Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2018/00084

 

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн

газрын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2017/03607 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын нэхэмжлэлтэй хариуцагч Роял пос ХХК-д холбогдох

 

Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд хөрөнгө төвлөрүүлэхэд 7 610 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сунхар, Б.Солонго, Э.Бат-Оюун, хариуцагчийн төлөөлөгч Д.Ган-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Харилцаа холбооны тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагууд нь албан татварт ногдуулах орлогын 2 хувьтай тэнцэх хөрөнгийг, үүнээс гадна Харилцаа холбооны зохицуулах хорооноос баталсан хэмжээгээр шуудангийн тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээд нь Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд хөрөнгө төвлөрүүлэх үүрэг хүлээдэг. Харилцаа холбооны зохицуулах хорооны хуралдааны 2008 оны 12 сарын 18-ны өдрийн 39 тоот тогтоолоор 2009 онд санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг Улаанбаатар хотод 800 000 төгрөг, 2009 оны 12 сарын 14-ний өдрийн 57 тоот тогтоолоор 2010 онд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг Улаанбаатар хотод 1 000 000 төгрөг, 2010 оны 12 сарын 23-ны өдрийн 48 тоот тогтоолоор 2011, 2012, 2013 онуудад санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг Улаанбаатар хотод төгрөг 1 500 000, 2013 оны 12 сарын 20-ны өдрийн 65 тоот тогтоолоор 2014 онд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээ Улаанбаатар хотод 1 000 000 төгрөг, 2014 оны 12 сарын 19-ний өдрийн 56 тоот тогтоолоор 2015 онд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг Улаанбаатар хотод 1 130 000 төгрөг байхаар тус тус тогтоосон. Роял пос ХХК нь Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны (IPS) шуудангийн тусгай зөвшөөрөл эзэмшдэг байсан бөгөөд 2010-2013 оны хооронд үүссэн өр 4 450 000 төгрөг болсон. Роял пос ХХК-д Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт шуудангийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2010 оны 04 сарын 08-ны өдрийн 15 дугаар тогтоолоор олгосон бөгөөд тус зөвшөөрлийн хугацаа 2013 оны 08 сард дууссан. Үүнээс хойш тус компани нь дахин Харилцаа холбооны зохицуулах хорооны 2014 оны 02 сарын 21-ний өдрийн 05 дугаар тогтоолоор Улаанбаатар хотод Үндсэн шуудангийн үйлчилгээ эрхлэх Б ангиллын тусгай зөвшөөрлийг 2014 оны 02 сараас 2017 оны 02 cap хүртэл шинээр авсан бөгөөд одоо мөн зөвшөөрөл сунгагдсан болно. Харилцаа холбооны зохицуулах хорооноос баталсан хувь хэмжээгээр Харилцаа холбооны тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Шуудангийн тухай хууль, Засгийн газрын 2009 оны 151 дүгээр тогтоолыг үндэслэн Роял пос ХХК нь Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд 2010 онд 1 000 000 төгрөг, 2011 онд 1 500 000 төгрөг, 2012 онд 1 300 000 төгрөг, 2013 оны 8 сарын 20-нд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тул энэ оны хураамж 650 000 төгрөгөөр тооцогдож байгаа. Мөн компани нь 2014 онд дахин шинээр тусгай зөвшөөрөл авч хураамжаа төлөөгүй байгаа бөгөөд 2015 онд 1 130 000 төгрөг, 2016 онд 1 130 000 төгрөг, 2017 онд 900 000 төгрөг тус тус төвлөрүүлэх үүрэг үүссэн боловч төлөөгүй байна. Иймд Роял пос ХХК-иас 7 610 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч тал 7 610 000 төгрөгийг хуульд заасан журмаар үүссэн үүрэг гэж нэхэмжилж байгаа нь тодорхой бус байна. Ямар хуулийн зүйл, заалтаар энэхүү үүргийн сангийн хураамжийг төлөх ёстой эсэх асуудал огт байхгүй. Мөн нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн баримтууд дээр Роял пост ХХК гэж бичсэн байгааг анхаарах ёстой. Түүнчлэн 2010 оноос эхэлсэн хураамжийн асуудал яригдаж байгаа бөгөөд нэхэмжлэлийг 2017 оны 9 сард гаргаснаас үзэхэд хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д заасныг баримтлан, хариуцагч Роял пос ХХК-иас 4,530,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар /Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан/-т олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг 3,080,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д заасныг баримтлан, нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Роял пос ХХК-иас 87,430 төгрөг гаргуулан Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот дансанд оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүх ямар хуулийн аль заалтаар эсхүл ямар гэрээгээр бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд хөрөнгө төвлөрүүлэх үүрэг Роял пос ХХК-д үүссэнийг тодорхой дурдаагүй. Өөрөөр хэлбэл, шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт Харилцаа холбооны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2, 22.2, Шуудангийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.2 дах хэсгийг дурдсаныг шүүхээс хуулийг оновчтой, зөв хэрэглэсэн гэж үзэхгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлага хангаагүй. Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт Хуулийн этгээд өөрийн нэртэй байна, 27.5 дах хэсэгт хуулийн этгээд нэрээ хуульд заасан журмын дагуу бүртгүүлнэ гэж заасан байхад Рояал пост ХХК-иас нэхэмжилсэн 4 530 000 төгрөгийг Роял пос ХХК-иас гаргуулах шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна. Иймд шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Харилцаа холбоо, мэдээлэл, технологийн газар нь хариуцагч Роялпос ХХК-д холбогдуулж бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд хөрөнгө төвлөрүүлэхэд 7 610 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч Роялпос ХХК нь шуудангийн үйлчилгээ эрхлэх Б ангиллын тусгай зөвшөөрөл эзэмшигч болох нь Харилцаа холбооны зохицуулах хорооны 2010 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 15 дугаар тогтоол, 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 05 дугаар тогтоол болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байх бөгөөд энэ нь давуу эрхийн бүсэд хамаардаг талаар зохигчид маргаагүй байна.

