Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 351

 

“С” ХХК-ийн гомдолтой,

 Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө

газрын улсын ахлах байцаагч

Б.А-д холбогдох

зөрчлийн хэргийн тухай

 

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч: Танхимын тэргүүн Ч.Тунгалаг

            Шүүгчид:                       Г.Банзрагч

                                                М.Батсуурь

                                                Х.Батсүрэн

            Илтгэгч шүүгч:             Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

            Гомдлын шаардлага: “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчийн 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” №0059282 тоот Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”,

             Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2020/0421 дүгээр шийдвэр,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 472 дугаар магадлалтай,

            Шүүх хуралдаанд оролцогч: гомдол гаргагчийн өмгөөлөгч Ж.О, хариуцагч Б.А , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.З нарыг оролцуулж,

            Гомдол гаргагч “С” ХХК-ийн өмгөөлөгч Ж.О-ийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2020/0421 дүгээр шийдвэрээр: Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.9, Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан “С” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчийн 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” №0059282 тоот Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу гомдол гаргагч “С” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 70.200 төгрөгийг гаргуулж гомдол гаргагчид олгож шийдвэрлэжээ.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 472 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 421 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Хяналтын гомдлын үндэслэл:

3. Гомдол гаргагч “С” ХХК-ийн өмгөөлөгч Ж.О хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх тухайн хэргийг хянан шийдвэрлэхдээ хариуцагчийн давж заалдах гомдолд дурдаагүй асуудлаар хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан нь нэхэмжлэгч буюу гомдол гаргагчийн эрхийг ноцтойгоор зөрчсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх дараах үндэслэлүүд байна.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж зааснаас үзвэл давж заалдах шатны шүүх зөвхөн нэхэмжлэгч буюу гомдол гаргагч “С” ХХК-ийн гомдлын хүрээнд хэргийг шийдвэрлэх, мөн хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлын хүрээнд хэргийг шийдвэрлэх ёстой байсан юм.

5. “С” ХХК-ийн хувьд магадлалд дурдсан Нийслэлийн прокурор Ц.Мөнхжаргалаас гаргасан гомдол бүхий хэрэгт ямар нэг байдлаар оролцогч бус, энэ хэргийн талаар гомдол, нэхэмжлэл гаргасан зүйлгүй, ийм хэрэг шүүхэд хянан шийдвэрлэгдсэн талаар мэдээгүй болно.

6. Мөн түүнчлэн магадлалд “С” ХХК-д торгууль оногдуулсан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Б.А гийн 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 0059282 дугаар Шийтгэлийн хуудсыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хоёр тусдаа шийдвэрээр хүчингүй болгон шийдвэрлэсэн, хоёр тусдаа шүүхийн шийдвэрээр дүгнэлт өгч, шийдвэр гаргасан нөхцөл байдал тогтоогдож байна. Энэ байдал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “аль нэг захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагаанд тухайн маргаантай хэрэг байгаа, ... хэргийг шүүх нэг ажиллагаагаар нэгтгэн хэлэлцэж болно” гэж заасны дагуу анхан шатны шүүх дээрх хэрэг маргааныг нэгтгэн шийдвэрлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй” гэсэн нь хуулийн уг зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэлтэй юм.

7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “аль нэг захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагаанд тухайн маргаантай хэрэг байгаа,... хэргийг шүүх нэг ажиллагаагаар нэгтгэн хэлэлцэж болно” гэж заасан боловч энэхүү хуулийн зохицуулалт нь шүүгч тухайн хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд өөрийн дотоод итгэл үнэмшлээр, хараат бусаар шийдвэр гаргах үүднээс хэргийг нэгтгэхгүйгээр шийдвэрлэж болох эрхэд халдах үндэслэл болохгүй юм.

8. Мөн нөгөөтэйгүүр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нь зөвхөн тухайн хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх үүргээ биеүүлэлгүй нэхэмжлэгч буюу гомдол гаргагч компанид мэдэгдээгүй шүүхийн шийдвэр, магадлалыг хэрэгт байгаа мэтээр дүгнэх замаар хэргийг нэгтгэн шийдвэрлэх ёстой гэх дүгнэлтийг анхан шатны шүүхийн өмнөөс хийсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болсон гэж үзэж байна.

9. Иймээс хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсын бөгөөд үндэслэл бүхий болсон гэж үзэж байгаа болно.

10. Харин давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэлгүй, нэхэмжлэл, гомдолд дурдаагүй үндэслэлээр магадлал гаргасан нь үндэслэлгүй болсон гэж үзэж байна.

11. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 472 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

ХЯНАВАЛ:

12. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

13. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчийн 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0059282 дугаар шийтгэлийн хуудсаар “... И-Март худалдааны төвд махны үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн” гэх зөрчил тогтоон, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь заалтыг үндэслэн “С” ХХК-ийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан, гомдол гаргагчаас “...аж ахуй эрхлэгчийн борлуулалт болон үнийн асуудалд төрийн оролцоо байх учиргүй ... /байхад/ улсын ахлах байцаагч Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.10-т заасныг буруу ойлгон, тайлбарлаж хэрэглэсэн, ... шийтгэлийн хуудас хууль зүйн үндэслэлгүй” гэж маргасан, хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтаас үзвэл, Баянгол дүүрэгт байрлах “С” ХХК-ийн И-Март худалдааны төвд үхрийн мах ангиллаасаа хамаарч нэг килограмм нь 13300-18300 төгрөгөөр худалдаалагдаж байгаад 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс хонины мах килограмм тутамдаа 1200-1350 төгрөгөөр, үхрийн мах килограмм тутамдаа 1300-1700 төгрөгөөр тус тус нэмэгдсэн, талууд уг үйл баримттай маргаагүй, хариуцагчаас “...үндэслэлгүйгээр махны үнийг нэмж,  хэрэглэгчдийг хохироосон тул ... Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дахь зүйлийн 4.7-д заасныг үндэслэн “С” ХХК-д Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйл 6.1, 6.1.1, 6.1.2-д заасны дагуу нэн даруй 20000 нэгжийн үндсэн торгууль ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй...” гэж маргажээ.

14. Анхан шатны шүүх маргааны үйл баримтуудад холбогдуулан хэрэглэвэл зохих Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дахь зүйлийн 4.7 дахь заалтыг тус тус зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

15. Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т “... /аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн/ хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх…/үйл ажиллагаа явуулахыг хориглох/”-оор, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д “... /аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн/ хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох”-оор тус тус заасан, тухайн тохиолдолд “Е-Март худалдааны төвд хонины махыг килограмм тутамд нь 1200-1350 төгрөгөөр, үхрийн махыг килограмм тутамд нь 1300-1700 төгрөгөөр тус тус нэмэгдүүлэн худалдаалсан” нь “С” ХХК-ийг Өрсөлдөөний тухай хуульд заасан “өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн”, “хууль ёсны ашиг сонирхолд харшилсан”, “хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн” гэж үзэх үндэслэл болохгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, зөв байна.  

16. Өөрөөр хэлбэл, аж ахуй эрхлэгчээс зах зээлд худалдан борлуулж байгаа бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, буурах үйл явц нь уг зах зээл дэх эрэлт, нийлүүлэлтээс хамаарах ерөнхий зарчимтай, харин тухайн аж ахуй эрхлэгч нь зах зээлд “зүй ёсны монополь байдалтай” эсхүл “давамгай байдалтай” тохиолдолд, төрөөс буюу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар тухайн этгээдийн борлуулж буй бараа бүтээгдэхүүний үнийн өөрчлөлтийг хянахаар Өрсөлдөөний тухай хуулиар зохицуулсан, холбогдогч “С” ХХК нь тухайн зах зээлд “зүй ёсны монополь байдалтай” эсхүл “давамгай байдалтай” аж ахуйн нэгж биш байх тул “Е-Март худалдааны төвд худалдаалагдаж буй хонь, үхрийн махны үнэ нэмэгдсэн” гэх үндэслэлээр, Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасан зөрчил тогтоож, шийтгэл оногдуулсан нь уг хуулийн зохицуулалтуудад нийцээгүй гэж үзнэ.

17. Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Ц.Мөнхжаргалаас “С” ХХК-д оногдуулсан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Б.А гийн маргаан бүхий 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 0059282 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан, уг шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 307 дугаар шийдвэрээр гомдлыг хангаж,  шийтгэлийн хуудсыг хүчингүй болгон шийдвэрлэсэн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 460 дугаар магадлалаар “... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “С” ХХК-ийг гуравдагч этгээдээр оролцуулаагүй нь ... /хуульд/ нийцээгүй” гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасан, уг шийтгэлийн хуудаст холбогдуулж “С” ХХК-ийн гомдлоор анхан шатны шүүхэд тусдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж, уг актын хууль зүйн үндэслэлийг нэгэнт хянасан, дээрх байдлаар хууль бус болох нь тогтоогдсон байх тул “... шийтгэлийн хуудсыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хоёр тусдаа шийдвэрээр /хоёр удаа/ хүчингүй болгон шийдвэрлэсэн” нь анхан шатны шүүхэд уг маргааныг дахин хянан хэлэлцэх үндэслэл болохгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

18. Өөрөөр хэлбэл, “хэргийг нэгтгэн шийдвэрлээгүй” нь энэ тохиолдолд “шүүхийн шийдвэрт ноцтой нөлөөлсөн” гэж үзэхээргүй, давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан нь “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шуурхай, нэг мөр, давхардалгүй, хэргийн оролцогчдод чирэгдэлгүйгээр” шийдвэрлэх шүүхийн зорилгод нийцэхгүй, энэ талаарх гомдол гаргагчийн өмгөөлөгч Ж.Очирхуягийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй.

19. Иймд, гомдол гаргагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 472 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2020/0421 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан гомдол гаргагч “С” ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Ч.ТУНГАЛАГ

            ШҮҮГЧ                                                                Д.МӨНХТУЯА