| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 184/2017/00884/И |
| Дугаар | 210/МА2017/02011 |
| Огноо | 2017-09-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2017/02011
| 2017 оны 09 сарын 06 өдөр | Дугаар 210/МА2017/02011 |
О-н нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2017/01636 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч О-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч Ж-,
Хариуцагч *** ХХК-д тус тус холбогдох,
Орон сууц худалдах, худалдан авах гэрээг цуцлах тухай иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Тамир,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Э.Батбаяр
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Дашдаваа
Хариуцагчийн өмгөөлөгч: Ч.Нямцоож
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.
Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О- би Налайх дүүргийн 2 дугаар хороо, 42 дугаар байрны 00 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч билээ. Миний охин болох Д- түүний нөхөр А- нар нь Тэсо ХХК-ийн охин компани болох *** ХХК-д худалдааны төлөөлөгчөөр ажилд орохын тулд миний өмчлөлийн байрыг тус компанид 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдөр барьцааны гэрээ байгуулан барьцаанд тавьсан байдаг.
А-, Д- нар нь тус компанид ажиллаж байх хугацаанд өр дутагдал гарч *** ХХК-иас Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2016 оны 8 сард өргөдөл гарган миний охин болох Д-г сэжигтнээр тооцож шалгасан. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаартай Прокурорын тогтоолоор Д-ийн үйлдэл нь иргэд хоорондын гэрээний үүргийн биелэлттэй холбоотой маргаан болох нь баримтаар нотлогдсон гэж үзэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Гэтэл Д-г цагдаагийн байгууллагад сэжигтнээр шалгагдаж байх хугацаанд буюу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол албан ёсоор гараагүй байхад *** ХХК-ийн хуулийн зөвлөх П-, Э- нар намайг болон миний охин Д-, түүний нөхөр А- нарыг хуурч мэхлэн дараах саналыг тавьж худалдах, худалдан авах гэрээ болон зээлийн гэрээнүүдийг байгуулсан.
Үүнд *** ХХК-ийн Д-д хандан нэгэнт өр дутагдал гарсан болох нь нотлогдож байна. Ийм учраас шинээр зээлийн гэрээ байгуулахгүй бол цаашид эрүүгийн хариуцлага хүлээлгэх учраас манай компанийн зээлийн гэрээ байгуулах саналыг хүлээж ав. Чамд өөр боломж байхгүй гэж хэлэн Д- болон түүний нөхөр А- нартай 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан байдаг.
Зээлийн гэрээ байгуулснаас хойш буюу 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр *** ХХК-ийн зүгээс Д-г дахин дуудаж Чи өр төлбөрөө төлж барагдуулах боломжгүй байгаа учраас танай нөхөр А-ын нэр дээр барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгө болох Налайх, 2 дугаар хороо, 42 дугаар байрны 00 тоот орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг тооцож өр хаах шийдвэрийг компани гаргасан. Мөн орон сууцны өмчлөгч танай ээж О-т бид дээр нь 10 000 000 төгрөг гаргуулж өгье. Уг мөнгөөр хашаа байшин худалдаж аваад байраа чөлөөлж өг. Хэрвээ энэ саналыг танай ээж О- болон та нар зөвшөөрвөл худалдах, худалдан авах гэрээ байгуулж өрийг бүрэн хааж 10 000 000 төгрөг бэлнээр өгнө гэж хэлсэн.
Үүний хариуд нь би охин Д-гийн өр төлбөрийг хаахын тулд *** ХХК-ийн саналыг зөвшөөрч 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээ байгуулахаас өмнө миний зүгээс миний охин Д-, хүргэн А- нарын өр төлбөр дууссан хаасан гэдгийг нотлох албан бичгийг *** ХХК-иас шаардахад 4/004 тоот дугаартай барьцааны гэрээний үүрэг бүрэн хангагдсан тул барьцаа хөрөнгийг чөлөөлж өгнө үү гэсэн утгатай албан бичиг үзүүлж, Та одоо Ж- гэдэг хүнтэй худалдах, худалдан авах гэрээгээ байгуулаад аваад ир. Бид Ж-оос 10 000 000 төгрөг бэлнээр авч өгөөд, өр хаагдсан гэдэг бичиг хийж өгье гэсний дагуу гэрээ байгуулахад Ж- гэдэг хүн огт ирээгүй өөрийгөө *** ХХК-ийн хуулийн зөвлөх гэх Э- нь Ж-ыг төлөөлж гэрээ байгуулсан.
