Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 451

 

                   

 

 

                  

 

 

 

 

 

                                                                                                  

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж, улсын яллагч Б.Баярхүү, шүүгдэгч Г.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1810012950502 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 Монгол Улсын иргэн, 1988 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, банк, санхүүч мэргэжилтэй, “Х”-ийн уурхайд жолооч ажилтай, 0000000000, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, 0000000000 /РД:00000000000/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Г.Д нь 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр  Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зайсан хилл” цогцолборын 4 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг, “М” дэлгүүр дотор, тус дэлгүүрт зарагдаж байсан шалны босоо гэрлийг гараараа цохиж унагаасны улмаас бусдын эд хөрөнгө болох чонын толгой бүхий хар өнгийн сувинер, хирсний толгой бүхий шар өнгийн сувинер, шалны босоо гэрлийг хууль бусаар гэмтээж, бусдад нийт 715,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Г.Д: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч П.Смөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 5 дугаар сарын 22-ны оройн 20 цаг 30 минутын орчимд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Зайсан хилл” цогцолборын 4 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг “М” дэлгүүрт үл таних 3 залуу орж ирсэн. Том биетэй залуу нь цэцэг худалдаж авахаар захиалаад, цэцгийг боож байх үед туранхай хөх малгайтай цамц болон хар өнгийн жинсэн өмдтэй залуу гуйвж байгаад өөрийнхөө хойд талд байсан ваарыг газар унагаад, буцаагаад босгоод тавьсан. ...Тэр залуус манайхыг “жинхэнэ цэцэг зарахгүй, ямар муу ёртой газар вэ”  гээд гараад явсан. Гараад явсаны дараа ваарыг нягталж харсан чинь цэцгийн ваар цууралт өгөөд хагарахад бэлэн болсон байхаар нь би ваарыг бариад араас нь гарч дөрвөн давхарын урсдаг шатан дээр уулзаж “энэ ваарыг хагалсан байна, мөнгөө төл” гэж хэлсэн чинь “өмнө нь хагарсан ч юм билүү, бид нар яаж мэдэх юм” гээд байхаар нь би ваар хагалсан залууд “чи түрүүн энэ ваарыг унагасан биздээ” гэж хэлсэн чинь том биетэй залуу ваарыг авч газар шидэж хагалчихаад “одоо ингээд хагарчихлаа, мөнгийг чинь төлчихье” гээд халааснаасаа Хас банкны карт гаргаж ирээд “энүүгээр төлбөрийг чинь төлье болоо юм биш үү” гэхээр нь би Сд “пост машинаар уншуулчих” гээд өгсөн. ...Би Сгаас “чи мөнгийг нь уншуулсан уу” гэж асуутал “энэ ах буцаагаад авчихлаа” гэсэн. Тэр хүнээс мөнгө төлөхийг дахин шаардсан чинь картаа өгсөн. Тэгээд ваарны үнэ болох 66,000 төгрөгийг уншуулсан. Ингээд картаа Сгаас аваад хараал хэлж байгаад, над руу баруун гараараа цохих гээд далайсан, тэр үед нь хамгаалагч орж ирээд болиулсан чинь нөгөө гараараа хойшоогоо саваад ар талд нь байсан шалны босоо гэрлийг цохиод унагаасан. Шалны гэрэл унахдаа цонхны тавцан дээр байсан хананы хоёр баримлыг цохисон, баримал нь шавар учраас цуурсан, будаг нь халцарсан, тэгээд шалны босоо гэрлээ харсан чинь гэрлийн бүрхүүл нь алдагдаж, бүрхүүлийн нугас нь хугарч, будаг нь халцарсан байсан...” /хх-ийн 17-20/ гэсэн,

 