Харилцаа холбооны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар Зайлшгүй шаардлагатай харилцаа холбооны үйлчилгээг алслагдсан орон нутаг болон үйлчилгээ хүрээгүй хүн амд хүргэх, шинээр сүлжээ байгуулах, өргөтгөх, шинэчлэх зорилгоор шуудангийн болон цахилгаан холбооны бүх нийтийн үйлчилгээний үүргийн санг тус тус бүрдүүлж, зарцуулах-аар зохицуулсан ба уг сангийн хөрөнгийн эх үүсвэр нь харилцаа холбооны үйлчилгээ эрхэлж байгаа хуулийн этгээдээс төвлөрүүлсэн хөрөнгөөс бүрдэхийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т заажээ.

Мөн Харилцаа холбооны зохицуулах хороо нь Шуудангийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т зааснаар давуу эрхийн бүсэд шуудангийн үйлчилгээ үзүүлэгч бусад үйлчлэгчээс Харилцаа холбооны тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан шуудангийн бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг тогтоож, мөрдүүлэхээр заасны дагуу 2009 оны 57 дугаар тогтоолоор 2010 онд Улаанбаатар хотод 1 000 000 төгрөгийг2010 оны 48 дугаар тогтоолоор 2011 онд 1 500 000 төгрөгийг, 2013 оны 65 дугаар тогтоолоор 2014 онд 1 000 000 төгрөгийг, 2014 оны 56 дугаар тогтоолоор 2015 онд 1 130 000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр тогтоолоор 900 000 төгрөгийг тус тус шуудангийн үйлчилгээний давуу эрхийн бүсэд шуудангийн үйлчилгээ үзүүлэгч бусад үйлчлэгчээс бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд төвлөрүүлэхээр тогтоожээ.

Анхан шатны шүүх 2011 онд 1 500 000 төгрөгийг, 2013 онд 650 000 төгрөгийг тус тус тогтоосон баримт байхгүй гэж дүгнэсэн нь буруу боловч 2013 оны 650 000 төгрөгийг хариуцагч төлсөн, талууд энэ талаар маргаагүй болно.

Дээрх байдлаар Харилцаа холбооны зохицуулах хорооны эрх хэмжээг хуулиар тогтоосон, хариуцагч Роялпос ХХК нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд Харилцаа холбооны тухай хуулийн болон Шуудангийн тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн дээр дурдсан холбогдох заалтуудыг Харилцаа холбооны зохицуулах хорооны тогтоол, бусад дүрэм, журам, стандартыг мөрдөж ажиллах үүрэгтэй болох нь тусгай зөвшөөрлийн гэрээгээр тогтоогдож байх тул хариуцагчийн татгалзал, тайлбар үндэслэлгүй байна.

Засгийн газрын 2009 оны 151 дүгээр тогтоолоор баталсан Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан бүрдүүлэх, түүнийг зарцуулах журмын 2.1, 3.1-д зааснаар нэхэмжлэгч Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар нь шаардлага гаргах эрхтэй байх бөгөөд хариуцагч нь Харилцаа холбооны зохицуулах хорооны эрх хэмжээний хүрээнд гаргасан дээрх тогтоолуудын талаар хуульд заасан журмын дагуу гомдол гаргаж байгаагүй, нэхэмжлэгчээс 2011, 2013, 2014 онд хүргүүлж байсан шаардлагын талаар үгүйсгэсэн тайлбар, нотлох баримтыг гаргаагүй байна.

Хариуцагч байгууллагын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ/ хх-ийн 35/, улсын бүртгэлийн лавлагаанд /хх-ийн 22/ Роялпос ХХК гэж тусгагдсан байх тул шүүх хариуцагч Роялпос ХХК-иас төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн талаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй, дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нь бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд Харилцаа холбооны зохицуулах хорооны тогтоосон хэмжээгээр хөрөнгийг төвлөрүүлэх үүрэгтэй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2017/03607 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ган-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Роялпос ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87 430 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Н.БАТЗОРИГ