Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2017/00160

 

Ц.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч М.Наранцэцэг, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2016/00961 дүгээр шийдвэртэй,

нэхэмжлэгч Ц.Г-ийн хариуцагч Ц.Х-т холбогдуулан гаргасан 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Ц.Х-тэй байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203021257 дугаар бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Бага тойруу, 43 дугаар байр, 54 тоот 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, дээрх орон сууцыг Ц.Х-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас орон сууцны гэрчилгээ гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Х-ийн гаргасан дээрх орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлээс Ц.Г-ийн нэрийг хасуулж өөрчлөлт оруулахыг Ц.Г-т даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй,

2013 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Ц.Х-тэй байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, дээрх орон сууц нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг, уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай бие даасан гуравдагч этгээдийн бие даасан шаардлагатай иргэний хэргийг, хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Баяраа, Л.Ононбаяр, хариуцагч Ц.Х-, хариуцагчийн өмгөөлөгч Н.Наранбаяр, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ц.Г-, түүний өмгөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Ц.Г- нь Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 43 дугаар байр, 54 тоот 2 өрөө орон сууцыг эхнэр Н.О-ын албан газраас олгосон хөнгөлөлттэй үнийг төлж, ашиглалтад орохоос нь эхлэн эцэг, эхийн хамт амьдарч байсан. Ц.Х- нь орон сууцны үнийг төлөх зорилгогүйгээр Ц.Г-ийг шахаж дарамтлан, хууран мэхэлж 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдөр дээрх орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг дүр үзүүлэн хийсэн. Мөн уг хэлцлийг хийхдээ Ц.Г- нь эхнэр Н.О-аас Иргэний хуулийн 128 дугаар зүйлд заасан зохих зөвшөөрлийг аваагүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Иймд 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан орон сууц худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 11 дүгээр хороолол, 43 дугаар байр, 54 тоот 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч нь Ц.Г- мөн болохыг тус тус тогтоож, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг шүүхийн журмаар гаргуулан өмчлөгч Ц.Г-т олгуулах, дээрх орон сууцыг Ц.Х-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй. Ц.Х- нь тодорхой мөнгийг н.Цийн дансаар гуйвуулж байсныг түүний хүүхдүүдийн сургалтын төлбөр, өвчтэй ээжийн эмчилгээний зардал, бусад хүмүүст зарцуулсан. 6 000 ам.доллар зээлж авсан ба буцаан төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

 

Хариуцагч Ц.Х-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ: Намайг Солонгос Улсад ажиллаж байхад эцэг Д.Ц, эх Ц.И, дүү Ц.Г- нар утсаар холбогдож, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 43 дугаар байрны 54 тоот 2 өрөө орон сууцыг хөнгөлөлттэй үнээр захиалах боломж гарлаа, үнийг нь төлөөд авчих гэсний дагуу байрны төлбөр болох 35 000 орчим ам.долларыг 2008 оноос эхлэн Хаан банкин дахь 5064088271 дүгээр дансаар дамжуулан Ц.Г-т шилжүүлж уг орон сууцыг худалдаж авсан. Тухайн үед Монгол Улсад байгаагүй учраас өөрийн эцэг, эх болон Н.О- нарын нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ авсан. Ц.Г- дарамтлан сүрдүүлж байрны гэрчилгээнээс эцэг, эхийн нэрийг хасуулж, улмаар би байрыг булаацалдахгүй гэж намайг хуурч Н.О-аас өөрийн нэр дээр шилжүүлсэн. 2013 онд Ц.Г- орон сууцыг барьцаанд тавьсан гээд 10 000 000 төгрөг авсан ба дараа нь 30 000 000 төгрөг өгвөл байрыг буцааж шилжүүлье гээд 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Ц.Г-т 30 000 000 төгрөгийг бүрэн өгсөн. Энэхүү гэрээ Ц.Г-ийн санаачилгаар үйлдэгдсэн хүчин төгөлдөр хэлцэл юм. Иймд Ц.Г-ийн шударга бус, хууль бус, ёс зүйгүй нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Харин маргаан бүхий орон сууцыг Ц.Х- өмчлөх эрхтэй болох нь Хаан банкны 5064088271 дугаар ам.долларын дансны хуулга, Индустр ХХК-иас 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр ирүүлсэн төлбөр төлсөн лавлагаа, 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 22 дугаар захиалгаар орон сууц барих гэрээ зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул Ц.Х-ийг маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоож, Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.2 дахь хэсэгт заасныг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлээс Ц.Г-ийг хасаж, Ц.Х-ийг өмчлөгчөөр бүртгүүлж, улсын бүртгэлийн тэмдэглэлд өөрчлөлт оруулахыг Ц.Г-т даалгаж өгнө үү гэжээ.

