Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 15

 

2016.11.23                                        15

Г.Энхчимэгт холбогдох
эрүүгийн хэргийн талаар

226/2016/0017/Э

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч О.Баатарсүх, Б.Сүхгомбо нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд хийв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга: Н.Болор-Уянга
Прокурор:Г.Амарсайхан /онлайнаар/
Хохирогч: Т.Туяа
Ялтны өмгөөлөгч: Ж.Цээсүрэн нар оролцов.
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуянгийн даргалж шийдвэрлэсэн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, хохирогч Т.Туяагийн  давж заалдах гомдлоор эрүүгийн 201617000245 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Сүхгомбын илтгэснээр хянан хэлэлцэв.
    Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд 1982 онд төрсөн, 34 настай, эмэгтэй,  дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Баруун-Урт сумын 4 дүгээр баг Төмөртэйн 11-14 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Зээрднүүд овгийн Ганболдын Энхчимэг / РД: ЛЮ82040723/

Г.Энхчимэг нь 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 19.00 цагийн үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төвд “Одкон” хотхоны гадаа хэрүүл маргааны улмаас Т.Туяаг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 10 дугаар сарын 12-ны өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолоор: шүүгдэгч Зээрднүүд овгийн Ганболдын Энхчимэгийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар шүүгдэгч Г.Энхчимэгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1.152.000 /нэг сая нэг зуун тавин хоёр  мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг мэдэгдэж,  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан ялтан Г.Энхчимэгээс 186.600 төгрөг гаргуулан хохирогч Т.Туяад олгож, тэрээр цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, ялтан Г.Энхчимэг энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг  дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй гэж тус тус шийдвэрлэжээ.

Хохирогч Т.Туяа нь давж заалдах гомдолдоо: Би 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Энхчимэгт зодуулсан юм. Би уг хэргээс болж нүдэндээ гэмтэл авч хагалгаанд орсон. Эмчилгээ болон замын зардалд 376600 төгрөгийг зарцуулснаас 190000 төгрөгийг Энхчимэгээс авсан. Харин үлдсэн төлбөр 186000 төгрөгийг надад төлөөгүй. Гэтэл Сүхбаатар аймгийн шүүхээс түүнд торгох ял оногдуулсныг нь би хүлээн зөвшөөрөхгүй байна. Энхчимэг нь учруулсан хохирлоо бүрэн төлөөгүй бөгөөд надаас огт уучлалт гуйгаагүй байхад ийм хөнгөн ял оноосон нь буруу. Иймд түүнд оногдуулсан ялыг хүндрүүлж өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Г.Энхчимэг нь 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр  Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төвд “Одкон” хотхоны гадаа хэрүүл маргааны улмаас иргэн Т.Туяаг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Гэрч Б.Батхуягийн хэрэг бүртгэлтэд өгсөн: “... 2016 оны 8 дугаар сарын 17-ны орой намайг гэртээ байхад гадаа 2 хүүхэн бахиралдаад байсан. Манайх Одкон байрны 1 давхарт амьдардаг. Цонх нээлттэй учраас гадаа болж байгаа бүх юм сайн сонсогдож харагддаг. Тэгээд харсан чинь Энхчимэг манай орцны цэвэрлэгч Туяаг зодоод байсан” гэх, /хх-8х/
Гэрч С.Адъяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “ 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр би Одконы СӨХ-ийн ажлыг хүлээлгэн өгсөн.  Өөрийнхөө эд зүйлийг зөөлгөх гээд охин Энхчимэгийг машинтай нь дуудсан юм. Туяа СӨХ-ийн байцаагч Оюунчимэгийг “муу сэгсгэр гичийг алнаа” гэх мэтээр хэл амаар доромжлоод байсан. Тухайн үед Оюунчимэг манай охины машинд суучихсан. Гэтэл Туяа Оюунчимэгийг машинаас гаргах гээд зууралдаад байхаар нь би очоод “та нар боль” гэхэд Туяа намайг “чи ер нь Оюунчимэгийг өмөөрдөг хэн бэ ” гээд миний цамцнаас зуураад нүүр рүү нулимаад байхаар нь манай охин Энхчимэг намайг өмөөрөөд Туяаг надаас салгаж түлхсэн. Тэр үед Туяа газар унаад эргэж босч ирээд Энхчимэгийн үснээс зуураад авсан. Энхчимэг Туяаг салгах гээд нүүрэнд нь гараараа хүрэх шиг болсон. Тэгтэл Туяагийн хамраас цус гарсан” гэх, /хх-9х/
Гэрч Э.Сансартайван хэрэг бүртгэлтэнд өгсөн: Туяаг үзэхэд хамрын нуруу эмзэглэлтэй, баруун тийш муруйсан, дээд эрүүний зүүн 2-р шүд суларсан байсан. Энэ нь  хөнгөн зэргийн гэмтэл юм” гэх, /хх- 11х/
Шүүгдэгч Г.Энхчимэгийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Манай ээж 2016 оны 08 сарын 17-ны өдөр ажлаа өгье гээд СӨХ-ийн хуралдаанаа зарласан. Тэгээд хурал дууслаа гээд намайг дуудсан. Би ээжийгээ авах гэж очсон. Байрнаас ээжийнхээ юмыг авч гарах гэж байхад Оюунчимэг эгч Туяа эгч хоёр муудалцаад байсан. Оюунчимэг эгч миний машинд сууж байхад Туяа эгч хөөе “ янхан минь“ гэж хэлсэн. Би та яагаад эмэгтэй хүнийг ингэж хэлж байгаа юм бэ гэхэд Туяа эгч намайг “Чи хоёр хүүхэдтэй янхан биздээ” гэж хэлсэн. Тэр үед би биеэ барьж чадаагүй. Туяа эгчийн нүдний хагалгааны мөнгийг би хариуцахгүй. Энэ хэргээс хойш нүдээ гэмтээсэн гэж би сонссон. Би түүний нүдэнд гэмтэл учруулаагүй. Энэ бүгд миний буруу. Хохирогчид өмгөөлөгчөөрөө дамжуулж 190.000 төгрөг өгсөн. Тухайн үед миний буруу байсан. Би Туяа эгчээс уучлалт гуйж байна ...гэх мэдүүлгүүд болон Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 562 тоот: Т.Туяагийн биед зүүн нүдний зовхинд цус хуралт, хамрын салавчийн муруйлт, шүдний суларсан гэмтэл тогтоогдлоо. Энэ гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, үйлдлийг зөв зүйлчилсэн, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн  хуульд заасан төрөл хэмжээний ял оногдуулсан болон Энхчимэг нь хохирогчид давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө 170000 төгрөгийг төлсөн байх тул хохирогчийн Энхчимэгт оногдуулсан ялыг хүндрүүлж өгнө үү гэж  давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.
 Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлийн 325.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Т.Туяагийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч нар хяналтын журмаар гомдол гаргах, Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

    

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.ДЭНСМАА
                                 ШҮҮГЧИД                                           О.БААТАРСҮХ
                                                                                                   Б.СҮХГОМБО