| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 302/2025/00102/И |
| Дугаар | 302/ШШ2026/00146 |
| Огноо | 2026-01-29 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 302/ШШ2026/00146
| 2026 оны 01 сарын 29 өдөр | Дугаар 302/ШШ2026/00153 | Баян-Өлгий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.М даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б аймгийн [****] сумын 1 дүгээр багт оршин суух, И**** овогт Т******* А**** нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн Б****** захиалагчийн алба (дарга С.Е)-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн Б****** захиалагчийн албаны даргын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/23 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан бичиг хэргийн ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох тухай.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Т.А,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.С,
Х*********** өмгөөлөгч А.С,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ж.
(Хариуцагч байгууллагын төлөөлөгч С.Е шүүхээс 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр /баримт №9/ шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хариуцагч байгууллагын төлөөлөгч С.Е шүүх хуралдаанд түүнийг төлөөлж өмгөөлөгч нь оролцоно, түүний эзгүйд шүүх хуралдаан хийхийг хүссэн хүсэлтийг бичгээр ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч байгууллагын төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Т.А нь хариуцагч Б аймгийн Б****** захиалагчийн албад холбогдуулан тус Б****** захиалагчийн албаны даргын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/23 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан бичиг хэргийн ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч Т.А нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Т.А би Б аймгийн Б****** захиалагчийн албаны даргын 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Б/15 дугаартай тушаалаар тус байгууллагын бичиг хэргийн ажилтнаар томилогдсон юм. Гэтэл тус албаны даргын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/23 дугаартай тушаалаар ажлаас гэнэт чөлөөлсөн.
1.2.А*** олгогчоос Т.А намайг ажилд томилсон, чөлөөлсөн тушаал, хөдөлмөрийн гэрээг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр өгсөн юм. 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хөдөлмөрийн гэрээг хоёр хувь үйлдэж надаар гарын үсэг зуруулж шууд буцаан авсан. Тус байгууллагын дарга Ш.Ж нь 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр надад таныг байгууллагын төсөв хүрэлцэхгүй байгаа тул ажлаа чөлөөлөх тухай хэлсэн. А*** олгогч анх намайг ажилд авахад түр орон тоонд авч байна гэж хэлээгүй, үүний нотолгоо нь намайг бичиг хэргийн ажилтанд томилсон тушаалыг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр өгсөн юм.
1.3.Миний бие Т.А би ажил олгогчийн намайг ажлаас чөлөөлсөн шийдвэрийг эс зөвшөөрч байна.
1.4. Иймд намайг Б аймгийн Б****** захиалагчийн албаны даргын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/23 дугаартай тушаалыг хүчингүй болгож, намайг урьд эрхэлж байсан бичиг хэргийн ажилтны ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Б аймгийн Б****** захиалагчийн алба хариу тайлбартаа:
2.1.Тус барилга захиалагчийн алба нь улирлын шинжтэй үйл ажиллагаа явуулдаг ба барилгын улиралд үйл ажиллагаа явуулж, намраас эхлэн он дуустал бичиг баримтуудаа боловсруулан, архивлах ажил хийдэг юм.
2.2.М**** байгууллагад бичиг хэргийн ажилтны орон тоо байдаггүй. Б**** хэрэг цэгцлэх энэ хугацаандаа хугацаатай гэрээ байгуулан, түр хугацаатай хүн ажиллуулдаг юм. Иргэн Т.А 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулж, байгууллагын бичиг хэргийг цэгцлэх зорилгоор бичиг хэргийн ажилтнаар томилж ажиллуулсан.