Гэрээ байгуулсан даруйд өр хаагдсан албан бичиг болон 10 000 000 төгрөгөө шаардсан боловч өгөөгүй. Одоог хүртэл гэрээгээр тохирсон 10 000 000 төгрөг болон миний охин Д- нарын өрийг хааж өгөөгүй атлаа өдөр бүр мөнгө нэхэж, байраа чөлөөлж өг хэмээн дарамталж байгаа тул 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээг цуцалж өгнө үү гэжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч уг байрны хууль ёсны өмчлөгч нь би байсан гэж тайлбарладаг. Гэтэл нэхэмжлэгчийн охин Д.д 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр *** ХХК-тай хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг байгуулж уг байрыг барьцаанд тавьж худалдааны төлөөлөгчийн ажилд орсон.
Худалдааны төлөөлөгч нь их хэмжээний бараа бүтээгдэхүүн, бэлэн мөнгөтэй харьцдаг тул нэг талаас ажилтныг болзошгүй санхүүгийн эрсдэлд орохоос сэргийлэх, хамгаалах, тухайн ажилтны ажлын байрны онцлог, нөхцөл байдалд тохируулан ажил үүргээ хариуцлагатай гүйцэтгэх, алдаа дутагдал гаргахгүй байх эрх зүйн харилцааг бий болгох, нөгөө талаас ажилтан гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байгууллагад хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх, хэрэв хохирол учирсан тохиолдолд хохирлыг нөхөн төлүүлэх баталгаа болгох үүднээс холбогдох хууль тогтоомжийг баримталж барьцааны гэрээ байгуулдаг.
Энэхүү ажил хэргийн тогтсон нөхцөлийг Д-д хэлж, танилцуулахад хүлээн зөвшөөрч, ээжтэйгээ ярилцаж, шийдвэрлэн өөрсдийн хүсэл зоригийн дагуу 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр барьцааны гэрээ байгуулж Налайх дүүргийн 2 дугаар хороо, 42 дугаар байр 00 тоотод байрлах Улсын бүртгэлийн Y-2207000352 дугаартай, 1 өрөө орон сууцыг барьцаалуулсан. О- нь Д-д дээрх орон сууцыг *** ХХК-тай байгуулсан барьцааны гэрээний үүргийг хангуулах, барьцаанд тавих холбогдох гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах, гэрээ гэрчлүүлэх, бүртгүүлэх зэрэг бүрэн эрхийг нотариатаар гэрчлүүлж 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр олгосон байдаг.
Нэхэмжлэгчийн охин Д- нь ажил үүргийнхээ хувьд бараа бүтээгдэхүүн борлуулсан орлогоо өдөртөө компанийн дансанд тушааж, зөрүү үлдэгдлийг сарын эцэст тэглэх үүрэгтэйгээр ажил үүргээ гүйцэтгэж байсан боловч 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 2 000 000 төгрөгт хүргэж, дахин борлуулалт хийхээр 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд нэмж 65 702 750 төгрөгийн бараа материалыг бага багаар хүлээн авч ажиллаж байгаад компанийн амбаартай машиныг компанийн хашаанд 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдөр машин дотор нь түлхүүрийг нь зоож орхиод, ямар ч бараагүй үлдээгээд явсан байсан бөгөөд утсаа салгаад алга болсон байсан. Өөрөөр хэлбэл 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 69 714 750 төгрөгийн үлдэгдлийг тушаах байтал компанид тооцоо хийлгүй алга болсон тул 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр *** ХХК-иас Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргаж шалгуулахад мөрдөн байцаалтын шатанд Д- нь 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар *** ХХК-д 69 042 000 төгрөгийн хохирол учруулсныг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээчийн 2016 оны 11 сарын 08-ний өдрийн 209 тоот дүгнэлтээр тогтоогдсон.