Гэрч З.Бмөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би ажил дээрээ ээлж ахлаад сууж байсан. Тэгээд хоёр давхарын олон үндэстний зоогт хоол идэх гээд сууж байсан чинь 4 давхарт юм хагарах чимээ гарахаар нь гүйгээд очсон чинь урсдаг шатны дэргэд ваар хагалчихсан, Мдэлгүүрийн худалдагчтай хүн хэрүүл хийгээд зогсож байсан. Тэр хоёр хэрүүл болсон шалтгаан нь “хиймэл цэцэг зарлаа, жинхэнэ амьд цэцэг зараач” гэхээр нь “авбал аваач” гээд л хэрүүл болсон, тэгээд тэр залууг буцааж аваачаад хагалсан ваарны үнийг төлүүлсэн. Би худалдагчаас нь “одоо болсон уу, ямар нэг зүйлийн тооцоо байна уу” гэхэд “байхгүй, та наад хүнээ аваад гар” гэхээр нь тэр залууг авч гараад, хоёр давхрын шатны дээр явж байсан чинь хажуу талын дэлгүүрийн утаснаас залгаад “наад хүнээ байлгаж байгаарай, ахиад юм хагалсан байна” гэхээр нь “ямар ч тооцоо байхгүй гэсэн биздээ” гэж хэлээд үүдний хоёр хамгаалагч залууд  “наад хүнээ байлгаж байгаарай” гэж хэлчихээд Мдэлгүүрийн хүнтэй уулзахад өдрийн гэрэлний гадна талын бүрхүүл нь хагарсан байна, бас хар өнгийн буга ч юм шиг талст хэлбэрийн юмны чих нь хугарсан гээд үзүүлж байсан...” /хх-ийн 46/ гэсэн,

 

Гэрч А.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр ...гаднаас согтуу бололтой гурван залуу орж ирээд цэцэг авна гээд цэцэг асуусан. Би цэцгийг өгсөн чинь том биетэй залуу нь “энэ чинь хиймэл цэцэг байна, та нар яагаад хиймэл цэцэг зарж байгаа юм бэ” гэхээр нь юм хэлээгүй, дараа нь энэ тэнд цэцэг үзэж байгаад жижиг биетэй залуу нь хөлөөрөө ваарыг унагахаар нь менежер С очиж үзэж байхад нөгөө залуус гараад явчихсан. С “энэ ваарыг хагалчихсан байна” гээд араас нь гарахаар нь би тэр хүмүүст энэ ваарыг хагалчихсан байна гээд үзүүлсэн чинь “бид нар наад ваарыг чинь хагалаагүй, өмнө нь хагархай байсан ч юм билүү” гээд уурлаад элдэв үгээр харааж эхэлсэн. Тэр том биетэй залуу “наад ваарыг чинь төлж чадна” гээд өөрийнхөө картыг гаргаж ирээд С гээд худалдагч руу шидээд, “май тэгвэл хагалчихаад төлнө” гээд ваарыг аваад газар шидэж хагалчихаад Сд картаа өгөөд “ингээд төлчихье” гэхээр нь С картыг аваад дэлгүүр лүү ороход, бид нар араас нь ороод хагалсан ваарны үнийг төлж байх үед Стай хэрэлдэн зүүн гараараа босоо гэрлийг цохиж унагасан. Гэрэл унах үед чонын толгой бүхий баримал болон шар өнгийн хирсний толгой бүхий баримлын будгыг нь халцалж гэмтээсэн...” /хх-ийн 48/ гэсэн,

 

Гэрч О.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн үед манай дэлгүүрээр үйлчлүүлэхээр гурван согтуу залуу орж ирсэн. Тэгсэн хэдэн цэцэг худалдаж авна гээд боолгож байснаа “энэ чинь амьд цэцэг биш байна” гэхээр нь манайх амьд цэцэг зардаггүй юм гэсэн чинь “өө ямар сонин юм бэ” гээд байсан тэгэж байх үедээ согтуу байсан учраас гуйвж байгаад газар байсан ваарыг унагасан. Тэгээд гараад явахаар нь С эгч зөрж ороод ваараа шалгахад, ваар цуурсан байхаар нь араас нь дуудаад очиж уулзах шиг болсон. Би тэр үед дэлгүүрийн дотор талыг янзалж байх үед хагарах чимээ гарсан, очоод харсан чинь ваарыг газар шидээд хагалсан, бөөн юм болж байсан. Буцаж орж ирээд хагалсан ваарныхаа үнийг төлөх үедээ босоо гэрлийг цохиж унагаагаад доор нь байсан хар чонын толгой, шар өнгийн хирсний толгойн баримал дээр унаад гэмтээсэн...” /хх-ийн 49/ гэсэн,

 

Гэрч П.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн үед гаднаас гурван согтуу орж ирээд цэцэг авах гэж байгаад хиймэл цэцэг байна гэж уурлаж байгаад ар талдаа байсан цэцгийн ваарыг унагаж хагалсан. Тэгээд гараад явахаар нь цэцгийн ваарыг очиж шалгатал, цуурсан байхаар нь тэр залуусын араас гараад “та нар энэ ваарыг хагалсан байна” гэсэн чинь “бид нар хагалаагүй, та нар өөрсдөө хагархай ваар ч тавьчихсан юм билүү” гэж уурлаад байсан. Тэгснээ “тэр ваарыг чинь төлөх юм чинь хагалаад төлнө” гээд ваарыг шалан дээр шидэж хагалчихаад надад картаа өгсөн, тэгэхээр нь би картыг нь аваад уншуулаад “код чинь хэд вэ” гэж асуухад “чи яасан их уншуулдаг юм бэ” гээд картаа авсан. Тэр үед хамт явж байсан найз нь картыг нь авч өгөхөөр нь 66,000 төгрөг уншуулсан. Тэгсэн том биетэй залуу нь “би юу гэж төлж байдаг юм” гэж гараа хөдөлгөж байгаад гэрлийн суурийг цохиж унагаасан. Тухайн гэрэл унахдаа тэр тавиур дээр байсан чоно, хирсний баримал дээр унасан, бид нар гэрлийг унасан даруйд шалгаж үзээд чоно, хирсний баримал гэмтээсэн байна гэсэн чинь ваарыг чинь төлсөн юм чинь энийг төлөхгүй гээд гараад явсан...” /хх-ийн 57-58/ гэсэн,

 

Шүүгдэгч Г.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 5 дугаар сарын 22-ны орой 20-21 цагийн үед өөрийн найз Б, Мнарын хамтаар Хан-Уул дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зайсан Хилл” цогцолборын дөрвөн давхарт гараад нэг цэцгийн лангуун дээр очсон. Би нэг ваартай цэцэг харж байгаад, амьд юм байна гээд авах гэтэл худалдагч нь хиймэл цэцэг гэж хэлсэн. Тэгэхээр нь авахаа болиод лангуун дээр нь тавьчихаад буцаж гараад явсан чинь араас хамгаалагчийн хамтаар худалдагч нь ирээд “таны авах гэж байсан цэцгийн доод талын ваар нь цуурчихсан байна, та тэрийгээ буцаж очоод үзээдэх” гэхээр нь би эргэж очоод тэр ваарны доод талыг үзтэл доод ёроол хэсэгтээ жоохон цуурчихсан харагдсан. Тэгээд “манай ваартай цэцэг ийм цуурхай байгаагүй, таныг үзсэний дараа цуурчихсан байна” гэж хэлсэн. Тэгээд би “одоо яах вэ, угаасаа ийм байсан юм уу” гээд жаахан хэрүүл маргаан болоод сүүлдээ тэрийг нь төлье гээд цэцгийн ваарны үнийг төлсөн. Тэр маргаан болж байх үед, эргэхдээ суурин шалан дээр нь тавьдаг гэрлийн унагаад хагалчихсан. Тэр гэрлийг босгоод асаагаад бүрхүүл нь зуйван болчихоор нь янзлаад тэгээд гараад явсан. ...7-8 хоногийн дараа цагдаагаас яриад дэлгүүр дотор баримал эвдэлсэн талаар хэлээд намайг дуудсан. ...Тэгсэн харин шалны босоо гэрэл унахдаа уг хоёр баримал дээр нь унасан юм шиг байна...” /хх-ийн 57-58/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-7/, 

- Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12/,

 - Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 59-60/,

- Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 11,13/,

- Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 35-40/,

- Шүүгдэгч Г.Дгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 25-33, 70-72/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Г.Дд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.Дд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Д нь 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр  Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зайсан хилл” цогцолборын 4 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг, “М” дэлгүүрт зарагдаж байсан шалны босоо гэрлийг гараараа цохиж унагаасны улмаас чонын толгой бүхий хар өнгийн сувинер, хирсний толгой бүхий шар өнгийн сувинер, шалны босоо гэрэл зэргийг хууль бусаар гэмтээж, бусдад нийт 715,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч П.Сын “...2018 оны 5 дугаар сарын 22-ны оройн 20 цаг 30 минутын орчимд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Зайсан хилл” цогцолборын 4 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг “М- дэлгүүрт үл таних 3 залуу орж ирсэн. Том биетэй залуу нь ...картаа Сгаас аваад хараал хэлж байгаад, над руу баруун гараараа цохих гээд далайсан, тэр үед нь хамгаалагч орж ирээд болиулсан чинь нөгөө гараараа хойшоогоо саваад ар талд нь байсан шалны босоо гэрлийг цохиод унагаасан. Шалны гэрэл унахдаа цонхны тавцан дээр байсан хоёр хананы баримлыг цохисон, баримал нь шавар учраас цуурсан, будаг нь халцарсан, тэгээд шалны босоо гэрлээ харсан чинь гэрлийн бүрхүүл нь алдагдаж, бүрхүүлийн нугас нь хугарч, будаг нь халцарсан байсан...” /хх-ийн 17-20/ гэсэн,

Гэрч З.Бийн “...Хоёр давхарын олон үндэстний зоогт хоол идэх гээд сууж байсан чинь 4 давхарт юм хагарах чимээ гарахаар нь гүйгээд очсон чинь урсдаг шатны дэргэд ваар хагалчихсан, Мдэлгүүрийн худалдагчтай хүн хэрүүл хийгээд зогсож байсан. Тэр хоёр хэрүүл болсон шалтгаан нь “хиймэл цэцэг зарлаа, жинхэнэ амьд цэцэг зараач” гэхээр нь “авбал аваач” гээд л хэрүүл болсон, тэгээд тэр залууг буцааж аваачаад хагалсан ваарны үнийг төлүүлсэн. Би худалдагчаас нь “одоо болсон уу, ямар нэг зүйлийн тооцоо байна уу” гэхэд “байхгүй, та наад хүнээ яваад гар” гэхээр нь тэр залууг авч гараад, хоёр давхрын шатны дээр явж байсан чинь хажуу талын дэлгүүрийн утаснаас залгаад “наад хүнээ байлгаж байгаарай, дахиад юм хагалсан байна” гэхээр нь би ямар ч тооцоо байхгүй гэсэн биздээ гэж хэлээд үүдний хоёр хамгаалагч залууд “наад хүнээ байлгаж байгаарай” гэж хэлчихээд Мдэлгүүрийн хүнтэй уулзахад өдрийн гэрэлний гадна талын бүрхүүл нь хагарсан байна, хар өнгийн буга ч юм шиг талст хэлбэрийн юмны чих нь хугарсан гээд үзүүлж байсан...” /хх-ийн 46/ гэсэн,

Гэрч О.Тгийн “...Тухайн үед манай дэлгүүрээр үйлчлүүлэхээр гурван согтуу залуу орж ирсэн. Тэгсэн хэдэн цэцэг худалдаж авна гээд боолгож байснаа “энэ чинь амьд цэцэг биш байна” гэхээр нь манайх амьд цэцэг зардаггүй юм гэсэн чинь “өө ямар сонин юм бэ” гээд байсан тэгэж байх үедээ согтуу байсан учраас гуйвж байгаад газар байсан ваарыг унагасан. Тэгээд гараад явахаар нь С эгч зөрж орж ирээд ваараа шалгахад, ваар цуурсан байхаар нь араас нь дуудаад очиж уулзах шиг болсон. Би тэр үед дэлгүүрийн дотор талыг янзалж байх үед хагарах чимээ гарсан, очиж харсан чинь ваарыг газар шидээд хагалсан, бөөн юм болж байсан. Буцаж орж ирээд хагалсан ваарныхаа үнийг төлөх үедээ босоо гэрлийг цохиж унагаагаад доор нь байсан хар чонын толгой, шар өнгийн хирсний толгойн баримал дээр унаад гэмтээсэн...” /хх-ийн 49/ гэсэн,

Гэрч П.Сгийн “...Тухайн үед гаднаас гурван согтуу орж ирээд цэцэг авах гэж байгаад хиймэл цэцэг байна гэж уурлаж байгаад ар талдаа байсан цэцгийн ваарыг унагаж хагалсан. Тэгээд гараад явахаар нь цэцгийн ваарыг очиж шалгатал, цуурсан байхаар нь тэр залуусын араас гараад “та нар энэ ваарыг хагалсан байна” гэсэн чинь “бид нар хагалаагүй, та нар өөрсдөө хагархай ваар тавьчихсан ч юм билүү” гэж уурлаад байсан. Тэгснээ “тэр ваарыг чинь төлөх юм чинь хагалаад төлнө” гээд аваад шалан дээр шидэж хагалчихаад надад картаа өгсөн, тэгэхээр нь би картыг нь аваад ...66,000 төгрөг уншуулсан. Тэгсэн том биетэй залуу нь “юу гэж төлж байдаг юм” гэж гараа хөдөлгөж байгаад гэрлийн суурийг цохиж унагаасан. Тухайн гэрэл унахдаа тэр тавиур дээр байсан чоно, хирсний баримал дээр унасан, бид нар гэрлийг унасан даруйд шалгаж үзээд чоно, хирсний баримал гэмтээсэн байна гэсэн чинь ваарыг чинь төлсөн юм чинь энийг төлөхгүй гээд гараад явсан...” /хх-ийн 57-58/ гэсэн,

Шүүгдэгч Г.Дгийн “...2018 оны 5 дугаар сарын 22-ны орой 20-21 цагийн үед өөрийн найз Б, Мнарын хамтаар Хан-Уул дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зайсан Хилл” цогцолборын дөрвөн давхарт гараад нэг цэцгийн лангуун дээр очсон. ...Тэр маргаан болж байх үед, эргэхдээ суурин шалан дээр нь тавьдаг гэрлийг унагаад хагалчихсан. Тэр гэрлийг босгоод асаагаад бүрхүүл нь зуйван болчихоор нь янзлаад тэгээд гараад явсан. ...7-8 хоногийн дараа цагдаагаас яриад дэлгүүр дотор баримал эвдэлсэн талаар хэлээд намайг дуудсан. ...Тэгсэн харин шалны босоо гэрэл унахдаа уг хоёр баримлын дээр нь унасан юм шиг байна...” /хх-ийн 57-58/ гэсэн мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-7/, хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12/, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 59-60/, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 11,13/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 35-40/ хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Г.Дгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдын эд хөрөнгөд 715,000 төгрөгийн /хх-ийн 35-40/ хохирол учирсан, шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлэн тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Г.Д нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Дээр дурдсан хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэлт зэрэг хувийн байдлыг харгалзан түүнд хуульд зааснаар торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн  камерийн бичлэг бүхий сиди 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж, хар өнгийн чонын толгойн хэлбэр дүрс бүхий баримал 1 ширхэг, шалны босоо гэрэл 1 ширхэг зэргийг шүүгдэгч Г.Дд шар өнгийн хирсний толгойн хэлбэр дүрс бүхий баримал 1 ширхэгийг хохирогч П.Снарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус буцаан олгож, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

      

1. Шүүгдэгч Г.Д бусдын эд хөрөнгийг гэмтээсний улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Г.Дд оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Дд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерийн бичлэг бүхий сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, хар өнгийн чонын толгойн хэлбэр дүрс бүхий баримал 1 ширхэг, шалны босоо гэрэл 1 ширхэгийг шүүгдэгч Г.Дд, шар өнгийн хирсний толгойн хэлбэр дүрс бүхий баримал 1 ширхэгийг хохирогч П.С нарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус буцаан олгосугай.

6. Эрүүгийн 1810012950502 дугаартай  хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.С гомдол, саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Д.АЛТАНЖИГҮҮР