| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Алтан |
| Хэргийн индекс | 177/2018/0149/Э |
| Дугаар | 157 |
| Огноо | 2018-09-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Я.Дина |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 157
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Алтан даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам
Улсын яллагч:Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Я.Дина,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Бунжаа,
Шүүгдэгч: Д.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Я.Дина Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Б ургийн овогтой Д-гийн Чд холбогдох эрүүгийн 1835002880171 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1948 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 70 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл-3, эхнэр, 1 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 12-р баг 11-44 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, РД:ОЭ48032472, Б ургийн овогтой Д-гийн Ч.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Ч нь согтуугаар 2018 оны 08 дугаар сарын 10-ны орой тус аймгийн Улаангом сумын нутагт хохирогч Г.А-ийг хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Д.Ч-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл:
Шүүгдэгч Д.Ч нь 2018 оны 08 дугаар сарын 10-ны орой тус аймгийн Улаангом сумын 12-р багийн нутаг дэвсгэрт хохирогч Г.А-ийг хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Г.А-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “2018 оны 08 дугаар сарын 10-ны өглөө найз Н бид хоёр 09 цагийн үед 500 граммын шилтэй архи дэлгүүрээс аваад “Заяшик” гэх газрын хашаан дотор хоёулаа хувааж уусан, тэгээд гэртээ очоод амарч байгаад үдээс хойш 14 цагийн орчим Н манай гэрт ирээд бид хоёр манай хорооллын ах Н гуйн гэрт очиход тэднийд Н ах, мөн манай хорооллын хөгшин Ч нар 500 граммын Их монгол нэртэй архи уугаад дуусаж байсан. Биднийг гэрт байж байтал гаднаас манай хорооллын О гэх залуу 750 граммын Хамаг монгол гэх нэртэй архи авч ирсэн, гэтл Ч гуай Од хандан “ чи зайл, хотон” гэх зэргээр доромжлоод О-г Н-гийн гэрээс хөөгөөд явуулчихсан. Тэгээд байж байгаад би Ч-д “та яахаараа архи авч ирээд бид нарт өгөөд хамт уулцах гэж байсан хүнийг хэл амаар доромжилж, дарамтлаад яс үндсээр нь гадуурхаж айлын гэрээс хөөдөг юм бэ” гэхэд Ч над уруу хандаж “чамд ямар хамаатай юм” гэж хэлээд намайг санаандгүй сууж байтал Ч нь баруун гарын ар хэсгээр миний хамар луу нэг удаа цохьсон, тэгтэл миний хамраас цус гараад, би уурлаад Ч-г энгэрээс нь татаж газар унагаагаад галын доод хэсэгт чирч аваачаад дээрээс нь өвдөглөж хоолойг нь барьж байгаад дээрээс нь өөрийнхөө цусыг дусаасан, тэгээд Ч-гийн чихний ар хэсэг рүү гараараа 1 удаа, бие рүү нь гараараа 2 удаа тус тус цохисон болно. Тэгтэл бид нартай хамт байсан хүмүүс “хөгшин настай хүнийг босго” гэж хэлсэн тул би Ч-г босгосон юм. Тэгээд би гэрийн баруун талд байсан аягатай архийг аваад ууж байтал гэрийн зүүн талд байсан Ч гэнэт миний араас ирээд миний зүүн талын далны орчим хутгалчихсан, тэгтэл тэнд байсан хүмүүс “хутгалчихлаа” гээд Чг надаас салгах хооронд би газар унатал Ч миний араас хүзүү хэсэгт нэг удаа өшиглөтөл хүмүүс түүнийг салгаж явсан. Миний биеийн ар хэсгээс цус гараад хэвтэж байтал Ч хайч аваад “ гүйцээж ална” гээд дайрч байсныг тэнд байсан хүмүүс салгаж байсан, тэгээд би цус алдаад байсан тул Н ахын гэрээс ганцаараа гарч гүйгээд гэртээ ороод ухаан балартсан байсан ба нэг мэдэхэд цагдаа дээр ирчихсэн байсан юм .. Ч бид хоёрын хооронд урьд нь өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй, хэрэлдэж маргалдаж зодолдож байсан удаа байхгүй. Миний даландаа авсан шарх бүрэн эдгэрээгүй байгаа би зүүн гараа сойлттой явж байгаа бөгөөд зүүн гар хөдлөхөөр миний шарх өвдөөд байгаа, 4 оёдол тавигдсан. Миний эмчилгээний зардалд Ч 71000 / далан нэгэн мянган/ төгрөг өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 /,
