогдох

   эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч Б.Наранчимэг, ерөнхий шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;  

Прокурор Ц.Цэрэндулам,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О, түүний өмгөөлөгч С.Шинэбаяр, Д.Оюунбаатар /цахим/

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Батжав,

Шүүгдэгч Ж.М, А.Ё, М.Ц,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Гандашгүй-Эрдэнэ нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Ариунзул даргалж, шүүгч Д.Наранцэцэг, 3.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 2026/ШЦТ/42 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдолд үндэслэн 2519000000069 дугаартай, шүүгдэгч Ж.М, М.Ц, А.Ё нарт холбогдох эрүүгийн хэргийг 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв. 

1.Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

* /РД:*/,

* /РД:*/,

* /РД:ЛЛ98032111/,

2.Холбогдсон хэргийн товч агуулга:

 Шүүгдэгч Ж.М нь М.Ц, А.Ё нар нь бүлэглэн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр шилжих шөнө Дорноговь аймгийн М сумын 1 дүгээр баг, "А" гэх газарт Д.Цтай гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн гэж маргалдан түүнийг зодож алсан, Шүүгдэгч М.Ц, Ж.М, А.Ё нар бүлэглэн 2025 оны 02 дугаар сарын 18-наас 19-ний шилжих шөнө Дорноговь аймгийн М сумын дүгээр баг, “А” гэх газарт Д.Цтай гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн гэж маргалдан түүний зодож алсан, Шүүгдэгч М.Ц нь Дорноговь аймгийн М сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “А” гэх газарт байх Д.Цын гэрт очиж түүний эхнэр Д.О болон 2 настай зээ хүү нарын өөдөөс галын төмөр дэгээгээр цохих гэж далайн айлган сүрдүүлж, нөхрөө мотоцикл дээрээс унасан гэж хэлээрэй гэж тодорхой үйлдэл хийхгүй байхыг шаардаж өөрт нь түүний ойр дотны хүнд хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

3.Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Ж.М, А.Ё нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-т, М.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11, 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцжээ.

4.Иргэдийн төлөөлөгч Ц.О шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...энэ гурван хүнийг хүний амь нас хохироосон гэм буруутай гэж үзэж байна” гэжээ.

5.Анхан шатны шүүх: * нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11 дэх хэсэгт заасан “Онц харгис хэрцгий аргаар, бүлэглэж хүнийг алсан", *-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдыг тодорхой үйлдэл хийхгүй байхыг шаардаж, өөрт нь түүний ойр дотны хүнд хүч хэрэглэхээр заналхийлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Мт 18 /арван найм/ жилийн хугацаагаар хорих ял, -Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ёад 15 /арван тав/ жилийн хугацаагаар хорих ял, -Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Цт 15 /арван тав/ жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.3-т заасныг журамлан шүүгдэгч М.Цт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-т зааснаар оногдуулсан 15/арван тав/ жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 15 /арван тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ж.М, М.Ц, А.Ё нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ж.Мийн цагдан хоригдсон 368 /гурван зуун жаран найм/ хоног, М.Цын цагдан хоригдсон 361 /гурван зуун жаран нэг/ хоног, А.Ёын цагдан хоригдсон 161 /нэг зуун жаран нэг/ хоногийн хугацааг эдлэх ялд оруулан тооцож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.М, М.Ц, А.Ё нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Оын нэхэмжлэлээс 58,957,865 /тавин найман сая есөн зуун тавин долоон мянга найман зуун жаран тав төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нар нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Од 134,219,594 /нэг зуун гучин дөрвөн сая хоёр зуун арван есөн мянга таван зуун ерэн дөрөв/ төгрөг төлсөн болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Rada гэсэн бичиглэлтэй шар өнгийн бугуйн цаг /оосор нь тасарсан/-ийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Од олгож, хэргийн газарт үзлэг хийсэн бичлэг бүхий 1 ширхэг сд-г хэрэгт хадгалж, цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон эрээн өнгийн цэцэгтэй цагаан алчуур, олон тасархай 00 цаас, Kooswall /REGROWTH COMPLEX/ гэсэн бичиглэлтэй хүрэн бор өнгийн хуванцар сав, улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдож хөлдсөн шороо мэт зүйл, Сэнгүр нэртэй 0,5 литрийн пивоны лааз 3 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон хар саарал өнгийн чулуу, шороо, цус мэт зүйлээр бохирлогдсон 13*14*10 см хэмжээтэй хар саарал өнгийн чулуу, хар өнгийн хээтэй гутлын ул 1 ширхэг, шаргал өнгийн гутлын улавч 1 ширхэг, тамхины иш 4 ширхэг, урт нь 9 см, өргөн нь 4,5 см, зузаан нь 2 см гонзгой хэлбэртэй хар саарал өнгийн чулуу, цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хар өнгийн чулуу 1 ширхэг, улаан, цагаан өнгийн дөрвөлжин шоотой дотор тал нь хүрэн өнгийн зузаан цамц, 1 ширхэг, улаан хүрэн өнгийн өмд 1 ширхэг, цэнхэр өнгийн жинсэн өмд 1 ширхэг, бор өнгийн тэлээ 1 ширхэг, саарал өнгийн дотуур өмд 1 ширхэг, саарал өнгийн цахилгаантай цамц 1 ширхэг, саарал өнгийн футболк 1 ширхэг, шар өнгийн футболк 1 ширхэг, цэнхэр өнгийн дотоод 1 ширхэг, санитас гэх бичиглэлтэй хуванцар сав 1 ширхэг, улбар шар өнгийн дурдан бүс 1 ширхэг, ногоон эрээн өнгийн шатсан хувцасны тасархайг тус тус устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст хүлээлгэн өгөхийг шүүгчийн туслах Т.Дөлгөөнд даалгаж,

Шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, энэ хэрэгт тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

6.Шүүгдэгч Ж.М гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Ж.М юуны өмнө талийгаачийн ар гэр, үр хүүхэд, төрөл төрөгсөд болон ойр дотнын бүх хүмүүсээс чин сэтгэлээсээ уучлалт хүсэж байна. ...Би хийсэн үйлдэлдээ гэмшиж, өөрийн бурууг ойлгож байгаа. Талийгаачтай холбоотой асуудлыг би тухайн үед маш хүндээр хүлээж авсан. ...Миний олон жил босгосон гэр бүл, амьдралтай холбоотой асуудал үүссэн гэж ойлгож, маш хүчтэй сэтгэл санааны цочролд орсон. ...Би урьдчилан төлөвлөж хүний амь насыг хохироох зорилготой байгаагүй. Талийгаачийг тарчлаан зовоох, онц харгис хэрцгий аргаар алах санаа зорилго надад байгаагүй. ...Мөн хэрэг гарсны дараа би талийгаачийг орхиж яваагүй. Цусыг нь тогтоох гэж оролдсон, гэрт нь оруулсан, толгойг нь боосон, эмнэлэгт яаралтай хүргэх арга хэмжээ авсан. Миний хувьд тухайн үед амь насыг нь аврах гэсэн бодол байсан. ...Би болсон явдлын дараа өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгч, саад учруулаагүй. Мөн учирсан хохирлыг нөхөн төлсөн. ...Анхан шатны шүүхээс миний үйлдлийг онц харгис хэрцгий гэж дүгнэсэнтэй би санал нийлэхгүй байна. Миний зүгээс хүнийг тарчлаан зовоох, шаналгах зорилго байгаагүй. ...Миний хувийн байдал, хэрэг гарсан нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хэрэг гарсны дараа хохирогчид тусламж үзүүлсэн байдал, хохирлыг нөхөн төлсөн болон анх удаа хэрэгт холбогдсон зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэж хүсэж байна.” гэв.

