Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энэбишийн Золзаяа |
Хэргийн индекс | 182/2018/00375/И |
Дугаар | 210/МА2018/01289 |
Огноо | 2018-06-04 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 210/МА2018/01289
2018 оны 06 сарын 04 өдөр | Дугаар 210/МА2018/01289 |
Ч-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2018/00548 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Ч-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***т холбогдох,
Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хохиролд 9 328 224 төгрөгийг гаргуулах, уг хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Ч-
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Бадамжаргал
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Билгүүн
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 онд Баянзүрх дүүргийн татварын хэлтэст татварын улсын байцаагчаар ажиллаж байх хугацаанд намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан тул шүүхэд хандсан. Улмаар 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 181 дугаартай захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр намайг ажлаас халсан ажил олгогчийн тушаал, шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж ажилд эргүүлэн тогтоосон. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн зүгээс давж заалдаж гурван шатны шүүхээр шийдвэрлэгдэж Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 209 дугаартай тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
Гэтэл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэлгүй даруй 6 сарын турш намайг хүлээлгэсний эцэст Гааль ***ын даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/195 дугаартай тушаал гарч намайг Т-т улсын байцаагчаар томилсон юм. Ажил олгогчийн буруутай, хууль зөрчсөн үйлдлийн улмаас миний эрх, хууль ёсны ашиг сонирхол 2014 оны 11 сараас эхлэн 2016 оны 03 сар хүртэлх хугацаанд буюу 17 сарын хугацаанд зөрчигдөж хууль бусаар ажлаас үндэслэлгүй халагдсантай холбоотойгоор ажилгүй, цалин орлогогүй, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт тасарсан зэргээр хохироод байна.
Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 482.1, 498 дугаар зүйлийг үндэслэн шүүхээс тогтоосон цалингийн хэмжээгээр ажилгүй байсан хугацааны 12 сард тооцогдох нийт 9 328 224 төгрөгийн олговрыг хариуцагчаас гаргуулах, мөн шүүхийн шийдвэрийн дагуу болон ажилгүй байсан хугацааны тасарсан нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гааль, ***ын даргын 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Б/195 дугаар тушаалаар Ч-ыг Т-т татварын улсын байцаагчаар томилсон.
Ч- нь нэхэмжлэлдээ ямар үндэслэлээр 9 328 224 төгрөгийг олгуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэж өгөх талаар дурдаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсгийн 62.1.4-д нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт-ыг нэхэмжлэлд тусгасан байна гэдгийг зөрчсөн байх бөгөөд Ч- уг мөнгийг нэхэмжлэх хууль зүйн үндэслэл тусгаагүй байгаа нь ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, татвар шимтгэлийг нөхөн төлүүлж, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийх үндэслэлгүй гэж үзэхээр байна.
Иймд Ч-ын ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, татвар шимтгэлийн нөхөн төлүүлж, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх гэсэн нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч ***аас 8 966 664 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч-д олгон нэхэмжлэлийн шаардлагаас 361 559 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д заасны дагуу нэхэмжлэгч Ч-ын 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагч ***т даалгаж,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 164 201 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ***аас 158 417 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч-д олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулахаар хуульчилсан байна. Тодруулбал, Хөдөлмөрийн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт энэ хуулийн 36.1, 2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнхцах олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно, мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурвсан сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж тухайн асуудлыг нарийвчлан зохицуулсан байхад шүүх ...эдгээр хэм хэмжээ тухайн харилцаанд зэрэгцсэн хамгаалалтыг санал болгож буй өрсөлдөх хэм хэмжээ мөн гэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэснийг зөрчсөн.