гэрч Ц.Н-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “2018 оны 08 сарын 10-ны өдөр би найз Г, ГА хоёрын хамт орой 20 цагийн үед Гашуун хороололд явж байгаад нэг танихгүй хүн Н хөгшөнийд архи аваад орохоор нь бид нар дагаж орсон. Тэднийд Н хөгшин,Ч гуай хоёр байсан, тэгээд би гэрийн зүүн талын хэсгээр газраар хэвтэж байсан тэр үед Ч хөгшин манай найз Г.А хоёр маргалдсан. Ч ах тэднийд архи авч ирсэн хүнийг “чи одоо яв” гэж хэлснээс болж тэр архи авч ирсэн хүн гараад явсан, түүний дараа Ч ах Г.А хоёр маргалдсан тэгээд Г.А та архи ирж өгсөн хүнийг яагаад хөөж явуулж байгаа юм бэ гэж хэлээд маргалдсан. Тухайн үед Ч ах архи уусан согтуу байсан, Г.А бас бага зэргийн согтуу байсан, тэр хоёр хоорондоо маргалдаад эхлээд Ч ах Г.А-ийн нүүр лүү гараараа нэг удаа цохьсон юм, тэгтэл Г.А-ийн хамраас цус гарч, Г.А Ч ахыг 2-3 удаа шанаадаад , газарт унагаад дарж байгаад цусаа Ч хөгшин дээр гоожуулсан. Тэгтэл хөгшин хүнийг зодоод яах бэ гэж хэлээд Ч хөгшнийг босготол Ч ах шууд Н ахын гэрийн хоолны шүүгээний татлагаас хар иштэй хутга авч баруун гартаа бариад Г.А рүү дайрч түүний зүүн талын далны орчим газарт нэг удаа хутгалсан юм. Тэгтэл Н ах Ч ахаас хутгийг нь булааж авсан юм . Тэр үед Г.А-ийн нуруунаас цус гарсан”гэх мэдүүлэг /хх-ийн 15/,
гэрч М.Н-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “2018 оны 08 сарын 10-ны өдөр би гэртээ байж байтал манай найз хөгшин Д.Ч манайд ганцаараа ирсэн, бид хоёр манайд 0,5 грамын нэг шил архи хувааж уугаад сууж байтал манайд Г.А, Л.Н, О нар 0,75 грамын шилтэй архи авч орж ирсэн. Уг архийг ууцгааж байтал Д.Ч О гэх залууд хандаж “ чи одоо яв” гэж хэлсэн, тэгтэл тэр залуу манай гэрээс гараад явчихсан. Тэгтэл Г.А нь Д.Чд хандан “ та архи авч ирж өгсөн хүнийг хөөгөөд явуулчихлаа” гэж хэлэхэд Д.Ч “чамд ямар хамаатай юм бэ” гээд Г.А-ийн нүүр лүү гараараа 1 удаа цохьсон, тэр үед Г.А-ийн хамраас цус гарсан, тэгээд Г.А босоод Д.Ч-г барьж аваад гэдрэг дарж унагаад дээр нь гарч байгаад энэ цусаа хар гэж хэлээд цусаа гоожуулаад, 2-3 удаа Д.Ч-гийн нүүр тус газарт нь цохьсон юм. Тэгээд Д.Ч-г босгосон, тэгтэл Д.Ч нь манай хоолны шүүгээний дээр тавьсан байсан хар өнгийн иштэй хутга аваад Г.А рүү дайрсан, урдаас нь Г.А хутгийг нь салгаж авах гэтэл хутгаа өгөхгүй гартаа барьсан чигээрээ Г.А-ийн баруун талын дал орчимд нэг удаа хутгалсан. Тэгээд би хутгийг Д.Ч-гаас салгаж авсан. Манай гэрт шалан дээр цус их гарсан байсныг би дараа нь арчаад цэвэрлэчихсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/,
