Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2017/00485

 

 

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2017/00485

 

 

Д.Ганболдын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 184/ШШ2016/01606 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Ганболдын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ц.Хосбаярт холбогдох

 

Гэм хорын хохиролд 110 122 040 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дэмбэрэлдагвын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Дорж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дэмбэрэлдагва,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Ганболд нь 2013 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Ц.Хосбаярын 19-47 УБА улсын дугаартай Ниссан терано маркийн автомашинд зорчиж яваад жолоочийн буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осолд орж эрүүл мэндээрээ хохирч, тархины доргилт, зүүн гарын шууны ясны олон хугарал, баруун түнхний мултрал, дунд чөмөгний толгойн хугарал зэрэг гэмтлүүд авч одоо хүртэл эмчлүүлэн, хөдөлмөрийн чадвараа алдан хохирч байна. Гэмтэл авснаас хойш нийт 5 удаа хагалгаанд орж, эмчилгээнд их хэмжээний мөнгө зарцуулснаас гадна ар гэрийн амьдрал, сэтгэл санаа, бие махбодийн зовлон шаналал, хохирлыг туулсан. Энэ хугацаанд Ц.Хосбаяр нэг ч удаа утсаар яриагүй, туслаагүй. Д.Ганболдын хувьд гарын шууны яс эвлүүлэн боох, төмөр хадах, түнхний болон дунд чөмөгний толгой хадах, гарын шууны төмөр авахуулах зэрэг хагалгаанд дотооддоо болон АНУ-д очиж эмчилгээ хийлгэсэн. Д.Ганболд нь Эрстсайр эксплорейшн ХХК-д хуулийн зөвлөхөөр ажиллаж байхдаа сарын 1 000 000 төгрөгийн цалинтай байсан бөгөөд татвараа төлөөд гар дээр авдаг байсан 900 000 төгрөгийг 2013 оноос хойш 25 сараар тооцож 22 500 000 төгрөг, Инжир ХХК-д хууль зүйн зөвлөгөө өгч, зөвлөхөөр ажиллаж байхдаа сарын 1 150 000 төгрөгийн цалин авдаг байсан бөгөөд гар дээр авдаг 1 035 000 төгрөгийг 25 сараар тооцож 25 875 000 төгрөг, АНУ-д хагалгаа хийлгэж 3 сар эмчлүүлсэн зардал 25 960 ам.доллар буюу 51 764 240 төгрөг, онгоцны тийзны үнэ Д.Ганболд 3 226 600 төгрөг, охин Г.Дарьсүрэн 2 499 600 төгрөг, эхнэр Р.Лхамсүрэн 2 499 600 төгрөг, эмчилгээний цагийг сунгасан учир 3 хүний билет сунгалтын төлбөр 1 757 000 төгрөгийн зардлууд гарсан. Эдгээр зардлууд нийт 9 962 800 төгрөг болж байна. Охин маань хөгжлийн бэрхшээлтэй учир хараа хяналтгүй орхиж болдоггүй учир авч явсан. Иймд Д.Ганболдын хөдөлмөрийн чадвараа алдсаны болон эмчилгээний зардлыг тооцож нийт 110 122 040 төгрөгийн хохирлыг Ц.Хосбаяраас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед Д.Ганболдын хүсэлтээр Ц.Хосбаяр нь автомашинаараа үйлчилж бөх үзүүлээд дараагийн арга хэмжээнд нь хүргэж өгөхөөр явж байгаад автомашин цасан дээр гулган осол гарсан нь үнэн. Ц.Хосбаяр нь түүнийг санаатайгаар осолд оруулаагүй. Тухайн үед энэ бүхэнд хүндэтгэлтэй хандан түүнд Хаан банкнаас зээл авч 6 000 000 төгрөг төлсөн нь баримтаар нотлогдоно. Ц.Хосбаяр өөрийн гэсэн орон байргүй, тэтгэврээс өөр орлогогүй. Д.Ганболдтой утсаар ярих гэхээр утсаа авдаггүй, уулзахаар очиход уулздаггүй. Д.Ганболд нь нэхэмжлэлдээ хоёр компанийн тодорхойлолт, тушаал, цалин авч байсан гэх цалингийн жагсаалтыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Гэтэл уг баримтууд нь үнэн зөв гэдэг нь эргэлзээтэй байна. Д.Ганболд нь АНУ-д үнэхээр эмчилгээ хийлгэсэн эсэх нь эргэлзээтэй байх бөгөөд Д.Ганболдын АНУ-д эмчилгээ хийлгэсэн гэх эмнэлгийг судалж үзэхэд уг эмнэлэг нь мансууруулагч, донтогчдыг эмчилдэг эмнэлэг байсан. Д.Ганболд нь АНУ-ын эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэсэн төлбөр хэдэн төгрөг болсон, төлбөрийг төлсөн болон холбогдох баримтууд хэрэгт байхгүй тул эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн 51 764 240 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн эмчилгээний хугацаа сунгагдсан тул виз сунгалтын 1 757 000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч Ц.Хосбаяраас 32 482 800 төгрөгийн гаргуулан нэхэмжлэгч Д.Ганболдод олгож, үлдэх 77 639 240 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагчаас 320 364 төгрөг гаргуулан төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дэмбэрэлдагва давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтын дагуу үнэлээгүйгээс үндэслэлгүй шийдвэр гарсан. Нэхэмжлэгч Д.Ганболд нь "Эрст сайр эксплорейшн" ХХК, "Инжир" ХХК-иудад ажиллаж цалин авч байсан гэж яг ижил баримтууд бүрдүүлсэн. Шүүх "Инжир" ХХК-д хууль зүйн зөвлөлгөө өгч ажиллаж нийгмийн даатгал, хүн амын орлогын албан татвар төлсөн баримт байхгүй гэж үзээд Д.Ганболдын нэхэмжлэлийн энэ хэсгийг хангаагүй атлаа "Эрст сайр эксплорейшн" ХХК-д ажиллаж байхдаа цалин авч хүн амын орлогын албан татвар төлж байсан нь гэрээт ажилчдын цалин олгох хүснэгт гэсэн баримтаар нотлогдсон гэж үзэн 22 500 000 төгрөгийг хариуцагчаар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь буруу байна. Албан татвар төлөгчийн хүн амын орлогын албан татвар төлсөн эсэх нь зөвхөн татварын байгууллагын албан ёсны баримтаар тогтоогдох ёстой. Гэтэл Д.Ганболд нь бууны болон тээврийн хэрэгслийн албан татвар тогтмол бус төлснөөс өөр төрлийн татвар төлөөгүй нь татварын байгууллагын албан ёсны баримтаар нотлогдсон.

