Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 2026/ДШМ/697

 

 

 

 

 

 

  2026             05             29                                         2026/ДШМ/697

 

Б.М-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, шүүгч Л.Галбадар, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Л.Н,

хохирогч М.У,

шүүгдэгч Б.М,

нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 2026/ШЦТ/855 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.М-ийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн ..................... дугаар хэргийг 2026 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Б.М нь 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ...... дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэр ...... хорооллын гадна зогсоолд хохирогч М.У-тэй таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, нүүрэн тус газарт нь мөргөж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцон хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ээс 230.000 төгрөгийг гаргуулан хохирогч М.У-д олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг, шүүгдэгч Б.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 2026/ШЦТ/855 дугаар шийтгэх тогтоолоор 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн. Би хувийн байдлын хувьд 2022 онд ..... ХХК-д металл хийц угсрагчаар ажилд орсон. 2025 оны 7 дугаар сард ..... ХХК-иас гэрээг дуусгавар болгож ажилгүй болсон. Одоогоор 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс ажилд орсон. Өдрийн 130.000 төгрөгийн цалинтай ажиллаж байна. Ажлын байраа алдмааргүй байгааг минь харж үзэж, нэг удаа боломж олгож, ялыг минь хөнгөрүүлж өгнө үү. Ахин ийм асуудалд орохгүй. Үнэхээр гэмшиж байна. Нэмж хэлэх зүйлгүй. ...” гэв.

Хохирогч М.У тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. ...Би хамраа эмчлүүлээгүй байгаа. Энэ хэргээс болж ажлаа алдаж байгаа учир асуудлыг хурдан шийдүүлмээр байна. ... Сэтгэцэд учирсан хохирол, хор уршгаа нэхэмжлэхгүй. ...” гэв.

Прокурор Л.Н тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэгтээ хандаж буй хандлага, анхан шатны шүүхийн шийдвэр гарах үед хохирол, төлбөр төлөөгүй байсан байдал, өмнө нь энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж байсан нөхцөл байдлуудыг тал бүрээс харгалзан үзэж нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож оногдуулсан гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.М нь 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр .... дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэр ..... хорооллын гадна зогсоолд хохирогч М.У-тэй таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, нүүрэн тус газарт нь мөргөж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч М.У-ийн “...Машин зогсоолд байрлуулах гэж байсан чинь сул байсан зогсоолыг хаагаад нэг машин машинаа байрлуулахаар нь би тэр жолооч залууд хандаад “арын зогсоолд нь машинаа оруулъя” гэсэн чинь “чадахгүй, би энд байнга тавьдаг” гэхээр нь “чи юу яриад байгаа юм бэ, энэ чиний хувийн эзэмшлийнх биш шүү дээ” гэсэн чинь “юу гээд байгаа далдаг бацаан бэ, хүрээд ир” гэхээр нь би “хэл амаараа учраа олчих юм байна” гэсэн чинь тэр залуу шууд үгийн зөрүүгүй намайг 1 удаа хамар хэсэгт мөргөсөн. ...” /хх 9-10, 78-79/,

шүүгдэгч Б.М-ийн яллагдагчаар өгсөн “...Тэр машины жолооч гэх залуу согтуу над дээр ирээд хэрүүл өдөөд “энэ чиний хувийн зогсоол юм уу, зайлуул наад нэг сэгээ” гэх зэргээр хараасан. Тэгээд над руу ойртож ирээд намайг түлхээд өөрөө газар нуруу хэсгээрээ уначихаад  “ёо” гэж орилоод босоод над руу дахин ойртож ирэх үед тэр залуутай хамт явж байсан эмэгтэй машинаасаа бууж ирээд бид хоёрын голоор орж салгасан. ...” /хх 41-42/ тус тус мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ЕГ0725/13475 дугаартай “...М.У-ийн биед хамар ясны хугарал таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. ...” /хх 25-26/ шинжээчийн дүгнэлт зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Б.М-ийг хохирогч М.У-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Гэм буруугийн санаатай хэлбэр нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай, хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж /сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай/, тухайн үйлдлийг хүсэж, эсхүл хохирол, хор уршигт зориудаар хүргэсэн байхыг ойлгоно.

Хохирогч М.У-ийн эрүүл мэндэд учирсан хамар ясны хугарал, таславчийн мурийлт бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Б.М-ийн нүүр хэсэгт мөргөсөн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзнэ.

Шүүгдэгч Б.М-ийн хохирогч М.У-тэй хэрүүл маргаан үүсгэж, улмаар нүүр хэсэгт нь мөргөснөөс эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Б.М “…Би өдрийн 130.000 төгрөгийн цалинтай ажил хийж байна. Ажлын байраа алдмааргүй байгааг минь харж үзэж, нэг удаа боломж олгож, надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцэх юм.

Шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалздаг.

Шүүгдэгч Б.М нь 2021 онд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан боловч дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн байгаа нь тэрээр өмнө нь шүүхээс ял шийтгүүлсэн байдалдаа дүгнэлт хийлгүй дахин гэмт хэрэг үйлдсэн, засарч хүмүүжин бусдын эрх, эрх чөлөөнд хүндэтгэлтэй хандах хандлага бий болж төлөвшөөгүй байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гурван төрлийн ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож, 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсныг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаас өмнө хохирогчид 230.000 төгрөг төлж, хохирогч М.У-д төлөх төлбөргүй болсон боловч түүний хохирогчид учирсан хамар ясны хугарал, таславчийн мурийлт бүхий гэмтлийг эмчлэхтэй холбоотой буюу гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлөх арга хэмжээ аваагүй байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэрэгт дүгнэлт хийхэд, түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан ялын төрөл, хэмжээ тохирсон байна гэж үзлээ.

Түүнчлэн, шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн төдийгүй мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ... гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ...” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.М-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 2026/ШЦТ/855 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.М-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Б.М нь хохирогч М.У-д 230.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                                Н.БААСАНБАТ

                        ШҮҮГЧ                                                Л.ГАЛБАДАР

ШҮҮГЧ                                                Т.ӨСӨХБАЯР