7.Шүүгдэгч А.Ё гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие А.Ё юуны өмнө хүний амь нас хохирсон энэ хэрэгт маш их харамсаж байна. ...Хэдийгээр миний санаа зорилго хүний амь нас хохироох байгаагүй ч тухайн үед болсон хэрэгт хамт байсан учраас өөрийн хариуцлагыг ойлгож байна. Гэхдээ миний оролцоо бусад шүүгдэгчийн оролцооноос өөр байсан гэдгийг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Тухайн өдөр би хадам аав Мтэй хамт явсан болохоос биш амь хохирогчийг авч явж зодох талаар урьдчилан мэдээгүй байсан. ...Тухайн үед М.Ц нар амь хохирогчийг зодож байхад би очиж хамгаалах, болиулах оролдлого хийсэн. Мөн Бтай хамт Мийг татаж болиулахыг оролдсон. Миний зүгээс амь хохирогчид санаатайгаар халдаж, амь насанд нь хүрэх зорилго байгаагүй. ...Мөн хэрэг гарсны дараа би зугтааж яваагүй. Харин амь хохирогчийг гэрт нь оруулах, тусламж үзүүлэх ажиллагаанд оролцсон. ...Надтай хамт байсан гэрч Бгийн мэдүүлэг нь миний зүгээс зодооныг таслан зогсоох, болиулах оролдлого хийж байсан нөхцөл байдлыг нотолдог. ...Миний оролцоо, тухайн үеийн бодит нөхцөл байдал, хэрэгт гүйцэтгэсэн үүрэг, оролцооны шинж чанарыг анхан шатны шүүх бүрэн зөв үнэлээгүй гэж үзэж байгаа учраас давж заалдах гомдол гаргасан. ...Анхан шатны шүүхээс надад 15 жилийн хорих ял оногдуулсан нь миний бодит оролцоо, гэм буруугийн хэмжээнд харьцуулахад хэт өндөр байна гэж үзэж байна. ...Иймд миний хувийн байдал, бодит оролцооны шинж чанар, гэмшиж байгаа байдал, анх удаа хэрэгт холбогдсон болон бусад хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэж хүсэж байна.” гэв.

8.Шүүгдэгч М.Ц гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:” Миний бие Ц нь энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон явдалд маш их харамсаж байна. Талийгаачийн ар гэр, үр хүүхэд, төрөл төрөгсдөөс чин сэтгэлээсээ эмгэнэл илэрхийлж байна. ...Би өөрийн бурууг ойлгож, хийсэн үйлдэлдээ чин сэтгэлээсээ гэмшиж байна. Тухайн өдөр болсон асуудал урьдчилан төлөвлөсөн, хүний амь насыг зориудаар хохироох санаа зорилготой хэрэг байгаагүй. ...Миний бие хохирогчийг алах, тарчлаан зовоох, амь насыг хохироох зорилго огт агуулаагүй. Хэрэг болсны дараа хохирогчоос цус гарч байхад толгойг нь боож, цусыг нь тогтоох гэж оролдож байсан, нүүрийг нь угааж эмнэлэгт хүргэж өгсөн. ...Би мөрдөн шалгах ажиллагаанаас эхлээд болсон үйл явдлын талаар үнэн зөв, тогтвортой мэдүүлэг өгч ирсэн. ...Миний хувьд онц харгис хэрцгий аргаар үйлдсэн гэх дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Би хохирогчийг урьдчилан төлөвлөж, тарчлаан зовоох зорилгоор ямар нэг тусгай арга хэрэглээгүй. ...Миний санаа зорилго, үйлдлийн дараах хандлага, хэрэг болсон нөхцөл байдал, бүх талаас нь харгалзан үзнэ үү. ...Иймд миний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, хохирогчид тусламж үзүүлсэн, учруулсан хохирлыг барагдуулсан байдал, хөнгөрүүлэх нөхцөлийг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж, тухайн зүйл ангийн доод хэмжээгээр шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна.” гэв.

9.Шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Батжав гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Мийн хувьд анхан шатны шүүхээс 18 жилийн хорих ял оногдуулсан нь түүний хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалтай харьцуулахад хэт өндөр тогтоогдсон. ...М нь хохирогчтой маргалдсаны улмаас тохиолдлын шинжтэй үйлдэл гаргасан бөгөөд хохирогчийг гэрт нь хүргэж өгсөн, толгойг нь боосон, эмнэлэгт хүргэсэн зэрэг тусламж үзүүлсэн нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогддог. ...Хохирогч Мийн эхнэрт зүй бус агуулгатай зурвас илгээж байсан, үүнээс шалтгаалан маргаан үүссэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогддог. ...М гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг барагдуулсан бөгөөд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байхад анхан шатны шүүх дүгнээгүй. ...Иймд түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү.

Шүүгдэгч Ёын хувьд 15 жилийн хорих ял оногдуулсан нь түүний бодит оролцоог харгалзан үзээгүй. ...А.Ё мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүддээ хохирогчийг хамгаалж, зодооныг таслан зогсоохыг оролдсон, Мийг хорьж байсан, хохирогчийг босгож явуулахыг оролдсон талаар тогтвортой мэдүүлсэн байдаг. ...Эдгээр нь бусад шүүгдэгч болон гэрчүүдийн мэдүүлгээр нотлогддог. ...Ёын үйлдлээс шалтгаалан хохирогчийн тархинд гэмтэл учирсан нөхцөл тогтоогдоогүй бөгөөд хүнийг алах санаа зорилготой байсан гэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй. ...Түүнд холбогдох хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж тухайн зүйл ангид заасан ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү.

Шүүгдэгч Цын хувьд 15 жилийн хорих ял оногдуулсан нь өндөрдсөн. ...Ц нь хэрэг гарсны дараа хохирогчийн амь насыг аврах зорилгоор цус тогтоох, эмнэлэгт хүргэх зэрэг арга хэмжээ авч байсан, хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. ...Хохирогчоос Цын эхэд зүй бус агуулгатай зурвас илгээж байсан, тухайн өдөр үүнтэй холбоотой маргаан үүссэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог. ...Шүүгдэгчид хамаарах хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байхад анхан шатны шүүх хангалттай үнэлээгүй. ...Иймд Цт оногдуулсан ялыг тухайн зүйл ангид заасан доод хэмжээгээр оногдуулж өгнө үү.

...Гурван шүүгдэгчийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг нөхөн төлсөн, хохирогчид тусламж үзүүлсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон бусад хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

10.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би энэ 3 хүнийг уучилж чадахгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Энэ гурван хүн хэзээ нэгэн өдөр ялаа үүрээд гараад ирнэ. Миний гурван хүүхэд эцэггүй өснө. Би хань ижилгүй үлдсэндээ харамсаж байна. Их гомдолтой байна. Ялыг битгий бууруулж өгөөч, ялыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

11.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Оын өмгөөлөгч С.Шинэбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн тогтоолоор Ё, М, Ц нарыг гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй. Гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэнээр учирсан хор уршгийн хэмжээнд ял шийтгэл тохирсон. ...Өмгөөлөгчийн тайлбарлаж байгаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. ...Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэх үндэслэлгүй. ...Мөн эмнэлгийн тусламж үзүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч хохирогчийг гэрт нь оруулж, тодорхой хугацаанд байлгасан, ул мөрөө баллах зорилгоор хувцас шатаасан, хохирогчийн хувцсыг сольсон, нүүр гарыг нь угаасан, цусыг нь арилгасан зэрэг нөхцөл байдал хэрэгт тогтоогдсон. ...Хохирол төлсөн нь хүний амь нас хохирсон энэ хэргийн хор уршгийг арилгасан гэж үзэх үндэслэл болохгүй. ...Шүүгдэгчид өөрсдийгөө илчлээгүй бөгөөд хохирогчийн эхнэрийн мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага хэрэгт шалгалт явуулсан. ...Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй.

...Анхан шатны шүүхээс оногдуулсан 15 жилийн болон 18 жилийн хорих ял нь тухайн зүйл ангид заасан ял шийтгэлтэй харьцуулахад үндэслэлтэй. ...Шүүгдэгчид бүлэглэн, онц харгис хэрцгий аргаар хүний амь насыг хохироосон бөгөөд гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, учруулсан хор уршиг, хохирогчийн ар гэрт учирсан үр дагаврыг харгалзан үзвэл анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. ...Иймд шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.” гэв.

