Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 221/2018/0491/З |
Дугаар | 221/МА2018/0599 |
Огноо | 2018-11-21 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 221/МА2018/0599
“Ф-А” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч “Ф-А” ХХК-ийн захирал Т.Г, түүний өмгөөлөгч Ш.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О, Д.Б нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0572 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, Ц.О нарын давж заалдах гомдлоор, “Ф-А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0572 дугаар шийдвэрээр: “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг тус тус баримтлан Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Ц.О, Л.Г нарын 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 40/15 тоот актаар “Ф-А” ХХК-д ногдуулсан 149 654 954 төгрөгийн төлбөрийг өршөөн хэлтрүүлж” шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, Ц.О нар давж заалдах гомдолдоо: “...ГЕГ-ын даргын баталсан 2015 оны 07-р сарын 21-ний өдрийн 87/15 тоот удирдамжийн дагуу ГУБ Л.Г, Ц.О нар "Ф-А" ХХК-ийн 2013-2015 оны эхний хагас жилийн санхүүгийн бичиг баримтад бүрдүүлэлтийн дараах шалгалтыг хийхэд тус компани нь 2015 оны 04-р сарын 07-ны өдрөөс 2015 оны 06 сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд БНХАУ-аас худалдан авч импортолсон 149654950.82 төгрөгийн барааг гаалийн байгууллагад мэдүүлээгүй зөрчил илэрсэн тул Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2.1 дэх заалтыг үндэслэн 100000 төгрөг торгож дээрх 149,654,954.82 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын төсөвт төвлөрүүлэхээр Гаалийн улсын байцаагчийн 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 40/15 тоот актыг үйлдсэн.
Гэтэл "Ф-А" ХХК нь гаалийн улсын байцаагчийн дээрх шийдвэрийг үл хүлээн зөвшөөрч тус актыг бүхэлд хүчингүй болгохоор Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасныг 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх шийдвэрээр Гаалийн улсын байцаагчийн гаргасан акт нь үндэслэлтэй, хууль ёсны болон нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна. Мөн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг тус тус баримтлан дээрх Гаалийн улсын байцаагчийн 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 40/15 тоот актаар "Ф-А" ХХК-д ногдуулсан 149654950.82 төгрөгийн төлбөрийг өршөөн хэтрүүлэхээр заасан байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг дараах Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д зааснаар “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн” гэж үзэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна. Үүнд:
Нэг. Анхны Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.” гэж заасан байгаа нь зөвхөн шийтгэлээс чөлөөлөхийг заасан байна. Өөрөөр хэлбэл Гаалийн улсын байцаагчийн 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 40/15 тоот актаар Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2.1 дэх заалтыг үндэслэн 100000 төгрөг торгож дээрх 149,654,954.82 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын төсөвт төвлөрүүлэхээр тогтоосон бөгөөд уг актын шийтгэл 100000 төгрөг болж байна. Иймд уг хуулийн заалтын дагуу 100000 төгрөгийн шийтгэлийн төлбөрийг өршөөн хэтрүүлэх, нийт 149,654,954 төгрөгийн төлбөрийг "Ф-А" ХХК-иар төлүүлэх нь ёстой байсан уг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.
Хоёр. Мөн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2,-д “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна.” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл гаалийн улсын байцаагчийн төлбөрийн акт 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 40/15 тоот актаар тогтоосон байхад уг хуулийн дагуу төлбөрийн актыг өршөөн хэтрүүлсэн байгаа нь хуулийг мөн буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.
Гурав. ГЕГ-ын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагчийн 2014 оны 06/14 тоот актаар Баясах трейд ХХК-ий гаргасан зөрчилд Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2.1 дэх заалтыг үндэслэн 150000 төгрөг торгож дээрх 54,542,772 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлэснийг тус компани нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу өршөөн хэтрүүлэх талаар гомдол гаргасныг Захиргааны хэргийн бүх шатны шүүхээр хэлэлцэн зөвхөн 150000 төгрөгийн шийтгэлээс чөлөөлж 54,542,772 төгрөгийн төлбөрийг Баясах трейд ХХК-иар төлүүлэхээр шийдвэрлэж байсан болно. Гэтэл яг нэг ижил хуулийн зүйл заалтын дагуу шийдвэрлэсэн гаалийн улсын байцаагчийн актын төлбөрийг өөр өөр хуулийн заалтын дагуу Захиргааны хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.
Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 128/ШШ2018/0572 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хууль эрхзүйн хувьд үндэслэлтэй гаалийн улсын байцаагч нарын тогтоосон төлбөрийн актыг хэвээр баталж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч “Ф-А” ХХК нь Гаалийн ерөнхий газарт холбогдуулан “Гаалийн улсын байцаагчийн 40/15 дугаартай актыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч, хэргийг хянан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасантай нийцэхгүй байна.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “Ф-А” ХХК нь маргаан бүхий актын талаар буюу Гаалийн улсын байцаагчийн 40/15 дугаартай актыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулахаар 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд хандсаныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 1152 дугаар захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан, уг захирамжид нэхэмжлэгчээс гомдол гаргаагүй, тухайн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Ийнхүү нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан хүчин төгөлдөр шүүгчийн захирамжид заасан үндэслэл арилаагүй байхад анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байтал нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу байна.
Тодруулбал, мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д “нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа”, 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж тус тус зааснаар хэргийн оролцогчид шийдвэрлэсэн асуудлаар дахин маргах эрхгүй, шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах учиртай.
Дээрх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, “Ф-А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0572 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан “Ф-А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, “Гаалийн улсын байцаагчийн 40/15 дугаартай актыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН