Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2026/ДШМ/691

 

2026           05           28                                                                              2026/ДШМ/691

 

 

Б.Ц-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, шүүгч Т.Алтантуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Мөнхтүвшин,

хохирогч Ж.С-, түүний өмгөөлөгч С.Даваасүрэн,

цагаатгагдсан этгээд Б.Ц-,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 2026/ШЦТ/909 дүгээр цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Мөнхтүвшиний бичсэн 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 16 дугаартай эсэргүүцлээр Б.Ц-д холбогдох 2310 03964 1413 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Алтантуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ч- овгийн Б-ийн Ц-, 1977 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “Ш-” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ......... тоотод түр оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (ШШ-).

Цагаатгагдсан этгээд Б.Ц- нь 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Т-” хотхоны 51/а байрны гадна хохирогч Ж.С-тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэж улмаар цохих, түлхэх зэргээр эрүүл мэндэд нь “зүүн шагайн үений дотор гадна холбоосны урагдал, суналт, хүзүү, баруун гуянд цус хуралт, зүүн талд эрүү шанаанд зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Ц-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад зааснаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Ц-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, шүүгдэгч Б.Ц-д Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгож хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж, шүүгдэгч Б.Ц- нь энэ хэргийн улмаас эдийн болон эдийн бус хохирол хүлээсэн гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан үндэслэлээр хохирол нөхөн төлүүлэх эрх үүсэхийг тусгаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ц- нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ж.С-ын нэхэмжлэлийг хэлэлцээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Г.Мөнхтүвшин бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэгт авагдсан яллагдагч Б.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...тухайн өдөр уг залуутай надаас өөр хүн ойртоогүй ээ. Араас нь өөр хүн цохиж түлхсэн зүйл огт болоогүй. Бид хоёр л зууралдаад доошоо орсон...” гэсэн, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...гэрч Г- гэдэг хүн “нэг хүн өшиглөсөн” гэж хэлсэн байсан. Хохирогч Ж.С- дараа нэг хүнтэй муудалцаад тэр хүн “алсан ч яадаг юм” гээд хөл рүү нь өшиглөөд байсан. Би өөрөө очиж болиулсан” гэсэн мэдүүлгүүд болон хохирогч Б.С- “...Миний биед учирсан гэмтлийг араас нэг хүн түлхээд урдаас захирал нь гэх залуу заамдаад гараашны уруу татаад орох үед үүссэн учир яг нарийвчлан тэр энэ гэж хэлэх боломжгүй байна...” гэсэн, мөн “...Тус компанийн захирал гэх хүн миний хүзүүг боож хүзүүнд цус хуралт гэмтлийг ...учруулсан, ...зүүн талд эрүү шанаанд зулгаралт гэмтлийг мөн тус компанийн захирал гэх хүн намайг заамдаж байх үедээ уг гэмтлийг учруулсан...” гэсэн мэдүүлгүүд нь зөрүүтэй байдаг.

Гэтэл анхан шатны шүүх хохирогч Б.С-ыг шүүх хуралдаанд оролцуулж мэдүүлгүүдийн зөрүүг арилгахгүйгээр “...шүүгдэгч Б.Ц-гийн үйлдлийн улмаас хохирогч Ж.С-ын биед учирсан хүндэвтэр хохирол учраагүй, шүүгдэгч Б.Ц- нь тухайн хүндэвтэр хохирлыг учруулаагүй талаар хохирогч Ж.С- өөрөө мэдүүлсэн...” гэж дүгнэсэн шүүхийн шийдвэр тодорхой, эргэлзээгүй, үндэслэл бүхий байхад эргэлзээ төрүүлэхээр байна. Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 2026/ШЦТ/909 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Хохирогч Ж.С- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийн гол хүн бол Б.Ц-, хажууд нь түүний ажилчид байсан. Энэ хэрэгтээ холбоотой 2-3 удаа мөрдөгчид мэдүүлэг өгсөн. Үүнээс хойш 3 жилийн хугацаанд нэг ч мөрдөгч надтай холбогдоогүй. Олон мөрдөгч, прокурор солигдсон. Би өөрөө прокурортой очиж уулзаж байсан. Хэргийг нэн даруй шийдвэрлэнэ гэж хэлдэг боловч мөрдөн шалгах ажиллагаа хийдэггүй. Хэрэг удааширсанд гомдолтой байна. Б.Ц- надад “чи яаж ч хөөцөлдөөд амжихгүй” гэж хэлсэн үнэн байна. Хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцааж өгнө үү.” гэв.

Хохирогч Ж.С-ын өмгөөлөгч С.Даваасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2023 онд энэ хэрэг гарсан. Би 2024 оны 02 дугаар сараас өмгөөлөгчөөр ажиллаж, хэргийг хурдан шуурхай шийдвэрлүүлэхээр шахаж шаардаж ирсэн. Прокурорын байгууллагад удаа дараа хүсэлтүүдийг гаргасан. Мөн таньж олуулах ажиллагаа хийлгэхээр мөрдөгч, прокурорт хүсэлт гаргасан. Прокуророос хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн боловч мөрдөгч тухайн хүмүүсийн 10-20 жилийн өмнөх зургийг хохирогчид харуулсан учраас танихгүй, мэдээж энэ олон жилийн хугацаанд хүний царай зүс өөрчлөгдөх нь тодорхой шүү дээ. Ийм байдлаар таньж олуулах ажиллагаа явуулсан. Өөр байдлаар таньж олуулах ажиллагаа хийж, одоогийн зургийг авч таньж олуулах ажиллагааг шуурхай хийх талаар удаа дараа хүсэлт гаргасан. Энэ хэргийн хохирогч, хохирол нь тодорхой байна. Хохирогч цохисон хүнийг зааж чадна гэж байна, таньж олуулах ажиллагааг яаралтай хийх талаар хэлсэн. Сэргэлэн гэх мөрдөгчид хүсэлтүүдийг удаа дараа өгсөн. Прокурорт мөрдөгчийг сольж өгнө үү, эс үйлдэхүй гаргаж байна гэдгийг танилцуулсан. Прокурор хяналтаа хангалттай тавьж чадахгүй байгаа талаар ерөнхий прокурорт хүсэлт гаргасан. Хохирогч анхан шатны шүүх хуралд оролцох байсан боловч ар гэрт нь хүндэтгэн үзэх шалтгаан гарсан учраас ирж чадаагүй. Прокуророос яллагдагчаар татаж эрүүгийн хэрэг үүсгэхдээ ганцхан Б.Ц-д эрүүгийн хэрэг үүсгэсэн. Заавал бусдын шахалт шаардлагаар прокурорын байгууллага ажлаа хийдэг. Прокуророос хэрэг явсан гэх боловч мөрдөгч нь ирээгүй гэдэг. Ийм нөхцөл байдалтай мөрдөн шалгах ажиллагаа явагдсан. Б.Ц- “надаас өөр хүн хохирогчид ойртоогүй, би хохирогч Ж.С-д хүрсэн” гэсэн мэдүүлэг хавтаст хэрийн 182 дугаар талд авагдсан. Шүүх хавтаст хэрэгт авагдсан баримтыг үндэслэж шүүгдэгчид ашигтай шийдвэр гаргасан. Б.Ц- бүлэг зодоон болоход гол үүрэг гүйцэтгэсэн. Налуу газар заамдаж байсан цаг хугацаанд Ц- доод талд нь, дээд талд нь С- байсан. Энэ үед С-ыг араас нь нэг хүн түлхсэн. Тухайн үед хохирогчийн хөл эвгүй гишгэгдсэн. Үүнээс улбаалж хүндэвтэр гэмтэл учирсан. Хэрэгт буруутай хүмүүс байгаа. Иймд хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг бүхэлд нь хянаж, хуульд заасан хэмжээ хязгаарын дотор шийдвэр гаргахыг хүсэж байна.” гэв.

Цагаатгагдсан этгээд Б.Ц- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна. Бид улсын чанартай замын ажил хийж байхад Ж.С- ирээд “манай гражийн үүдний замыг хийсэнгүй, тиймээс санхүүжилтийг чинь зогсооно, тусгай зөвшөөрлийг чинь цуцлуулна” гэж надтай барьцалдаж аваад намайг граж руу чирч ороод 2 удаа цохисон. Гэтэл манай компанийн инженер хажууд гүйгээд ирсэн. Тэгэхэд нь би “цагдаа дуудчих” гэж хэлээд салсан байдаг. Тэгээд ажлаа хийгээд зам дээр явж байхад Ж.С-ыг хүн өшиглөж байсан. Тэгэхээр нь би очиж “боль, яагаад байгаа юм” гээд салгаад, нөгөө хүнээс холдуулсан. Ж.С-ыг хөл рүү нь өшиглөхөд гуйваад унах гэж байхад нь би болиулсан. Энэ талаар гэрч Г-  мэдүүлсэн. Ингээд байж байтал хоёр цагдаа хүрээд ирэхээр нь өгч явуулсан. Ийм л асуудал болсон.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос Б.Ц-г 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Т-” хотхоны 51/а байрны гадна хохирогч Ж.С-тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэж улмаар цохих, түлхэх зэргээр эрүүл мэндэд нь “зүүн шагайн үений дотор гадна холбоосны урагдал, суналт, хүзүү, баруун гуянд цус хуралт, зүүн талд эрүү шанаанд зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, “шүүгдэгч Б.Ц- нь хохирогч Ж.С-ын биед хүндэвтэр хохирол учруулсан болох нь нотлогдон тогтоогдохгүй байна” гэж дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад зааснаар Б.Ц-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хавтаст хэргээс үзэхэд, 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хохирогч Б.С-ын биед хүндэвтэр хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 13755 дугаартай “...Ж.С-ын биед зүүн шагайн үений дотор гадна холбоосны урагдал, суналт, хүзүү, баруун гуянд цус хуралт, зүүн талд эрүү шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” /хх 58-59/ гэх дүгнэлтээр тогтоогдсон байна.

Энэхүү дүгнэлтийг гаргасан шинжээч Т.Номинцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд “....Дээрх гэмтлээс зүүн шагайн үений дотор гадна холбоосын урагдал суналт нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Хүзүү, баруун гуянд цус хуралт, зүүн талд эрүү шанаанд зулгаралт гэмтэл эрүүл мэндийг сарниулахгүй 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ...” /хх 64-65/ гэх мэдүүлэг өгчээ.

Гэтэл хохирогч Б.С- өөрт учирсан хүндэвтэр гэмтэл болох “зүүн шагайн үений дотор гадна холбоосны урагдал, суналт” гэмтлийг хэн учруулсан талаар:

2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “...Намайг араас түлхсэн хүн бол зүүн шагайн үений дотор гадна холбоосын урагдал, суналтыг ...учруулсан...” /хх 21-22/,

2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр “...ажилчид над руу дайрч нэг залуу нь намайг гараашны уруу хэсэг рүү түлхэж уруудах үедээ эвгүй гишгэгдээд уг гэмтэл үүссэн. Дээрх гэмтлийг яг хэн учруулсныг мэдэхгүй байна. Ямар ч байсан тухайн ажлыг гүйцэтгэсэн ажилчид л энэ гэмтлийг учруулсан. /өөрийг нь харвал танина/. ...Тус компанийн захирал гэх хүн миний хүзүүг боож хүзүүнд цус хуралт гэмтлийг, баруун гуянд цус хуралт гэмтлийг намайг араас түлхсэн өндөр том биетэй залуу өшиглөж дээрх гэмтлийг учруулсан. ...Намайг зодуулж эхлэх үед тухайн замыг барьсан байгууллагын ажилчид байсан. Мөн тухайн байрны оршин суугч гэх настай ах, манай байранд амьдардаг танил дүү Г-, 51-А  байрны СӨХ-ны дарга, манай эхнэр Дэлгэрмаа сүүлд очоод намайг зодсон хүмүүстэй хэрэлдэж байсан...” /хх 25-26/,

2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр “...Гараашны орчим очиход захирал гэх залуутай маргалдсан. Гараашны уруу араас нэг үл таних залуу түлхсэн, захирал гэх залуу өөдөөс заамдсан, тэгээд татаад гараашны уруу оруулсан. ...Миний биед учирсан гэмтлийг араас нэг хүн түлхээд урдаас захирал нь заамдаад грашийн уруу татаад орох үед үүссэн үү яг нарийвчлан тэр энэ гэж хэлэх боломжгүй байна...” /хх 168-169/ гэж тус тус мэдүүлсэн байх ба эдгээр мэдүүлгээс үзэхэд, түүний араас өөр хүн түлхсэн, түлхэж уруудах үед эвгүй гишгэгдэж уг хүндэвтэр гэмтэл учирсан, харин шүүгдэгч Б.Ц- түүний урдаас заамдаж хүзүүг нь боож хүзүүнд цус хуралт, баруун гуянд цус хуралт бүхий гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтлийг учруулсан талаар тодорхой мэдүүлжээ.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол” гэж гэмт хэргийн шинжийг тодорхойлсон байдаг.

Гэмт хэргийн шинжийг тодруулбал, нийгэмд аюултай үйлдлийг тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгох бөгөөд  субъектив шинж нь тухайн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бий болох хор уршигт хандсан сэтгэхгүйн харьцаа, сэдэлт зорилго байдаг бол, объектив тал нь материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт гэмт үйлдэл, эс үйлдэл, хор уршиг, шалтгаант холбоотой байхыг шаарддаг, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдох учиртай.

Давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.С-аас “надад учирсан гэмтлийг Б.Ц- учруулсан” гэх тайлбар гаргах боловч гэрч Ц.Г-эс “...гараад хартал доош ордог гарааш хэсгийн яг үүдэнд нь замын захирал гэсэн бололтой хүн С- ахыг заамдчихсан тойроод 2-3 хүн зогсчихсон байсан. Тэгтэл машин дотор сууж байсан эрэгтэй гүйж гарч ирээд гүйж явсаар “ер нь алсан ч яадаг юм” гэж хэлээд гүйж очоод С- ахыг өшиглөөд авсан. Тухайн гарааш хэсэг уруу байсан учраас С- ах уруу хэсэг дээр гишгээд яг доошоо унах шахсан боловч огт унаагүй. ...Намайг яваад очиход энэ намайг цохисон гэхээр нь хартал 40 орчим насны захирал гэх хүн байгаад байсан. ...” /хх 30-31/, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 13755 дугаартай дүгнэлт гаргасан шинжээч Т.Номинцэцэгээс “...тус гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсэх боломжтой, мөн зүүн шагай тавхай хэсгээр эвгүй гишгэх үед үүсгэгдэх боломжтой /хазгай, муруй гишгэх гэх мэт/” /хх 64-65, 174/ гэж тус тус мэдүүлснээр хохирогчийн дээрх тайлбар няцаан үгүйсгэгдэж, Б.Ц-гийн идэвхтэй цохисон, түлхсэн, татсан үйлдлийн улмаас, хохирогч Б.С-ын биед “зүүн шагайн үений дотор гадна холбоосны урагдал, суналт” бүхий хүндэвтэр гэмтэл учирсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй.” гэж хуульчилсан.

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.С-ын биед хүндэвтэр хохирол учирсан болох нь тогтоогдсон боловч уг гэмтлийг Б.Ц- учруулсан гэх нөхцөл байдал, мөн нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй байх тул түүнд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Харин анхан шатны шүүх хэрэг бүртгэлтэд хэргийг буцаахдаа хуулийн холбогдох заалтыг хэрэглээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн 2310 03964 дугаартай хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэсэн өөрчлөлт оруулав.

Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 2026/ШЦТ/909 дүгээр цагаатгах тогтоолын 2 дахь заалтад зохих өөрчлөлт оруулж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 2026/ШЦТ/909 дүгээр цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтын “...яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгож хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.” гэснийг “...яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн 2310 03964 дугаартай хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцаасугай.” гэж өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, прокурор Г.Мөнхтүвшиний бичсэн 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 16 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                              Т.ШИНЭБАЯР

 

 ШҮҮГЧ                                              Ц.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                         ШҮҮГЧ                                              Т.АЛТАНТУЯА