Мөн Д- өөрөө үүнийг хүлээн зөвшөөрсөн байдаг боловч Прокурорын газраас нэхэмжлэгчийн дурдсантай адил иргэд хоорондын гэрээний үүргийн биелэлттэй иргэний маргаан болох нь тогтоогдсон хэмээн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Д-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Д-г цагдаагийн байгууллагад сэжигтнээр шалгагдаж байх хугацаанд буюу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болох тогтоол гараагүй байхад *** ХХК-ийн хуулийн зөвлөх Э-, П- нар намайг болон миний охин Д-, хүргэн А- нарыг хуурч мэхлэн худалдах, худалдан авах гэрээ болон зээлийн гэрээ байгуулсан гэж дурдсан нь үндэслэлгүй бөгөөд үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.
Учир нь гэрээ байгуулах санал анх нэхэмжлэгч болон түүний охин Д- нараас гарч тэдний санал, хүсэлт, нөхцөл байдлыг нөгөө тал ойлгож хүлээн авч гэрээ байгуулсан. Д- нь өр төлбөрөө бүрэн зөвшөөрч, төлбөр барагдуулах хүсэлтүүдийг тус тус бичгээр гаргасан ба *** ХХК хүлээн авч талууд 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан байдаг.
Мөн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хүсэлтдээ Д- нь өр төлбөрөө төлөх баталгаа болгон өөрийн ээжийн орон сууц болох Налайх дүүргийн 2 дугаар хороо 00 тоот 1 өрөө байрыг худалдан авах зорилгоор түр шилжүүлж байна. Миний ээж О- нь өөрийн хүсэлтээр нотариат дээр гэрээ хийх болно. 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгч зээлийн гэрээ байгуулсны дараа худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж байна. Худалдах, худалдан авах гэрээг 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр байгуулж, 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээг байгуулсан. Дээрх орон сууцыг Ж-ын нэр дээр шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр О-, Ж- нарын хооронд байгуулагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2207000352 дугаартай Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг цуцалж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч О- нь хариуцагч *** ХХК-д холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, *** ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч О-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 005 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж-оос 005 750 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч О-т олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Ж-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт, гэрчийн мэдүүлэг зэргийг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, талуудын хооронд үүссэн нөхцөлд байдалд зөв дүгнэлт хийгээгүйгээс үүдэн хариуцагч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэж байна.
Тодруулбал, анхан шатны шүүх: "Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасныг үндэслэн хариуцагч Ж- нь гэрээгээр хүлээсэн үүрэг болох 10 000 000 төгрөг төлөх үүргээ зөрчсөн болох нь тогтоогдсон тул талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг цуцлах нь зөв гэх дүгнэлт нь үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч О-н төрсөн охин Д- нь "***" ХХК-д худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байсан ба 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 69 714 750 төгрөгийг тушаах байтал компанид тооцоо хийлгүй алга болсон тул 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр "***" ХХК-иас гомдол гаргаж шалгуулахад Д- нь 69 642 000 төгрөгийн хохирол учруулсныг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 209 тоот дүгнэлтээр тогтоогдсон, мөн Д- өөрөө үүнийг хүлээн зөвшөөрч, улмаар хохирлоо барагдуулах зорилгоор гэрээ байгуулах саналыг тус компанид тавьж, холбогдох гэрээ хэлцлийг байгуулсанаар Прокурорын газраас иргэд хоорондын гэрээний үүргийн биелэлттэй иргэний маргаан гэж үзэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг.
Нэхэмжлэгчийн охин Д- "***" ХХК-д учруулсан хохирлоо барагдуулах зорилгоор 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр, 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Д- би *** ХХК-д ажиллаж байх хугацаандаа 67 299 302 төгрөгийн өр төлбөр компанид тушаалгүй өр төлбөр үүсгэсэн нь үнэн болно. Энэхүү өр төлбөрөө бүрэн төлж барагдуулан *** ХХК-ийг бүрэн хохиролгүй болгоно" гэсэн хүсэлтүүдийг тус тус бичгээр гаргасан ба хүсэлтийг "***" ХХК хүлээн авч, талууд 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Зээлийн гэрээ байгуулсан байдаг.
