| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 2209011680977 |
| Дугаар | 2026/ДШМ/698 |
| Огноо | 2026-05-29 |
| Зүйл хэсэг | 11.3.1., |
| Улсын яллагч | Ч.Даваасүрэн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 2026/ДШМ/698
2026 05 29 2026/ДШМ/698
Б.О-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, шүүгч Л.Галбадар, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ч.Д,
нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2026/ШЗ/2337 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ч.П-ийн бичсэн 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 15 дугаартай эсэргүүцлээр яллагдагч Б.О-т холбогдох эрүүгийн ......... дугаар хэргийг 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Яллагдагч Б.О нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтын дагуу ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийгээгүй, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасны дагуу ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж мөрдүүлээгүй, тухайн нөхцөл байдалд тохирсон эрсдэлийн үнэлгээ хийгээгүй, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллаагүй, барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс 2022 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр ...... дүүргийн .... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ...... гудамжны ....... тоотод баригдаж байсан барилгын 2 давхарт ажиллаж байсан Э.Э нь унаж, эрүүл мэндэд нь хүзүүний 6 дугаар нугалмын их биеийн бяцарч шахалдсан хугарал, хүзүүний 6 дугаар нугалмын хажуугийн арын сэртэнгийн хугарал, хүзүүний 7 дугаар нугалмын гулсалт, нугас дарагдал, духанд зөөлөн эдийн няцрал, баруун шилбэнд зулгаралт бүхий хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Б.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд иргэний хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2, 1.3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзэв. Яллагдагч Б.О-т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд нотолж ирүүлээгүй байна. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 652 дугаартай магадлалд: “...Хохирогч Ж.Э-ийн эрүүл мэндэд учирсан хүнд гэмтэл нь ямар субъектын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирсан болохыг Барилгын тухай болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиар зохицуулсан харилцааны хүрээнд, гэм буруутай байж болох этгээд бүрийг холбогдуулан шалгах нь зүйтэй. Захиалагч, ерөнхий гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч, хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан хувь хүн, хуулийн этгээд хоорондын харилцаа хамаарал, тэдгээрийн хооронд гэрээний зохицуулалтаар асуудлыг шийдвэрлэх боломжтой эсэх, гэрээний улмаас үүсэх үр дагаврыг хэн хариуцах, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэх, ямар оролцогчийн үйлдэл, эс үйлдэхүйгээр гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй талаар хуульд нийцүүлэн шалгасны дараа гэм буруутай байж болох этгээдүүдийн гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв...” гэжээ. Хэргийг прокурорт буцааснаас хойш тус давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан ажиллагааг бүрэн дүүрэн хийж гүйцэтгэлгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-т “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2-т “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах болон цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөлийг эргэлзээгүй тогтооно.” гэж, 37.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хүн, хуулийн этгээд биелүүлнэ...” гэж тус тус заажээ. Мөн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 3.14-т заасан “...хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан...” нөхцөл байдал тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, яллагдагчийн өмгөөлөгч нарт хэргийн материал танилцуулахгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн, 3-р хавтаст хэргийн 65-70 дугаар талд авагдсан шинжээчийн дүгнэлтэд оролцогч нараас гомдол гаргах эрхийг мөн хязгаарласан нөхцөл байдал тогтоогдлоо. Иймд яллагдагч Б.О-т холбогдох эрүүгийн ......... дугаартай хэргийг Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцааж, хэрэг прокурорт очтол яллагдагч Б.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Прокурор Ч.П бичсэн эсэргүүцэлдээ: “...Яллагдагч Б.О-т холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЗ/910 дугаартай захирамжаар хэргийг прокурорт буцаасан. Уг захирамжийг эс зөвшөөрч хяналтын прокурор Ц.Г нь эсэргүүцэл бичсэний дагуу Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцээд, “Захиалагч, ерөнхий гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч, хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан хувь хүн, хуулийн этгээд хоорондын харилцаа хамаарал, тэдгээрийн хооронд ямар гэрээ байгуулагдсан болох, гэрээ нь хуульд заасан шаардлага хангасан эсэх, гэрээний зохицуулалтаар асуудлыг шийдвэрлэх боломжтой эсэх, гэрээний улмаас үүсэх үр дагаврыг хэн хариуцах, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэх, ямар оролцогчийн үйлдэл, эс үйлдэхүйгээр гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй талаар хуульд нийцүүлэн шалгасны дараа гэм буруутай байж болох этгээдүүдийн гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй” гэж дүгнэн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсэн. Шүүгчийн захирамж, давж заалдах шатны шүүхийн магадлалд заасны дагуу мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад, “.....” ХХК болон “......” ХХК-ийн хооронд 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 2022/01/22/001 дугаартай ерөнхий гүйцэтгэгчийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээний үүргийг зөрчиж урьдын харилцаатай байсан “Б” ХХК-ийг барилгын ажлыг туслан гүйцэтгэх ажлыг гэрээ байгуулахгүйгээр ажиллуулсан. Харин “Б” ХХК нь яллагдагч Б.