Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2018/0590

 

“Ф м” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2018/0603 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлоор, “Ф м” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2018/0603 дугаар шийдвэрээр: “Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.3, 56.4, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.5, 43.8-д тус тус заасныг баримтлан “Ф м” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” дугаар 178 тоот шийдвэрийн, мөн тус хэлтсийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” дугаар 5 тоот шийдвэрийн “Ф м” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга давж заалдах гомдолдоо: “...Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг Захцаг уул нэртэй 3139 гектар бүхий ашигт малтмалын хайгуулын ХВ-012141 тоот тусгай зөвшөөрлийг Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын /хуучин нэрээр/ 2006 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1020 дугаар шийдвэрээр “М" ХХК-д олгосон байна. Дээрх тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь заалтыг үндэслэн Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын /хуучин нэрээр/ 2008 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 308 дугаар шийдвэрээр “М” ХХК- иас “Э” ХХК-д шилжүүлснийг бүртгэсэн.

Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.6.1 дэх заалтыг үндэслэн Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын /хуучин нэрээр/ 2008 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1524 дүгээр шийдвэрээр “М м м" ХХК-д шилжүүлснийг бүртгэсэн. “М м м” ХХК нь ашигт малтмалын хайгуулын ХВ-012141 тоот тусгай зөвшөөрлийг барьцаалуулах өргөдлийг 2009 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр гаргаж барьцаалах өргөдлийн бүртгэлийн Р878Х дугаар бүртгүүлсэн. Төрийн захиргааны байгууллага өргөдлийг хянан үзэж Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3 дахь хэсгийг үндэслэн Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2009 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 814 дүгээр шийдвэрээр барьцаалуулсныг бүртгэсэн байна.

Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2009 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 902 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын ХВ-012141 тоот тусгай зөвшөөрлийн хугацааг 2009 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс тооцож 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгаж тусгай зөвшөөрлийн бүртгэл болон хавсралтад тэмдэглэгээ хийсэн болно. 

Хадгаламж банкны 2012 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 1/3053 тоотоор “М м м” ХХК нь ашигт малтмалын хайгуулын ХВ-012141 тоот тусгай зөвшөөрлийн барьцааны үүргийн гүйцэтгэлийг хангасан тул барьцааны бүртгэлээс чөлөөлүүлэхийг хүсэлтийг ирүүлсэн байна. Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4 дэх хэсгийг үндэслэн Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2012 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 300 дугаар шийдвэрээр барьцааны гэрээ дуусгавар болсныг бүртгэсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх заалтыг үндэслэн Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2012 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 340 дүгээр шийдвэрээр “М м м” ХХК-иас “Ф м” ХХК-д шилжүүлснийг бүртгэсэн байна.

Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2012 он 9 дүгээр сарын 26-ны өдрийн 626 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын ХВ-012141 тоот тусгай зөвшөөрлийн хугацааг 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс тооцож 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгаж тусгай зөвшөөрлийн бүртгэл болон хавсралтад тэмдэглэгээ хийсэн болно. Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 978 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын ХВ-012141 тоот тусгай зөвшөөрлийн хугацааг 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс тооцож 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгаж тусгай зөвшөөрлийн бүртгэл болон хавсралтад тэмдэглэгээ хийсэн байна.

Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг Захцаг уул нэртэй 30.93 гектар бүхий ашигт малтмалын ашиглалтын МВ-015152 тоот тусгай зөвшөөрлийг Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын /хуучин нэрээр/ 2009 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 720 дугаар шийдвэрээр “М м м” ХХК-д олгосон байна.

“М м м” ХХК нь ашигт малтмалын ашиглалтын МВ-015152 тоот тусгай зөвшөөрлийг барьцаалуулах өргөдлийг 2009 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр гаргаж барьцаалах өргөдлийн бүртгэлийн Р877А дугаар бүртгүүлсэн. Төрийн захиргааны байгууллага өргөдлийг хянан үзэж Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3 дахь хэсгийг үндэслэн Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2009 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 815 дугаар шийдвэрээр барьцаалуулсныг бүртгэсэн байна.

Хадгаламж банкны 2012 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 1/3054 тоотоор “М м м” ХХК нь ашигт малтмалын ашиглалтын МВ-015152 тоот тусгай зөвшөөрлийн барьцааны үүргийн гүйцэтгэлийг хангасан тул барьцааны бүртгэлээс чөлөөлүүлэхийг хүссэн байна. Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4 дэх хэсгийг үндэслэн Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2012 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 309 дүгээр шийдвэрээр барьцааны гэрээ дуусгавар болсныг бүртгэсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх заалтыг үндэслэн Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2012 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 339 дүгээр шийдвэрээр “М м м” ХХК-иас “Ф м” ХХК-д шилжүүлснийг бүртгэсэн байна.

“Ф м” ХХК нь ашигт малтмалын ашиглалтын МВ-015152 тоот тусгай зөвшөөрлийг барьцаалсныг бүртгүүлэхээр 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр барьцаалах өргөдөл гаргаж өргөдлийн бүртгэлийн дугаарт бүртгүүлсэн байна. Өргөдлийг хянан үзэж Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3 дахь заалтыг үндэслэн Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг Захцаг уул нэртэй 30.93 гектар бүхий ашигт малтмалын ашиглалтын МВ-015152 тоот тусгай зөвшөөрлийг уг компаниас “Б о ч” банкинд барьцаалуулсныг бүртгэсэн байна.

Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд нь үйл ажиллагаандаа Ашигт малтмалын тухай хуульд заасан үүргийг мөрдөж ажиллахыг хуульчилсан байдаг. Нэхэмжлэгч компанийн эзэмшиж байсан ашигт малтмалын ашиглалтын МВ-015152 дугаартай тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлөх хугацаа 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл байсан байна. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан хугацааны дотор төлбөрөө төлөөгүй тохиолдолд мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6, 34.7-д зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацаанаас хойш 30 хүртэл хоногийн дотор тусгай зөвшөөрлийн төлбөрөө алдангийн хамт төлөх боломжтой байдаг.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй" бол тусгай зөвшөөрлийг цуцлахаар заасан бөгөөд ийнхүү цуцлахдаа мөн хуулийн 56.2-т заасны дагуу тухайн компанид тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл бүрдсэн талаар урьдчилан мэдэгдэл хүргүүлэхээр заасан. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 7/770 тоот албан бичгээр ашиглалтын М\/-015152 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцлах тус тус бүрдсэн талаарх мэдэгдлийг шуудангаар хүргүүлсэн болно. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2018/0603 дугаар шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 178 дугаар, 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 05 дугаар шийдвэрүүдээр Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй үндэслэлээр нэхэмжлэгч “Ф м” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-012141 дугаар, ашиглалтын MV-015152 дугаар тусгай зөвшөөрлүүдийг цуцалжээ.

Нэхэмжлэгчээс дээрх шийдвэрүүдийг хүчингүй болгуулахаар “тусгай зөвшөөрлийг цуцлахаас өмнө мэдэгдэх үүргээ тусгай зөвшөөрөл олгогч захиргааны байгууллага биелүүлээгүй” гэж, хариуцагчаас “нэхэмжлэгч компани тусгай зөвшөөрлүүдийн төлбөрөө төлөх хуульд заасан үүргээ биелүүлээгүй, тусгай зөвшөөрөл цуцлагдах нөхцөл бүрдэх тухай мэдэгдэл хүргүүлсэн” гэж тус тус маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч “Ф м” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж Ш Ч /Zh X/-ээс ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийн ээлжит жилийн төлбөрийг төлүүлэхээр Э.Б-д итгэмжлэл олгосон байх ба энэхүү төлбөрийг төлөх цаг хугацаанд буюу 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Э.Б нь нас барсан, мөн тухайн үед нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирал Ж Ш Ч /Zh X/ нь Монгол Улсад байгаагүй болох нь тогтоогдсон байна.

Үүнээс үзвэл нэхэмжлэгч “Ф м” ХХК нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тусгай зөвшөөрлийн төлбөрөө хуульд заасан хугацаанд төлж чадаагүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана”, 56.3-т “энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ” гэж заасны дагуу тусгай зөвшөөрөл олгогч захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл цуцлах тухай мэдэгдлийг хүргүүлж, тусгай зөвшөөрөл эзэмшигчид ямар шалтгаанаар хугацаанд нь төлбөрөө төлөөгүй болох, хуульд заасан хугацаа хожимдуулан төлөх хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэх талаарх тайлбар, нотлох баримт гаргах эрхийг хэрэгжүүлэх боломжийг олгох ёстой.

Хэдийгээр хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгчид тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлүүдийг тус компанийн албан ёсны хаягаар, шуудангаар хүргүүлэхэд “нүүсэн” шалтгаанаар буцаалт хийгдсэн байх боловч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, маргааны үйл баримт, тогтоогдсон нөхцөл байдалд холбогдуулан дүгнэвэл нэхэмжлэгч компанийг итгэмжлэлээр төлөөлөх эрхтэй этгээд болох Э.Б нь нас барсан, тухайн компанийн гүйцэтгэх захирал Ж Ш Ч /Zhou Xucheng/ нь Монгол Улсад байхгүй байсан учраас тус мэдэгдлүүдийг хүлээн авах, мэдэх боломжгүй байсан тул энэ тохиолдолд хариуцагчийг хуульд заасан “мэдэгдэх үүргээ биелүүлсэн” гэж үзэх боломжгүй, нэхэмжлэгч уг мэдэгдлийг хүлээж аваагүйгээс тусгай зөвшөөрөл эзэмших, ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэхээр байна.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч “Ф м” ХХК нь 2008 оноос хойш хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайдаа үйл ажиллагаа тасралтгүй явуулж, тухайн газарт үйлдвэр барих зэргээр тодорхой үл хөдлөх эд хөрөнгүүдийг бий болгосон зэргийг хариуцагчаас харгалзан үзэхгүйгээр маргаан бүхий актыг гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчимд нийцэхгүй юм.

Харин анхан шатны шүүх Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.5, 43.8-д заасныг тус тус баримтлан хариуцагч захиргааны байгууллагыг нэхэмжлэгчид мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, албан ёсоор мэдэгдсэнд тооцох хуулийн шаардлагыг хангаагүй гэж дүгнэсэн нь буруу байна.

Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-д “Захиргааны байгууллагын үйл ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулаагүйгээс бусад харилцааг энэ хуулиар зохицуулна” гэж, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэж тус тус зааснаас үзвэл, энэ тохиолдолд ямар үндэслэлээр, ямар хугацаанд, хэнд, хэзээ мэдэгдэхийг журамлан тухайлан зохицуулсан зохицуулалт нь Ашигт малтмалын тухай хуульд байхад Захиргааны ерөнхий хуулийг хэрэглэх үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2018/0603 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “...Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.5, 43.8...” гэсэн хэсгийг хасч, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                                               

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                               Г.БИЛГҮҮН