гэрч З.Г-гийн мөрдөн байцаалтад өгсөн “...2018 оны 08 дугаар сарын 10-ны орой гэрээс гараад явж байгаад 19 цагийн орчим байх хорооллын танил ах Н-гийн гэрт яваад ороход тэднийд Н ах, А, Н, Ч нар сууж байсан ба тэд нар архи уугаад дуусчихсан, архины шил нь хоосон байсан. Би Н ахын гэрт ороод гэрийн баруун талаар гараад А-ийн дээд талд Ч-гийн доод талд суусан, тэгээд байж байтал Ч А рүү хандаж “ чи юу гэнээ” гээд босоод гарынхаа араар А-ийн хамар луу нэг удаа цохиход хамраас нь цус гарсан, А уурлаад босож Ч-г барьж аваад гэрийн зүүн доод талд буюу гоожуурын хажууд шалан дээр татаж унагаагаад нүүрлүү нь гараараа 2 цохиод хамраас гарсан цусаа Ч-гийн хувцсан дээр гоожуулсан, тэгэхээр нь би А-ийг хөгшин хүнийг битгий зод гэхэд А Ч дээрээс босоод тэр хоёр босоод зогсчихсон нэг нэг рүүгээ хараад хэрэлдэж байхаар нь би тэр хоёрыг “битгий хэрэлдээд бай” гэж хэлээд хажуу тийш хараад суутал гэнэт А “ Яа ” гэх шиг болохоор нь эргээд харахад А газар сууж байсан, харин Ч А-ийн ард босоод зогсчихсон байсан, Ч нь хутгаар А-ийн зүүн дал орчимд нь нэг удаа хутгалсан байсан. Ч дахин хутгаа Дж байхад нь Н ах хутгыг нь салгаж аваад гэрийн хаалгаар гаргаад шидсэн, тэгтэл Ч дахин цаасны жижиг хайч аваад А рүү дайрахад Н ах дахин Ч-аас цаасны жижиг хайчийг нь булааж аваад Ч-г загнасан юм. Тэгээд А-ийн цусыг өмсөж байсан улаан захтай саарал өнгийн фудволкаар нь шархыг дарж өгөөд А гэрээс гарсан ба араас нь Ч, Н бид нар гарч явсан. Ч ахын А-ийг хутгалсан хутга нь хар өнгийн бариултай хутга байсан ба сүүлд Н ах надад манай гэрийн хоол хийхдээ хэрэглэдэг, ахуйн зориулалттай хутга байсан” гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/,
шүүгдэгч Д.Ч-гийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ .... Би 2018 оны 08 сарын 10-ны өдөр 17 цагийн үед би Увс аймгийн Улаангом сумын 12-р багийн нутагт найз М.Н-гийн гэрт очиход тэднийх нэг шил 0,5 грамын "түмний хишиг" гэдэг архи гаргаж задалсныг Н бид хоёр хувааж уугаад сууж байтал гаднаас Г.А, Л.Н, О нар орж ирсэн. Гэтэл тэд нар 0,75 грамын "их монгол" гэдэг архи гаргаж ирж задалсан, бид нар бүгдээрээ уг архинаас хувааж уусан. Тэгээд би О-д хандан “ ахын дүү чи юу гэж ингэж архи ууж явж байгаа юм, одоо харьж амар” гэж хэлэхэд О миний үгэнд үг дуугаралгүй гараад явчихсан. Тэгтэл Г.А над уруу “ та бид нарт архи авч ирж өгсөн хүнийг хөөж явууллаа, та ямар эрхтэй юм” гэж хэлэхэд нь би “ миний хүүхэдтэй адилхан хүүхэд учраас би харьж амар гэж хэлсэн, би чамд хэлсэн биш, чи юу гээд хэрүүл өдөөд байгаа юм бэ гэж хэлээд Г.А бид хоёр маргалдсан юм. А намайг үг хэлээр доромжлоод байхаар нь би Г.А-ийг баруун гарынхаа араар нэг удаа алгадсан юм . Тэгтэл түүний хамраас нь цус гарч намайг барьж аваад газар унагаад миний цээжин дээр өвдөглөөд, хоолой боож, толгой, шанаа, цээж рүү гараараа цохьсон. Би эсэргүүцээд дийлээгүй, миний нүд харанхуйлж, чих шуугисан. Нүүрэн дээр цусаа дусаасан. Тэгтэл хажууд байсан хүмүүс “хөгшин хүнийг яагаад дээрэлхээд байгаа юм, боль” гэж хэлээд Г.А-ийг салгаж болиулаад намайг босгосон юм. Тухайн үед миний амьсгаа давхцаад, гар, хөл салганаад хэцүү байсан. Тэгээд миний уур хүрээд би Нгийн хоолны шүүгээн дээр байсан хар иштэй хутга аваад Г.А-ийг нэг удаа зүүн талын дал дээр хутгалсан юм. Г.А-ийн дал орчим газраас цус их хэмжээгээр гарсан. Би өдий Н-даа ийм муухай зүйл хийсэндээ маш их харамсаж байна. Харамсаад ч барахгүй байна. Энэ хэрэг гарснаас хойш би шөнө унтаж чадахаа больсон. Зүрх байнга өвдөөд байнгын эм ууж байгаа. Хохирогч Г.А-тэй уулзаж, уучлалт гуйсан, эмчилгээний зардалд 370000 төгрөг өгсөн. Урьд өмнө нь хэрэг, зөрчил гаргаж хуулийн байгууллагад шалгагдаж үзээгүй. 70 насандаа ийм хэрэг хийсэндээ маш их харамсаж байна, үлдсэн амьдралдаа ямар нэгэн хэрэгт холбогдохгүй байх болно гэдгээ та бүхэнд амалж байна ” гэх мэдүүлэг мэдүүлэг /хх-ийн 42-43/,