12.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Оын өмгөөлөгч Д.Оюунбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ гэмт хэргийн улмаас эрдэнэт хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын тухайн үедээ гаргаж байсан өмгөөлөл зэрэгт анхан шатны шүүхийн оногдуулсан эрүүгийн хариуцлага тохирсон. ...Хэрэгт авагдсан баримтаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдоогүй. ...Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчийн тайлбарлаж байгаа хохирол төлсөн, амь хохирогчийн амь насыг хохироох санаа зорилго байгаагүй, сэтгэл санааны цочролд орсон гэх нөхцөл байдлууд үндэслэлгүй. ...Шүүгдэгч нар нас биед хүрсэн, үйлдлийнхээ улмаас хүний амь нас хохирохыг ухамсарлах боломжтой байсан бөгөөд урьдчилан үгсэн тохиролцож, зохион байгуулалттайгаар үйлдэл хийсэн нь тогтоогддог. ...Сэтгэл санаа цочирсон гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

...Амь хохирогчийн зүй бус үйлдэл байсан гэж тайлбарлаж байгаа нь мөн үндэслэлгүй. ...Гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар бүрэн тогтоогдоогүй бөгөөд үүнийг хохирогчийн зүй бус үйлдэл байсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. ...Шүүгдэгч нар хийсэн үйлдэлдээ гэмшсэн, хохирогчид тусламж үзүүлсэн гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. ...Амь хохирогчийг ухаангүй болтол нь зодож, гэрт нь хүргэж оруулсан, тухайн үедээ гэмшиж байсан гэх шинж нөхцөл байдал харагддаггүй.

...Ёын хувьд амь хохирогчид туслах гэсэн үйлдэл хийсэн, бусад шүүгдэгчийг салгах гэж оролдсон гэх тайлбар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй. ...Тухайн үед байсан гэрч Бгийн мэдүүлэг болон бусад баримтаар түүний оролцоо тогтоогддог.

...Иймд шүүгдэгч нарт анхан шатны шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хор уршигт тохирсон. ...Хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хэвээр үлдээж өгнө үү гэж хүсэж байна." гэв.

13.Прокурор Ц.Цэрэндулам шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.8 дугаар зүйлд зааснаар харилцан эсрэг сонирхолтой хэд хэдэн шүүгдэгчийг нэг өмгөөлөгч өмгөөлж болохгүй талаар зохицуулсан. ...Шүүгдэгч Ёын хувьд гэм буруу дээрээ маргахгүй байгаа мэт боловч үйлдлийн оролцооны талаар тайлбарлаж байгаа нь бусад шүүгдэгчийн ашиг сонирхлоос зөрүүтэй нөхцөл байдал үүсгэж байна.

...Прокуророос Ё, М нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д зааснаар, Цт мөн зүйлийн 2.1, 2.11 болон 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн. ...2025 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Ц, Ё, М нар уулзах газар, цагаа тохирч, амь хохирогчийг хүн очих боломж багатай газар аваачиж гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. ...Иймд хүнийг бүлэглэн, онц харгис хэрцгий аргаар алсан гэж үзсэн.

...А.Ё амь хохирогчийг хамгаалсан гэх тайлбар нь гэрч Б, М, Ц нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтаар үгүйсгэгддэг. ...Шүүгдэгч нарын хумснаас амь хохирогчийн цус илэрсэн бөгөөд амь хохирогчийн биед олон тооны гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. ...Амь хохирогчид учирсан олон тооны гэмтэл, зовлон шаналлын шинж байдлыг харгалзан онц харгис хэрцгий аргаар үйлдсэн гэж дүгнэсэн.

...Цын тухайд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Оыг гэмт хэргийг нуун далдлах зорилгоор заналхийлсэн нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог тул Эрүүгийн хуулийн 13.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж хангагдсан.

...Өмгөөлөгчийн гаргасан гомдолд нэг талаас зүйлчлэлийг зөвшөөрч байгаа атлаа нөгөө талаас шүүгдэгч Ёын оролцоог үгүйсгэсэн агуулга дурдсан нь тодорхойгүй байна. ...Мөн шүүгдэгч нарын мэдүүлэг тогтвортой байсан гэх боловч сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй байдаг. ...Хэрэгт авагдсан баримтаар гэмт хэрэг үйлдэгдсэний дараа мэдүүлгээ тохиролцох шинжтэй харилцаа байсан нөхцөл байдал тогтоогддог.

...Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршигт тохирсон байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү" гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч шүүгдэгч М.Ц, Ж.М, А.Ё нар болон тэдгээрийн өмгөөлөгч Л.Батжавын давж заалдсан гомдлуудад тус тус үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3-д зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч А.Ёын гомдлыг хангаж, бусад гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1.Анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэм бурууд хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн гэж давж заалдах шатны шүүх үзсэн.

2.Хэрэгт авагдсан баримтуудаар 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр шүүгдэгч Ж.М хүү М.Цт “...ээжтэй чинь муудаад байна, ээж чинь намайг гэрээс хөөгөөд байна, аав нь ер нь явдаг ч юм билүү, маргааш тэмээ хийчихээд Сайншанд руу явлаа” гэж ярьсан тул М.Ц хүргэн А.Ёад “аавынд очиж идэш хийнэ” гэж аавынхаа дүүгийн хүүхэд М.Б, хүргэн А.Ё нарын хамт Дорноговь аймгийн  Хатанбулаг сумын нутаг “Ханги мандал” боомтоос 200 гаруй км шороон замаар Дорноговь аймгийн М сум руу явж байх замд Ж.М замд хүүхдүүдээ тосож уулзсан ба тэдэнтэй уулзсаны дараа Ж.М ганцаараа М сумын 1 дүгээр баг, “А” гэх газарт байх Д.Цын гэрт очиж түүнд “...хэдэн үг сольё, гадаа гаръя “ гэж гэрээс нь авч гаран гэрээс нь 500-аад метрт хүлээж байгаа М.Ц, А.Ё нарын байгаа газарт ирж зогсоход  Д.Ц машинаас өөрөө буугаад ирэхэд нь Ж.М, М.Ц  нар бүлэглэн түүний  нүүр, толгой хэсэгт гараараа цохих, чулуугаар цохих, биеийнх нь хаа таарсан газар болгонд өшиглөж дэвсэх зэргээр цохиж зодсон, энэ үйлдэлд А.Ё хохирогчийн өгзөг хэсэг рүү 2-3 удаа хүчтэй өшиглөсөн зэргээр хохирогч Б.Цыг бүлэглэж зодож алсан, хохирогч  их тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, их тархины зүүн тал бөмбөлгийн дух, гадна хажуу хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт буюу гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан,

шүүгдэгч нар хохирогчийг зодож ухаангүй байдалтай болсон үед нь гэрт нь хүргэж өгөх үедээ М.Ц нь хохирогч эхнэр М.Оыг галын дэгээ төмрөөр цохих гэж байгаа юм шиг далайлган айлган сүрдүүлж, “...нөхрөө мотоциклоос унасан гэж хэлээрэй, би энэ хүний алсан ч мөнгөө төлөөд гараад ирнэ, танай хүүхдүүд чинь жоохон биз дээ, надаас том хүн байхгүй биз дээ, үр хүүхдүүдийг чинь дарамтална” гэж 2 цагийн турш гэрт нь заналхийлсэн үйл баримтууд болсон.

Энэ үйл баримтуудад холбогдуулан прокуророос шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-т зааснаар хүнийг онц харгис хэрцгийгээр, бүлэглэж зодож алсан,

шүүгдэгч М.Цт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1-т зааснаар бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэхээр заналхийлсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.

3.Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Ж.М, М.Ц, А.Ё нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д зааснаар, шүүгдэгч М.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн.

4.Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Цоос “...аавынхаа асуудалд оролцож хохирогчийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байгаа, ...ялын доод хэмжээгээр ялыг хөнгөрүүлж өгнө үү,  ...энэ гэмт хэрэгт А.Ё оролцоогүй, хорьж салгах гэж оролцсон, ...би анхны мэдүүлэгт түүнийг хохирогчийн цохисон гэж худлаа хэлсэн тул түүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д заасан хэргийг зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн,

шүүгдэгч Ж.Мээс “...өндөр настай ээжийг минь бодож ялыг хөнгөрүүлж өгнө үү, ...хүргэн А.Ёын оролцоо энэ хэрэгт маш бага тул ялыг нь хөнгөрүүлж өгнө үү” гэсэн,

шүүгдэгч А.Ёаас “...би ажил хийж гэр бүлээ тэжээдэг, эхнэр 4 сард төрнө,  гэр бүл маань бага насны хүүхэдтэй, цалин орлогогүй нөхцөл байдлуудыг харгалзан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Батжаваас “...дээрх 3 шүүгдэгч нарт холбогдох ялуудыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн агуулга бүхий үндэслэлүүдээр тус тус давж заалдах гомдлуудыг гаргасан.

5.Давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүх шүүгдэгч Ж.М, М.Ц, А.Ё нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д зааснаар хүнийг онц харгис хэрцгийгээр бүлэглэн зодож алсан, шүүгдэгч М.Цыг мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг заналхийлсэн гэмт хэргийг үйлдсэн гэж тус тус гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн гэж үзсэн.