О-тай 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр “Барилга угсралтын ажил гүйцэтгэх” гэрээг байгуулан ажиллуулсан нөхцөл байдал тогтоогдсон. Мөн мөрдөгч хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч З.Х, хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Г.Б, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч А.О нарын бүрэлдэхүүнтэй шинжээч томилон, 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 25/10 дугаартай дүгнэлт гаргуулсан. Уг дүгнэлтээр “...2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 125 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.1.15 дахь заалтын дагуу ерөнхий гүйцэтгэгч “Х”, “Б” ХХК-иуд, бригадын дарга Б.О нар нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь заалтын дагуу санхүүжилт гаргаж ажилчдын аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр арга хэмжээ авч ажиллаагүй, мөн “Х” ХХК нь барилга угсралтын ажилд туслан гүйцэтгэгчээр иргэд буюу бригад авч ажиллуулсан нь Монгол Улсын Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12 дахь (“барилгын ажил гүйцэтгэгч” гэж захиалагчтай гэрээ байгуулсны үндсэн дээр барилгын ажлыг гүйцэтгэх эрх бүхий хуулийн этгээдийг) заалтын дагуу барилгын үйл ажиллагааг зөвшөөрөл авсан хуулийн этгээд гүйцэтгэнэ, 18 дугаар зүйлийн 18.1 дэх (Барилгын үйл ажиллагааг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу тусгай зөвшөөрөл, барилгын ажлын зөвшөөрөл, бүртгэлийн үндсэн дээр эрхэлнэ), 18.2 дахь (Энэ хуулийн 10.1.2. 10.1.3, 10.1.4. 10.1.5-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжийн барилгын ажлыг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд эрхэлнэ) гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Дээрх мөрдөн байцаалтын ажиллагаанд цугларсан баримтуудыг хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн Б.О болон “Х” ХХК, “Б” ХХК нь Барилгын тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, "Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийг тус тус зөрчсөний улмаас хохирогч Э.Э-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж прокуророос дүгнэсэн. Мөрдөн байцаалтын явцад, “Х” ХХК, “Б” ХХК-ийн холбогдох албан тушаалтнуудын үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан 3 жилийн хугацаа өнгөрсөн тул яллагдагчаар татах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Харин “Х” ХХК, “Б” ХХК-иудыг гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хуулийн этгээд гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу иргэний хариуцагчаар татсан болно. Хэргийг прокурорт буцааснаас хойш шүүхийн магадлалд дурдсан ажиллагааг бүрэн дүүрэн хийж гүйцэтгэлгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн гэх шүүхийн дүгнэлт үндэслэлгүй, хийгдвэл зохих дээрх ажиллагааг хийж гүйцэтгэсэн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2026/ШЗ/2337 дугаартай шүүгчийн захирамжийн зарим хэсгийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.
Прокурор Ч.Д тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эсэргүүцлийг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид ямар нэмэлт ажиллагаа хийлгэх гэж байгаа нь тодорхой бус байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.О-т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Прокуророос яллагдагч Б.О-ыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, иргэний хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд нотолж ирүүлээгүй байна гэж үзээд мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2, 1.3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Яллагдагч Б.О-т холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 910 дугаартай шүүгчийн захирамжаар хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасныг прокурорын эсэргүүцэлд үндэслэн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцэж, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн ба уг 2024/ДШМ/652 дугаар магадлал хуулийн хүчин төгөлдөр болжээ.
Тус магадлалд хэргийн талаар нотолбол зохих байдал бүрэн нотлогдоогүй буюу “хохирогч Ж.Э-ийн эрүүл мэндэд учирсан хүнд гэмтэл нь ямар субьектын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирсан болохыг Барилгын тухай хууль болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиар зохицуулсан харилцааны хүрээнд гэм буруутай байж болох этгээд бүрийг холбогдуулан шалгах нь зүйтэй. Захиалагч, ерөнхий гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч, хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан хувь хүн, хуулийн этгээд хоорондын харилцаа хамаарал, тэдгээрийн хооронд ямар гэрээ байгуулагдсан болох, гэрээ нь хуульд заасан шаардлага хангасан эсэх, гэрээний зохицуулалтаар асуудлыг шийдвэрлэх боломжтой эсэх, гэрээний улмаас үүсэх үр дагаврыг хэн хариуцах, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэх, ямар оролцогчийн үйлдэл, эс үйлдэхүйгээр гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй талаар хуульд нийцүүлэн шалгасны дараа гэм буруутай байж болох этгээдүүдийн гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй” гэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус ажиллагааны зорилтыг “...гэмт хэргийг бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх...” гэж тодорхойлсон.
