Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2017/00203

 

 

2017 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2017/00203

 

 

СВС ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2016/01235 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч СВС ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Вагнер ази автомотив ХХК-д холбогдох

 

55 000 000 төгрөг гаргуулах тухай, гэрээний үнэ 110 797 500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Хатантуулын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бүрнээ,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Мөнхбат,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь хариуцагч Вагнер ази автомотив ХХК-иас 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Дисковери 4 маркийн автомашиныг худалдан авах гэж гэрээ байгуулсаны дагуу автомашины урьдчилгаа 55 000 000 төгрөгийг 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдөр шилжүүлсэн юм. Манай компанид өнөөдрийг хүртэл автомашин ирээгүй байх тул бидний урьдчилгаанд төлсөн 55 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Манай компани нь СВС ХХК-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр WF-1269 тоот Автомашин худалдах-худалдан авах гэрээг байгуулж, Их Британи Улсад үйлдвэрлэсэн, SАLLАААF6ЕА703352 арлын дугаартай, 2014 оны хар өнгөтэй Дисковери 4 автомашиныг худалдсан болно. Тус гэрээнд зааснаар дээрх автомашины нийт үнэ 128 865 000 төгрөг, гэрээний 2.1.1-д зааснаар нийт төлбөрийн 43 хувь буюу 55 000 000 төгрөгийг худалдагч талд төлөх бөгөөд энэхүү төлбөрийг төлснөөр худалдан авагч талд гэрээний зүйлийг хүлээн авах эрх үүсэх, мөн гэрээний 2.1.2-т зааснаар гэрээний үлдэгдэл төлбөр болох 57 хувь буюу 73 865 000 төгрөгийг 3 сарын хугацаанд хүүгүйгээр Хавсралт 1-д заасан хуваарийн дагуу худалдагч талд төлөхөөр тохиролцсон. Тухайн өдөр буюу гэрээ байгуулагдсан 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр СВС ХХК-ийн захирал А.Билгүүнд манай компанийн худалдааны төлөөлөгч уг автомашиныг Автомашин хүлээлцэх хуудас-аар шалган баталгаажуулж хүлээлгэн өгсөн. Тус компани нь уг автомашиныг хүлээн авснаас хойш 1 жил гарангын хугацаанд унаж ашиглаж байсан төдийгүй гэрээний хугацаа дуусахад гэрээний үлдэгдэл төлбөр болох 73 865 000 төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээ зөрчсөн. Ингээд манай компанийн зүгээс уг автомашиныг 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр гэрээний үлдэгдэл төлбөр бүрэн төлөгдөж гэрээний үүрэг биелэгдэх хүртлэх хугацаанд түр буцаан авснаар манай компанид хадгалагдаж байгаа болно. Хариуцагч Вагнер ази автомотив ХХК нь автомашин худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 73 865 000 төгрөг, алданги 36 932 500 төгрөг, нийт 110 797 500 төгрөгийг СВС ХХК-иас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан тайлбартаа: Манай компани нь СВС ХХК-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр WF-1269 тоот Автомашин худалдах-худалдан авах гэрээг байгуулж, Их Британи Улсад үйлдвэрлэсэн, SАLLАААF6ЕА703352 арлын дугаартай, 2014 оны хар өнгөтэй Дисковери 4 автомашиныг худалдсан болно. Тус гэрээнд зааснаар дээрх автомашины нийт үнэ 128 865 000 төгрөг, гэрээний 2.1.1-д зааснаар нийт төлбөрийн 43 хувь буюу 55 000 000 төгрөгийг худалдагч талд төлөх бөгөөд энэхүү төлбөрийг төлснөөр худалдан авагч талд гэрээний зүйлийг хүлээн авах эрх үүсэх, мөн гэрээний 2.1.2-т зааснаар гэрээний үлдэгдэл төлбөр болох 57 хувь буюу 73 865 000 төгрөгийг 3 сарын хугацаанд хүүгүйгээр Хавсралт 1-д заасан хуваарийн дагуу худалдагч талд төлөхөөр тохиролцсон. Тухайн өдөр буюу гэрээ байгуулагдсан 2014 оны 5 дугаар 15-ны өдөр СВС ХХК-ийн захирал А.Билгүүн манай компанийн худалдааны төлөөлөгчөөс уг автамашиныг "Автомашин хүлээлцэх хуудас-аар шалган баталгаажуулж хүлээн авсан байдаг. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.1.2-т заасан үлдэгдэл төлбөр төлөх хугацаа буюу 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр үлдэгдэл төлбөр болох 73 865 000 төгрөг төлөгдөөгүй хугацаа хэтэрсэн учир СВС ХХК-д 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдөр гэрээний үлдэгдэл төлбөрийг алдангийн хамт 2015 оны 8 дугаар сарын 26-ны дотор төлж барагдуулах, төлбөрүүдийг дурдсан хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд автомашиныг 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс эргүүлэн татах болохыг мэдэгдэж №15/08-07 тоот албан бичиг хүргүүлсэн. Гэтэл СВС ХХК-ийн зүгээс дурдсан хугацаанд гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөхгүй, төлж барагдуулах талаар санаачилга гаргахгүй байсан ба автомашиныг 1 жил гарангын хугацаанд унаж ашигласан тул манай компаний зүгээс уг автомашиныг 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр гэрээний үлдэгдэл төлбөр бүрэн төлөгдөж гэрээний үүрэг биелэгдэх хүртлэх хугацаанд түр буцаан авснаар манай компанид хадгалагдаж байгаа болно. Мөн тус гэрээний 2.3-т худалдан авагч тал нь гэрээний 2.1.2-т заасан төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй дүнгээс 0.3 хувийн алдангийг худалдагч талд төлнө гэж үүрэг хүлээсэн. Иймд хариуцагч СВС ХХК-иас автомашин худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 73 865 000 төгрөг, алданги 36 932 500 төгрөг, нийт 110 797 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Тус компани нь хууль зүйн ямар ч үндэслэлгүй сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна гэж үзэж байх тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 264 дүгээр зүйлийн 264.1-д зааснаар Вагнер ази автомотив ХХК-иас 55 000 000 төгрөгийг гаргуулж СВС ХХК-д олгон, СВС ХХК-иас 110 797 500 төгрөг гаргуулах Вагнер ази автомотив ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Их Британи Улсад үйлдвэрлэсэн, SАLLАААF6ЕА703352 арлын дугаартай, 2014 оны хар өнгөтэй Дисковери 4 маркийн 35-33 УНИ улсын дугаартай автомашин Вагнер ази автомотив ХХК-д байгаа болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч СВС ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 432 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Вагнер ази автомотив ХХК-иас 432 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч СВС ХХК-д олгож, Вагнер ази автомотив ХХК-иас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 711 940 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Хатантуул давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх "...хариуцагч "Вагнер ази автомотив" ХХК автомашиныг эргүүлэн татаж, буцаан авсан үйлдэл нь 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн WF-1269 тоот автомашин худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, худалдан авсан автомашиныг буцаан авсан байна. Энэ нь Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1-д зааснаар зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч биелүүлээгүй бол худалдагч гэрээнээс татгалзах эрхтэй. Талууд гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй гэсэн хуулийн заалтад нийцэж байна" гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсгийн зохицуулалт нь зөвхөн худалдагчийн өөрийн хүсэл зоригт хамаарах зохицуулалт бөгөөд гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах, өөртөө туслах зорилгоор худалдсан автомашины төлбөр төлөгдөх хүртэл хугацаанд барьцаанд аван хадгалж буй үйлдлийг гэрээнээс татгалзах эрхээ хэрэгжүүлсэн үйлдэл мэтээр дүгнэсэн байна. Хуулийн энэхүү зохицуулалт нь нэгэнт худалдагчид олгогдсон эрх учраас "гэрээнээс татгалзаагүй" гэсэн хүсэл зоригийг шууд харгалзан үзэх ёстой. Нөгөө талаас нэхэмжлэгч тал хүртэл худалдан авагч тал гэрээнээс татгалзаж автомашинаа буцаан авсан учраас түүний үр дагаварыг арилгуулж урьдчилгаанд төлсөн мөнгөө авах маргаан гаргаагүй болохыг зайлшгүй анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл талуудын хүсэл зориг, маргаж буй үндэслэлээс тэс өөр үндэслэлээр дүгнэлт хийн хэргийг шийдвэрлэж байгаа нь анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Манай компани уг автомашиныг худалдан авагчийг төлбөрөө төлөх хүртэл хугацаанд барьцаалан яг тэр хэвээр нь хадгалж байгаа бөгөөд энэ нь худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсанд тооцогдох хууль зүйн үндэслэл болохгүй. Шинэ автомашинаа бүтэн жил гаран ашиглуулчихаад эцэст нь урьдчилгаанд төлсөн мөнгийг нь буцаан өгөхөөр болж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

