| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Алтан |
| Хэргийн индекс | 177/2018/0142/Э |
| Дугаар | 151 |
| Огноо | 2018-09-19 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Я.Дина |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 151
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Алтан даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Я.Дина,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Цагцалмаа,
Шүүгдэгч: Г.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Увс аймгийн Прокурорын Газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шангас ургийн овгийн Г-ын А-д холбогдох эрүүгийн 1835002720169 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дуурийн дуу дуулаач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, аав, дүү, зээ дүүгийн хамт Увс аймгийн Наранбулаг сумын Гүнбүрд багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийлгэлгүй, РД:ОЗ92040513, Шангас ургийн овогтой Г-ын А.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Г.А 2018 оны 07 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Увс аймгийн Наранбулаг сумын Гүнбүрд багийн нутагт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикль жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3.а, 2.7.а, 9.2 дахь заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Б.Д-гийн эрүүл мэндэд хүнд хохирол, иргэний нэхэмжлэгч Д.Г-д 410.00 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ .
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Г.А-г согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөнөөс хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл:
Шүүгдэгч Г.А 2018 оны 07 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Увс аймгийн Наранбулаг сумын Гүнбүрд багийн нутагт согтуугаар улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикль жолоодож яваад зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Б.Д-гийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол дээр тогтоосон акт, замын бүдүүвч зураг, жолоочийн согтуурал шалгасан магадлагаа, хохирогч Б.Д-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “ 2018 оны 7 дугаар сарын 23-ны өглөө манай төгсөлтийн 20 гаруй хүүхдүүд Наранбулаг сумын төвийн хойд талд байх булаг дээр уулзаж, хорхог хийж идээд, архи задалж ууцгаасан. Тэндээ байж байгаад орой 17-18 цагийн үед үйл ажиллагаа дуусаж гэр гэрлүүгээ явахаар болсон. Би гэр лүүгээ явах унаагүй байсан тул манай ойролцоо байх манай ангийн залуу болох А-д хоёулаа цуг явъя гэж хэлэхэд А зөвшөөрсөн. ... А бид хоёр мотоцикльтой Х гэдэг айлын дэлгүүрээс очиж 1 ширхэг Кока Кола нэртэй ундаа аваад гэр лүүгээ явахаар гудамжаар өгсөж явтал гудамжинд 3үхэр хэвтэж байсан, тэгтэл 1 үхрийг нь дайрч би мотоциклиос шидэгдэж унасан, тэгээд ухаан алдсан байсан, нэг сэрэхэд би эмнэлэгт байсан . А өөрийнхөө эзэмшлийн улсын дугааргүй, Мустанг-5 маркийн улаан өнгийн мотоцикль унаж явсан. Тухайн үед мотоциклийг А жолоодож явсан. А бид хоёр А-гийн гэрээс гараад доош нь дэлгүүр орж байхад мотоциклийн урд гэрэл асаж байсан тэгээд буцаад дээш нь өгсөөд хорооллоор явж байхад мотоциклийн урд гэрэлд масс гарч унтарсан. Тэгээд гэрэлгүй явж байгаад үхэр мөргөж унасан. Тухайн шөнө тэргэл сартай байсан тул орчин тойрны зүйлс харагдаж байсан. Бид хоёрын хэн хэн нь хамгаалалтын малгай өмсөөгүй байсан. Гудамжинд хэвтэж байсан үхрийг А бид хоёр зэрэг хараад “үхэр” гэж хэлээд А тормос гишгэсэн боловч хэтэрхий оройтсон байсан тул хамгийн эхэнд хэвтэж байсан үхрийг дайрч би мотоциклиос шидэгдээд газар унаж ухаан алдсан. Тухайн үед бид хоёр 40-50 км цагийн хурдтай явсан байх. Би аймгийн нэгдсэн эмнэлэгт 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдоөөс 30-ны өдөр хүртэл 6 хоног хэвтэж эмчлүүлсэн. Одоогоор миний биеийн байдал сайжирсан, толгой бага зэргийн өвдөлттэй байгаа. Надад найз Г.А-с нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Энэ хэргийг хурдан хугацаанд шийдэж миний найзыг ял шийтгэлгүй шийдвэрлэж өгөхийг хуулийн байгууллагаас хүсэж байна“ гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р тал/,