2.3.Т.А харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Б*********** 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хурлаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж байгаа учир гэрээг сунгах боломжгүй болсон учраас ажлаас чөлөөлөх болсныг мэдэгдсэн. Харин ажлаас чөлөөлсөн тушаалыг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гарт нь өгсөн. Т.А байгуулсан хугацаатай хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж цаашид сунгагдахгүй болсон тул өөрт нь мэдэгдэж ажлаас чөлөөлсөн болно. Иймд Т.А нэхэмжлэл үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Н************ иргэний хэрэгт нотлох баримтаар Б аймгийн Б****** захиалагчийн албаны даргын 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Б/15 дугаартай тушаал, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/23 дугаартай тушаал, Б аймгийн [****] сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл, өмгөөлөгч Я.С байгуулсан өмгөөллийн гэрээ, шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлт, 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн хурлын тэмдэглэлийн хуулбар зэргийг,
Х*********** хөдөлмөрийн гэрээ, Б аймгийн Б****** захиалагчийн албаны даргын 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Б/15 дугаартай тушаал, Б аймгийн Б****** захиалагчийн албаны даргын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/23 дугаартай тушаал, эмнэлгийн магадалгаа, хурлын тэмдэглэл, өмгөөлөгч С.Н байгуулсан өмгөөллийн гэрээ, өмгөөлөгч С.Н татгалзаж, өмгөөлөгч А.С өмгөөлөгчөөр оролцуулах тухай хүсэлт, Б аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 20-ний өдрийн 646 дугаартай захирамж, Б аймгийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Б/33 дугаартай “С.Е ажилд томилох тухай” захирамж, Б аймгийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/119 дугаартай “Б****** захиалагчийн албыг өөрчлөн байгуулах тухай” захирамжийн хавсралт зэрэг нотлох баримтыг тус тус гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
4.Шүүх талуудын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
5.Нэхэмжлэгч Т.А дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Т.А би Б аймгийн Б****** захиалагчийн албаны даргын 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Б/15 дугаартай тушаалаар тус байгууллагын бичиг хэргийг цэгцлэх, боловсруулах зорилгоор 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн бичиг хэргийн ажилтнаар томилогдсон юм. Гэтэл тус албаны даргын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б\23 дугаартай тушаалаар ажлаас гэнэт чөлөөлсөн байна. Б****** захиалагчийн албаны даргын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/23 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, намайг урьд эрхэлж байсан бичиг хэргийн ажилтны ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.
6.Хариуцагч Б аймгийн Б****** захиалагчийн алба нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Тус Б****** захиалагчийн алба нь улирлын шинжтэй үйл ажиллагаа явуулдаг ба барилгын улиралд үйл ажиллагаа явуулж, намраас эхлэн он дуустал бичиг баримтуудаа боловсруулан, архивлах ажил хийдэг бөгөөд энэхүү ажлыг хийхийн тулд Т.А хугацаатай гэрээ байгуулан, түр ажиллуулсан. Т.А байгуулсан хугацаатай хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж цаашид сунгагдахгүй болсон тул өөрт нь мэдэгдэж ажлаас чөлөөлсөн болно. Иймд Т.А нэхэмжлэл үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
7.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:
7.1. Б аймгийн Б****** захиалагчийн албаны даргын 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Б/15 дугаартай тушаалаар байгууллагын бичиг хэргийг цэгцлэх, боловсруулах зорилгоор Т.А 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд бичиг хэргийн ажилтнаар хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажиллуулсан байна.
7.2. Б аймгийн Б****** захиалагчийн албаны даргын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/23 дугаартай “Т.А ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 78 дугаар зүйлийн 78.1.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн хугацаатай хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байгаа Т.А хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон тул 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байна.
7.3.2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хурлын тэмдэглэлд Т.А хугацаатай хөдөлмөрийн гэрээг байгуулсан. Т.А хөдөлмөрийн гэрээний хугацаа 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болж байна. Иймд Т.А 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгож үүрэгт ажлаас чөлөөлж байгааг үүгээр мэдэгдэж байна гэжээ.
7.4.2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн дугааргүй ажил олгогч Б****** захиалагчийн алба нь ажилтан Т.А харилцан тохиролцож байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.2-т хөдөлмөрийн гэрээний хугацаа: 2024.09.12-2024.12.31. гэсэн байна.
7.5. Б аймгийн Засаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 646 дугаартай Х****** алба болгон өргөтгөж, орон тоо, цалингийн санг нэмэгдүүлэх тухай захирамжаар Б****** захиалагчийн албаны орон тоо, цалингийн санг хавсралтаар баталсан ба уг хавсралтад зааснаар дарга 1, ня-бо 1, менежер, архив хариуцсан дотоод ажилтан 1, барилгын ажилтан /гэрээт/ 2, цахилгаан инженер /гэрээт/ 1, жолооч 1, нярав 1 байхаар баталсан байна.
7.6. Б аймгийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/119 дугаартай “Б****** захиалагчийн албыг өөрчлөн байгуулах тухай” захирамжаар Б******* захиалагчийн албыг аж ахуйн тооцооны үндсэн дээр “Хот байгуулалт, барилга захиалагчийн алба” болгон өөрчлөн байгуулж, бүтэц орон тоог хавсралтаар баталсан байх ба уг захирамжийн хавсралтаар Хот байгуулалт, барилга захиалагчийн албаны бүтэц, орон тооны жишгийг баталсан ба уг хавсралтад зааснаар Б***** ахлагч 1, архитектор 1, З*********** хяналтын инженер /гэрээт/ 9, ня-бо 1, архив, бичиг хэрэг 1, жолооч, нярав 1 байхаар баталсан байна.