Монгол Улс Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн №543 дугаартай: “Үзүүлэгч Г.А-ийн биед тухайн үед гэмтэл учирсан байна. Зүүн талын мөрний үений ар талд 4 см урт хэмжээтэй зүсэгдсэн шархтай оёдол тавигдсан гэмтэл үүссэн байна. Дээрхи гэмтэл нь гадны хурц ир үзүүртэй багажийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь өөрийнх нь хэлж байгаа тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Г.А-ийн биед урьд нь бэртэл гэмтэл байхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө” гэх дүгнэлт /хх-ийн 24-25/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч Д.Ч-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.А-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Д.Ч-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
2. Шүүгдэгч Д.Ч-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Д.Ч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Ч анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдсон.
Хохирогч Г.А нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 370.000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Д.Ч төлж барагдуулсан болох нь хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нарын 2018 оны 9 дүгээр сарын 14-ний гаргасан тодорхойлолт / хх-ийн 72-р тал/, шүүхэд ирүүлсэн хүсэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байх тул гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж арилгасан гэж дүгнэв.
Хэрэгт шүүгдэгч Д.Ч-гийн хувийн зан байдал, амьдралын талаар гэрч Х.Ц-ын өгсөн:“ Би Д.Ч-тай 1976 онд гэр бүл болсон, 4 хүүхэд төрүүлж өсгөсөн юм. Манай нөхөр Д.Ч нь даруухан төлөв зантай, үг дуу цөөнтэй, гэрээсээ нэг их гардаггүй, гэртээ л байж байдаг, ажилсаг хөдөлмөрч зантай, худал ярьдаггүй, хааяа нэг архи дарс гэртээ хэрэглэдэг, гадуур явж хамаагүй хүмүүстэй архи дарс уудаггүй хүн юм. Манай нөхөр Д.Ч нь одоо өндөр насны тэтгэвэр сарын 280000 төгрөг авдаг юм” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/,
гэрч Х.Ч-ын өгсөн: “..Д.Ч нь миний төрсөн эгчтэй 1976 онд гэр бүл болсон ба түүнээс хойш одоог хүртэл хамт амьдарч байгаа хүн. Манай хүргэн ах Д.Ч нь даруухан төлөв зантай, үг дуу цөөнтэй, гэрээсээ гардаггүй бүрэг зантай хүн, ажилсаг хөдөлмөрч зантай, худал ярьдаггүй, хааяа нэг архи дарс гэртээ хэрэглэдэг хүн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/ зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах ба шүүгдэгч Д.Ч нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 370.000 төгрөг сайн дураараа төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон тэрээр өндөр настай буюу 70 настай зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулах нь зохистой гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Ч-гийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн хар өнгийн хуванцар иштэй, нийт 26 см урттай, ажлын хэсгийн урт 15 см, 2.5 см өргөнтэй хутгыг устгах нь зүйтэй.
Шүүгдэгч Д.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Б ургийн овогтой Д-гийн Ч-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ч-д таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн еренхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Ч хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлэхгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Д.Ч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.Ч-гийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн хар өнгийн хуванцар иштэй, нийт 26 см урттай, ажлын хэсгийн урт 15 см, 2.5 см өргөнтэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Ч-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АЛТАН