Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 5

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Цэцэгмаа би, Д.Э*******ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох “Д.Э*******ын газар эзэмших эрхийг хуулийн дагуу сэргээн эдлүүлэхээс татгалзсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоон, зөрчигдсөн эрхийг сэргээн Д.Э*******од эзэмшүүлсэнтэй адил хэмжээний газрыг өөр газарт шилжүүлэн эзэмшүүлэх шийдвэрийг Газрын тухай хуульд нийцүүлэн гаргахыг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Э******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Миний бие болон Нийслэлийн Засаг даргыг төлөөлж Нийслэлийн Газрын албаны дарга Э.Б******* нар эвлэрлийн гэрээг 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан тул тус эвлэрлийн гэрээг баталж, Д.Э*******ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Д.Э*******, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б******* нарын хороонд байгуулсан 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2016/01 дүгээр эвлэрлийн гэрээнд: 

“...Хоёр. Нэхэмжлэгч Д.Э*******ын эдлэх эрх, хүлээх үүрэг 

2.1.1. ...Д.Э******* нь Барилга байгууламжийн төлөвлөлтийн талаар холбогдох эрх бүхий байгууллагын санал дүгнэлт, зөвшөөрлийг бүрэн авсан байна.

2.2.2. Улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр баригдах барилга байгууламж, зам, дулааны магистрал шугам шинэчлэх, засварлах тохиолдолд өөрийн эзэмшил газар дээгүүр саадгүй нэвтрүүлэх, дамжин өнгөрүүлэх, чөлөөлөх, газрын нөхөн сэргээлтийг өөрсдийн хөрөнгөөр хийж, гүйцэтгэх.

2.1.3. Газар эзэмших хүсэлт, түүнд хавсаргах баримтыг бүрдүүлж өгөх.

2.1.4. Эвлэрлийн гэрээг баталсан шүүгчийн захирамжийг үндэслэн Нийслэлийн Газрын албанд газар эзэмших хүсэлтээ гаргаж, шийдвэрлүүлэх.

Гурав. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын эдлэх эрх, хүлээх үүрэг,

3.1. Гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг Д.Э*******од шаардах эрхтэй.

3.2. Газрын тухай хууль болон журамд нийцүүлэн газар эзэмшүүлэх шийдвэр гаргах.

3.3. Газрын тухай хууль, тогтоомжид нийцүүлэн эзэмшил газрын талбайн хэмжээг нэмэгдүүлэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд газар эзэмшүүлэх шийдвэр гаргаж, газар эзэмших эрхийн гэрээ хийн, гэрчилгээ олгох.

3.4. Газар эзэмшүүлэх шийдвэр гаргахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг шаардах.

Дөрөв. Бусад зүйл

4.2. Д.Э******* нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Нийслэлийн Засаг дарга гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар иргэний шүүхэд нэхэмжлэл гарган асуудлыг шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй болно” гэж тус тус заажээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д нэхэмжлэгч нь “...хариуцагчтай эвлэрэх” эрхтэй, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д хариуцагч нь “...нэхэмжлэгчтэй эвлэрэх” эрхтэй, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Д.Э*******, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б******* нар нь харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээг 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-д “Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.Э******* болон хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б******* нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б*******д 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 01/4202 дугаар албан бичгээр олгосон итгэмжлэлд “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.1, 28.2.5, 28.2.6-д заасан эрх”-ийг тус тус олгожээ. 

Нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т “...шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж заасан талаар тайлбарласан бөгөөд түүнийг ойлгож, зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Д.Энхбодын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч Д.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б******* нар харилцан тохиролцож, 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 2016/01 дүгээр Эвлэрлийн гэрээ байгуулсны дагуу эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгч Д.Э*******оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.  

 

 

ШҮҮГЧ                        М.ЦЭЦЭГМАА