5.1.Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлын талаар шүүгдэгч М.Ц, А.Ё нартай хамт хамаатны хүүхэд болох М.Б явсан байсан ба тэрээр машин дотроос харсан зүйлийнхээ талаар мөрдөн байцаалтад гэрчээр өгсөн мэдүүлэгт “...2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 08 цагт Хатанбулаг сумын нутаг дэвсгэрт байх Ханги боомт дээр гагнуурын газарт үеэл ах М.Цын хамт ажилдаа гараад том тээврийн хэрэгслийн чиргүүл тасдаж байсан юм. Тухайн өдрийн 12 цагийн үед Ц ахын хүргэн А.Ё нүүрсээ буулгаад том машинтайгаа ирээд засаж байсан чиргүүл дээр ирж туслалцаж, орой нар шингэж байх үед М.Ц, А.Ё нар бие засах гээд 00 яваад буцаж ирээд надад “...багажаа хураая”, Сайншанд явна гэхээр нь би хамт явахаар болж М.Ц ахын * дугаартай цагаан өнгийн Тоёота Прадо 150 маркийн машинтай Сайншанд биш үеэл ах М.Цын хөдөө гэр байдаг М сум руу явсан. Ойролцоогоор 100 гаруй км явсан байх шөнийн 22 цагийн үед өөдөөс машин ирээд гэрлээрээ дохиж зогсоосон. Тухайн машин нь цагаан өнгийн * гэсэн дугаартай байсан байх Тоёота Прадо 150 маркийн тээврийн хэрэгсэлтэй аавын төрсөн ах Ж.М ганцаараа ирэхэд үеэл ах М.Ц “...аавын машиныг барьчих, аавыг наашаа суулгачих” гэхээр нь би Ж.М ахын машинд ганцаараа суугаад тэр хэдийн араас дагаад хойшоо 10 гаруй км яваад зогсоод Ж.М ах өөрөө бууж ирээд өөрөө машинаа бариад, би буцаад машиндаа суугаад Ж.М ах зүүн хойшоо яваад өгсөн, тэгээд 10 минутын дараа буцаад ирэхэд нь үеэл ах М.Ц, А.Ё нар “чи буугаад аавын хажууд хүн байна уу үзээд ир” гэхээр нь би буугаад Ж.М ах руу очиж байхад жолооч талаас М ах, эсрэг талаас танихгүй ах бууж ирэхэд Ж.М ах машины урд талд машины гэрэлд дээгүүрээ саарал өнгийн ажлын нормын гадуур хувцастай, бараан өнгийн өмдтэй, хар өнгийн халимаг үстэй ахыг нүүр хэсэгт баруун гараараа 2-3 удаа хүчтэй цохиход нөгөө ах доошоо сөхөрч суугаад Ж.М ахаас “намайг уучлаач” гээд орилоод байсан. Тэр үед үеэл ах М.Ц, А.Ё нар машинаасаа бууж ирээд үеэл ах М.Ц түрүүлж ирээд нөгөө хамар руу цохиулсан ахыг сөхрөөд сууж байхад машины гэрэлд цээж хэсэг рүү баруун хөлөөрөө байх 3-4 удаа хүчтэй өшиглөхөд нөгөө ах машин руу нүүр хэсгээрээ газар унаад толгойгоо гараараа дарсан байх үед нь Ж.М ах ирээд толгой хэсэг рүү нь баруун хөлөөрөө 2 удаа хүчтэй өшиглөсөн. Тэр үед А.Ё ах нөгөө ахыг араас нь өгзөг хэсэг рүү нь баруун хөлөөрөө 3-4 удаа хүчтэй өшиглөхөөр нь би А.Ё ахыг түлхээд М.Ц ахыг татаж болиулахад нөгөө зодуулж байсан ах босож зугтаагаад миний сууж байсан машины ард очих үед араас нь Ж.М ах гүйж очоод газар унагаасан. Ж.М ах нөгөө газар унасан ахын нүүр хэсэг рүү цохиж байхаар нь М.Ц ахыг араас нь тэврээд авахад “чи машинд сууж бай гээд эргэж хараад миний нүүр хэсэг рүү алгадахад миний хамраас цус гараад би М.Ц ахын машинд суусан. Тэр үед машины цонх нээлттэй байсан учраас тэр хэдийн яриа сонсогдож байсан ба Ж.М ах “чи миний 30,40 жил босгосон амьдралыг нураалаа, айлын амьдрал үймүүллээ” гэж хэлж байсан. Харин А.Ё ах “ аав байж бай наадахыг чинь ярихыг сонсъё” гэхэд нөгөө зодуулсан ах “яа яа” орилоод байсан. А.Ё ах арын суудалд суугаад гутлын ул салчихлаа” гэж байсан, тэгээд А.Ё ах намайг “буугаад чи энэ 2-ыг болиул” гэхэд “намайг буухаар М.Ц зодоод байна” гэхэд А.Ё ах “за за надад гутлаа өгчих, би болиулъя” гээд миний гутлыг өмсөөд буугаад явсан. Тэр үед удалгүй зодуулсан ах гүйгээд 2 машины голд ирэхэд араас нь М.Ц, Ж.М ах нар гүйж ирэхдээ М.Ц ах гартаа барьсан чулуугаа араас шидээд зодуулсан ахын нуруу хэсэг рүү оносон. Мөн Ж.М ах гартаа чулуу барьж ирээд зодуулсан ахыг араас нь барьж аваад баруун гартаа барьсан чулуугаараа чихний хэсэг рүү хүчтэй цохиход унаад өгөхөд М.Ц, Ж.М хоёулаа толгой, бие хэсэг рүү нь өшиглөсөн. Тэр үед А.Ё ах М.Ц ахыг татаад болиулахад М.Ц ах буцаж очиж дайраад дахиад толгой хэсэг рүү нь 2-3 удаа өшиглөсөн. Харин тэр үед Ж.М ах тамхи татаад зогсож байсан. Тэгээд А.Ё ах М.Ц ахыг татаад болиулсан, тэгээд ер нь салцгаасан. Тэгээд Ж.М ах над дээр ирээд тэр хүнийг машинд өргөөд суулгаадах гэхээр нь би машинаас буугаад А.Ё ах бид 2 зодуулсан ахыг газар хэвтэж байхад нь өргөхөд “яа яа” гээд ёолж байсан. Ж.М ахын машины хойд талд суулгаад би урд талд нь суугаад А.Ё ахын машиныг нь бариад, М.Ц ах машинаа бариад Ж.М машинд нь суугаад зүүн хойшоо яваад нэг айлд ирээд зодуулсан ахыг А.Ё ах хамт буулгаад өг гэхээр нь би машинаас буугаагүй, тэр үед М.Ц ах ирээд зодуулсан ахыг буулгаад гэр рүү нь оруулж өгөөд тэр хэд гэр рүү ороод бараг 2 цаг болоод Ж.М ах гарч над дээр ирээд тэр хүнийг машинд өргөөд суулгачих гэхээр нь би очоод нөгөө зодуулсан ах дээр очиход толгойг нь битүү шар бүсээр ороосон байсан, тэр үед Бадрах гэж дуудаж байсан. Зодуулсан ах амьсгалж байсан, тэгээд А.Ё ах бид 2 Бадрах гэх ахыг өргөөд Ж.М ахын машины урд суулгахад А.Ё ах машин бариад Ж.М ард нь суугаад, Бадрах гэх ахын эхнэр нь араас приус 20 маркийн тээврийн хэрэгслийг унаад явахад хамгийн араас би М.Ц ахын машинд суугаад явахдаа М.Ц ахаас юу болсон талаар асуухад М сум орж эмнэлэг орно гэхээр нь сум хэдэн км вэ гэхэд 80 км гэж байсан, тэгээд би унтаад өгсөн. Гэнэт зогсох үед М.Ц ах бид 2 хөдөө гэрийн гадаа ирсэн байсан. М.Ц ах намайг Тунгаа эгчийг дуудаад чи орж унт гэхээр нь би гэрт ороод Тунгаа эгчийгээ дуудчихаад гэрт унтаад өгсөн. Тэгээд өглөө 06 цагийн үед М.Ц ахын ээж Улаанаа намайг сэрээгээд юу болсон талаар асуухаар нь би болсон зүйлийг бүгдийг нь ярихад жижиг өрөөнд сууж байгаад буцаж орж ирээд “нөгөө хүн чинь өнгөрсөн байна” гэж надад хэлсэн. Тэгээд хувцсаа өмсөөд сууж байтал Улаанаа эгч “би Ц ахад чинь хэлээгүй шүү, хэлүүл сүйд болно” гэж байсан. Тэгээд сум явахаар болоод байж байтал А.Ё ах Ж.М ахын машиныг бариад ганцаараа хүрээд ирсэн, бид нар уулзаад бүгдээрээ сум руу явсан. Тэр үед А.Ё ахын хувцас тэр чигээрээ цус болсон байсан, бид нар цаашаа явж байхад Улаанаа эгч А.Ё ахад наад цустай хувцсыг “хая аа” гэхэд А.Ё захтай хувцас хаяж яах юм гээд шатаасан. Тэгээд хөдлөөд явж байхад хохирогчийн ар гэрийн хүн ирээд Улаанаа эгч бууж уулзаад сум руу явж байтал өөдөөс цагдаа ирээд сум дээр очсон” гэж /1хх60-63/ мэдүүлсэн,

-хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О “...2025 оны 02 дугаар сарын 18-ны орой гэртээ талийгаач нөхөр Ц , зээ хүүгийнхээ /1 настай/ хамт хүү Бтэй фейсбүүк чатаар 10 минут яриад дууссан, нөхөр гутал, хувцсаа тайлаад байж байхад саахалт айлын Ж.М ганцаараа машинтай ирж манай гэрт орж ирээд нөхөр Ц ыг “хөгшөөн 5 үг солиодохъё, гаръя” гэж хэлсэн, манай нөхөр гарч явсан. Машин хаашаа явсныг мэдээгүй, хөдлөөд явах машины дуу сонсогдсон ...шөнө 22 цаг өнгөрч байхад гэрийн гадуур машин ирж зогсох чимээ гарч машины хаалга онгойх чимээ сонсогдсон. Тэгээд би хүн орж ирэх байх гээд хүлээхэд чимээ гараагүй, тэгэхээр нь би хаалгаа онгойлгоод гэр дотроос харахад цагаан өнгийн жийп машины багаажны хаалга нээж байгаа харагдахаар нь гар чийдэн аваад тусгахад багаажнаас манай нөхрийг Ц угз татан гаргаад газар шороон дээр шидэхэд нөхрийгөө амьд гэж нүдэнд харагдаагүй, нөхөр ямар ч хөдөлгөөнгүй, гар хөл нь хөдлөхгүй байсан, тэгээд би “хөөе та нар хүн алчихдаг юм уу, алцан юм уу” гэж хашгираад, зээ хүү гэрт уйлаад байхаар нь зээ хүүгээ аваад тэврээд гэрээс гараад очиход М.Ц манай нөхрийг машинаас гаргачихсан цамцны мөрнөөс нь татаад газар чирээд гэр лүү чигтээ явсан. Манай нөхрийг хэр хол, хаанаас нь яаж татаж чирснийг би тухайн үед айж цочирдсондоо балмагдаад сайн харж чадаагүй.

Ц манай нөхрийг газар гэр лүү чирч байгаад машинаас нааш хаячихаад гэр лүү орж ирээд “хутга байна уу” гэж асуугаад, галын дэгээ төмөр аваад намайг зээ хүүгээ тэврээд зогсож байхад 2-3 удаа галын дэгээ төмрөөр далайж над руу орилж хашгирч өөдөөс ойртон ирэхээр би үнэхээр их айж цочин зээ хүүг цохичихвий гэж дотроо айж, чичирсэн. Цоос архи үнэртэж, хөл нь гуйвж байсан, тэгээд Ц галын дэгээг газар унагаахад нь би бага багаар дөхөөд галын дэгээн дээр гишгэсэн. Ц над руу чанга орилж хашгираад байхаар нь би зарим үед ухаан балартаж юу хэлж, ярьж байгааг нь ойлгохгүй, хүний хэлсэн үгээр хөдөлж байсан.

Хүргэн А.Ё нь хэзээ орж ирснийг мэдэхгүй, Ц Ёыг 2 удаа гарч бай гэж хэлж байсан.

Ц манай гэрийн зүүн урд талд гал тогооны тавиур дээр байсан хуванцар савтай үзэмний шүүсийг авч уугаад манай нөхрийн нүүр лүү шидэж оносон. Үзэмний шүүстэй сав манай нөхрийн нүүрийг онож байхад нөхөр ямар ч хариу үйлдэл үзүүлээгүй, ухаангүй байсан. Тэр үед манай нөхөр хухирч байгаа юм шиг тод чимээтэй дуугарч байсан.

Ц манай гэрийн угаалтуурт өөрийнхөө гарыг угаачихаад надад “та нөхрийнхөө гарыг угаачих, би хүүхдийг чинь барьж байя” гэж хэлэхээр нь би “хүүхдээ өгөхгүй, манай хүүхэд уйлна” гэж хэлэхэд Ц өөрөө төмөр түмпэнд бага зэрэг ус хийгээд манай нөхрийн баруун гарыг усаар угаасан. Нөхрийн гар угаасан усаа угаалтуур руу хийсэн.

Тэр үед гаднаас Ж.М, хүргэн А.Ё нар гэрт орж ирээд тэр 3 хоорондоо түргэн дуудах уу гэж ярьж байснаа Ж.М надад “О хоёулаа сүлжээнд гарч түргэн дуудъя” гэж хэлэхээр нь би “би явахгүй, нэг бол өөрөө яв” гэж хэлсэн.

А.Ё, М.Ц хоёр нүүрийг нь угаая гэж хэлээд түмпэнд ус хийгээд манай нөхрийг 2 талаас нь түшээд нүүрийг нь Ц угаасан, тэр үед нөхрийн толгойны гарч байсан их цусыг Ж.М 00-ийн цаасаар арчаад цус тогтохгүй байхаар газар байсан шалны алчуураар дараад намайг “О энийг боох даавуу юм уу, ороох юм олоод өгөөч” гэж хэлэхээр нь би нөхрийнхөө дурдан бүсийг аваад Ж.Мт өгөхөд тэр 3 нийлж толгойг нь бүсээр боосон.

Мөн М манай нөхрийн цамц, подволкийг сольё гэхээр нь би “аваад явчихъя” гээд нөхрийнхөө хувцсыг гаргаад тавихад тэр 3 сольж өмсүүлсэн.

М намайг “машинд суугаад хамт сум руу эмнэлэг явъя” гэж хэлэхээр нь би “хүүхэд айгаад уйлна аа, өөрийнхөө машинтай дагаад явъя” гэж хэлсэн.

Тэр 3 манай нөхрийг өргөөд гэрээс гаргах гэсэн боловч даахгүй байсан, хоорондоо ярьж байгаад машинаа ойртуул гэж ярилцаж байсан, тэгээд нэг нь цаашаа хүн дуудах шиг болсон, тэгэхэд манай нөхрийг 4 хүн 4 мөчөөс нь өргөөд гэрээс гарч байсан, үл таних эрэгтэй өндөр нуруутай, ногоон оймстой, гуталгүй хүн өргөөд гаргалцаж байсныг хараад 4 хүн явж байгаа юм байна гэдгийг мэдсэн.

Ц буцаж орж ирээд шалан дээр гоожсон цусыг 00-ийн цаас болон манай нөхрийн өмсөж яваад сольсон цамц, подволкоор арчсан, тэрийгээ аваад гарах гэж байхад нь би “наадахаа гэрт орхичих, хэрэггүй” гэж хэлэхэд орхисон.

Тэгээд би машинаа асаагаад байж байхад М ирээд цонхоо нээ гэхээр нь цонхоо бага зэрэг нээхэд М “энэ хүнийг мотоциклоос унасан болгоё” гэж хэлэхээр нь би “мэдэхгүй” гэж хэлсэн.

Тэгээд цаашаа яваад машин дөнгөж хөдлөхөд Ц намайг зогс гээд гараараа дохихоор нь зогсоход Ц “энэ хүний мотоциклоос ойчсон гэж эмнэлэгт хэлнэ шүү” гэж хэлэхээр нь би “би хэргийг нуун дарагдуулж чадахгүй, унасан мотоцикл нь хаана байна гэвэл би яах юм” хэлэхэд Ц “тэрийг бид нар шийдчихье” гэж хэлсэн, би дахин “би хэргийг нуун далдалж чадахгүй” гэдгээ хэлсэн.

