Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2017/00305

 

Т.Сарнайцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2016/00891 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 70 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Т.Сарнайцэцэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-т холбогдох,

Гэм хорын хохиролд 5 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэгийн гаргасан гомдлоор

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Батгэрэл, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Т.Сарнайцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Сарнайцэцэг миний бие Д.Эрдэнэбилэгээс Опел вита 8323 УБӨ улсын дугаартай автомашиныг худалдан авч, 2009 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр тээврийн хэрэгслийн бүртгэлд өөрчлөлт орсон. Автомашин худалдан авсны дараа уг автомашин эвдрэлтэй байсан тул Д.Эрдэнэбилэгтэй уулзаж энэ талаар хэлэхэд “...чи машинаа надад өгч бай, би засварлаад өгье...” гэж хэлэхэд нь би итгэж машиныг буцааж өгсөн. Удалгүй Д.Эрдэнэбилэг олдохгүй байсан ба би хайгаад олоогүй. Ингээд “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-т хандахад миний зөвшөөрөлгүй автомашиныг бусдад худалдсан болох нь тодорхой болсон. Би өөрийн худалдан авсан автомашиныг эвдрэлтэй байна гээд буцаагаад өгсөн нь үнэн боловч миний зөвшөөрөлгүй бүртгэлд өөрчлөлт оруулж, иргэн О.Болдоод шилжүүлсэн нь “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ыг буруутай гэж үзэж байна. Ингэснээр надад шууд хохирол учирсан тул хохирлыг “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ хариуцах ёстой. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүйгээр хохирол учруулсан этгээд уг гэм хорыг шууд хариуцан арилгана гэж заасан. Төрийн ажилтны санаатай, буруутай үйлдлийн улмаас жирийн иргэн би хохирох учиргүй. Иймд надад учирсан хохирлыг арилгаж, зөрчигдсөн эрхийг хамгаалж, гэм хорын хохиролд 5 000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбат шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ нь тээврийн хэрэгслийг эзэмшигчийг сольж нэр шилжүүлэхдээ “Авто тээврийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-ын дагуу шилжүүлэг хийдэг. Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг Авто тээврийн үндэсний төв хийдэггүй, Зам тээврийн яам хариуцан хийдэг байсан. Тухайн үед Опел вила 8323 УБӨ улсын дугаартай автомашины шилжилт хөдөлгөөнийг журмын дагуу бүрдүүлэх материалыг бүрдүүлж шилжүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2016/00891 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас гэм хорын хохиролд 5 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.Сарнайцэцэгт олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 95 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Авто тээвэр үндэсний төв” ТӨҮГ-аас 95 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.Сарнайцэцэгт олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 70 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2016/00891 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Т.Сарнайцэцэгийн хариуцагч “Авто тээвэр үндэсний төв” ТӨҮГ-аас гэм хорын хохиролд 5 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлөөлөгч Т.Мөнх-Эрдэнийн төлсөн 95 000 төгрөгийг буцаан олгохыг дурьдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 70 тоот магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Магадлалын хянавал хэсэгт хариуцагч талаас “...үүргээ зөрчсөн болох нь тогтоогдож байна...” гэсэн байх ба үүргээ зөрчсөн буруутай нь тогтоогдсон юм бол хариуцлага байх ёстой. Нэхэмжлэгч үүргээ зөрчсөн учир хохирол гаргуулна гэж нэхэмжилсэн ба хариуцагч үүргээ зөрчөөгүй учир хариуцахгүй гэсэн. Хэрэг маргаан шийдвэрлэх ажиллагааны явцад үүргээ зөрчсөн нь тогтоогдож гэм хорын төлбөрийг төлүүлэх шийдвэр гарсан байтал давж заалдах шатны шүүх хариуцагч үүргээ зөрчсөн учир хохирол төлөх ёсгүй гэжээ. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Үл хөдлөх хөрөнгө улсын бүртгэлээр өмчлөл өөрчлөгддөг бол тээврийн хэрэгсэл АТҮТ-ийн бүртгэлээр өмчлөл өөрчлөгддөг. Аваар осолтой холбоотой маргааныг шүүх шийдэхдээ тухайн тээврийн хэрэгслийг хэн ашиглаж, эзэмшиж байсан гэдгээс нь үл хамаарч АТҮТ-ийн бүртгэл хэний нэр дээр байгаагаар нь хариуцлага хүлээлгэдэг. Энэ нь АТҮТ-ийн бүртгэлээр өмчлөл тогтоогддог болохыг харуулна. Шүүх АТҮТ-ийн өмчлөлд хамаарахгүй гэж шийдсэнийг хүлээн зөвшөөрөхгүй.