гэрч Э.Т-ын мөрдөн байцаалтад өгсөн: “Би мотоцикльтой хороолол дундуур уруудаад явж байтал өөдөөс гэрэлгүй мотоцикль гарч ирэхээр нь надтай мөргөлдөж магадгүй гэж би бодоод хашаа руу шахаж явсан. А намайг хараад зөрсөн. Тухайн үед миний мотоциклийн гэрэл асаалттай байсан болохоор би А-г хараад таньсан. Мотоциклийг А жолоодож явсан. Тэгээд надтай зөрж өнгөрөөд яваад гудамжинд хэвтсэн үхрийг мөргөж онхолдсон. Би буцаж явж тэдэн дээр очоод эмч дуудсан. А-гийн бие илүү хүнд байсан тул түүнийг мотоцикльдоо суулгаж яваад эмнэлэгт хүргэж өгсөн. Гадаа харанхуй байсан болохоор гудамжинд хэвтэж байсан үхрийг харах боломжгүй байсан. Тухайн үед дайрагдсан үхэр тэр газраа үхсэн байсан ” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-р тал/,
Иргэний нэхэмжлэгч Д.Г-н мөрдөн байцаалтад өгсөн: “ Манайх сумын төвд 2-р гудамжны 43 тоот хашаанд амьдардаг юм. Манайх хашаандаа 11 үхэртэй . Би 2018 оны 7 дугаар сарын 23-ны шөнө 00 цагийн үед гэртээ унтаагүй байсан, тэгтэл хороолол дундаас нэг мотоцикль нэлээн өндөр хаазтай орилуулаад явж байгаад манай хаалганы тэнд ирээд юм тачигнаж дуугарсан. Тэгээд би хашааныхаа гадна гараад иртэл мотоцикльтой 2 залуу газар уначихсан, миний 4 настай эм үхэрний эвэр нь хугараад үхчихсэн байсан . Тэгтэл хорооллоос нэг залуу мотоцикльтой ирж, тэр 2 залуугийн нэгийг авч явж эмнэлэгт хүргээд эмч дуудаж ирсэн. Манай хашаан дотор саалийн 4 эм үхэр, хашааны гадна 3 сувай эм үхэр хэвтэж байсан. Хашааны гадна хэвтэж байсан эм үхрийг дайрсан байсан ба маргааш нь үхсэн үхрийг машинаар ачуулж , хогийн цэг дээр аваачиж хаясан. Үхрийн үнэ 1200000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг / хх-ийн 23-24-р х/,
Монгол улс Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 511 дугаартай: “Б.Д-гийн биед гэмтэл учирсан байна.Гавлын суурь хэсгийн /зүүн чамархай, дагз, суурь ясны/ битүү хугарал, тархины дунд зэргийн няцрал, зүүн хэнгэрэг хальсны урагдал, дух, зүүн хацар, зүүн чихний дэлбэн, зүүн хөхлөг сэртэн, баруун, зүүн сарвуу, шилбэнд зулгаралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрхи гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 46-р тал/,
Монгол улс Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 33 дугаартай, Шүүх химийн шинжилгээний: “Г.А-гийн цусанд 1,1% промилли спиртийн агууламж илэрч байна. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 50-р тал/,
Увс аймгийн Цагдаагийн газрын шинжээч, Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Д-ын 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гаргасан 18 дугаартай: “ 1.Улсын дугааргүй Мустанг маркийн мотоцикль жолоодож явсан Г.А нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. 2. МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 а-д заасан “ харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй байгаа үед хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а-д зааснаар “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д: “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д : Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3.в-д зааснаар "Мотоцикль жолоодох үед хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. 3. Г.А нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн А ангиллын 159230 дугаарын үнэмлэхтэй байна. Г.А нь жолоодож явсан тээврийн хэрэгсэлд тохирсон жолоодох эрхийн үнэмлэхтэй байна. 4. Жолооч Г.А нь Замын хөдөлгөөний дүрмийн 2.3а, 2.7а, 9.2 дахь заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарахад шууд шалтгаан болсон ” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 55-56-р тал/,