Анхан шатны шүүх Д.Ганболд нь АНУ-д эмчлүүлж төлбөр шилжүүлсэн гэж үзэх боломжгүй, эмчилгээний зардлыг шууд авдаг байсан гэдгийг нотлох баримтгүй гэх зэргээр түүний эмчлүүлж төлбөр төлөөгүй талаар зөв дгнэлт хийсэн боловч энэхүү дүгнэлтийнхээ эсрэг шийдвэр гарган Д.Ганболд, түүний эхнэр, хүүхдийн АНУ руу ниссэн онгоцны тийзийн үнэ болох 9 982 800 төгрөгийг хариуцагчаар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй байна. Эмчилгээ хийлгээгүй, эмнэлгийн төлбөр төлөөгүй хүний замын зардлыг Ц.Хосбаяр төлөх нь шударга бус байна. Эдгээр болон бусад нөхцөл байдлыг үндэслэн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Ц.Хосбаяраар 32 482 800 төгрөг төлүүлэх тухай заалтыг хүчингүй болгон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Д.Ганболд нь хариуцагч Ц.Хосбаярт холбогдуулан зам тээврийн ослын улмаас учирсан гэм хорын хохиролд 110 122 040 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Ц.Хосбаяр нь 2013 оны 12 дугаар сарын 08-ны өдөрХан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Их тэнгэрийн замд 19-47 УБА улсын дугаартай Ниссан терано маркийн автомашин жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас автомашин замаас гарч хад мөргөн уг автомашинд зорчиж явсан Д.Ганболдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан. Энэ үйлдлээрээ Ц.Хосбаяр нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн шийтгэх тогтоолоор тогтоогдож, ял шийтгүүлжээ. Иймд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо Д.Ганболд нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй юм.

 

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон бичгийн нотлох баримт болох Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 878 дугаар шийтгэх тогтоол, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 746 дугаар магадлал /хэргийн 40-48 дугаар тал/ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичгийн нотлох баримтад тавигдах эх хувь буюу эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар байх шаардлагыг хангаагүй байна. Нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үнэлж шүүх шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна.

 

Эрүүгийн журмаар хянан шийдвэрлэж гаргасан шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй бөгөөд энэ нь хувийн эрх зүйн маргаанд талуудын тогтоох үйл баримт болохгүй тул шийдвэр, магадлал хэрэгт баримтаар заавал авагдах бөгөөд нотлох баримтад тавигдах шаардлагад нийцсэн байх ёстой.

 

Иймд хариуцагчийн гэм буруугийн талаар нотолсон баримт нь хуулийн шаардлага хангаагүй байхад шүүх шийдвэрийн үндэслэл болгосон нь буруу байх тул давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй юм.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 184/ШШ2016/01606 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.Хосбаярын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 320 364 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