Дээрх зорилтын хүрээнд тус хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж,
мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж тус тус хэргийн бодит байдлыг тогтоох зарчмыг хуульчилсан.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ДШМ/652 дугаар магадлалд дурдагдсан хэрэгт нэмэлт ажиллагаа хийх асуудал нь хэргийн бодит байдлыг тогтооход чиглэгдсэн бөгөөд мөрдөгчийн мөрдөн шалгах, прокурорын хяналт тавих чиг үүргийн хүрээнд хамаарч байна.
Давж заалдах шатны шүүхийн магадлалаар шүүхийн хэлэлцүүлгээр нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэх зайлшгүй шаардлагын улмаас тухайн хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг хүлээн авч, магадлалын заалт биелэгдээгүй үндэслэлээр дахин хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээс прокурорт буцааж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй болно.
Монгол Улсын эрүүгийн эрх зүйн тогтолцоонд эрүүгийн процесс нь мөрдөн байцаалтын (шүүхийн өмнөх үе), шүүн таслах ажиллагааны (шүүхийн шатны) гэсэн ялгаа зааг бүхий үе шаттай бөгөөд хэргийн бодит байдал нь бүрэн дүүрэн хийгдсэн мөрдөн байцаалт, прокурорын хяналтын үр дүнгээс шууд хамаардаг.
Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг “Барилгын ажил гүйцэтгэгч дараахь чиг үүрэгтэй”-ийн 40.1.5 дахь заалт “барилгын ажлын талбайн орчны хөдөлмөр хамгааллын дэглэмийг сахиулж, гуравдагч этгээдийг барилгын ажлаас шалтгаалсан болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг авах” гэж,
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт “Захиалагч, ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах, болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт зайлшгүй шаардагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг гэрээнд тодорхой тусгана. Хэрэв гэрээнд энэ талаар тусгаагүй бол тухайн асуудлыг ерөнхий гүйцэтгэгч хариуцна” гэж тус тус заажээ.
Дээрх хуулийн хэм хэмжээ нь иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор тодорхой субьектүүдийн эрхэлж байгаа үйл ажиллагаатай нь уялдуулан хуулиар үүрэг хүлээлгэж, уг үүргээ биелүүлээгүйгээс бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэлд хариуцлага хүлээлгэх цогц зохицуулалт болно.
“Х” ХХК, “Х” ХХК, “Б” ХХК-иудын аль нэгний хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйтэй холбоотой эс үйлдэхүйтэй хамааралтай болох, эсхүл уг компаниуд бүгд буруутай эсэхийг дээрх хуулийн зохицуулалтын хүрээнд шийдвэрлэж, тухайн хуулийн этгээдүүдээр хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүнд зэргийн гэмтлийн хохирол, хор уршгийг арилгуулахтай холбоотой арга хэмжээг авах нь зүйтэй.
Прокурор эсэргүүцэлдээ, “... мөрдөн байцаалтын явцад, “Х” ХХК, “Б” ХХК-ийн холбогдох албан тушаалтнуудын үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан 3 жилийн хугацаа өнгөрсөн тул яллагдагчаар татах боломжгүй нөхцөл байдал үүссэн. ...” гэжээ.
Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг “Барилгын ажил гүйцэтгэгч дараахь чиг үүрэгтэй”-ийн 40.1.5 дахь заалт, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт тус тус захиалагч, ерөнхий болон туслан гүйцэтгэгчийн үүрэг, хариуцлагыг тодорхой тусгасан байхад эдгээр хуулийн зохицуулалтын хүрээнд буруутай хуулийн этгээдүүдийн эрх бүхий албан тушаалтныг яллагдагчаар татах ажиллагааг шуурхай явуулалгүй цаг хугацаа алдсан нь мөрдөгч, прокурорын хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаагүйтэй шууд холбоотой байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог.
Дээрх зорилтын хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа нь зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу явагдах бөгөөд мөрдөгч, прокурор нь хуулиар зөвшөөрсөн арга, хэрэгслээр яллах болон цагаатгах нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоосноор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны болон бодит үнэнийг тогтоох зарчмууд хангагдана.
Иймд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих зүйл нотлогдоогүй” үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан журмын дагуу прокурорт буцаасан нь үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Иймд, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2026/ШЗ/2337 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ч.П-ийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2026/ШЗ/2337 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ч.П-ийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Н.БААСАНБАТ
ШҮҮГЧ Л.ГАЛБАДАР
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР