Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2018/01090

 

Н.А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч М.Наранцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2018/00326 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Н.А-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Анхны албадан дуудлага худалдаанд оруулсан үнэлгээг болон анхны дуудлага худалдаанд оруулах тогтоол, үнэлгээ тогтоосон ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэболд, гуравдагч этгээдийн өмгөөлөгч П.Ганбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч Н.А- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Г.Намжимсүрэнг гуйгаад байхаар нь түүнд тусалж, түр зээл авахад нь түр хугацаанд гэж ойлгосон боловч тэрээр намайг хуурч эхнээсээ өөрийн авсан зээлийг миний хөрөнгөөр төлөх зорилго агуулж, хууран мэхэлсэн. Энэ үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн, ажиллагааны явцад Сүхбаатар дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн 2017.02.17-ны 12/ш-и/1036 дугаар албан бичиг танай албанд хүргэгдсэн атал анхны дуудлага худалдааг зарлаж товлосныг болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээснийг мэдэгдлээ. Прокурорын эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол хуулийн хүчин төгөлдөр болоогүй байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсэнд болон дуудлага худалдаа зарлан явуулсан ажиллагаанд гомдол гаргасан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн гэж ойлгож байтал дээрх ажиллагаанууд хийгдэж, миний үл хөдлөх эд хөрөнгийг 142.954.449 төгрөгөөр үнэ тогтоогоод худалдах гээд байгааг ойлгоогүй, шалгуулахыг хүссэн байх үед ямар ч хүнгүй дуудлага худалдаа явуулсан нэрээр одоо 100.068.114 төгрөгөөр зарагдаагүй. Энэ хугацаанд 2017.05.16-ны өдрөөс хойш бичгээр 2 удаа, амаар 4 удаа гомдол гаргаж байгаа ба 2017.07.04-ний өдрийн 3/637 өдрийн хариуг өглөө. Хүсэлтийг маань шийдвэрлэж өгөхгүй байснаас шалтгаалан шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан боловч шүүгчийн 2017.07.06-ны өдрийн 9947 дугаар захирамжаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д заасны дагуу захирамж гаргасан. Үнэлгээ хийсэн хөрөнгийн үнэлгээ хийсэн Лэндс ХХК-ийн тусгай зөвшөөрөл, үнэлгээ хийх үед дууссан байсан ба зөвшөөрөлгүй үедээ үнэлгээ хийсэн нь буруу байна. Иймд миний өмчлөлийн Баянгол дүүргийн 05 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 78 дугаар байрны 01 тоотод байрлах, Улсын бүртгэлийн Ү-2205054063 дугаартай 56 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай орон сууцыг 100.068.114 төгрөгөөр үнэлэн анхны албадан дуудлага худалдаанд оруулсан үнэлгээг болон анхны дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, үнэлгээ тогтоосон ажиллагааг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдол гаргаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төлбөр төлөгч Г.Намжимсүрэнгээс 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оруулах үнийн санал авахад 250.000.000 төгрөгөөр үнийн санал өгсөн. Төлбөр авагч Есөн дэлбээ ХЗХоршоо нь төлбөр төлөгч Г.Намжимсүрэн нь үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үйлчилгээний зориулалттай сууцыг 250.000.000 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шинжээч томилж өгнө үү гэж хүсэлт гаргасан. Төлбөр төлөгч, төлбөр авагч нар нь үнийг харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйл, 37 дугаар зүйлүүдэд заасны дагуу Лэндс ХХК-ийг 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр шинжээчээр томилоход уг орон сууц нь 142.954.449 төгрөгөөр үнэлэгдсэн байна. Орон сууцны үнэлгээг 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 3/4948 дугаартай мэдэгдлээр төлбөр төлөгч Г.Намжимсүрэнд мэдэгдсэн. Үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 142.954.449 төгрөгийн 70 хувиар тооцон 100.068.114 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр оруулсан боловч худалдан борлогдоогүй болно. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж, үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулахдаа төлбөр төлөгч Г.Намжимсүрэнгийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг бууруулан тогтоогоогүй, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнийг тогтоосон нь хууль зөрчөөгүй байх тул Н.А-гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

  Гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэрээр хариуцагч Г.Намжимсүрэнгээс төлбөр гаргуулж манай хоршоонд олгохоор шийдвэрлэсэн 2016 оны 3 сарын 03-ны өдөөс хойш өнөөдрийг хүртэл 1 жил 7 сар зээлээ төлөхгүй хугацаа хэтрүүлснээс манай хоршоо нь эд хөрөнгийн хохирол, зардлаар хохирч, олох ёстой байсан орлогоо алдаж, манай эрх ашиг сонирхол ихээр хөндөгдөж, маш их хохирч байна. Манайх зээлдэгч Г.Намжимсүрэнгээс цаашдаа эрхээ хамгаалах, алдсан ашиг орлого, зардлаа нөхөж төлүүлэх арга хэмжээг тууштай авах болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага албадан дуудлага худалдааг ямар ч алдаагүй хууль зөрчөөгүй, хуулийн дагуу зөв явуулсан гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан өөрчлөлтөөр энэ гомдлыг авч хэлэлцээд гаргах шүүхийн шийдвэр эцсийнх байх ёстой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002.01.10/ 87 дугаар зүйлийн 87.3-т зааснаар Н.Амарзаягийн  гаргасан гаргасан Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 78 дугаар байрны 01 тоотод байрлах, Улсын бүртгэлийн Ү-2205054063 дугаартай 56 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай орон сууцыг 100,068,114 төгрөгөөр үнэлэн анхны дуудлага худалдаанд оруулсан үнэлгээг болон анхны дуудлага худалдаанд оруулах тогтоол, үнэлгээ тогтоосон ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Н.А-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар  зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Н.Батбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэр Гүйцэтгэх газар нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.2-т заасан хуулийн шаардлагаас гадуур Н.А-гаас үнийн санал авалгүй зөвхөн үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгчээс үнийн санал авч үл хөдлөх хөрөнгийг үнэлгээг үнэлүүлсэн нь хууль бус юм. Иймд 100.068.114 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгон, нэхэмжлэлийн шаадлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Н.А- нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 78 дугаар байрны 01 тоотод байрлах, Улсын бүртгэлийн Ү-2205054063 дугаартай 56 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай орон сууцыг 100.068.114 төгрөгөөр үнэлэн анхны дуудлага худалдаанд оруулсан үнэлгээг болон анхны дуудлага худалдаанд оруулах тогтоол, үнэлгээ тогтоосон ажиллагааг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 03 дугаар сарын 03ы өдрийн 101/ШШ2016/01866 дугаар захирамжаар Г.Намжимсүрэн нь Есөн дэлбээ ХЗХ-нд 72 330 000 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч хариуцагчийн зөвшөөрлийг баталж шийдвэрлэсэн ба уг захирамжид шүүхээс гүйцэтгэх хуудас бичигдсэнээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан байна. /хх-ийн 11, 31/.

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 123/4 тоот тогтоолоор төлбөр төлөгчийн өмчлөлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 78 дугаар байрны 01 тоотод байрлах, Улсын бүртгэлийн Ү-2205054063 дугаартай 56 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай орон сууцыг битүүмжилж, 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 123/5 тоот тогтоолоор хураажээ. /хх-ийн 37, 40/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 оны/ хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-т шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах үйл ажиллагаа явуулахдаа ...эд хөрөнгийг битүүмжлэх, албадан барьцаалах, хураах, худалдан борлуулах ажиллагаа явуулж болохыг зохицуулсан бөгөөд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан дээрх ажиллагаа хуульд нийцсэн энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй болно.

 

Дээрх үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааг явуулахаас өмнө дуудлага худалдааны санал болгох доод үнийн талаар төлбөр төлөгч, төлбөр авагч нар харилцан тохиролцоогүй тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Лэндс ХХК-ийг үнэлгээчнээр томилж, уг үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 оны/ хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцжээ.

 

Төлбөр төлөгч Г.Намжимсүрэн 250 000 000 төгрөгөөр үнийн санал гаргасныг төлбөр авагч Есөн дэлбээ ХЗХ зөвшөөрөөгүй үйл баримт тогтоогдсон байна /хх-ийн 44-45/

 

Шинжээч Лэндс ХХК нь 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дүгнэлтээр үйлчилгээний зориулалттай орон сууцыг 142 954 449.90 төгрөгөөр үнэлсэн, энэхүү үнэлгээний 70 хувь буюу төгрөгөөс анхны дуудлага худалдааг явуулахаар шийдвэрлэж төлбөр төлөгч, төлбөр авагч нарт болон өмчлөгч нарт мэдэгдсэн, энэ талаар нийтэд мэдээлсэн хариуцагч байгууллагын ажиллагаа хууль зөрчөөгүй байна. /хх-ийн 48- 64/

 

Хөрөнгийн үнэлгээний Лэндс ХХК нь үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнээс багаар үнэлсэн гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй, шинжээч дүгнэлт гаргахдаа Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.

 

Гуравдагч этгээд Есөн дэлбээ ХЗХ-нд барьцаалагдсан дээрх үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь Бэлэгсайханы Индра, Намсрайн Амарзаяа нар байх /хх-ийн 47/ бөгөөд шийдвэр гүйцэтгэгчээс 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр өмчлөгч нараас үнийн санал авахаар тодруулахад Ч.Бэлэгсайхан нь ...би гэр бүлийнхээ хүнтэй зөвлөлдөж байгаад маргааш өглөө өгч болох... гэсэн хариу өгсөн нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд тусгагдсан, Ч.Бэлэгсайхан нь үнийн санал гаргаж өгч байсан . /хх-ийн 42, 43/ зэргээс үзэхэд үнийн санал өгөх талаар өмчлөгчид мэдэгдсэн шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 оны/ хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, 20.4-т заасантай нийцсэн гэж үзэх үндэстэй байх тул ... өмчлөгчөөс үнийн санал аваагүй... гэсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Хариуцагч байгууллага үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нарт үнийн санал авахаар мэдэгдсэн байхаас гадна шийдвэр гүйцэтгэх бусад ажиллагааны талаар удаа дараа мэдэгдэх хуудас хүргүүлж байжээ. Мөн Ч.Бэлэгсайханыг өмчлөгч нараас үнийн санал авах талаар тайлбар өгөх, мэдэгдлийг хүлээн авах эрхгүй этгээд гэж нэхэмжлэлдээ заагаагүй, энэ талаар нэхэмжлэгч тал маргаагүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2018/00326 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Н.А-гийн төлсөн 210 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР

ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ

Н.БАТЗОРИГ