Шүүхийн шийдвэрт ...ийнхүү улсын байцаагчаар томилогдсоноос хойш удирдах албан тушаалтнуудтай удаа дараа уулзаж ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговроо гаргуулахаар шаардахад шийдвэрлэж өгнө гэж харилдаг байсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагчаас үгүйсгэн маргаагүй болно. Эдгээр үйл баримтаас ажил олгогчийн хууль бус шийдвэрийн улмаас нэхэмжлэгч Ч-ын хөдөлмөрлөх, цалин хөлс авах үндсэн эрх нь ... зөрчигдөж, ... эд хөрөнгөд нь гэм хор учирсан гэж дүгнэх үндэстэй байна гэсэн байх бөгөөд шүүхээс нэхэмжлэгчийн шүүх хуралдааны явцад амаар гаргасан тайлбар буюу ямар нэг баримт бичгээр нотлогдоогүй зүйлийг бодитоор болсон мэтээр дүгнэсэн нь учир дутагдалтай бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 129 дүгээр зүйлийн 129.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д зааснаар шүүхийн шийдврийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Нэхэмжлэгч Ч- нь хариуцагч ***т холбогдуулан 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацаан дахь цалин хөлстэй тэнцэх олговорт 9 328 224 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан гэм хорын нэхэмжлэл гэж үзсэн нь хэрэглэвэл зохих хуулийг оновчтой тайлбарлаж чадаагүйг давж заалдах шатны шүүхээс залруулах нь зүйтэй байна.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 181 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Ч-ыг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн татвар хураалтын тасгийн татварын улсын байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговрыг хариуцагч ***аас гаргуулж шийдвэрлэсэн байх ба хариуцагч тал шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасныг 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 250 дугаартай давж заалдах шатны шүүхийн магадлал, 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 209 дугаартай Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн тогтоолоор шүүхийн шийдвэрийг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ. /хх 32-48/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд ажил олгогч нь дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлж, нэхэмжлэгчийг 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/195 дугаартай тушаалаар Т-т улсын байцаагчаар томилсон байх тул нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалингийн олговрыг ажил олгогчоос шаардах эрхтэй.
Харин уг шаардах эрхийг хэрэгжүүлэхдээ хуульд заасан хугацааг баримтлах үүрэгтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар маргаан таслах комиссын шийдвэрлэх эсэх асуудал дотор ажлаас үндэслэлгүй халагдсантай холбоотой маргааны төрөл хамаарахгүй, харин цалин хөлсний зөрүүтэй холбоотой гарсан маргааныг шийдвэрлэхээр заасан байна. Мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дэх хэсэгт зааснаар хүндэтгэн үзэх шалтгаантай байсан бол шүүх уг хугацааг сэргээж болно.
Нэхэмжлэгч Ч- нь 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр ажилд эгүүлэн томилогдсоноор түүнийг хууль бусаар ажлаас чөлөөлсөн хугацааны эрхийн зөрчил арилсан байна. Энэ үеэс ажлаас үндэслэлгүй халагдсантай холбоотой ажилгүй байсан хугацааны олговор шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой болсноос хойшхи 3 сарын дотор буюу 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор шүүхэд гомдол гаргаагүй байна. 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гомдол гаргасан нь хүндэтгэн үзэх шаалтгаантай байсан гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй тул нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан 3 сарын хугацаанд шүүхэд гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэж, ажилгүй байсан хугацааны цалин 9 328 224 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг өөрөө тодорхойлох хүрээнд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах гэж тодорхойлсон байхад нэхэмжлэгчийн өмгөөлөгч нэхэмжлэлийн үндэслэлийг өөрчлөх үндэслэлийг өөрчлөх эрхийг олгоогүй нөхцөлд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл түүний хүрээ хязгаарын дотор шийдвэрлэх үүрэгтэй. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлт /хх 54/, анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар /хх 70-76/-ыг үндэслэн нэхэмжлэлийн үндэслэлийг өөрчилж шийдвэрлэсэн нь буруу болжээ. Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлийг өөрчилж байгаа тохиолдолд бичгээр гаргуулж, хариуцагчид гардуулах, тайлбар авах ажиллагаа явуулах учиртай.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх зөрчил гаргасан байх боловч талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргаанд хэрэглэвэл зохих хууль болох Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байх тул хэргийг дахин шийдвэрлүүлэх шаардлагагүй гэж үзсэн болно.
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нарын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2018/00548 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт хэсэгт заасныг баримтлан хариуцагч ***т холбогдох ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэгч Ч-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 164 201 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ
Э.ЗОЛЗАЯА