Тэгээд би өөрийн * дугаартай цагаан өнгийн приус 20 маркийн машинтай зээ хүүгээ аваад М нарын 2 машины голд орж явсан. Тэгээд явж байхад урд явж байсан машинаас хүн цонхоор гараа өргөж дохихоор нь би зогсолгүй хажуугаар гарч явсан. Дахиад явж байхад М машинаас бууж ирээд надад “би энэ хүнийг эмнэлэг аваад явлаа, мотоциклоос унасан гэж хэлье, тэгж хэлээрэй” гэж хэлэхээр нь “би чадахгүй” гэж хэлэхэд М хурдан эмнэлэг хүргэе гээд машин руу гаа явсан, миний хойд талд явсан машин ирээгүй, ард явж байсан машины гэрэл гарахгүй болохоор сэтгэл бага ч гэсэн тайвширч би нөхрийнхөө эгч Д.Бгийн утас руу залгаж болсон зүйлийг товчхон хурдан хэлж, цагдаа, эмнэлэгт дуудлага өг гэж хэлсэн.

Мтэй манай нөхөр 2023 оны хавар хоёулаа архи уучихаад маргалдаж байсан, зодолдож байгаагүй, би энэ 2-ыг зодоон хийж байхыг хараагүй. Манай талийгаач нөхөр жилд 2-3 удаа л найз нөхөдтэйгөө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг.

Ж.Мийн том охин Ц фейсбүүк чатаар 2025 оны 02 дугаар сарын 18-ны өглөө над руу “танай нөхөр манай ээж рүү ийм зурвас бичсэн байна, адилхан гэр бүлтэй хүн байж” гээд бичсэн зурвасын зургийг над руу явуулсан, тэр зурвасын утга нь “талийгаач нөхөр маань Ж.Мийн эхнэр Хтай унтъя, хэвтье гэсэн зүйл бичиж явуулсан байсныг би нөхрийнхөө фейсбүүк хаяг руу нь зурвасаар явуулсан, нөхөртөө хэн явуулсан талаар хэлээгүй.

Манай нөхөр бид 2 хоногоор ийш тийшээ явдаггүй, малдаа яваад өдөртөө ирдэг, би талийгаач нөхрөө Хтай унтаж хэвтээд явсан зүйл байхгүй гэж бодож байна.

Ц манай нөхрийг гэрт авчирч өгөхдөө над руу “би энэ хүнийг алсан ч мөнгөө төлөөд гараад ирнэ, танай хүүхдүүд чинь жоохон биз дээ, надаас том хүн байхгүй, үр хүүхдүүдийг чинь дарамтална” гэж айлган сүрдүүлсэн, мөн намайг янз бүрийн үгээр хэлж чанга орилж хашгиран балмагдуулж, айлган сүрдүүлж, заналхийлж байсан. Би 3 хүүхэдтэй, манай том охин жирэмсэн, бие муутай, нялх хүүхэдтэй, дунд хүү маань Дархан-уул аймагт МСҮТ-д суралцдаг, бага хүү 5-р ангид суралцдаг. Би одоо хөдөө ганцаараа үлдсэн, намайг энэ хүмүүс яахыг хэлж мэдэхгүй байна. Хань нөхрөө алдлаа, маш их гомдолтой байна. Одоо энэ нутаг усандаа амьдарна гэхээр үнэхээр их хэцүү, айж, эмээж байна” гэж /1хх66-70/ мэдүүлсэн,

-Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны ДОГ/0625/012 дугаартай цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт /1хх33-55/-д ...хохирогчийн биед их тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, их тархины зүүн тал бөмбөлгийн дух, гадна хажуу хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, баруун, зүүн зулай, дагз хэсгийн хуйхны дотор гадаргуу дахь цус хуралт, баруун 3,4,5,6 дугаар хавирганы хугарал, зүүн 2,3,4,5 дугаар хавирганы хугарал, зөөлөн эдийн цус хуралт, өвчүү ясны хугарал, өвчүү ясны ар гадаргуу, үнхэлцэг хальсны гадаргуу дахь цус хуралт, ховч ясны хугарал, хүзүүний булчингийн зөөлөн эд, төвөнхийн мөгөөрсний доод хэсгийн хуралт, зулайн баруун хэсэг, зүүн хэсгийн шарх, зүүн чихний дэлбэн, омогны шарх, зүүн чихний дэлбэнгийн бүрэн бус тасарсан язарсан шарх, дээд уруулын дотор салстын шарх, хамар ясны хугарал, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, дээд уруулын дотор салтсын цус хуралт, цээжний цус хуралт, зүүн бугалганы цус хуралт, зүүн шууны цус хуралт, зүүн алганы ар хэсгийн цус хуралт, баруун гуяны цус хуралт, зүүн гуяны цус хуралт, зүүн өвдөгний цус хуралт, хамар, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи орчмын зөөлөн эдийн няцрал, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбэнгийн зулгаралт, зүүн чихний дэлбэнгийн зулгаралт, баруун чамархай, баруун шанаа, нүдний дээд зовхи хамарсан зулгаралт, баруун чихний урд хэсгийн зулгаралт, духны зүүн хэсгийн зулгаралт, хамрын нуруу, хамрын үзүүр, хамрын баруун, зүүн угалз хэсгийн хамарсан зулгаралт, зүүн шанааны зулгаралт, зүүн нүдний доод зовхины зулгаралт, баруун, зүүн хацрын зулгаралт, дээд уруулын зулгаралт, эрүүний зулгаралт, баруун тохойн зулгаралт, баруун шууны зулгаралт, баруун бугуй алганы ар хэсгийг хамарсан зулгаралт, баруун сарвууны ар хэсгийн зулгаралт, зүүн шууны зулгаралт, зүүн алганы ар хэсгийн зулгаралт, зүүн сарвууны ар хэсгийн зулгаралт, баруун өвдөгний зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдсон,

учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна, учирсан гэмтлүүдийн үүссэн дэс дарааллыг тогтоох боломжгүй.

амь хохирогчийн цогцост учирсан их тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, их тархины зүүн тал бөмбөлгийн дух, гадна хажуу хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт гэмтлүүд нь үхэлд нөлөөлсөн байна.

амь хохирогч Д.Ц нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан гэж тодорхойлогдсон.

-Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 08 дугаар сарын 14-ний Е/0525/1000 дугаартай “ Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт /3хх110-117/-ээр Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны ДОГ/0625/012 дугаартай дүгнэлтийн 1-д заасан гэмтлүүд амь хохирогчид учирсныг мөн заасан,

Амь хохирогч тархины битүү гэмтэл их тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, их тархины зүүн тал бөмбөлгийн  дух, гадна хажуу хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, баруун, зүүн зулай, дагз хэсгийн хуйхны дотор гадаргуу дахь цус хуралт гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.3-т зааснаар хохирлын хүнд зэрэгт хамаарна, баруун 3,4,5,6 дугаар хавирганы хугарал, зүүн 2,3,4,5 дугаар хавирганы хугарал, өвчүү ясны хугарал гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна.

Амь хохирогч тархины битүү гэмтэл их тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, их тархины зүүн тал бөмбөлгийн  дух, гадна хажуу хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, баруун, зүүн зулай, дагз хэсгийн хуйхны дотор гадаргуу дахь цус хуралт гэмтлийн улмаас тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ.

Хэргийн материал, цогцос шинжилгээний гэрэл зургийн үзүүлэлтээс харахад ховч ясны баруун их эврийн үзүүр хэсгээр хугаралттай байх ба уг хугарлын орчмын булчин, зөөлөн эдэд цус хуралт байхгүй, эсрэг зүүн талын эдэд цус хуралт харагдаж байх тул дотор эрхтний шинжилгээг нээхэд үүссэн байх боломжтой байна. Ховч ясны хугарлын улмаас шууд үхэлд хүрэхгүй байх боломжтой гэж мөн нэмж тодорхойлсон.

5.2.Эдгээр нотлох баримтууд нь хэргийн бодит байдлыг тогтооход гол үндэслэл болох ба шүүгдэгч нарын үйлдлийн улмаас хохирогч нас барсан, хохирогчид учирсан олон тооны гэмтэл шүүгдэгч нарын үйлдлийн улмаас бий болсон байна.

Шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маргаагүй байна.

5.3.Шүүгдэгч нарын хохирогч Д.Цыг санаатайгаар бүлэглэж зодсоны улмаас олон тооны гэмтлүүд учирсан, учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүдийн улмаас хохирогч нас барсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д заасан “...хүнийг алсан бол, ...хүнийг онц харгис хэрцгийгээр, ...бүлэглэж алсан бол” гэх шинжүүдэд нийцсэн.

