Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 428

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга Э.Гансугар, улсын яллагч Г.Эсэн /томилолтоор/, шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 1810004430434 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт 000000000000 тоотод оршин суух хаягт бүртгэлтэй боловч одоо 00000000000000 тоотод түр оршин суух, урьд нь:

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 262 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл, ухаан бүрэн, Ч.Б /РД: 000000000/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ч.Б 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 0000000000000000000 хамтран амьдрагч Г.Отэй “хүүхдэд гар утас өглөө” гэх шалтгаанаар маргалдаж, түүнийг цохиж зодон эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун бугалга, шуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан  гэмт  хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Ч.Б: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Г.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 23 цагийн үед нөхөр Б гэртээ орж ирсэн. Тэр үед нь би гэртээ өөрийн 4 настай хүү Б.Н, 1 ой гарантай охин Б.О нарын хамт байсан. Хүү Н маань миний утсаар оролдоод байхаар нь би утсаа авах гэсэн чинь хүү “өгөхгүй” гээд уйлсан. Тэгэхэд нөхөр Ч.Б “чи хүүхдэд утсаа өглөө” гээд уурласан. Үүнээс болоод хоорондоо маргалдсан ба нөхөр Б “танайхан өөдлөхгүй, манайхан бол сайн явж байгаа пизданууд” гэх зэргээр хараагаад байхаар нь би “манайхан чамд ямар хамаатай юм бэ” гээд маргалдсан. Ингэж маргалдаж байгаад Б “чи одоо, яв зайл” гээд хөөхөөр нь би хэвтэж байснаа босоод жижиг өрөө рүүгээ ороод хувцсаа өмсөж байтал араас орж ирээд “чи хоёр хүүхдээ аваад яваарай, би маргааш ажилтай, чи миний өгсөн 30,000 төгрөгийг өгөөдөх” гэж нэхсэн. ...Би май энэ мөнгөө ав гээд шидэхэд Б миний баруун гарын булчин руу олон удаа цохисон. ...Тэгээд намайг Б “гичий пизда, янхан зайлаарай, чи намайг өгдөг газраа өг, би суучихаад гараад ирнэ, харья чамайг” гэх зэргээр доромжилж загнаад байсан. Тэгэхээр би нь “өгдөг газар чинь өгнө” гээд орны цаана сууж байхад Б ирээд үсдэж дараад, толгой руу гараараа 3-4 удаа цохисон. ...Тэгэж байснаа Б гадуур хувцсаа өмсөөд цэртэй шүлсээрээ миний нүүр лүү нулимчихаад 30,000 төгрөгөө аваад гарсан. ...Өмнө нь 2010 оны 4 дүгээр сард хэлэх хэлэхгүй үгээр хэлээд 1 дүгээр орцноос 3 дугаар орц хүртэл чирсэн. Ингээд яаж ийж байгаад хөлөөрөө Бийг жийж тавиулсан. Гэртээ орц руу ороод Б миний нүүр рүү нэг удаа цохиод алгадаад үсдээд чирсэн. ...2008 оны хавар Б над руу дайрч миний үснээс зулгааж татаад ширээн дээр байсан архины шилийг аваад толгой руу цохисон. Үүнээс болоод толгойноос цус гараад ухаан алдаад ойчсон...” /хх-ийн 11-12, 13-14/ гэсэн,

 

Шүүгдэгч Ч.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 02 дугаар сарын 09-ний шөнө ...хүү Н маань ээжийнхээ утсыг оролдоод байхаар нь би Од “Чи яах гэж утсаа хүүхэддээ кодыг нь гаргаад өгчихдөг юм бэ, хараа нь муудлаа” гэсэн. Тэгтэл О Н рүү “Чамаас болоод аавтай чинь дандаа хэрэлдэж маргалдах юмаа” гээд загнаад байхаар нь “Хүүхэд рүү яагаад дайраад загнаад байгаа юм бэ” гэсэн. О “Чам шиг юманд ингэж дарамтлуулж чадахгүй, сална, явна” гээд жижиг өрөө рүү орж хувцсаа өмсөөд орилж хашгираад байхад нь бага охин сэрээд уйлсан. Би хажуу айлын хүнээс санаа зовоод “чи яагаад зодож цохиогүй байхад орилж, чарлаад байгаа юм бэ, айл амьтнаас санаа зовдоггүй юм уу, дуугүй байгаач чи” гэж загнаад Оийн зүүн мөр, булчин руу нь гараараа 3 удаа цохисон. Өөр цохиж зодоогүй. Ингээд цохисон чинь улам орилж, чарлаад байхаар нь би гараад явсан. Гараад байрны гадаа тамхи татаж байгаад эргээд орох гэсэн чинь дотроосоо түгжчихээд онгойлгохгүй болохоор нь би аавындаа очиж хоносон...” /хх-ийн 53, 54-55/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн №2476 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Оийн биед тархи доргилт, баруун бугалга, шуунд цус хуралт тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно.

4. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...”  /хх-ийн 23/ гэсэн дүгнэлт,

 

- Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 71/,

- Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 67-70/,

- Шүүгдэгч Ч.Бийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой  бусад баримтууд /хх-ийн 25-47/  зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Ч.Бт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                                              

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ч.Бт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ч.Бт 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 0000000000000000000 хамтран амьдрагч Г.Отэй“хүүхдэд гар утас өглөө” гэх шалтгаанаар маргалдаж, түүнийг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун бугалга, шуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Г.Оийн: “...Маргалдаж байгаад Б “чи одоо, яв зайл” гээд хөөхөөр нь би хэвтэж байснаа босоод жижиг өрөө рүүгээ ороод хувцсаа өмсөж байтал араас орж ирээд “чи хоёр хүүхдээ аваад яваарай, би маргааш ажилтай, чи миний өгсөн 30,000 төгрөгийг өгөөдөх” гэж нэхсэн. ...Би май энэ мөнгөө ав гээд шидэхэд Б миний баруун гарын булчин руу олон удаа цохисон. ...Тэгээд намайг Б “гичий пизда, янхан зайлаарай, чи намайг өгдөг газраа өг, би суучихаад гараад ирнэ, харья чамайг” гэх зэргээр доромжилж загнаад байсан. Тэгэхээр би нь “өгдөг газар чинь өгнө” гээд орны цаана сууж байхад Б ирээд үсдэж дараад, толгой руу гараараа 3-4 удаа цохисон...” /хх-ийн 11-12, 13-14/ гэсэн,

 

Шүүгдэгч Ч.Бийн “...2018 оны 02 дугаар сарын 09-ний шөнө ...хүү Н маань ээжийнхээ утсыг оролдоод байхаар нь би Од “Чи яах гэж утсаа хүүхдэдээ кодыг нь гаргаад өгчихдөг юм бэ, хараа нь муудлаа” гэсэн. Тэгтэл О Н рүү “Чамаас болоод аавтай чинь дандаа хэрэлдэж маргалдах юмаа” гээд загнаад байхаар нь “Хүүхэд рүү яагаад дайраад загинаад байгаа юм бэ” гэсэн. О “Чам шиг юманд ингэж дарамтлуулж чадахгүй, сална, явна” гээд жижиг өрөө рүү орж хувцсаа өмсөөд орилж хашхираад байхад нь бага охин сэрээд уйлсан. Би хажуу айлын хүнээс санаа зовоод “чи яагаад зодож цохиогүй байхад орилж, чарлаад байгаа юм бэ, айл амьтнаас санаа зовдоггүй юм уу, дуугүй байгаач чи” гэж загнаад Оийн зүүн мөр, булчин руу нь гараараа 3 удаа цохисон. Өөр цохиж зодоогүй...” /хх-ийн 53, 54-55/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны №2476 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Оийн биед тархи доргилт, баруун бугалга, шуунд цус хуралт тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно...”  /хх-ийн 23/ гэсэн дүгнэлт, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 71/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 67-70/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүнийг заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж заажээ. 

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийн 3 дугаар зүйлд зааснаар эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч …этгээдийг ойлгох ба Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилжээ.  

 

Шүүгдэгч, хохирогч нар нь 2007 оноос хойш хамтран амьдарсан, дундаасаа хоёр хүүхэдтэй болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд хэн аль энэ талаар маргахгүй тул шүүгдэгч Ч.Бийн хамтран амьдрагч Г.Оийн биед хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг агуулж байна. 

Шүүгдэгч Ч.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Оийн эрүүл мэндэд тархи доргилт, баруун бугалга, шуунд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан, хохирогч нь эмчилгээтэй холбоотой хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгчтэй сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол, төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйл заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал шүүгдэгч Ч.Бийн үйлдэлд тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч Ч.Бийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд прокурорын саналын хүрээнд торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар:

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

      

1. Шүүгдэгч Ч.Б гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч Бийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Ч.Бт оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ч.Бт торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 1810004430434 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Г.О гомдол, саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.              

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Д.АЛТАНЖИГҮҮР