 

Бие шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.О-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 43 дугаар байр, 54 тоот 2 өрөө орон сууцыг Индустр ХХК-тай гэрээ байгуулан, захиалгаар бариулсан. Хариуцагч нь уг орон сууцны төлбөрийг төлсөн гэдэг нь худал. Маргаж буй орон сууц нь бидний гэр бүлийн дундын өмч хөрөнгө мөн. Гэтэл Ц.Г- зөвшөөрөлгүйгээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан Н.О-ын өмчлөх эрхийг зөрчсөн байна. Иймд 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Ц.Г-, Ц.Х- нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203021257 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Бага тойруу, 43 дугаар байр, 54 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг хамтран өмчлөх дундын хөрөнгө мөн болох, Н.О-ыг уг үл хөдлөх хөрөнгийг хамтран өмчлөх эрхтэй болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Г-ийн 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Ц.Х-тэй байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203021257 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Бага тойруу, 43 дугаар байр, 54 тоотод байрлах 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, дээрх орон сууцыг Ц.Х-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас орон сууцны гэрчилгээ гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.2, 107 дугаар зүйлийн 107.1, 183 дугаар зүйлийн 183.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ц.Х-ийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203021257 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Бага тойруу, 43 дугаар байр, 54 тоотод байрлах 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлээс Ц.Г-ийг хасуулах, улсын бүртгэлийн тэмдэглэлд өөрчлөлт оруулахыг Ц.Г-т даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 101 дүгээр зүйлийн 101.1, 110 дугаар зүйлийн 110.1, 130 дугаар зүйлийн 130.2 дахь хэсэгт заасныг баримтлан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.О-ын 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Ц.Г-, Ц.Х- нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203021257 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Бага тойруу, 43 дугаар байр, 54 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг хамтран өмчлөх дундын хөрөнгө мөн болох, хамтран өмчлөгчөөр тогтоолгох шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307 950 төгрөг, хариуцагчаас төлсөн 70 200 төгрөг, гуравдагч этгээдээс төлсөн 155 000 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Ц.Х-ийг сөрөг нэхэмжлэл гаргахад үлдэх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхээс маргааныг шийдвэрлэхдээ хариуцагчийн эрх, ашиг сонирхлыг илтэд хохироож, маргааны үйл баримт болон нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь судлаагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэх замаар хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой байна. Анхан шатны шүүхийн Маргаан бүхий байрны өмчлөгчөөр Н.О-, Д.Цэвэгмид, Ц.Ирэхбаяр нар бүртгэгдсэн, түүнчлэн Индустр ХХК-д байрны төлбөр төлж барагдуулсан баримт зэргээр Ц.Х-ийг дурдсан орон сууцны өмчлөгчөөр тогтоох боломжгүй байна. Хариуцагч нь орон сууцны үнийг Н.О-, Ц.Г- нарт өгсөн гэх боловч шууд нотлосон баримтгүй гэж шүүхийн зүгээс үзлээ гэх дүгнэлт нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудтай зөрчилдөж байна. Хаан банкин дахь 5064088271 тоот дундын дансны хуулга, Индустр ХХК-д орон сууцны үнийг төлсөн баримт, гуравдагч этгээд Н.О-ын гэрчээр оролцохдоо байрны мөнгийг Ц.Х- эгч өгсөн, би мэдэхгүй гэсэн тайлбар зэрэг баримтуудад шүүх хууль зүйн буруу үнэлэлт, дүгнэлт хийснээс болж хариуцагчийн эрх, ашиг сонирхол зөрчигдөж байна. Шүүх уг үл хөдлөх эд хөрөнгө анх хэрхэн үүсэн бий болсон үндэслэл, нотлох баримтад хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгөлгүй орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг хөдөлбөргүй үнэн гэж үнэлж, дүгнэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Шүүхийн энэхүү дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн үйлдэл боллоо. Ц.Г- намайг ятган, хууран мэхэлж байрны гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авсныг нотлох баримт, бидний хоорондын мессежээр харилцсан баримт байдаг. Хариуцагч нь орон сууцны үнийг төлж барагдуулсан учир маргаан бүхий орон сууцыг өмчлөх эрхтэй, нэхэмжлэгч нь чөлөөлж өгөх үүрэгтэй юм. Иймд анхан шатны шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь бүрэн, дүүрэн судлаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нь гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг буруу тодорхойлон хэргийг шийдвэрлэлээ. Гуравдагч этгээд нь 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Ц.Г-, Ц.Х- нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, маргаан бүхий орон сууцыг хамтран өмчлөх дундын хөрөнгө мөн болох, уг үл хөдлөх хөрөнгийг хамтран өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох тухай шаардлага гаргасан байхад шүүх хамтран өмчлөгчөөр тогтоолгох гэсэн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. 2012 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хамтран өмчлөгч хасах тухай хэлцлээр Н.О- хасагдаж, Ц.Г-ийн өмчлөлд өмчлөх эрх дангаараа шилжсэн ч, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1.4-т зааснаар гуравдагч этгээд нь хууль ёсны гэрлэлтээ бүртгүүлсэн буюу гэрлэгчид бөгөөд гэр бүлийн хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан хамтран өмчлөх дундын өмч юм. Иймд эрхийн улсын бүртгэлийн Y-2203021257 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Бага тойруу, 43 дугаар байр 54 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг хамтран өмчлөх эрхтэйг болохыг тогтоож өгнө үү. Гуравдагч этгээдийн зүгээс анхан шатны шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Ц.Г-, Ц.Х- нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрч байгаа болно гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Ц.Г- нь хариуцагч Ц.Х-т холбогдуулан 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203021257 дугаар бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Бага тойруу, 43 дугаар байр, 54 тоот 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, дээрх орон сууцыг Ц.Х-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас орон сууцны гэрчилгээ гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлээс Ц.Г-ийн нэрийг хасуулж өөрчлөлт оруулахыг нэхэмжлэгчид даалгуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Талууд 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдөр дээр дурдсан маргаан бүхий орон сууцыг 30 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцон, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар бичгийн хэлцэл хийж, Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дах хэсэгт зааснаар нотариатаар гэрчлүүлж, мөн зүйлийн 109.1 дэх хэсэгт заасны дагуу өмчлөх эрх шилжүүлэх хүсэлтийг улсын бүртгэлийн байгууллагад гаргасан нь хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2013 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 11-9733 дугаар албан бичиг /хх.I-9/, 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт гаргасан Ц.Г-ийн өргөдөл /хх.I-16/ зэрэг баримтаар тогтоогдож байна. Иймд талуудын хооронд мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ. /хх.I-15/