Мөн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр өр төлбөрөө төлөх баталгаа болгон өөрийн ээжийн орон сууц болох Налайх дүүрэг, 2 дугаар хороо, 42 дугаар байрны 00 тоот 1 өрөө орон сууцны гэрчилгээг худалдах, худалдан авах гэрээний дагуу компани руу түр шилжүүлсэн байна. Миний ээж С. Оюунчимэг нь өөрийн хүсэлтээр нотариат дээр гэрээ хийх болно" гэж бичсэнийг түүний ээж О- дэмжиж, мөн өр төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд зарж борлуулахыг зөвшөөрч байна гэсэн өргөдөл бичиж өгсөн. Үүний дагуу талууд харилцан ярилцаж, тохиролцоод О- нь өөрийн Үл хөдлөх эд хөрөнгөө "***" ХХК-ийн Хангамжийн албаны дарга Ж-ын нэр дээр худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлэхээр болж, 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гэрээг байгуулан нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.
Дээр дурдсанчлан гэрээ байгуулах санал буюу хүсэл зоригийн илэрхийлэл нь анх нэхэмжлэгч болон түүний охин Д- нараас гарч тэд нарын санал, хүсэлт, нөхцөл байдлыг нөгөө тал ойлгож хүлээн авсан байдаг ба энэхүү үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулах хүсэл зоригоо талууд бүрэн илэрхийлж гэрээг хүлээн зөвшөөрснөө баталгаажуулан гарын үсэг зурж, нотариатаар буюу эрх бүхий этгээдээр гэрчлүүлж, улмаар улсын бүртгэлд бүртгүүлсэн байгаа нь хуульд заасан шаардлагыг хангасан гэж үзэж байна.
Хэргийн үйл баримт болон бодит нөхцөл байдлаас гадна О-н нэхэмжлэлийн үндэслэл, гэрчийн тайлбар, мөн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт зэргээс үзэхэд нэхэмжлэгчийн охин болон нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу Д-г өр төлбөрөө төлж дуусах хүртэлх хугацаанд уг үл хөдлөх хөрөнгийг түр шилжүүлсэн ба өр төлбөрөө заасан хугацаандаа төлөөгүй тохиолдолд 10 000 төгрөгөөр тооцож үүргийн гүйцэтгэлийн зарим хэсгийг хангуулахаар талууд аман хэлцлээр харилцан тохиролцож, үүнийгээ баталгаажуулахдаа худалдах, худалдан авах гэрээний хэлбэрийг ашигласан ба энэ нь хууль тогтоомжид болон талуудын хүсэл зоригт нийцсэн байдаг.
Харин нэхэмжлэгч нь шүүхэд хандахдаа гэрээ байгуулахаас өмнө хийсэн хэлэлцээ, өөрсдийн санал буюу анхны хүсэл зоригийн илэрхийлэл болон Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулахдаа илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийллийнхээ утга, агуулгыг ойлгомжгүй байдлаар тайлбарласан байхад шүүх талуудын хүсэл зоригийн болон гэрээний агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарч үзэхээс гадна энэхүү маргааны хүрээнд Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, 008 дугаар зүйлийн 008.6 дахь хэсэгт заасныг анхаарч үзээгүй.
Гэрээний 2.2-т "төлбөр төлөх нөхцөл бэлнээр" гэж, 2.3-т "төлбөр төлөх хугацаа-гэрээ хийсэн өдөр 10 000 000 төгрөг төлж дуусгасан болно" гэж тус тус зааснаар 10 000 000 төгрөгийг худалдагч тал бэлнээр аваагүй хэдий ч дээр дурдсан нөхцлөө хүлээн зөвшөөрч үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулсаны татварыг төлж, өмчлөх эрхээ шилжүүлсэн болох нь татвар төлсөн баримт, Налайх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг, холбогдох баримтаар нотлогддог. Харин үүнийг шүүх "...хариуцагч нь гэрээгээр хэлэлцэн тохирсон үнэ болох 10 000 000 төгрөгийг худалдагч тал болох О-т өгсөн талаар баримт гаргаагүй, энэ талаар нотлоогүй байна..." гэж үзэж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүх талаас нь судлалгүй, өнгөц дүгнэсэн юм.
