Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 668

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга А.Арай,

улсын яллагч Б.Жаргал,

шүүгдэгч Б.Д түүний өмгөөлөгч С.Баасандорж,

хохирогч Н.Б түүний өмгөөлөгч Ц.Батбаяр нарыг оролцуулан хийсэн анхан шатны шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Боржигон овогт Бадарчийн Дид яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн  1805036370678 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1970 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, яс үндэс халх, 48 настай, эрэгтэй, бага боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “............” ХХК-д засварчин ажилтай, Хан-Уул дүүргийн ...............хороо ...... дугаар гудамжны ..........тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Бадарчийн Д

 

Шүүгдэгч Б.Д нь 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны Дулааны 4 дүгээр цахилгаан станцын трубины цехэд дулааны шугамын дулаалгын ажил хийж байхдаа хурдан ажилла гэсний улмаас Н.Бтай маргалдаж нүүрэн тус газарт нь өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д мэдүүлэхдээ: “2018 оны 6 дугаар сарын 30-ны өдөр би Бтай цуг ажиллаж байсан. Б жоохон удаан хийгээд байхаар нь хурдан хий гэж хэлэхэд өөдөөс үг хэлээд маргалдсан. Би хохирогчоос уучлалт гуйсан. Би хохирогчийн эрүүн тус газар нь нэг удаа өшиглөсөн. Би эмчилгээний зардалд 162.000 төгрөг төлсөн” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Б мэдүүлэхдээ: “2018 оны 6 дугаар сарын 30-ны өдөр би Дтой дулааны шланк ороож байсан юм. Би шланкны зангилааг тайлах гэж байхад Д надад “тэнэг пизда минь хурдлаач” гэхээр нь “та давраад байгаарай” гэхэд намайг цохисон. Би манараад зогсож байхад намайг боосон. Тэгэхэд цаанаас нь Арсланбаатар нэг юм яриад байсан ба манай ажлын хүмүүс ирж бид хоёрыг салгасан. Тэгээд би доод давхар руу буугаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Миний уруул язарч, дээд талын 2 шүд хугарсан байсан. 32 дугаар тойргийн шүдний эмнэлэгт үзүүлэхэд шүдээ авахуулахаас өөр арга байхгүй гэсэн. Одоо шүд хийлгэхэд 4.000.000 төгрөг шаардлагатай болж байна” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

 

Хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч А.Бгийн “2018 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн орой 20 цагийн үед ТЭЦ-4 дотор байдаг трубин цехэд би дулааны шугам дулаалж байсан Д бид хоёр дулааны шугамын 2 талд гараад шилэн хөвөнгөөр дулааны шугамыг ороогоод төмөр утсаар ороож байхад төмөр утас нь орооцолдож байсан. Тэгээд би зангилааг нь гаргах гээд байж байхад Д намайг яачихваа хурдлаачээ гэсэн. Би зангилааг нь гаргаадхая одоохон гэхэд наадах чинь зүгээр татаад гарчихдаг юм, хурдлаачээ пизда минь гэж намайг хэлэхээр нь би та яахаараа намайг пизда минь гэж хэлдэг юм давраад байгаарай гэж хэлэхэд Д том дулааны шугам дээр гарч зогсоод хөлөөрөө миний нүүр рүү өшиглөчихсөн. Тэгээд би эрүүгээ бариад зогсож байхад Д бууж ирээд намайг боосон. Тэгээд юм  яриад байсан. Юу яриад байсанг би ойлгоогүй. Тэгээд боож боож байгаад тавьсан. Би доошоо 1 давхар руу буугаад 102-т дуудлага өгсөн. Нэг л удаа өшиглөсөн. Өөр цохиж зодоогүй, хоолой боосон. ... Уруул язарч оёулсан дээд 2 шүд хөдөлгөөн орчихсон. Хүндүүр байснаа том шүд нь хөдлөх нь гайгүй болчихсон. Хажуу талын шүд нь хөдөлсөн хэвээрээ байгаа. ...Гомдолтой байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 10-11 дүгээр хуудас/