 

Дээрх хэлцлийг хийх үед нэхэмжлэгч Ц.Г- нь орон сууцны дангаар өмчлөгчийн хувиар улсын бүртгэлд бүртгэлтэй байсан нь хэргийн 149, 235 дахь талд авагдсан Сүхбаатар дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 2/1689, 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 6/7871 дүгээр албан бичгүүдээр тогтоогдсон тул нэхэмжлэгч Ц.Г-ийг худалдах, худалдан авах гэрээ байгуулах эрхтэй байсан гэж үзэх бөгөөд худалдан авагч буюу хариуцагч Ц.Х-ийн хувьд Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3 дахь хэсэгт заасан өмчлөх эрхийг шилжүүлж байгаа этгээдийг өмчлөгч биш гэж үзэж, эргэлзэх боломжтой гэж үзэхгүй.

 

Талуудын байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул анхан шатны шүүх хэлцлийг хүчин төгөлдөр буст тооцуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Учир нь худалдах, худалдан авах гэрээний нэг тал гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй байгаа нь уг хэлцлийг хүчин төгөлдөр буст тооцох үндэслэлд хамаарахгүй тул нэхэмжлэгчийн шаардах эрх хууль зүйн үндэслэлгүй байв.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хууль ёсны өмчлөгч нь бусдын хууль бус эзэмшлээс эд хөрөнгө гаргуулахаар шаардах эрхтэй. Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч Ц.Г- нь маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч болох нь тогтоогдож байх боловч хариуцагч Ц.Х-ийг уг эд хөрөнгийг эзэмшиж байгаа гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул уг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй болно. Мөн Ц.Х-т хууль болон гэрээгээр орон сууцны гэрчилгээг гаргаж өгөх үүрэг үүссэн гэх баримт байхгүй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар тодорхой үүрэг гүйцэтгэхийг шаардах эрхгүй байна.