Хэрэв шүүх үнэхээр л уг маргааныг Иргэний хуулийн 264 дүгээр зүйлд зааснаар шийдвэрлэгдэх маргаан гэж үзээд худалдан авагчид мөнгийг нь гаргуулж байгаа бол манай компанид учирсан хохирлын үр дагаварыг заавал харилцан тооцох ёстой. Зохигчдын зүгээс "гэрээнээс татгалзсан эсэх, татгалзсаны үр дагаварыг арилгуулах эсэх" асуудлаар маргалдсан бол үүнд хамаарах хохирлын баримт нотолгоог бүрдүүлэн, мэтгэлцэх боломжийг олгох ёстой байсан. Нэхэмжлэгч нь "манай захирлаар ажиллаж байсан А.Билгүүн гэж хүн уг автомашиныг авсан, компани автомашин хүлээн аваагүй, компани гэрээ байгуулаагүй учраас урьдчилгаанд төлсөн төлбөрөө гаргуулна" гэж маргасан бол хариуцагч нь "нэхэмжлэгчтэй хуулийн хүчин төгөлдөр гэрээ байгуулсан учраас гэрээний дагуу автомашины төлбөрийг гаргуулна" гэж маргасан. Гэтэл шүүх энэ хүрээнд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх байсан боловч нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй үндэслэлээр хэргийг шийдвэрлэснээс үүдэн хэргийн оролцогчийн процессийн эрх ноцтой зөрчигдсөн. Анхан шатны шүүх манай компанийн зүгээс худалдан авагчид хандан төлбөрөө төлөх талаар хүргүүлсэн албан шаардлагыг гэрээнээс татгалзсаны нотолгоо мэтээр буруу үнэлж "...хариуцагч Вагнер ази автомотив ХХК нь №15/08-07 тоот 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн нэхэмжлэгч СВС ХХК-д хүргүүлсэн төлбөр тооцооны албан бичгээр тогтоогдож байна" гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийн заалтыг зөрчсөн.