Үүргээ зөрчсөн байгууллага хариуцлага хүлээгээд, хариуцлага хүлээсэн байгууллага албан тушаалтнаасаа уг төлбөрийг гаргуулан авах хуультай ба уг албан тушаалтан харин өөрт нь нөлөөлсөн этгээдтэй тооцоогоо бодож болох юм. Гэтэл шүүх төрийн байгууллага үүргээ зөрчиж болно, иргэн хохирч болно, төр иргэнд учирсан хохирлыг арилгахгүй гэсэн нь төр иргэн шүүхийн өмнө тэгш эрхтэй байх зарчим алдагдлаа.

Хүн өөрийнхөө хохирлыг хэдээр ч үнэлж болно. Сэтгэл санаа, цаг хугацаа, шууд болон шууд бус зардал гэх мэт. Хариуцагч тал буруутай тохиолдолд уг хохирлын хэмжээний тал дээр үнийн дүнг зөвшөөрөх, эс зөвшөөрөх, үнэлгээ хийлгэх, шинжээч томилуулах гэх мэт эрхийг эдлэн мэтгэлцдэг.

Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагаас шинэ өмчлөгч нарын хаяг, гэрээ, зэрэг мэдээллийг шаардахад гаргаж өгдөггүй, материал алга болсон гэдэг учир Иргэний хуульд заагдсан эрхээ эдэлж нэхэмжлэл гаргасан.

Өмчлөлийг өөрчилж бүртгэсэн, өмчөө алдсан үйлдэлд шалтгаант холбоо үүсэж байна. Мөн хариуцагч давж заалдах гомдолдоо шинэ өмчлөгч нартай уулздаг, ярилцдаг гэж бичсэн нь хариуцагч шинэ өмчлөгч нар харилцан хамааралтай, таньдаг, уулздаг болох нь харагдана. Сайн таньдаг, мэддэг юм бол шүүх хуралд оролцуулах эрх нь хариуцагчид өөрт нь байсан.

Иймд гэм буруу нь тогтоогдсон, хариуцагч тал хохирлын хэмжээний талаар маргаагүй, өмчлөх эрхийг хууль бусаар шилжүүлсэн нь тогтоогдоод байхад гэм буруутай этгээд гэм хорыг арилгаж болохгүй гэсэн Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцжээ.  Зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх эрхээ бүрэн хэрэгжүүлжээ.

Нэхэмжлэгч Т.Сарнайцэцэг нь хариуцагч “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-т холбогдуулан гэм хорын хохиролд 5 000 000 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “…хариуцагч байгууллага нь автомашины шилжилт хөдөлгөөн хийхдээ хууль ёсны эзэмшигч миний   зөвшөөрөлгүйгээр, бүрдэл дутуу материалыг хүлээн авч, эрхийг бусдад шилжүүлснээс эд хөрөнгөөрөө хохирсон ” гэж тодорхойлжээ.  

Т.Сарнайцэцэг нь “Opel Vita” маркын 83-23 УБӨ дугаартай автомашины эзэмшигч болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр нотлогдсон байна. “Авто тээврийн үндэсний төв” нэхэмжлэгч Т.Сарнайцэцэгийн тээврийн хэрэгсэл эзэмших эрхийг түүний зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлж, хууль бус үйлдэл хийсэн гэм буруу баримтаар тогтоогджээ. Хариуцагч нь бүртгэлийг залруулж, одоогийн байдлаар Т.Сарнайцэцэгийн нэр дээр эзэмших эрхийг буцааж шилжүүлсэн баримт хэрэгт мөн авагдсан байна. 

Нэхэмжлэгч нь дээрх автомашиныг Д.Эрдэнэбилэгээс худалдан авч, доголдлыг засуулахаар түүнд өгсөн боловч  эд хөрөнгөө биетээр буцааж авч чадаагүй, бодит эзэмшлээ алдсны дараа хариуцагчийн буруугаас эзэмших эрхээ алдсан үйл баримт хэрэгт байгаа баримтаар тогтоогдсон байна.

 Анхан шатны шүүх  Авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, дугаар олгох, журмыг зөрчсөн хариуцагч байгууллагын гэм буруугийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн боловч хариуцагчийн үйлдлийн улмаас нэхэмжлэгч эд хөрөнгөөрөө хохирсон эсэх буюу гэм буруутай үйлдэл, уг үйлдлээс учирсан шалтгаант холбоо, үр дагаврын талаар дүгнэж чадаагүй, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсгийг зөв тайлбарлаж хэрэглээгүй алдааг давж заалдах шатны шүүх  зөвтгөж, хуульд нийцүүлжээ.

Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагын буруутай үйлдлийн улмаас эд хөрөнгөө алдаагүй, харин өөрөө эд хөрөнгөө өөр этгээдэд өгч, бодит эзэмшлээ алдсанаар хохирол учирсан байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүссэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны  шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Нийслэлийн Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 70 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дүгээр зүйлийн 56.1-т зааснаар  нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 95 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                Х.СОНИНБАЯР

                   ШҮҮГЧ                                                          П.ЗОЛЗАЯА