Түүнчлэн "Хариуцагч талаас нэхэмжлэгчийн охин Д-гийн өр төлбөртэй холбогдуулан барьцааны гэрээ, Зээлийн гэрээ, өр төлбөр барагдуулах тухай хүсэлтүүдийг тайлбарладаг боловч энэ талаар нэхэмжлэлд хамруулан сөрөг нэхэмжлэл гаргаагүй, Д-д холбогдуулан өр авлага нэхэмжлэх эрх нь нээлттэй тул шүүх барьцааны болон зээлийн гэрээнд ямар нэгэн эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг маргааныг шийдвэрлэсэн болно" гэж шүүх үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т "Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ", мөн зүйлийн 40.2-т "Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус заасныг зөрчиж үнэлэлт дүгнэлт өгчээ.
Нэхэмжлэгч шаардлагынхаа үндэслэлийг "...одоог хүртэл 10 000 000 төгрөг болон миний охин Д- нарын өрийг хааж өгөөгүй атлаа өдөр бүр мөнгө нэхэж, байраа чөлөөлж өг хэмээн дарамталж байгаа тул 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээг цуцалж өгнө үү хэмээн тодорхойлсон байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т заасныг үндэслэн хариуцагч Ж- нь гэрээгээр хүлээсэн үүрэг болох 10 000 000 төгрөг төлөх үүргээ зөрчсөн болох нь тогтоогдсон тул талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг цуцлах нь зөв хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан атлаа Д- нарын өрийг хааж өгөөгүй гэдэгт үнэлэлт дүгнэлт өгөөгүй нь хэргийн үйл баримт тодорхой болох буюу талуудын хооронд анх хийсэн яриа хэлцэл, өр төлбөрөө барагдуулаагүй тохиолдолд 10 000 000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлд тухайн үл хөдлөх хөрөнгийг тооцож авах тухай гэрээний харилцаанаас энэхүү үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ үүссэн гэж үзэх, үүнтэй холбогдох гэрээний зохицуулалтыг баримталж, хэргийг хянан шийдвэрлээгүй байна.
Энэ бүгдээс үзэхэд анхан шатны шүүх уг асуудлаар үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй, хариуцагч талын нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагад өгч буй татгалзал, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг харгалзан үзэлгүйгээр гагцхүү нэхэмжлэгчийн зөрүүтэй тайлбарын хүрээнд үнэлэлт, дүгнэлт өгч шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч О- нь хариуцагч *** ХХК болон Ж- нарт холбогдуулан 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээг цуцлах нэхэмжлэлийг гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд *** ХХК-д холбогдох нэхэмжлэлээсээ татгалзжээ.
Анхан шатны шүүх О-, Ж- нарын хооронд байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг цуцалж шийдвэрлэжээ.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээ хэрэгжиж Ж-ын нэр дээр нэхэмжлэгчийн худалдсан гэх орон сууцыг өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон байна.
Хүчин төгөлдөр гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах эрхийг ялгаатай ойлгож хэрэгжүүлэх бөгөөд үүнээс үүсэх үр дагавар нь шаардах эрхэд хамаарах юм.
Иймд нэхэмжлэгч тал гэрээнээс цуцлах эсхүл татгалзах эрхийн аль нэгийг сонгож хэрэгжүүлэх эрхтэй эсэх эсхүл ийнхүү гэрээг цуцалж эсхүл гэрээнээс татгалзснаас үүсэх үр дагаврыг шийдвэрлүүлэх эсэхийг шүүх асууж тодруулсны үндсэн дээр эрх зүйн дүгнэлт хийх байжээ.
Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг тодруулах замаар шийдвэрт дүгнэлт өгөх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2017/01636 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ж-оос давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дүгээр зүйлийн 100.4, 100.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ
Э.ЗОЛЗАЯА