 

Гэрч Т.Арсланбаатарын “... Тэр хоёрыг хоорондоо юу ярьсан юунаас болж маргалдсанг мэдэхгүй байна. Тухайн үед ажлын байр дуу чимээ ихтэй байсан учир чихэндээ бөглөөтэй байсан болохоор сонсоогүй. Нэг харсан Д 250-н шугам дээр гараад зогсчихсон байсан. Тэгээд гэнэтхэн л хөлөөрөө Бг тийрэх шиг л болсон. Унаж сүйд болсон юм болоогүй. Тэгээд Д шугам дээрээс буугаад Бг бариад авахаар нь боль гээд орилсон. Тэгээд тэр хоёр больсон. Ер нь зодоон гэхээр зүйл болоогүй. ...Тухайн үед Бгийн уруулнаас цус гарчихсан байсан. Өөр сүртэй нүүр царайнд нь гэмтэл гэх зүйл ажиглагдаагүй. Тэгээд л Б гараад явчихсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 12-13 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүхийн эмнэлгийн шинжилгээ №8221 дугаартай:

“1. Бгийн биед уруулын зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, уруулын дотор салстын язарсан шарх, 1 шүдний сулрал, хугарал бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2.4 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 16 дугаар хуудас/

 

Б.Дийн яллагдагчаар өгсөн “2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр би 4-р цахилгаан станцын трубины цехэд шугам дулаалж байхад туслах ажилтан Б удаан хөдлөөд байсан. Тэгэхээр нь би хурдал пизда минь гэхэд амандаа нэг юм хэлээд байсан. Би тэр үгийг нь сонсоогүй. Тэгээд би дулааны шугаман дээр гараад Б руу хөлөөрөө тийрчихсэн. Б цаашаа эргээд явсан. Би ажлаа хийгээд үлдсэн. Намайг ажлаа хийж байхад цагдаа ирээд намайг аваад явсан. ... Хохирлыг барагдуулах болно” гэсэн мэдүүлэг. /хэргийн 42-44 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгч Б.Д нь хохирогч Н.Бтай зүй бус байдлаар харьцсаны улмаас Н.Бгийн нүүрэн тус газарт нь өшиглөж уруулын зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, уруулын дотор салстын язарсан шарх, 1 шүдний сулрал, хугарал бүхий  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудаар тогтоогдсон гэж үзлээ.

 

Өөрөөр хэлбэл  шүүгдэгчийн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба Б.Дийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.

 

Иймд Прокуророос Б.Дид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон тул шүүгдэгчийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй байна.     

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тус тус тодорхойлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилжээ.

 

Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, мөн бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй байна.  

 

Шүүгдэгч Б.Дийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Н.Бгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хэрэгт цуглуулсан баримтын хэмжээнд 162.000 төгрөг өгсөн нь “Б.Доос хохирол болох 162.000 төгрөг хүлээн авлаа” /хэргийн 52 дугаар хуудас/ гэсэн баримтаар нотлогджээ.

 

Иймд шүүгдэгч Б.Доос гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй гэж дүгнэв. 

 

Харин хохирогчийн өмгөөлөгчөөс шүүхэд “хохирогч Н.Б шүдээ эмчлүүлэх төлбөрийн баримт гаргаж өгөх шаардлагатай тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэжээ.

 

Энэ хүсэлт нь Б.Дид холбогдох хэрэгт түүний гэм буруутай эсэхийг хянан хэлэлцэхэд саад болохгүй, хэргийн бодит байдлыг тогтооход нөлөөлөхгүй бөгөөд хохирогч Н.Б нь өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа цуглуулан иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй тул түүний хууль ёсны эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Д баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй байна.

 

Шүүх, шүүгдэгч нарын анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй хувийн байдал, улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан санал зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчид 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,  шүүгдэгч нарын орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                                  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Бадарчийн Дийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Дийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Д торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

               

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Д торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.Д баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч Н.Б өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа цуглуулан иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Дид  авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

    

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        А.АЛТАНХУЯГ