 

Маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Ц.Г- бүртгэлтэй хэвээр байгаа нь Сүхбаатар дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2013 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 11-9733, 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 2/1689 дүгээр албан бичгүүдээр /хх.I-9, 149/ тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн эрх өмчлөгчийн хувьд зөрчигдсөн гэж үзэж, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-т зааснаар өмчлөх эрхтэй болохоо тогтоолгох, хүлээн зөвшөөрүүлэх иргэний эрх зүйн хамгаалалт шаардлагатай болсон гэж үзэх үндэслэлгүй тул шаардах эрх үүсээгүй байна.

 

Иймд нэхэмжлэгчийн гаргасан маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, хариуцагч Ц.Х-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас орон сууцны гэрчилгээ гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Хариуцагчийн гаргасан маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлээс Ц.Г-ийн нэрийг хасуулж өөрчлөлт оруулахыг Ц.Г-т даалгуулах сөрөг нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Талуудын хооронд маргаан бүхий орон сууцыг 30 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ хуульд заасан журмын дагуу байгуулагдсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон боловч хариуцагч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдан авсан эд хөрөнгийн үнийг төлөх үүргээ биелүүлсэн гэж эргэлзээгүй дүгнэх баримт хэрэгт авагдаагүй тул нэхэмжлэгчид эд хөрөнгийн бүртгэлийг өөрт нь шилжүүлэхийг хариуцагчид даалгуулахаар болон өмчлөх эрхтэй болохоо тогтоолгохоор шаардах эрх үүссэн гэж үзэхгүй юм.

 

Хариуцагчийн нэхэмжлэгчид 30 000 000 төгрөгийг шилжүүлсэн гэх тайлбар эргэлзээгүй баримтаар давхар нотлогдоогүй. Гэрч Э.Оюунтүлхүүрийн ... би мөнгө авч яваагүй, мөнгө өгөх үед би байгаагүй ... /хх.I-112/ гэх, Х.Долгионы ... ээж Солонгост ажиллаж байхдаа Г-т байрны мөнгө явуулдаг байсан ..., 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 12 цагт ээж 15 000, би 5 000 ам.долларыг монгол мөнгөөр солиулсан. Нийт 30 000 000 орчим төгрөгийг Ц.Г-т өгсөн ... /хх.I-202-203/ гэх мэдүүлгүүдийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ононбаярын шүүхэд гаргасан ... 30 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн гэдэг нь худал бөгөөд цүнхээ харуулаад л, бэр Оюунтүлхүүр нь зугатан явж, Ц.Г- мөнгө ч үгүй, гарын үсэг зурсан материал ч үгүй үлдсэн ... гэх /хх.I-48/ тайлбартай харьцуулан үзэхэд 30 000 000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэгчид худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн гэх үйл баримтыг эргэлзээгүй нотлох баримт гэж дүгнэх боломжгүй.

 

Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцсэн байна.

 

Хариуцагч уг орон сууцыг анх Индустр ХХК-иас худалдан авах үед үнийг төлсөн гэж тайлбарлаж байгаа нь уг орон сууцыг өмчлөх эрх үүссэн гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд орон сууцны үнийн зарим хэсгийг хариуцагчийн шилжүүлсэн мөнгөнөөс төлсөн гэх нэхэмжлэгч Ц.Г-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар /хх.I-106-107/ нь хариуцагчийг уг орон сууцыг өмчлөх эрхтэй гэж зөвшөөрсөн агуулгагүй, харин хариуцагчаас тодорхой зардал гаргасныг зөвшөөрсөн агуулгатай байна.

 

Иймд шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн байх тул бусдад үндэслэлгүй шилжүүлсэн, эсхүл зардал гаргасантай холбоотой үүсэх шаардах эрхээ хэрэгжүүлэхэд энэхүү шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Ц.Г-, хариуцагч Ц.Х- нар 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдөр маргаан бүхий орон сууцыг 30 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулах үед гуравдагч этгээд Н.О- нь уг орон сууцны хууль ёсны өмчлөгч биш байсан. Түүнчлэн гуравдагч этгээд нь 2012 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Хамтран өмчлөгч хасах хэлцлийн дагуу маргаан бүхий орон сууцны хамтран өмчлөгчөөс хасагдсан болох нь хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 6/7871 дүгээр албан бичгээр тогтоогдож байна. /хх.I-235/ Иймд дээрх гэрээг гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчсөн буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлгүй тул гуравдагч этгээдийн шаардлага үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2016/00961 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Ц.Х-ийн төлсөн 70 200 төгрөг, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