шүүгдэгч Г.А-гийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт: “ Би Д-г мотоциклийн ард сундлаад А-ын гэрийн гаднаас явсан. Бид 2 дэлгүүр орж ундаа, тамхи аваад гудамж дундуур өгсөж явсан, тэр үед гадаа харанхуй байсан, гэхдээ гудамжинд байгаа зүйлс бүдэг харагдаж байсан. Тухайн үед миний мотоциклийн гэрэл асахгүй байсан. Тэгээд гудамжаар өгсөж явтал дээрээс нэг гэрэлтэй мотоцикль ирж, бидний хажуугаар зөрсөн, би тэр хүнийг таниад “Т” гэж дуудаад урд замаа харахад үхэр тулчихсан байсан тул би тоормос гишгэсэн боловч амжилгүй үхрийг мөргөж, Д мотоциклоос шидэгдэж, би мотоциклийн урд талд унасан. Тэгтэл үхрийн эзэн Г гарч ирсэн, мөн Т гэдэг залуу буцаж ирээд бид 2-т тусламж дуудаж, эмнэлэгт хүргэж өгсөн. Энэ ослоос болж Д аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэсэн. Намайг УБ хор уруу зайлшгүй явах шаардлагатай гэсэн тул 2018 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүртэл Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн. Би мотоцикль жолоодох А ангиллын үнэмжлэхтэй. Би хохирогч Д-гийн эмчилгээний зардал, эмнэлгийн ор хоногийн мөнгийг төлж өгсөн. Иргэний нэхэмжлэгч Г-д тугалтай үхэр өгч хохирлыг барагдуулсан” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон байна.
Шүүгдэгч Г.А нь 2018 оны 7 дугаар сарын 23-ний шөнө мотоцикль жолоодож явахдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн буюу согтуурсан байсан нь хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх химийн шинжилгээ хийсэн 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 33 дугаартай шинжээчийн дүгнэлтээр, тэрээр мотоцикль жолоодохдоо өөрөө хамгаалах малгай өмсөөгүй, мөн хамгаалах малгай өмсөөгүй зорчигч Б.Д-г тээвэрлэсэн, мөн мотоциклийн урд гэрэл асахгүй байхад шөнийн цагаар замын хөдөлгөөнд оролцсон, мөн хороолол дотор /20 км/цагийн хурдтай явна/ хурд хэтрүүлсэн, хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн атлаа тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зогсоох арга хэмжээ авч чадаагүй зэрэг нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тус тус нотлогдож байх бөгөөд зам тээврийн ослын талаар гарсан, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3а, 2.3в, 2.7а, 9.1, 9.2 дахь заалтуудыг жолооч Г.А зөрчсөн, Замын хөдөлгөөний дүрмийн 2.3а, 2.7а, 9.2 дахь заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарахад шууд шалтгаан болсон гэх 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 18 дугаартай шинжээчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Г.А нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтуудыг зөрчсөнөөс зам тээврийн осол гарч хохирогч Б.Д-гийн биед хүнд гэмтэл учирсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, хэргийн бүрдэл хангагдсан, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Г.А-г согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөнөөс хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Г.А-гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Д-гийн биед гавлын суурь хэсгийн /зүүн чамархай, дагз, суурь ясны/ битүү хугарал, тархины дунд зэргийн няцрал, зүүн хэнгэрэгний хальсны урагдал, дух, зүүн хацар, зүүн чихний дэлбэн, зүүн хөхлөг сэртэн, баруун, зүүн сарвуу, шилбэнд зулгаралт гэмтэл учирсан, уг гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаардаг болох нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Б.Д нь гэмтлийн улмаас Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, одоо эрүүл мэндийн байдал нь сайжирсан, эмчилгээний зардлыг шүүгдэгч Г.А төлж барагдуулсан тул нэхэмжлэх зүйлгүй талаар хохирогч мөрдөн байцаалтад мэдүүлсэн байх тул шүүгдэгчээс энэ тогтоолоор гаргуулж хохирогчид олгох хохирол, хор уршиг байхгүй гэж дүгнэв. Харин хохирогч Б.Д-гийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсантай холбоотой цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.