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Ж.М нь эхнэр Ц.Хыг хохирогч Д.Цтай гэр бүлээс гадуур харилцаатайн улмаас гэр бүлийн таарамжгүй байдал бий болсон талаараа хүү М.Цт хэлсэн ба тэмээ хийгээд Сайншанд явна гэж хэлсэн, хүү М.Ц аавыгаа идэш буюу тэмээ хийх гэж байгаа тул хамтдаа очиж хийлцье гэж хүргэн А.Ё, аавынхаа дүүгийн хүүхэд М.Б нарын хамт аавынхаа руугаа явсан ба тэд өвөө, эмээгийн бууцны хавьцаа уулзана гэж аав Ж.Мтэй тохирсон, Ж.М тэднийг тосч уулзсаны дараа Ж.Мийн машиныг М.Бгаар унуулж Ж.М хүү М.Цын машинд сууж явж байхдаа Д.Цыг гэрээс нь авчирахаар хүүтэйгээр ярьж тохирсны дараа ганцаараа машинаараа явж хохирогч Д.Цыг гэрээс нь авчирч бүлэглэж зодож алсан.

Энэ нөхцөл байдал нь шүүгдэгч Ж.М санаатайгаар гэмт хэргийг үйлдэх санаа зорилгоор хүү М.Цыг дуудаж гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар ...хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэн, ...урьдчилан үгсэн тохиролцсон” гэж үзнэ,

 шүүгдэгч А.Ёын хувьд хадам ах М.Цын гуйлтаар хадам аавынд идэшний тэмээ хийнэ гэсэн зорилгоор хамт явсан боловч замд болсон үйл баримтад урьдчилсан тохиролцоогүйгээр гэмт хэрэгт хамтран оролцсон нь шүүгдэгч М.Ц, А.Ё, гэрч М.Б нарын мэдүүлгүүдээр тогтоогддог ба “...хохирогчийн өгзөг хэсэгт 2-3 удаа өшиглөсөн” үйлдлээр хамтран оролцсон болох нь гэрч М.Бгийн мэдүүлгээр тогтоогдсон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсон” гэх нөхцөл байдал болно.

Иймд эдгээр үндэслэлүүдээр шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д зааснаар хүн алах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж үзсэн нь үндэслэлтэй.

5.4.Шүүгдэгч нар хохирогч Д.Цыг зодохдоо биед нь гараар болон чулуу, хөлөөрөө өшиглөж, дэвсэлсний улмаас маш олон тооны гэмтэл буюу зулгаралт, няцралт, хугарал, урагдал бүхий гэмтлүүд учирсан ба хохирогч зодуурын улмаас их тархины зүүн тал бөмбөлгийн  хатуу хальсан доорх цусан хураа, их тархины зүүн тал бөмбөлгийн  дух, гадна хажуу хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт гэмтлүүд нь үхэлд нөлөөлсөн ба гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан болох нь Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025-03-28-ны ДОГ/0625/012 дугаартай цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт,  Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 08 дугаар сарын 14-ний Е/0525/1000 дугаартай “Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт зэргээр тогтоогдсон.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч хохирогчийг алах явцдаа олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон байдлаар үйлдсэн нь хэрэгт авагдсан гэрч М.Бгийн “...нүүр хэсэгт баруун гараараа 2-3 удаа хүчтэй цохиход нөгөө ах доошоо сөхөрч суугаад Ж.М ахаас “намайг уучлаач” гээд орилоод байсан. Тэр үед үеэл ах М.Ц, А.Ё нар машинаасаа бууж ирээд үеэл ах М.Ц түрүүлж ирээд нөгөө хамар руу цохиулсан ахыг сөхрөөд сууж байхад машины гэрэлд цээж хэсэг рүү баруун хөлөөрөө байх 3-4 удаа хүчтэй өшиглөхөд нөгөө ах машин руу нүүр хэсгээрээ газар унаад толгойгоо гараараа дарсан байх үед нь Ж.М ах ирээд толгой хэсэг рүү нь баруун хөлөөрөө 2 удаа хүчтэй өшиглөсөн. Тэр үед А.Ё ах нөгөө ахыг араас нь өгзөг хэсэг рүү нь баруун хөлөөрөө 3-4 удаа хүчтэй өшиглөхөөр нь би А.Ё ахыг түлхээд М.Ц ахыг татаж болиулахад нөгөө зодуулж байгаа байсан ах босож зугтаагаад миний сууж байсан машины ард очих үед араас нь Ж.М ах гүйж очоод газар унагаасан. Ж.М ах нөгөө газар унасан ахын нүүр хэсэг рүү цохиж байхаар нь М.Ц ахыг араас нь тэврээд авахад “чи машинд сууж бай гээд эргэж хараад миний нүүр хэсэг рүү алгадахад миний хамраас цус гараад би М.Ц ахын машинд суусан. Тэр үед машины цонх нээлттэй байсан учраас тэр хэдийн яриа сонсогдож байсан ба Ж.М ах “чи миний 30,40 жил босгосон амьдралыг нураалаа, айлын амьдрал үймүүллээ” гэж хэлж байсан. Харин А.Ё ах “аав байж бай наадахыг чинь ярихыг сонсъё” гэхэд нөгөө зодуулсан ах “яа яа” орилоод байсан” гэсэн мэдүүлгээр тогтоогдсон.

Иймд шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан онц харгис хэрцгийгээр хүнийг алсан гэж гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй болсон.

5.5.Хохирогч Д.Цыг бүлэглэн зодож ухаангүй болгосны дараа гэрт нь хүргэж очиж хохирогчийн эхнэр Д.Оыг галын дэгээ төмрөөр цохих гэж байгаа юм шиг далайлган айлган сүрдүүлж, “...нөхрөө мотоциклоос унасан гэж хэлээрэй, би энэ хүний алсан ч мөнгөө төлөөд гараад ирнэ, танай хүүхдүүд чинь жоохон биз дээ, надаас том хүн байхгүй биз дээ, үр хүүхдүүдийг чинь дарамтална” гэж 2 цагийн турш гэрт нь айлган сүрдүүлсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд ...хүч хэрэглэхээр заналхийлсэн бол” гэх шинжид тус тус нийцсэн.

5.6.Шүүгдэгч нарын үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй буюу шүүгдэгч нар Д.Цыг гэрээс нь харанхуй шөнөөр авч гаран хөдөө хээр аваачин бүлэглэн зодож байгаа нь хууль бус гэдгийг мэдсээр байж зориуд хүсч үйлдэн, хохирогчийг үхэлд хүргэсэн, нөхрийг нь бүлэглэн зодсоны дараа гэрт нь очиж гэр бүлийн хүн Д.Оыг айлган сүрдүүлсэн зэрэг үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрт тохирсон.

5.7.Шүүгдэгч М.Цын хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Оыг заналхийлэх үйлдэлдээ “...хутга байна уу гэж асуух, ...гэрийн галын дэгээ төмрийг барьж далайсан, хохирогч Д.Цыг ухаангүй хэвтэж байхад нь гэрт байсан савтай үзэмний шүүсийг нүүр лүү шидсэн” зэргээр хэрэглэсэн эд зүйлүүд нь шүүгдэгч зориуд санаатайгаар бэлтгэсэн зүйлгүй буюу гэрт байсан зүйлээр хохирогчид дүр үзүүлсэн байдлаар өөрийн үйлдэлдээ хүч оруулж айлган сүрдүүлсэн нь хохирогчийн мэдүүлгээр тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруутайд тооцсоныг буруутгасангүй.

5.8.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ” гэсэн ялаас анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Мт 18 жил, шүүгдэгч М.Цт 15 жил, шүүгдэгч А.Ёад 15 жилийн хугацаагаар хорих ялуудыг тус тус оногдуулж шийдвэрлэсэн ялд давж заалдах шатны шүүхээс өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн.

Учир нь, хохирогч Д.Цыг алах гэмт хэргийг үйлдэхэд шүүгдэгч нарын гүйцэтгэсэн үүрэг, оролцоог анхан шатны шүүх ял оногдуулахдаа харгалзаагүй байна гэж үзсэн.

