Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 297

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******  

Улсын яллагч *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

Шинжээч эмч *******

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч *******  

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт *******-д холбогдох эрүүгийн 1821003390298 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч  хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1969 оны 11 дүгээр  сарын 24-ний өдөр төрсөн, 49 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт *******...оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадваргүй, ........ регистрийн дугаартай, овогт .

Шүүгдэгч ******* нь 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Дорнод аймгийн Гурванзагал сумын 1 дүгээр баг “” гэх газарт иргэн *******ын толгойн тус газарт цахилгаан хэрэгслийн залгуураар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/ 

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манай нөхөр ******* 2014 онд осолд орж өвчтэй болсон, байнгын асаргаа сувилгаатай байдаг, өвчин нь 2 жилийн өмнөөс даамжирч эхэлсэн. Нөхөр маань орчин тойрондоо аюул учруулах үйлдэл гаргаж байгаагүй. Хүн өдөж хоргоохгүй л бол зүгээр мөрөөрөө байдаг. Асран хамгаалагчийн хувьд би цаашид сайн асарч, дахин ийм хэрэг хийлгэхгүй байх тал дээр байнга анхаарч хяналт тавих болно гэв.

 Шинжээч эмч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: *******ийн хувьд заавал Сэтгэцийн эрүүл мэндийн төвд эмчлүүлэх шаардлагагүй, өвчин нь даамжирах магадлалтай хэдий ч гэр бүлийн асаргаа сувилгаа байгаа учир эндээ эмчлүүлээд яваад байх боломжтой. Одоогоор сэтгэцийн талаас солиорол дэмийрэл байхгүй. Гэвч цаашид илэрч болно. Үүнийг манай эмнэлгийн зүгээс эмчилж болно. Оюун ухааны болон ой тогтоолтын бууралт илэрч байгаа. *******ид эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй, одоогийн байдлаар ямар нэгэн ноцтой үйлдэл хийсэн зүйл байхгүй байгаа гэв.

 

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 11-12 цагийн орчим ийн малын хашааны зүүн хойд талд 2 ишиг унтаад үлдчихсэн байсан юм. Тэгэхлээр нь би тухайн 2 тооны ишгийг хонинд нь нийлүүлэхээр төмөр замын зүг мотоциклоор хөөгөөд хонинд нь нийлүүлчихээд буцаад гэр рүү явж байхад өөдөөс ирээд дуудаад байхад яагаад ирэхгүй байгаа юм бэ гэсэн. Тэгэхлээр нь би сонсоогүй ээ гэж хэлэхэд чи юу гээд байгаа юм бэ? хонь мал харж чадахгүй гэж хэлээд барьж явсан цахилгаан хэрэгслийн олон залгуураар миний толгой руу цохьсон юм. Тэгэхлээр нь би та яагаад намайг цохиж байгаа юм бэ? гэж хэлэхэд дахиад цохих гэхээр нь өмсөж явсан куртканийх нь энгэрээс зуураад өөрөөсөө холдуулж болиулсан юм. Өөр асуудал болоогүй юм...” гэжээ  /хх-ийн 12/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 394 тоот дүгнэлтэд: “1. *******ын биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх тогтоогдсон гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй“ гэжээ. /хх-ийн 22/

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 440 тоот дүгнэлтэд: 1.******* нь хэсэгчилсэн тэнэгрэл, тархины дух хэсгийн хатангиршил зүүн талын хөл гарын сул саажилт гэсэн оноштой байна. 2.******* нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн учир холбогдлыг ойлгох чадваргүй. 3. ******* нь үнэн зөв мэдүүлэг өгөх болон хэрэг хариуцах чадваргүй байна гэжээ. /хх-ийн 27/

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 54 тоотод: “ 1. ******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ DS: Хэсэгчилсэн тэнэгрэл тархины дух хэсгийн хатангиршил зүүн талын хөл гарын сул саажилт гэсэн сэтгэцийн эмгэг өвчтэй байна. Өөрийн хийж буй үйлдлийн хор аюулыг ухамсарлан ойлгох чадваргүй байна. 2. ******* нь DS: Хэсэгчилсэн тэнэгрэл гэсэн сэтгэцийн өвчнөөр оношлогдсон. 3. ******* нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй. 4. ******* нь хэрэг хариуцах чадваргүй. 5. ******* нь өөрт болон бусдад гэнэтийн аюултай үйлдэл хийх боломжтой. Үүнийг урьдчилан таамаглаж урьдчилан сэргийлэх боломжгүй” гэх дүгнэлт /хх-ийн 32-33/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

  Шүүгдэгч ******* нь 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Дорнод аймгийн Гурванзагал сумын 1 дүгээр баг “” гэх газарт хохирогч *******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний толгойн тус газарт цахилгаан хэрэгслийн залгуураар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч *******ын өгсөн: “...*******...намайг ...хонь мал харж чадахгүй гэж хэлээд барьж явсан цахилгаан хэрэгслийн олон залгуураар миний толгой руу цохьсон юм....” гэх мэдүүлэг /хх-ийн 12/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 394 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч *******ид холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн шалгагдсан, Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүх шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач  холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Гэвч шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэхийн өмнө сэтгэцийн өвчтэй байсан болох нь Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 6 дугаар сарын 12-ний өдрийн 40,  2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 54 тоот дүгнэлтүүдээр тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар “шүүгдэгч гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй болох нь тогтоогдсон” үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч *******ид эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэсэн саналыг гаргаж байна.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт зааснаар “Гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан хүний сэтгэцийн байдал нь өөртөө, бусдад аюул учруулахгүйгээр бол шүүх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхгүйгээр сэтгэцийн эрүүл мэндийн холбогдох байгууллагад эмчлүүлэх”- ээр шилжүүлж болно” гэж заажээ.

  Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд, тухайлбал, шинжээч эмчийн өгсөн: “...*******ийн хувьд заавал Сэтгэцийн эрүүл мэндийн төвд эмчлүүлэх шаардлагагүй, өвчин нь даамжирах магадлалтай хэдий ч гэр бүлийн асаргаа сувилгаа байгаа учир эндээ эмчлүүлээд яваад байх боломжтой...” гэх тайлбар, амбулаториор эмчлүүлэгсдийн карт зэргээс гадна шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “...Шинжээч эмчийн дүгнэлт болон тайлбараас үзэхэд шүүгдэгч *******ийн хувьд заавал эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй байх тул Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн Сэтгэцийн эрүүл мэндийн тасагт эмчлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү?” гэсэн санал зэргийг харгалзан шүүгдэгч *******ид эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхгүйгээр Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн Сэтгэцийн эрүүл мэндийн тасагт эмчлүүлэхээр шилжүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг шийтгэх тогтоолд тус тус дурдаж, бичгийн баримтаар ирсэн шүүгдэгчийн ................. регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнд буцаан олгох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:     

1. Шүүгдэгч Б овогт *******-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар шүүгдэгч *******-ид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн Эрүүгийн 1821003390298 дугаартай хэргийг “шүүгдэгч гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг  хариуцах чадваргүй болох нь тогтоогдсон” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч *******ид эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхгүйгээр түүнийг Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн Сэтгэцийн эрүүл мэндийн тасагт эмчлүүлэхээр шилжүүлсүгэй.

4. Шүүгдэгч  *******-ийг эмчлэх арга хэмжээ авахыг Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн Сэтгэцийн эрүүл мэндийн тасагт даалгасугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ................. регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг түүнд буцаан олгосугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Б.ЭНХБААТАР