Мөн шүүгдэгч Г.А нь зам тээврийн осол гаргах үедээ иргэний нэхэмжлэгч Б.Г-ын 4 настай эм үхрийг дайрснаас тухайн үхэр үхсэн байх бөгөөд үхрийн зах зээлийн үнэлгээг 410.000 төгрөгөөр үнэлсэн нь хэрэгт авагдсан “Гэрэгэ эстимэйт” ХХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн УВ/01/467 дугаартай, “Увс аймгийн Наранбулаг суманд 4 настай эм үхрийн зах зээлийн дундаж үнэ 2018 оны 07 дугаар сарын байдлаар 410000 төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлтээр нотлогдож байна. Б.Г-ын эд хөрөнгө/ үхэр/-д учирсан хохирлын хэмжээ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж / их хэмжээний хохирлын хэмжээнд хүрэхгүй/-ийг хангаагүй байх тул мөрдөн байцаалтын шатанд үхрийн өмчлөгч Б.Г-ыг иргэний нэхэмжлэгчээр тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.А нь иргэний нэхэмжлэгч Д.Г-д учирсан эд хөрөнгийн хохирлыг төлж барагдуулсан нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгчээс гаргуулж иргэний нэхэмжлэгчид олгох хохиролгүй байна.
2. Шүүгдэгч Г.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Г.А нь согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөнөөс хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.А анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдсон.
Хэрэгт шүүгдэгч Г.Агийн зан байдлын талаар гэрч Э.А-ын өгсөн: "Би Г.А-тэй нэг ангид сурч байсан бид нэг төгсөлтийн найзууд. Г.А нь аав Г-тойгоо цуг хөдөө мал маллаж амьдардаг. Г.А нь зан аашийн хувьд төлөв, даруу, элдэв муу зангүй, дуу дуулах авъяастай, сумын соёлын төвд тайлан тоглолт хийж байсан " гэх мэдүүлэг /хх-ийн 34х/,
гэрч Ц.Гын өгсөн: " Г.А нь зан аашийн хувьд их эвсэг, зөөлөн харьцаатай, бусдын арга эв олох чадвартай, нийтэч хүү юм. Одоогоор эрхэлсэн ажилгүй, аав, дүү нарынхаа хамт Наранбулаг сумын Алдар багт амьдардаг. Б.Д-д эмчилгээний зардал, Д.Г-д тугалтай үхэр өгч хохиролгүй болгосон" гэх мэдүүлэг /хх-ийн 39х/,
Увс аймгийн Наранбулаг сумын Алдар багийн Засаг даргын 2018-08-29-ний өдрийн 093 дугаар Тодорхойлолт зэрэг нотлох баримтууд авагджээ.
Уг зам тээврийн ослын улмаас шүүгдэгч Г.А-гийн биед цээжний битүү гэмтэл, цээжний баруун, зүүн хөндийд хий, цус хуралдалт, баруун, зүүн уушгины уналт, баруун эгэм яс, зүүн 7-р хавирганы битүү хугарал, цээжний зүүн ар талд арьсан доор хий хуралт, тархи доргилт, баруун мөрний үений дээд хэсэгт, баруун тохойд зулгаралт зэрэг Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д заасан хүнд гэмтэл учирсан нь хэрэгт авагдсан /хх-ийн 41-42-р тал/ Монгол улс Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 512 дугаартай шинжээчийн дүгнэлтээр, тэрээр уг гэмтлийн улмаас Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн нь хэрэгт авагдсан өвчний түүхийн баримтаар тус тус нотлогдож байгааг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.А-д оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба харин тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд болон иргэний нэхэмжлэгчид учруулсан эд хөрөнгийн хохирлыг тус тус нөхөн төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байгаа болон түүний биеийн эрүүл мэндийн байдлыг тус тус харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсгүүдэд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Г.А-д гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд заасан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн болно.
Шүүгдэгч Г.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тус тус шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шангас ургийн овогтой Г-ын А-г согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөнөөс хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр нэг жил зургаан сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Д гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
4. Шүүгдэгч Г.А энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, энэ тогтоолоор гаргуулах хохиролгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.А-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.АЛТАН