Хэрэг болоход байсан ганц гэрч М.Бгийн мэдүүлэгт “...эсрэг талаас танихгүй ах бууж ирэхэд Ж.М ах машины урд талд машины гэрэлд дээгүүрээ саарал өнгийн ажлын нормын гадуур хувцастай, бараан өнгийн өмдтэй, хар өнгийн халимаг үстэй ахыг нүүр хэсэгт баруун гараараа 2-3 удаа хүчтэй цохиход нөгөө ах доошоо сөхөрч суугаад Ж.М ахаас “намайг уучлаач” гээд орилоод байсан. Тэр үед үеэл ах М.Ц, А.Ё нар машинаасаа бууж ирээд үеэл ах М.Ц түрүүлж ирээд нөгөө хамар руу цохиулсан ахыг сөхрөөд сууж байхад машины гэрэлд цээж хэсэг рүү баруун хөлөөрөө байх 3-4 удаа хүчтэй өшиглөхөд нөгөө ах машин руу нүүр хэсгээрээ газар унаад толгойгоо гараараа дарсан байх үед нь Ж.М ах ирээд толгой хэсэг рүү нь баруун хөлөөрөө 2 удаа хүчтэй өшиглөсөн. Тэр үед А.Ё ах нөгөө ахыг араас нь өгзөг хэсэг рүү нь баруун хөлөөрөө 3-4 удаа хүчтэй өшиглөхөөр нь би А.Ё ахыг түлхээд М.Ц ахыг татаж болиулахад нөгөө зодуулж байсан ах босож зугтаагаад миний сууж байсан машины ард очих үед араас нь Ж.М ах гүйж очоод газар унагаасан” гэж шүүгдэгч А.Ёын үйлдлийг гэрчилдэг ба

шүүгдэгч А.Ё “...хадам аав машинтайгаа ирж зогссон, Б “...тэр 2 зодолдоод байна” гэж хэлээд машинаас буугаад явсан. Би тэгэхээр нь Бгийн араас бууж очоод хадам аавын ар талаас куртикнээс нь татаад тэврээд зогстол хадам аав М талийгаач Ц  ахад хандан “чи муу миний амьдралаар тоглолоо” гэж хэлэхэд Б Цыг урдаас нь тэврээд зогсож байхаар нь би хадам аавд “та зүгээр үгийг нь сонсоо” гэж хэлсэн чинь хадам аав “за тэгье” гэхээр нь би тавьсан чинь хадам аав талийгаач руу дайрч очоод зүүн хөлөөрөө өшиглөсөн, талийгаач унаад өгсөн, тэгсэн хадам аав М дээр нь очоод зогсож нүүр болон биеийнх нь хаа сайгүй 2 хөлөөрөө ээлжлээд өшиглөөд байсан, тэгсэн Ц тэр 2 руу гүйж очихоор нь би бас дагаад гүйж очоод салгах санаатай хадам аав, талийгаач 2-ийн хажууд өвдөглөж суугаад талийгаачийг мөрөн дээрээс нь 2 гараараа татаад өөр рүүгээ татаж хадам ааваар цохиулахгүй гэж цээжиндээ наасан чинь Ц миний чамархай хэсэгт үг дуугүй баруун гараараа зангидаж байгаад 1 удаа цохихоор нь “чи намайг цохиод байна” гэж хэлээд Бг ирээд Цыг “ав” гэж хэлсэн, тэгээд би талийгаачийг орхиод босож ирээд хадам аавыг урдаас нь түлхээд цааш нь авч явсан чинь хадам аав талийгаач руу хандаж “би чамайг ална, яасан их хүний амьдралаар тоглодог юм” гэж хэлээд орилоод байсан, тэр үед талийгаач босож ирээд хадам аавын машины цаагуур ороод зугтсан, би хадам аавыг “та хүнтэй учраа олох гэж байж үгийн зөрүүгүй зодолдоод байхаар чинь яаж учраа олох юм бэ” гэж хэлсэн нь аав “би одоо зодолдохгүй, намайг тавьчих гэхээр нь тавьсан, тэр үед миний гутлын ул салчихсан хөл даараад байсан тул машинд орж суусан, хөлөө дулаацуулж байгаад буцаад гарахад тэр 2 дээр доороо зодолдож байсан, хадам аавыг намайг хориход “ намайг тавь, та нар ямар учиртайг нь мэдэхгүй байж, намайг хорилоо” гэж надад уурлаад байсан. Тэр үед талийгаач “уучлаарай” гээд гуйгаад байсан. Тэгээд би хадам аавыг Цт машинд орж Бг “...чи гарч салга “гэсэн чинь миний үгэнд орохгүй, та харин миний гутлыг өмсөөд очоод салгачих” гэхээр нь Бгийн гутлыг өмсөөд буцаад тэр хэд дээр очсон, хохирогч 2 машины голд сууж байсан, би хохирогчийг “зугт” гэж хэлэхэд хөдлөхгүй суугаад байхад нь “босоод зугтаач “гээд хохирогчийн бөгс рүү 2-3 удаа өшиглөсөн, тэр үед хохирогч босоод ертөнцийн зүгээр зүүн тийшээ гүйхээр нь хойноос нь хадам аав М гүйж очоод хохирогчийг барьж аваад 2 машины голд чирээд авчирсан, тэр 2 хохирогчийг зодсон ба хохирогч газар уначихсан байсан, тэгээд би хадам аав, Ц 2-ыг хорьж болиулаагүй, Цын машины хойд талд суусан” гэж сэжигтэн, яллагдагчаар тус тус мэдүүлсэн.

Эдгээр мэдүүлгүүдийг хооронд нь харьцуулан шинжлэн судалбал шүүгдэгч А.Ё нь хохирогч Д.Цын биед 2-3 удаа өшиглөснөөс өөрөөр халдаагүй нь тогтоогддог ба шүүгдэгчийн мэдүүлэг нь гэрчийн мэдүүлгээр батлагдан тогтоогдсон тул үнэн зөв мэдүүлэг гэж үзсэн.

Шүүгдэгчийн энэ үйлдэл нь хохирогчийн амь нас хохироход учирсан тархины гэмтэлд хамааралгүй байх ба Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийн үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна” гэх нөхцөлийг анхан шатны шүүх анхаараагүй байна.

Иймд эдгээр үндэслэлүүдэд үндэслэн шүүгдэгч А.Ёад оногдуулсан 15 жилийн хорих ялыг гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялгамжтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 12 жилийн хорих ял болгож хөнгөрүүлэх нь эрүүгийн хариуцлагын гэм бурууд тохирно гэж давж заалдах шатны шүүх үзсэн.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “...хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр өөрчлөлт оруулах” үндэслэлд хамаарах ба энэ үндэслэлээр шүүгдэгч А.Ё, түүний өмгөөлөгч Л.Батжав нараас гаргасан давж заалдсан гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

5.9.Шүүгдэгч Ж.М, М.Ц нарын зүгээс гэм буруу дээр маргаагүй, хохирогчид учирсан мөнгөн дүнгээр тодорхойлогдох хохирлыг шүүхээс тогтоосныг төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлууд нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах боловч анхан шатны шүүхээс энэ 2 шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээнд, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд нь тус тус тохирсон байна гэж үзэж шүүгдэгч Ж.М, М.Ц нарын ялыг хөнгөрүүлэх боломжгүй гэж давж заалдах шатны шүүх үзсэн.

5.10.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Оаас нэхэмжилсэн оршуулгын зардал, хохирогчийн малчны зээлийн 50%, гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоож, нийт 134,219,594 төгрөгийг шүүгдэгч нараар төлүүлэхээр шүүхээс тогтоож өгснийг шүүгдэгч төлж барагдуулсан, хохирогч тал энэ талаар гомдол гаргаагүй байна.

5.11.Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт олж авсан, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтат мэдээллүүд байна, хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар тухайн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурор болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

6.Эдгээр үндэслэлүүд, нөхцөл байдлуудад үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3,  39.4, 39.9 дугаар зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 2026/ШЦТ/42 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтад “...шүүгдэгч А.Ёад 12 жилийн хугацаагаар хорих ял” гэж өөрчлөлт оруулж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Ё болон түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангаж, шүүгдэгч Ж.М, М.Ц нар болон тэдгээрийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М, М.Ц, А.Ё нарыг 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 05 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл нийт 84 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар энэ магадлалыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой үндэслэлээр хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

А

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Н.БОЛОРМАА

                    

                   ШҮҮГЧИД                                       Б.НАРАНЧИМЭГ

                                                                          

                                                                            А.САЙНТӨГС