Анхан шатны шүүх ...нэхэмжлэгч "СВС" ХХК-ийн гэрээнээс татгалзсан үндэслэл хуульд нийцээгүй боловч хариуцагч "Вагнер ази автомотив" ХХК гэрээнээс татгалзсан тул автомашины үнийн 57 хувийн үлдэгдэл 73 865 000 төгрөг алданги 36 932 500 төгрөг нийт 110 757 500 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов" гэсэн туйлийн ойлгомжгүй бөгөөд зөрчилттэй дүгнэлт хийсэн. "СВС" ХХК-тай байгуулсан автомашин худалдах-худалдан авах гэрээ нь өнөөг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Тиймээс худалдан авагч нь уг гэрээний 2.1.2-т заасан үлдэгдэл төлбөр 73 865 000 төгрөг, гэрээний 2.3-т заасны дагуу тооцогдсон алданги 36 932 500 төгрөг, нийт 110 797 500 төгрөгийг төлөх үндэслэлтэй. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч СВС ХХК нь хариуцагч Вагнер ази автомотив ХХК-д холбогдуулан 55 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч автомашин худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 73 865 000 төгрөг, алданги 36 932 500 төгрөг нийт 110 797 500 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Талуудын хооронд 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр WF-1269 дугаартай автомашин худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр хариуцагч нь 2014 онд Их Британи улсад үйлдвэрлэсэн, SALLAAAF6EA703352 арлын дугаартай, хар өнгөтэй, Дисковери 4 маркийн автомашиныг 128 865 000 төгрөгөөр худалдах, нэхэмжлэгч нь автомашины үнийн 43 хувь буюу 55 000 000 төгрөгийг төлөх, үлдэгдэл төлбөр болох 57 хувь буюу 73 865 000 төгрөгийг 3 сарын хугацаанд хүүгүйгээр төлөхөөр тохиролцсон болох нь хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдсон байна.

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, зөв болжээ. /Хэргийн 4-6 дугаар тал/

 

Хэргийн 6 дугаар талд авагдсан автомашин худалдах-худалдан авах гэрээний хавсралтад нэхэмжлэгч СВС ХХК нь автомашины үлдэгдэл төлбөр 73 865 000 төгрөгийг 2014 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 24 622 000 төгрөгийг, 2014 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 24 622 000 төгрөгийг, 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 24 621 000 төгрөгийг тус тус төлөх үүргийг хүлээсэн боловч нэхэмжлэгч нь автомашины үлдэгдэл төлбөр 73 865 000 төгрөг төлөх үүргээ зөрчсөнтэй холбоотойгоор хариуцагч автомашинаа буцаан авсан үйл баримт хэргийн баримтаар тогтоогдож байна.

 

Хариуцагч Вагнер ази автомотив ХХК-ийн дээрх үйлдлийг шүүх Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн зүйлээ буцаан авсан гэх нөхцөлд хамаарна гэж дүгнэснийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй.

 

Иймд хариуцагч гэрээнээс татгалзсан тул нэхэмжлэгч нь гэрээний дагуу автомашины урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 55 000 000 төгрөгийг шаардах эрхтэй гэж үзнэ.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Вагнер ази автомотив ХХК-иас 55 000 000 төгрөгийг гаргуулж СВС ХХК-д олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй тул хариуцагчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Худалдагч тал буюу хариуцагч нь гэрээнээс учирсан хохирол, зардлаа шаардаагүй тул шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд автомашин худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 73 865 000 төгрөг, алданги 36 932 500 төгрөг нийт 110 797 500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, хуульд нийцсэн дүгнэлт хийсэн тул энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй юм.

 

Хариуцагч гэрээнээс учирсан хохирол, зардлаа нотлон шүүхэд нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2016/01235 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагч Вагнер ази автомотив ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 711 940 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Т.ТУЯА

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