8.Нэхэмжлэгч Т.А нь намайг ажил олгогч нь хууль зөрчиж ажлаас халсан гэж маргасан байх ба хариуцагчаас хугацаатай байгуулсан гэрээний хугацаа дууссан тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нь хуульд нийцсэн гэж маргажээ.
9.А*** олгогч Б аймгийн Б****** захиалагчийн албаны дарга нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 78 дугаар зүйлийн 78.1.3 дахь хэсэгт зааснаар буюу Т.А байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэсэн үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, ажлаас нь чөлөөлжээ.
10.Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн гэрээг дагалднаар ажиллуулах, туршилтын хугацаагаар ажиллуулах, улирлын шинжтэй ажил гүйцэтгүүлэх, ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллуулах, түр ажлын байранд ажиллуулах, санхүүжилт, хийгдэх ажлын цар хүрээтэй холбоотой цаг хугацаагаар хязгаарлагдсан ажил үүрэг гүйцэтгүүлэхээс бусад тохиолдолд хугацаагүй байгуулна гэж заажээ.
11. Б аймгийн Б****** захиалагчийн албаны даргын 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Б/15 дугаартай Т.А хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.5, 50.1.6 дах заалтыг үндэслэн Т.А тус байгууллагад 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл бичиг хэргийн ажилтнаар ажиллуулахаар томилсон байна.
12.А*** олгогч болох Б аймгийн Б****** захиалагчийн албаны дарга болон ажилтан Т.А нарын хооронд байгуулсан 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний 2.1.2-т А**** байр /албан тушаал/-ын тодорхойлолтод заасан гүйцэтгэх ажил үүрэг: байгууллагын бичиг баримтыг цэгцлэх, боловсруулах, 2.2-т хөдөлмөрийн гэрээний хугацаа: 2024.09.12-2024.12.31. гэж харилцан тохиролцсон байна.
13.Х*********** Т.А бичиг хэргийн ажилтнаар томилохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.5 заасныг буюу түр ажлын байранд ажиллуулах; 50.1.6-д заасныг буюу санхүүжилт, хийгдэх ажлын цар хүрээтэй холбоотой цаг хугацаагаар хязгаарлагдсан ажил үүрэг гүйцэтгүүлэх гэсэн үндэслэлүүдийг баримталсан байх ба татгалзлын үндэслэлээ тус барилга захиалагчийн алба нь улирлын шинжтэй үйл ажиллагаа явуулдаг ба барилгын улиралд үйл ажиллагаа явуулж, намраас эхлэн он дуустал бичиг баримтуудаа боловсруулан, архивлах ажил хийдэг бөгөөд энэхүү ажлыг хийхийн тулд Т.А хугацаатай гэрээ байгуулж, хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан тул ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлажээ.
14.Х*********** гаргаж өгсөн Б аймгийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/119 дугаартай “Б****** захиалагчийн албыг өөрчлөн байгуулах тухай” захирамжийн хавсралтаар баталсан Хот байгуулалт, барилга захиалагчийн албаны бүтэц, орон тооны жишгээс үзэхэд архив, бичиг хэргийн ажилтны орон тоог түр ажлын байр гэж дүгнэх боломжгүй байх ба хариуцагчийн зүгээс бичиг хэргийн ажилтан Т.А санхүүжилт, хийгдэх ажлын цар хүрээтэй холбоотой цаг хугацаагаар хязгаарлагдсан ажил үүрэг гүйцэтгүүлэх болон улирлын шинжтэй ажил үүрэг гүйцэтгүүлэхээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсгэснийг нотолж чадаагүй байх тул түүний тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох боломжгүй байна.
15.Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасан тохиолдлууд тогтоогдохгүй байх тул ажил олгогч болох Б аймгийн Б****** захиалагчийн албаны дарга нь ажилтан Т.А Хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсан нь хуульд нийцээгүй байна.
16. Иймд Б аймгийн Б****** захиалагчийн албаны даргын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/23 дугаартай “Т.А ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, Т.А Б аймгийн Хот байгуулалт, барилга захиалагчийн албаны бичиг хэргийн ажилтны ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.
17.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл учраас улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч байгууллагаас 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан Б аймгийн Б****** захиалагчийн албаны даргын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/23 дугаартай “Т.А ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, Т.А Б аймгийн Хот байгуулалт, барилга захиалагчийн албаны бичиг хэргийн ажилтны ажилд эгүүлэн тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлтийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан хариуцагч Б аймгийн Хот байгуулалт, барилга захиалагчийн албанаас 70,200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК