Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 673

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч А.Баясгалан,

шүүгдэгч Ө- нарыг оролцуулан хийсэн анхан шатны шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан  Шарилж овогт Эрдэнэхүүгийн Ө-т яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн  1805021970633 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, .......оны .. дугаар сарын ... -ны өдөр Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн, ...настай, эрэгтэй, дээд боловсролтой, Математик-Мэдээлэл зүйн багш мэргэжилтэй, Баянгол дүүргийн ....... дугаар дунд сургуульд  математикийн багш ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, ............... гудамж ....... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,  Шарилж овогт Эрдэнэхүүгийн Ө-, .................

 

Шүүгдэгч Ө- нь согтуурсан үедээ 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 21 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ахуйн үйлчилгээний төвийн замын урд талын автобусны буудлын орчим хохирогч Э.Т-г маргааны улмаас хүзүүг нь заамдаж боон зүүн хүзүүний зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

Хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хохирогч Э.Т-гийн “... Тэгэхэд манай нөгөө багийн багш нар бид нар луу залгаад “Минж” плазагийн хажуу талын  караокед байна гэж дуудсан. Тэгээд бид нар очоод дөнгөж суугаад байж байхад гаднаас Ө- хэсэг багш нартай орж ирээд Чимэддорж багшийг барьж аваад хоолойг нь боосон. Тэгэхэд тэнд байсан багш нар гараад тараад гарцгаасан. Тэгээд тэр хоёр араас гарч ирээд Ө- баарны гадаа орилоод та нарыг бүгдийг чинь ална хаана байна гээд хашгираад байсан. Тэгээд намайг барьж аваад шууд хоолойноос заамдаж боогоод дагуулаад явсан. Тэгэхэд араас Чимэддорж багш ирээд хажууд хараад зогсож байсан. Тэгээд Ө-аас гуйгаад намайг тавьчих гэхэд гар нь сулрахаар нь би гарыг нь түлхчихээд зугтаад явсан. ... Тухайн үед Ө- дунд зэргийн согтолттой өөрийгөө хянах чадвартай байсан. ... Би зүгээр байж байгаад Ө-т боолгосондоо гомдолтой байна. Мөн эмчилгээний зардлаа нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 17-18 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №4329 дугаартай:

“1. Т-гийн биед хүзүүний зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 20 дугаар хуудас/

 

Мөрдөн байцаалтад Ө-ын яллагдагчаар өгсөн “2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр сургуулийн багш нарын гар бөмбөгийн тэмцээн Баянгол дүүргийн 47 дугаар сургууль дээр болоод орой 18 цаг өнгөрч байхад тарсан.

... Тэгээд бөөнөөрөө сууцгааж байгаад тэмцээн дээр болсон явдлаас болж Т-тэй маргалдсан. Тэгээд караокеноос бүгдээрээ гарцгаасан чинь Т- намайг нүүр рүү мөргөчихөөд Ахуй үйлчилгээний тийшээ зугтахаар нь би буудлын орчим гүйцэж барьж аваад Т-г цамцны энгэрнээс нь татаад караоке руу чирсэн. ... Би өөрийн зүгээс буруутай үйлдэлдээ гэмшиж ухаарч байгаа” гэсэн мэдүүлэг. /хэргийн 29-30 дугаар хуудас/

 

Гэрч О.Мөнхзаяагийн “...Тэгээд тараад нөгөө багийн эмэгтэйчүүдтэй бид нар хажуу талд нь байрлах караоке руу орцгоогоод суусан. Тэр үед Т- гаднаас араас орж ирчихээд намайг сая Ө- заамдаж авсан. Би явлаа гээд яваад өгсөн. Тийм л зүйл болсон. Би маргалдаж муудалцаж, заамдахыг нь хараагүй. Харин сүүлд нь Т- орж ирээд намайг сая Ө- заамдсан гэж хэлж байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 54 дүгээр хуудас/

 

Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн “... Гэмтлийн зэргийн журамд зааснаар хүзүү, нүүрэнд учирсан зулгаралт, цус хуралт нь хүний нүдэнд ил харагддаг, зовиур ихээр илэрч болох учир дээрх 2.6-д заасан эмнэл зүйн шинж тэмдэг илрээгүй жижиг зулгаралт, цус хуралт үүсээгүй шалгуур шинжид нийцээгүй учир Т-гийн биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн мэдүүлэг /хэргийн 57 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Иймд шүүгдэгч Ө- нь хохирогч Э.Т-тэй хувийн таарамжгүй харьцаанаас болж хоорондоо маргалдан улмаар хүзүүг нь заамдаж боон зүүн хүзүүний зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шинжээчийн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдсон гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба шүүгдэгч Ө- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ... гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тус тус тодорхойлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилжээ.

 

Хохирогч Э.Т- “... Ө-аас эмчилгээтэй холбоотой төлбөр болон бусад нэхэмжлэх зүйл байхгүй болно” гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүгдэгч Ө- Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцоно” гэх хүсэлтийг тус шүүхэд бичгээр гаргасаныг шүүх хангасан болно.

 

Нөгөөтэйгүүр хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ө- баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Шүүх, шүүгдэгч Ө-  анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй хувийн байдал, улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан санал зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчид 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,  шүүгдэгч нарын орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                                  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Шарилж овогт Эрдэнэхүүгийн Ө-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ө-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ө- торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

               

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ө- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  Ө- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол  Ө-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     А.АЛТАНХУЯГ